Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 76

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Г.Энхболд

хохирогч Б.Бийн өмгөөлөгч П.Одонтунгалаг

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805021881131 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 1-нд Дархан-Уул аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Н овогт Сгийн С

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч С.С 2018 оны 4 дүгээр сарын 9-ний орой Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт маргааны улмаас хохирогч Б.Бийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Миний буруу. Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.

Хохирлыг төлөөгүй байгаа, төлөх болно. Гэхдээ хохирогч Б надаас 5.2 сая төгрөг нэхэмжилсэн байна лээ. Энэ үнийн дүнгээр нэхэмжлэлийг нь зөвшөөрөхгүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Бат-Эрдэний Б “… 2018 оны 4 дүгээр сарын 9-ний орой ажлаасаа 19 цагийн үед гэртээ ирээд хоол унд идчихээд сууж байгаад 21 цагийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарт лифтний хажууд очоод тамхи татаж байтал лифт ажиллахгүй тул шатаар манай давхрын оршин суугч гарч ирсэн ба тэр залуу тамхиа гарч тат гэхээр нь би юм хэлээгүй. Тэгтэл дахиад тамхиа гарч тат, муу түрээсийн юмнууд дандаа ингэж заваарч байдаг юм, орцонд хог хаядаг гэхээр нь би тэр залууд хандаж түрээсийн байх, хаана тамхи татах нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд би ам руу салаавч өгчихсөн чинь чи намайг амжихгүй, буруу хүнээрээ оролдлоо доо гээд миний нүүр хэсэг рүү 2-оос 3 удаа цохьсон. Тэгээд миний нүд юм харахгүй болчихоод би тэр залуугийн энгэрээс нь заамдаад барилцаад авсан. Тэгсэн чинь гэнэт миний хойноос нэг хүн гарч ирж тэврээд больцгоо та нар гээд салгасан. Тэгтэл нөгөө залуу нь миний нүүр, цээж хэсэг рүү 2-оос 3 удаа өшиглөсөн ба энэ үед манай эхнэр Урантөгс гарч ирэхэд тэр залуу гэртээ яваад орсон. Би гэртээ ороод эхнэр миний нүүр гарыг угааж, хамрын цус тогтохгүй байхаар нь хэсэг байж байгаад 18 тоотын гадна давхар хаалгыг нүдсэн чинь онгойлгоогүй. Манай эхнэр наад залуу чинь орохдоо цагдаа дуудна гээд байсан ба цагдаа дуудсан байх, ороод хүлээж байя гэж хэлээд гэрт орсон боловч цагдаа ирэхгүй байхаар нь манай Урантөгс цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Цагдаа ирээд тэдний хаалгыг онгойлгуулаад тэр залууг дуудаж гаргаж ирсэн ба бичиг баримтыг нь шалгачихаад тэр залууг оруулсан. Манай гэрт орж ирээд ийм нэр устай, хаягтай хүн байна, Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Тэгээд рентген зураг авхуулах, томограф зураг авхуул гэж хэлсэн ба бусад зөвлөгөөг бичиж өгөөд явуулсан. Гэртээ ирээд хүйтэн жин тавьж хоноод маргааш нь гэртээ очсон ба 2 хоног ажлаа хийж явж байтал толгой өвдөөд байхаар нь би 4 дүгээр сарын 11-ний орой хажуу талын Эм Би Жи гэх хувийн эмнэлэгт очиж томографын зураг авхуулсан ба хамрын мөгөөрс хугарсан, зүүн нүдний доод талын ухархайн яс цөмөрсөн гэмтэлтэй байна, одоо шууд хэвт гэж хэлсэн. Тэгэхэр нь тэр оройноо эмнэлэгт хэвтээд 4 дүгээр сарын 12-ны өдөр би цагдаагийн байгууллагад хандсан. Хагалгаанд 4 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг өнгөрч байхад орсон ба орсон хагалгаа нь хамрын мөгөөрс нь хугарсан хэсэгт хагалгаа хийж янзлах, нүдний ухархайн хэсэгт хугарсан байх ба тэнд нь титанан сетк тавьж нөхнө гэж хэлж байсан. Тэгээд л хагалгаанд орж өөрийгээ эмчлүүлсэн. Хагалгаанд орсон төлбөрийг авчих юм бол надад гомдол санал байхгүй. Яг одоогийн байдлаар хагалгааны төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн, эмнэлэгт хэвтсэн ор хоног, эмчилгээ бүгд орчихдог, томографт 160.000 төгрөг, нүдний эмнэлэгт 15.000 төгрөгийн үзлэг, эм тариа авахад 43.500 төгрөг болсон, шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Нийт 5.225.500 төгрөгийн зардал надаас гарсан” /хх-н 12-13/ гэж,

гэрч Доржийн Урантөгс “... 2018 оны 4 дүгээр сарын 9-ний орой гэртээ ээж, бага охин бид хоёр орондоо орчихсон байсан, манай нөхөр тамхи татах гээд орц руу гарчихсан байсан. Тэгээд байж байтал орцонд дуу чимээ гараад байхаар нь хувцсаа өмсөөд хаалгаа онгойлгох үед манай нөхөр цус, нүж болчихсон байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад надад юу ч хэлэхгүй ариун цэврийн өрөө рүү орсон. Би орц руу гарч харах үед зодоон хийсэн гэх залуу танай нөхрийг чинь би цагдаа дуудаж өгнө гэж орилоод хашигчаад гэртээ орсон. Манай нөхрийн хамраас цус гараад тогтохгүй нилээн удсан. Тэгээд 20-оос 30 минутын дараа Бөөс юу болсон талаар асуухад орцонд 2 залууд зодуулчихлаа гэж хэлсэн. Би цагдаа дуудаад цагдаа ирээд нөгөө залууг гаргаж ирж уулзчихаад ГССҮТ-д очиж үзүүл гэхээр нь очиж үзүүлээд анхны тусламж зөвлөгөө авсан” /хх-н 28/ гэж,

гэрч Дашнямын Баасанжав “... би Бийг сайн танихгүй. Манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хэвтэж 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гарсан байгаа. Зүүн нүдний ухархайн ясны хугарал, хамар ясны хугарал оноштой хэвтсэн. Ухархайн ясны мэс засал, давхар хамар ясны хугарлын мэс засал хийсэн байгаа. Уг мэс засал нь нүүрний зүүн талд хийгдсэн” /хх-н 32/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Б.Бийн гэмтэлтэй холбоотойгоор “Б.Бийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, тархины доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зүүн нүдний алимын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.   Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 4834 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 35/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч С.Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Сд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгч С.Сд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Б эмчилгээний зардалд нийт 5.226.500 төгрөг нэхэмжилж, холбогдох бичгийн баримтуудыг хавсаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүх судалж үзвэл хавтас хэргийн 15 дугаар хуудсанд байгаа “Монгол Хьюндэй фарм” ХХК гэсэн баримтад юу бичигдсэн нь харагдахгүй арилсан, хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд байгаа “Болормэлмий эмнэлэг” үйлчилгээний үнэ 15.000 төгрөг гэсэн баримт нь хэн гэгч өвчтөнд үйлчилгээ үзүүлсэн гэдэг нь тодорхой бус байна.

Хохирол буюу эмчилгээтэй холбоотой гэх бусад баримтуудыг тооцож үзэхэд нийт 5.168.000 төгрөгийн баримтууд нэхэмжлэлийн шаардлага хангаж байна. /хх-н 16, 17, 18, 19 дүгээр хуудас/

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон бөгөөд түүний энэ үйлдэлтэй холбоотойгоор хохирогч Б.Б эмчилгээ хийлгэсэн нь уг гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаатай тохирч байхын зэрэгцээ хэрвээ гэмт хэрэг гараагүй байсан бол хохирогч Б.Бийн зүгээс ямар нэгэн эмнэлэгт сайн дураараа мөнгө төлөхгүй байх байсан гэж дүгнэлтэд хүргэж байна.

“Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь тухайн хохирогчид хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл учирсан байхыг шаардахаас гадна эмчилгээг хаана, хэрхэн яаж хийлгэсэн гэдгээс шалтгаалж эмчилгээний өртөг /зардал/ өөр өөр гарахыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр хохирогч нотлох баримтаа бүрдүүлж өгөх нь чухал юм.

Харин нэгэнт бичигдсэн эмчилгээний зардлын баримтуудыг бодитой биш, хуурамч гэж үзэж байгаа бол үүнийг шалгуулж нягтлуулах боломжтой.

 

Шүүгдэгч С.Сд холбогдох энэ хэргийн хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй боловч мөрдөгч тогтоол гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр” гэж хохирогч Б.Бийн анх цагдаад гомдол гаргасан өдрөөр буруу бичсэн байгааг дурдах нь зүйтэй. /хх-н 4, 5 дугаар хуудас/

Дээрх алдаа прокурорын хяналтын шатанд засагдсан байна.

 

Шүүгдэгч С.С цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Н овогт Сгийн Сыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. С.С торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Саас 5.168.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бөд олгосугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч С.С цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Сд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ