Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01158

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01158

 

 

Г.Я-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01519 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Я-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.М-, Л.Д- нарт холбогдох,

Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, газар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Г- нь Баянгол дүүрэг 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрыг Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/277 тоот шийдвэрийг үндэслэн эзэмшдэг байсан. Д.Г- нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Түүний охин Г.Я- Солонгос улсад ажилладаг бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Ш.Б-, Б.С-, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Б-, Б.Б- нарт тус тус Б.Гансүхийн нэр дээрх газрыг өвлөн авах тухай хүсэлтийг зохих байгууллага, Нотариатын танхим, нотариатчид бүртгүүлэх, хүсэлт гаргах, өвлөх эрхийн гэрчилгээ авах, өв нээхтэй холбоотой бүхий л эрхийг 3 жилийн хугацаатай олгосон. Итгэмжлэлийн дагуу Ш.Б-, Б.Б-, Б.С- нар дээрх газрыг өв хүлээн авах хүсэлтийг Сүхбаатар тойргийн нотариатч П.Г-д 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан бөгөөд гарын үсгийн бүртгэлийн дэвтрийн 17 дугаарт бүртгэж өв хүлээн авах хүсэлтийг гэрчилсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ авахаар Нотариатчдын танхимд хандахад Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.М- нь нэхэмжлэгчийн эмээ Л.Д-д өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин олгосон байсан. С.М- нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2, 21.2.5, 21.2.9 зөрчиж хувийн байдлыг нь тогтоохгүйгээр буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан өв хүлээн авах эрхийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож хууль зөрчсөн. Нотариатч хамт амьдарч байсан гэх оршин суугаа газрын тодорхойлолтыг үндэслэсэн гэж тайлбарладаг боловч хамт амьдардаг гэдгийг тодруулахгүйгээр олгосон нь түүний тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон. Тэрээр Иргэний хуульд заасан өвийг хүлээн авах эрхтэй этгээдийг шалгахгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Мөн нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч П.Г-д маргаан бүхий хоёр газрыг өвлөн авахаар хүсэлт гаргасан байхад шалгалгүй шууд өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Д.Д- нь Д.Г-ийн хамт амьдарч байгаагүй болох нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тодорхой болсон. Г.Я- нь Д.Г-ийн төрсөн ганц охин бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар цорын ганц өвлөх эрхтэй этгээд бөгөөд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан байхад Л.Д- нь хууль ёсны өвлөгч эсэх, Г.Я- өвлөх хүсэлт гаргасан, татгалзаагүй байхад өвийг хууль бусаар өөр этгээдэд олгож хууль зөрчсөн. Иймд хариуцагч С.М-, Л.Д- нарт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Г.Я-г Баянгол дүүрэг 20 дугаар хороо Төмөрийн захын зориулалттай 209 м.кв газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг дэмжиж байна. Хугацаа сунгуулах нь хэн нэгэнд хандаагүй. Баянгол дүүрэг 20 дугаар хороо Төмөрийн захын зориулалттай 209 м.кв газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гэж байгаа. Үүнтэй холбоотой Л.Д- гуайг хариуцагчаар татсан байгаа. Мөн нотариатч С.М-гийн хувьд нотариатын тухай үйлдэл хүчингүй болгуулах асуудал үүссэн тул хариуцагчаар татсан. Хамгийн гол шаардлага нь өв хүлээн авах хугацаа сунгах асуудал маань үндсэн нэхэмжлэлийн шаардлага болж байгаа. Тэгэхээр энэ шаардлагаа дэмжиж оролцож байна. Нөгөө хоёр шаардлага нь одоо шийдэгдэх асуудал биш учраас энэ хоёр шаардлагаасаа татгалзах саналтай байна.

 

2. Хариуцагч Л.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Манай талийгаач ах н.Гансүх нь 2016-2018 он хүртэл буюу нас барах хүртлээ манай ээжтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо 41 дүгээр байранд хамт амьдар байсан. Нас барахаасаа өмнө энэ газрыг хоёр хүний нэр дээр шилжүүлсэн байсан. Тэгээд төрийн албан хаагчийн хариуцлагагүй үйлдлээс болоод энэ асуудал нас барсных нь дараа нотариатаар ороогүй байна гэдэг асуудлаар хоёр хүнд шилжүүлсэн асуудал нь буцсан. Тэгээд үүнтэй холбоотой өв залгамжлах асуудал яригдаад дүүргийн нотариатч зохих хүмүүст хандахад сүүлийн 2 жил гаруй хугацаанд хамт амьдарч байсан эхийнхээ хувьд нэгдүгээр өв залгамжлагч байна гэсэн учраас үүний дагуу өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулах шаардлагатай гэсэн. 2019 оны 7 сард нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

 

3. Хариуцагч С.М-гийн тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн тойргийн нотариатч С.М-гийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох дээрх гурван шаардлагуудын хувьд хариу тайлбараа гаргаж байгаа. Нотариатч С.М- бол нас барагч Д.Г-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо Төмрийн захын зориулалттай 209 м.кв талбайтай эзэмших эрхтэй этгээдийн өв залгамжлах эрхийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч иргэн С.Дуламсүрэн нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өв нээх гэрчилгээ олгох бүртгэлийн дэвтрийн 06 тоотод бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо Иргэний хууль болон Нотариатын тухай хууль холбогдох дүрэм журмыг баримтлан олгосон. Иргэн Л.Д-гийн иргэний үнэмлэхээр үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож нас барагч Д.Г-ийн нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэх, эзэмшилд нь байсан газрын эзэмших эрхийн гэрчилгээ, газрын албатай байгуулсан гэрээ, кадастрын зураг, нас барагчийг нас барах үед хамт амьдарч байсан талаарх Баянгол дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, УБЕГ-ын УБХ-ийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн төрөл садангийн тухай лавлагааг гаргуулж өвлөх эрхийн гэрчилгээ авах иргэн Л.Д-гийн хүсэлт зэргийг нягтлан шалгаж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Нэхэмжлэгч намайг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг зөрчсөн гэж байгаа боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж заасны дагуу иргэн Л.Д- өөрийн цахим үнэмлэхтэй ирж нотариатч надаар үйлчлүүлсэн тул хуулийг зөрчөөгүй. Үйлчлүүлэгчийн өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хорооны засаг даргын тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, гэрлэлтээ цуцлуулсан болох тухай лавлагаа, иргэн Л.Д-г Д.Г-ийн эх мөн болохыг тодорхойлсон төрөл садангийн лавлагаа, гэрлэлтээ цуцлуулснаас хойш дахин гэрлэлт бүртгүүлээгүй болох лавлагаа гэсэн баримтуудыг шаардан гаргуулж, уг бичиг баримтуудыг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах гэх заалтын дагуу нотариатч миний бие үйлчлүүлэгчийн холбогдох бичиг баримтуудыг авч хянаж нягтлан үзэхэд ямар нэгэн зөрчилгүй байсан. Өвлөгчийг ердийн ба шүүхийн журмаар тогтооно гэж заасны дагуу нотариатч миний бие ердийн журмаар өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хуулийн 519 дүгээр зүйлд өв нээгдсэн газар, 520 дугаар зүйлд хууль ёсны өмчлөгчдийг мөн 528 дугаар зүйлд өв хүлээн авахаас татгалзах журам, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлд өвлөх эрхийн гэрчилгээ олгох, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо үндэслэх баримт бичгийг тус тус тодорхой зааж тусгасан. Энэ үйлдлийг нотариатч С.М-гийн хувьд хуульд заасан эрх үүргээ зөрчөөгүй. Эдгээр хуулийн зүйл заалтыг баримтлаад нотариатч С.М-гийн хувьд нас барагч Д.Г-ийн эзэмшлийн газрын өв залгамжлах эрхийн гэрчилгээг хууль ёсны дагуу өвлөгч С.Дуламсүрэнд олгосон. Нэхэмжлэлд дурдсан шаардлагуудын хувьд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2020/01158 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1233 тоот хүчин төгөлдөр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 00634 тоот шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Мөн нэхэмжлэлийн өөр нэг шаардлага нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны төмрийн захын зориулалтын 209 м.кв газрын хууль ёсны өвлөгч Г.Я- биш болохыг тогтоолгох гэсэн ийм үндсэн нэхэмжлэлийн шаардлага явж байгаа. Нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Г.Я- нь хариуцагч С.М-, Л.Д- нарт холбогдох 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Г.Я-г Баянгол дүүрэг 20 дугаар хороонд байрлах 209 м.кв газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэл, хариуцагч Л.Д- нь нэхэмжлэгч Г.Я-д холбогдох Баянгол дүүрэг 20 дугаар хороо төмрийн захын зориулалттай 209 м.кв газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон нийтэд илэрхий болсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдсон үйл баримтыг дахин нотлохгүй. Энэ үйл хөдлөх эд хөрөнгийг хүчингүй болгуулах асуудал нь өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Нийтэд илэрхий болчихсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 117 дугаар зүйл, 65 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Д-, С.М- нарт холбогдуулан гаргасан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Г.Я-г Баянгол дүүргийн 20 хороо, Төмөрийн захын зориулалттай, 209 м.кв газрын өв хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Г.Я- татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэгч Г.Я-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.б. Шүүхийн дүгнэлт нь үндэслэл муутай болсон. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28-д ... гомдол гаргагч хүндээр өвчилсөн хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно гэжээ.

Нэхэмжлэгч Г.Я- нь Солонгос улсад ажиллаж, амьдарч байсан учир 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ш.Б- /өмгөөлөгч/, Б.Б- нарт олгосон итгэмжлэлийн дагуу эдгээр хүмүүс нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монголын Нотариатчдын Танхимд хүсэлт гаргасан нь хуульд нийцнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б.Б- нь гэрчээр мэдүүлэхдээ 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монголын Нотариатчдын Танхимд гаргасан хүсэлтийг Г.Я- нь Солонгос улсад ажиллаж амьдардаг тул өөрөө хүсэлт гаргах боломжгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч надаар дамжуулан гаргасан байх ... гэж тухайн үйл явдлын талаар дурдсан.

Гэвч эдгээр хүмүүсийн хайхрамжгүй үйлдлээс болж тухайн өвлөгдөх газрын нутаг дэвсгэрийн харьяалах нотариатад хандаагүй, Г.Я- нь Монгол Улсад байгаагүй нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзнэ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг үндэслэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, Г.Я-гийн өв хүлээн авах хугацааг сунгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч нараас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Г.Я- нь хариуцагч С.М-, Л.Д- нарт холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, газар үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь аав Д.Г- агсны эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 хороо, төмрийн захын зориулалттай 209 м.кв талбай бүхий газрын өв хүлээн авах хугацааг сунгуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж, хариуцагч Л.Д-д олгогдсон 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өвлөгчөөр Г.Я-г тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан байна.

 

3. Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 29 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмыг баримтлан шүүхийн шийдвэр бичигдээгүй байна гэж үзлээ. Тодруулбал, уг журмын Шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага-ын 2.1.1-т шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахын тулд шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулган зорилтод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой зөв тайлбарлан хэрэглэнэ., 2.2.2-т Хэрэгт ач холбогдол бүхий баримтууд нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, ...-д тус тус заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр гаргасан, цугларсан бүрдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой болно. Хуулиар зөвшөөрөгдөөгүй арга хэрэгслээр олж авсан, хуульд заасан хэлбэрээр бэхжүүлэгдээгүй, үнэлэгдээгүй баримтыг шүүх нотлох баримт гэж үзэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй, 3.3-т Шүүхийн шийдвэр нь хуулиар тогтоосон хэлбэр, бүтэц, дарааллын дагуу үйлдэгдсэн, шийдвэрлэж байгаа асуудлын агуулга, утга санааг бүрэн зөв, товч, тодорхой илэрхийлсэн, логик дэс дараалалтай, хууль зүйн үг хэллэг ашигласан, эрх зүйн онол, мэдлэгийн түвшинд бичигдсэн, үг үсгийн болон зөв бичих дүрэм, найруулга зүйн алдаагүй, засваргүй бичигдсэн байна гэжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэргийн 8-24 дүгээр талд авагдсан хуулбарлав гэх тэмдэгтэй баримтуудыг үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

5. Иймд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдож байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2023/01519 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

  ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ