| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 209/2023/00041 |
| Дугаар | 209/МА2023/00048 |
| Огноо | 2023-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 209/МА2023/00048
“” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дагалдах индекс: 209/2023/00041
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Б.*******, А.******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 12,379,214.58 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
“Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, зээлийн барьцаа хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай
Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч П.ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, М.*******, хариуцагч хариуцагчийн өмгөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зээлдэгч ******* Б.*******, хамтран зээлдэгч ******* ******* нар нь ны Хуучин Дархан тооцооны төвөөс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр *******, ******* тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 17,000,000.00 төгрөгийн орон сууц барьцаалсан хэрэглээний зориулалтаар зээлийг жилийн 30.0 хувийн хүүтэй /сарын 2,5 хувийн/, 24 сарын хугацаатай орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийн зориулалтаар авсан.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ *******, Барьцаалбар 45-54558 тус тус байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг 2-р хороолол -р байр тоотод хаягтай, Улсын бүртгэлийн дугаартай, 44,4 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан.
Зээлийн гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч Б.*******ын дахь МИ6500341900361661 дугаар харилцах дансанд 17,000,000 төгрөг шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн тул банкны зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл зээлдэгчид өгч, мөн удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчил арилгах шаардлага тавьж байсан боловч хүсэлтэд заасан хугацаанд зээлээ төлөлгүй өнөөдрийг хүртэл банкийг хохироож байна.
2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нь Б.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хүлээж авахаас татгалзсан байгаа. Мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар магадлалаар Б.*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон.
Зээл авснаас хойш хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээлийн хүүгийн төлбөрөөс 3,000 төгрөг төлснөөс хойш дахин зээлийн төлбөрт огт төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээлд 4,874,781.67 төгрөг, үндсэн хүүний төлбөр 6,6,865.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,077,567.87 төгрөг, нийт 12,379,214.58 төгрөгийн зээл, зээлийн хүүний төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 455.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу зээлдэгч Б.******* А.******* нараас 12,379,214.58 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
Б.******* миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ны Хуучин Дархан салбараас 5,000,000 төгрөгийн зээл авахаар зээлийн материал бүрдүүлж өгсөн. Гэтэл миний зээлийн материалыг хүлээн авсан зээлийн ахлах ажилтан Б. нь миний зээлийн материалыг судалж байна гэж 15 хоногийн турш хүлээлгэж байгаад намайг дуудаж таны нэр дээр би нэмж зээл аваад, өөрийнхөө авсан зээлийг би цаг хугацаанд нь төлье, хэрэв та миний саналыг зөвшөөрөхгүй бол таны зээл гарахгүй гэсэн. Ингээд надад яаралтай мөнгө хэрэгтэй байсан тул аргагүйн эрхэнд зөвшөөрсөн.
Зээлийн ажилтан Б. нь зээлийн материалыг яаж өөрчилж бүрдүүлснийг би тухайн үедээ харалгүйгээр, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17,000,000 төгрөгийн зээл миний нэр дээр батлагдан гарч, банкийг төлөөлөн захирал Ч., зээлийн ажилтан Б. нар гарын үсэг зурж, нөгөө талаас миний бие эхнэр А.*******гийн хамт гарын үсэг зурсан. Зээлийн гэрээ 17,000,000 төгрөгөөр батлагдсан боловч миний бие гар дээрээ 16,685,500 төгрөгийг бэлнээр гардаж авсан. Энэ мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг би авч, үлдэх 11,685,500 төгрөгийг банкнаас гарч Б.т бэлнээр өгсөн. Б. үүнийг өөрөө үгүйсгэдэггүй ба энэ үйл явдлыг миний танил болох Б. гэрчилдэг. Зээл ашиглалтын хугацаанд миний бие нь сар бүр 3,000 төгрөгийг, Б. нь 620,000 төгрөгийг тус тус зээлд төлж байсан боловч 2018 оны 05 дугаар сараас, Б. нь өөрийн төлөх ёстой 620,000 төгрөгийг төлөхөө зогсоосноос хойш банк надаас зээлийн үлдэгдлийг төлөхийг шаардаж эхэлсэн тул би банкны салбарын захирал , зээлийн ажилтан Д., ахлах харилцааны менежер Б. нарт танай ажилтан зарим зээлийг нь төлнө, өмнө ч төлсөөр ирснийг та нар мэдэж байгаа биз дээ. Би өөрийн сар бүр төлбөл зохих 3,000 төгрөгийг л төлнө гэсэн тайлбарыг амаар болон бичгээр өгсөн боловч банкны зүгээс та энэ зээлийг төлж дуусгахгүй бол та муу зээлдэгч болж, дахиж зээл авч чадахгүй болно шүү. Та төлчих өө гэдэг байсан. Би Б.ийг өөрийнхөө зээлийг төл гэж шаардахаар "би төлнө гэдэг байсан. Миний бие нь өөрийн авсан 5,000,000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүүнд 1,709,5,22 төгрөгийг төлөх ёстой байсан ба энэ хугацаанд нийт 6,800,000 төгрөгийг төлсөн тул миний хувьд банканд төлөх төлбөр мөнгө байхгүй талаар өмнө нь тайлбар өгч байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 06 дугаар сараас хойш шүүхээр явсан учраас хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндсэн мөнгө 4,874,780.67 төгрөгийг төлнө гэж зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний зарим хэсэг болон ******* дугаартай барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасныг баримтлан Дархан сум 14 дүгээр баг 2-р хороолол - тоот 44,4 мкв орон сууц болон хөдлөх хөрөнгүүдийг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:
Зээлийн гэрээнд харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Хариуцагч тал үүнтэй маргахгүй байна гэж ойлгож байна. Энэ зээлийг авснаас хойш бүрэн төлж дуусгах хүртэл зээлийн гэрээ хүчин төгөлдөр юм. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******, А.******* нараас нийт 12,379,214.58 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож, зээлийн барьцааны хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч нар нь нийт 12,379,214.58 төгрөгийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Б.*******ын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, дүгээр байрны тоотод байрлах, 44,4 мкв талбай бүхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 283,218 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 283,218 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч П. давж заалдах гомдолдоо:
Нэхэмжлэгчийн зээлийн ажилтны албан тушаалаа ашигласан буруутай үйл ажиллагааны улмаас хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байгуулагдсан ба хүчин төгөлдөр бус зээлийн гэрээгээр хүү тооцож төлүүлэх үндэслэл байхгүй.
Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэж байгаа тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэг талын санаачилгаар цуцалж, дуусгавар болгосон гэрээний харилцааг буцааж сэргээн үргэлжлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Зээл олгосон банкны ажилтанд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хүү тооцсон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан бол уг ажиллагаа удааширч 3 жил үргэлжилсэн нь хариуцагч Б.*******ыг зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй.
Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дараа нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүү тооцож байгаа нь мөн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Иймд үндсэн зээл, 4,874,781 төгрөг, хүү 6,6,865.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,077,567.87 төгрөг, нийт 12,379,214 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрээс хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,504,432 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 135/ШШ2023/00373 дугаар шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, гэрээг цуцалсан үеийн хэмжээгээр буюу 5,201,704 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч П.ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .1, .2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Б.*******, А.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 12,379,204 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч П. шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.
Хэргээс судлан үзэхэд:
4. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч Б.*******, А.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 12,379,204 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч бидний нэр дээр нэмж зээл авсан банкны ажилтан Б.ийн асуудал эрүүгийн журмаар шийдвэрлэгдээд гэм буруутай нь тогтоогдсон тул шийтгэх тогтоолоор надад олгохоор шийдвэрлэгдсэн 5,201,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж марган улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
5. Нэхэмжлэгч ХХК, хариуцагч Б.*******, А.******* нар нь 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ХХК нь 17,000,000 төгрөгийг, зээлдэгч Б.*******, А.******* нарт зээлэх, зээлдэгч нар нь 17,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр, мөн өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, - тоотод байрлах 44,4 мкв талбай бүхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 7-11/
6. Хариуцагч Б.*******, А.******* нар нь зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, 17,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх, 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
7. Хариуцагч нар нь зээл төлөх хуваарийн дагуу төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
8. Харин хариуцагч Б.******* нь “...зээлийн ажилтан Б. нь банкийг төлөөлж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан атлаа уг зээлийн гэрээгээр олгосон мөнгөнөөс 11,685,500 төгрөгийг өөрөө авсан тул энэ үйлдэл нь Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан төлөөлөгч төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно гэж заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд энэ хэлцлийн үр дагавар болох барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх үндэслэлтэй гэж” сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
9. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан байна.
10. Б.ийг зээлийн ажилтны хувиар гэрээнд гарын үсэг зурсныг Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасан үндэслэлд хамааруулах боломжгүй, зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
11. ХХК нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар хариуцагч Б.*******, А.******* нараас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг шаарджээ.
11.1 Хариуцагч Б.*******, А.******* нар нь банкнаас 5,000,000 төгрөгийн зээл авах хүсэлтэй байсан боловч банкны ажилтан Б.ийн гуйлтаар нэмэгдүүлэн 17,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, авсан 17,000,000 төгрөгөөсөө 11,685,500 төгрөгийг Б.т өгч, 5,000,000 төгрөгийг Б.******* авсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
11.2 Банкны ажилтан Б. нь 11,685,500 төгрөгийг авсан, зээлийн үлдэх төлбөр 5,201,704 төгрөгийг Б.ээс гаргуулж, А.*******т олгохоор шийдвэрлэсэн нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна. /хх-ийн 27-47/
11.3 Мөн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ХХК нь хариуцагч Б.*******, А.******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,201,705 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай захирамжаар “хэргийг шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн 26,61/
12. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж заасан.
Хэргийн үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл хариуцагч Б.*******, А.******* нар нь ХХК-тай 17,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг өөрсдөө авч ашигласан, үлдэх 11,685,500 төгрөгийг банкны ажилтан Б.т өгсөн болох нь нотлогдсон. Энэ талаар талууд маргадаггүй.
Зээлдэгч Б.*******, А.******* нар нь зээлийг ашигласан тул зээлийн хүүг төлөх үүрэгтэй болох нь дээрх хуульд нийцэж байна.
Хэдийгээр зээлдэгч Б.*******, А.******* нар 5,000,000 төгрөгт хамаарах зээлийн үндсэн үүрэг /үндсэн зээл, зээлийн хүү/-ийг биелүүлсэн байх боловч Б.т өгсөн 11,685,500 төгрөгийн зээлийн үлдэх төлбөр болох үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,201,705 төгрөгийг төлнө гэж тайлбар гарган хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээгээр буюу 5,201,705 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,177,510 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн “...нэмж тооцсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож, гэрээг цуцалсан үеийн хэмжээгээр буюу 5,201,705 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн
1дэх заалтын “... хариуцагч Б.*******, А.******* нараас нийт 12,379,214.58 төгрөгийг гаргуулж гэснийг“, “...хариуцагч Б.*******, А.******* нараас нийт 5,201,705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,177,510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ... ” гэж,
3дахь заалтын “...хариуцагч Б.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 283,218 төгрөг гаргуулж ...” гэснийг “хариуцагч Б.*******, А.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 98,321 төгрөг гаргуулж,... ” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.*******ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 135,021 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Г.МЯГМАРСҮРЭН