| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 209/2023/00043 |
| Дугаар | 209/МА2023/00050 |
| Огноо | 2023-05-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 209/МА2023/00050
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дагалдах индекс: 209/2023/00043
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Р.*******, Н.******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 6,425,645.36 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
Иргэний хэргийг хариуцагч Р.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Р.*******, Н.******* нар нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******тай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хуувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 4,277,473.60 төгрөг, зээлийн хүү 1,923,155.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 225,016.33 төгрөг нийт 6,425,645.36 төгрөгийг Р.*******, Н.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
10,000,000 төгрөгийн цалингийн зээл *******наас зээлсэн нь үнэн. Нийт 14,000,000 төгрөг төлөөд дуусах байсан. Миний зүгээс төлбөрөө төлөөд явж байхад ковидын хууль гараад зээл төлөх хугацаагаа *******-ны төв дээр очиж цалингийн зээл хариуцсан ажилтантай уулзаад зээл төлөлтөө 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Зээлийн ажилтнаас надад зээл төлөх хуваарь гаргаж өгсөн. 2021 оны 03 дугаар сард би ажилгүй болоод төлбөрөө төлж чадаагүй, банкнаас төлбөрөө төл гэхэд ажилтай болоод төлнө гэж хариу хэлсэн. Ингээд 2021 оны 06 дугаар сард ковидын хууль дуусаж байгаа тул хүсэлтээ өгч шинэ хуваарийн дагуу зээлээ төл гэсэн. Тэгээд би Дархан-Уул аймагт шилжиж ирсэн учир *******ны Дархан салбар дээр очоод зээлийн төлөлтөө шүүгээд шинэ хуваарь гаргах хүсэлт өгсөн. Хүсэлтээ банкны албаны хэвлэмэл хуудас дээр бичиж дугтуйнд хийгээд монгол шуудангаар төв ******* руу илгээсэн. Ажилтан нь мэйл юм уу утсаар мэдэгдэнэ гэрээ бэлэн болохоор төлж эхлээрэй гэж хэлсэн. Түүнээс хойш надад хариу хэлээгүй, би ажилгүй байсан учир хариугаа хүлээгээд байсан. Би ******* ХХК-д ажилд ороод ажилтай болсон учир эдийн засагчтайгаа холбогдсон гэтэл дахин Дархан салбарт очиж хүсэлтээ өгөөрэй гэхээр нь дахин хүсэлтээ дугтуйнд хийгээд явуулсан надад ямар ч хариу ирээгүй. Гэтэл ******* ХХК-ийн үйл ажиллагаа зогсоод ажилгүй болсон. Гараар бичсэн өргөдлүүдээ дугтуйнд хийгээд явуулсан учир надад байхгүй. Иймд ******* руу явуулсан миний хүсэлтүүдийг хуулбарлаад явуулаад өгөөч гэж *******наас хүсэж байна. Заавал шүүхэд хандах шаардлагагүй байсан тэр үед миний хүсэлтийг аваад хуваарь гаргаж өгсөн байсан бол ийм их хүү бодогдохгүй тодорхой хэмжээгээр зээлээ төлчихсөн байх байсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Р.*******, Н.******* нараас 6,425,645.36 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,760.32 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 117,760.32 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* давж заалдах гомдолдоо:
Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүх гомдлыг минь хүлээн авч уг хэргийг дахин хянаж өгнө үү.
2018 оны 05 дугаар сард 10,0 сая төгрөгийг 2022 оны 05 дугаар сард 14,0 сая төгрөг болгон төлөх гэрээтэй байсан ба одоогоор нийт 3,369,828.42 төгрөгийг төлөхөд бэлэн бөгөөд илүү нэхэж байгаа 2,625,000 төгрөгийг төлөх хүсэлгүй байна гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь зөвхөн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Баттулгын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл илэрсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Хэргээс судлан үзэхэд:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Р.*******, Н.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,277,473.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 1,923,155.44 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 225,016.33 төгрөг, нийт 6,425,645.36 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
3.Хариуцагч, хариуцагч Н.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нь “...*******ны Дархан-Уул аймгийн салбарт очиж зээл хойшлуулах тухай хүсэлтээ бичээд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Монгол шууданд илгээсэн. Эдийн засагч Биндэръяаг мэйлээ шалгаарай гэсэн боловч хариу ирээгүй, би ******* орд ХХК-д ажилд ороод дахин 2022 оны 6 дугаар сард *******тай уулзахад хүсэлтээ явуул гэсэн тул хүсэлтээ явуулсан боловч хариу ирээгүй. Миний энэ хүсэлтийг банк хүлээн авсан бол хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахгүй байсан. Иймд зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 4,277,473.60 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 1,923,155.44 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 225,016.33 төгрөг, нийт 6,425,645.36 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна.
5.Шүүх хуралдааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нь “...******* руу зээлийн төлөлт хийх шинэ хуваарь гаргах хүсэлтээ удаа дараа шуудангаар явуулсан. Энэ хүсэлтүүдийг *******наас хуулбарлан авъя” гэх, мөн “эдийн засагч Биндэръяаг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулъя” гэх хүсэлтүүдийг тус тус гаргаж байсан байна.
6. Анхан шатны шүүх хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж заасан хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна гэж дүгнэн хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль зөрчөөгүй хэдий ч шүүх хуралдаан дээр талуудын мэтгэлцээний явцад хариуцагч шинээр нотлох баримт шаардлагатай гэж нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байгааг шүүх анхаараагүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж… шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасан.
Уг зохицуулалт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлэхтэй шууд холбоотой бөгөөд шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах боломжийг зохигчдод олгохын тулд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болдог.
Түүнчлэн зохигч нотлох баримт гаргах үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрсэн, шууд гаргаж өгөх боломжгүй, уг нотлох баримт нь маргааны үйл баримтад нөлөөлөхөөр байвал дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхээр заажээ.
8. Хэргийн 25 дугаар талд авагдсан хариуцагч Р.Баттулгын “2021 оны 6 дугаар сарын 31-нд хүсэлт гаргасан үед уг хэргийг шийдвэрлэсэн бол ийм их хэмжээний хүү цугларахгүй, өдийд маш бага төлбөр үлдсэн байх байсан учраас нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэх тайлбарыг гаргасан.
Шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагчийн “...2021 оны 6 дугаар сард *******ны Дархан салбарт очиж зээлийн төлөлт хийх шинэ хуваарь гаргах хүсэлтийг албан бланк дээр бичээд дугтуйнд хийж Монгол шуудангаар төв банк руу хүргүүлсэн. Хариу ирээгүй. ...ажилд орсны дараа дахин Дархан салбарт очиж хүсэлтээ бичээд дугтуйнд хийгээд явуулсан боловч хариу ирээгүй. ******* руу зээлийн төлөлт хийх шинэ хуваарь гаргах хүсэлтээ удаа дараа шуудангаар явуулсан. Одоо надад байхгүй тул *******наас хуулбарлаад өгөөч. Мөн эдийн засагч Биндэръяаг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтэй байна...” гэх тайлбар авагджээ.
Дээрх тайлбараас үзвэл хариуцагч шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардлагатай, уг нотлох баримтыг өөрөө өгөх боломжгүй байгаа талаар удаа дараа хүсэлт гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь зохигчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласнаас гадна шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүх нь шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгоогүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж байгаа тул хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 56,950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч Р.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Г.МЯГМАРСҮРЭН