Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2023/00052

 

А.*******гийн нэхэмжлэлтэй
                                                    иргэний хэргийн тухай
                                   

Дагалдах индекс: 209/2023/00045

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/000398 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.*******, Л.******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 56,427,216 төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Л.*******, түүний өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Л.*******тэй дизель түлш худалдах, худалдан авах талаар ярилцсан. Ингээд урьдчилгаа төлбөрт 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 28-ны өдөр хүртэл нийт 56,427,216 төгрөгийг хариуцагч Л.*******гийн ээж Б.*******ийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данс болон болон Хаан банк дахь ******* тоот данснаас шилжүүлэг хийсэн.

Хамгийн эхлээд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хаан банк дахь ******* тоот данснаас 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 3,140,000 төгрөгөөр нийт 4 удаагийн гүйлгээгээр нийт 18,140,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хаан банк дахь данснаас 4,608,768 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мөн Хаан банк дахь данснаас 7,758,528 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөн Хаан банк дахь данснаас 6,813,600 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хаан банк дахь данснаас 5,000,000 төгрөг, 2,495,776 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр нийт Хаан банк дахь данснаас 34,815,168 төгрөгийг шилжүүлсэн байна.

Мөн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данснаас 3,550,048 төгрөг, 5,000,000 төгрөг, 103,632 төгрөг, 2,956,368 төгрөгөөр 4 удаагийн гүйлгээгээр нийт 11,610,048 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк дахь Б.*******ийн данс руу шилжүүлсэн байдаг. Ингээд нийт 56,427,216 төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл түлш худалдан авахаа больсон бөгөөд талуудын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй, улмаар шилжүүлсэн мөнгөө шаардаж байгаа.

Иргэний хуулийн 492-р зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” талаар зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

А.*******, Б.*******, Л.******* нарын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ тохиолдолд Б.*******, Л.******* нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл А.******* нь Б.*******, Л.******* нарт ямар нэгэн гэрээ хэлцлийн дагуу төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй, нөгөө талаас хариуцагч нар нь А.*******д ямар нэгэн бараа, бүтээгдэхүүн нийлүүлээгүй, ажил, үйлчилгээ гүйцэтгэж өгөөгүй тул шилжүүлсэн мөнгийг буцаан шаардаж байна. Иймд Б.*******, Л.******* нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 56,427,216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Л.*******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Би А.******* гэдэг хүнийг танихгүй. Бидний хооронд худалдах, худалдан авах талаар яригдаагүй бөгөөд тийм харилцаа үүсээгүй, нэхэмжлэлд огт үндэслэлгүй, худлаа зүйл бичсэнд гайхаж байна.

Бодит байдал дээр: 2022 оны 04 сарын эхээр Алтанзул гэж хүн надтай утсаар холбогдож “*******” ХХК-д зарах НӨАТ байгаа шүү авах хүн байна уу? сураглаарай гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа хамтарч ажил хийж байсан танил гэж хүн “*******” ХХК нь НӨАТ авна, найдвартай компани шүү гэж  хэлсэн. т нэхэмжлэгч А. *******гийн найз болох гэж хүн хэлсэн байдаг. А.******* гэж хүн анх “*******” ХХК-ийн хүн байна гээд НӨАТ-ын 3,2  хувьтай тэнцэх мөнгийг шилжүүлэх дансны дугаар өгөөч гэж л надтай холбогдсон.Тухайн үед миний дансанд васко төхөөрөмж байхгүй, ээж Б.*******ийн дансанд васко төхөөрөмж байсан тул ээжийнхээ дансыг А.******* гэж хүнд өгсөн. А.*******гийн шилжүүлсэн мөнгөнөөс шилжүүлэх байсан тул васко төхөөрөмжтэй данс хэрэгтэй байсан юм.

гэж хүн “*******” ХХК-ийн дэлгэрэнгүй мэдээлэл болон баримт шивэх огноо, үнийн дүнтэй эксел файлын хүснэгтийн дагуу шивэлт хийх зааварчилгааг надад өгснийг би “*******” ХХК-ийн төлөөлөгч дамжуулж өгсөн. Би дээрх хоёр компанитай аль алинтай нь холбоо хамааралгүй бөгөөд энэ хоёр компанийг холбож е-баримт дээр шивэгдсэн төлбөрийн баримтуудыг хоёр компанийн хооронд дамжуулах үүрэг л гүйцэтгэсэн бөгөөд А.*******гийн мэйл хаягаар баримтуудыг өдөр болгон илгээж байсан.

Тэгээд А.*******гаас ээжийн дас руу 1,763,350,500 төгрөгийн худалдан авалтын дүнгийн НӨАТ-ын 3,2 хувьтай тэнцэх мөнгө гэж 56,427,216 төгрөг шилжүүлснээс би цааш нь 2,6 хувьтай тэнцэх мөнгө буюу 54,847,113 төгрөгийг “*******” ХХК-ийн төлөөлөгч Алтанзулын Худалдаа хөгжлийн банкны   тоот данс руу шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл 10,580,103 төгрөгөөс 3,967,543 төгрөгийг дансаа ашиглуулсны шагнал гэж надад өгсөн бөгөөд зөрүү 6,612,560 төгрөгийг ад 2,204,190 төгрөг, т 2,310,000 төгрөг, Мөнхбаатарт 2,098,370 төгрөг гэж зохих хувиар хувааж шилжүүлээрэй гэсний дагуу шилжүүлж өгсөн.

Надад худалдах дизель түлш байгаагүй, ээж бид хоёр дизель түлш худалдан борлуулдаг хүмүүс биш, ямар ч хамааралгүй асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ асуудал манай ээжид огт хамааралгүй. Тус хоёр компани нь нийт орлогоосоо 10 хувиар НӨАТ төлөхөөс зайлсхийж татвар төлөх орлогоо нуун дарагдуулах зорилгоор хууль бус үйлдэл хийхдээ намайг болон манай ээжийн дансыг ашигласан юм байна гэжээ.

 Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгончимэгийн татгалзал, тайлбарын агуулга:

Б. ******* нь А.******* гэж хүнийг танихгүй, тэдний хооронд дизель түлш худалдах, худалдан авах харилцаа үүсээгүй, нэхэмжлэлд бичигдсэн зүйлийн талаар огт мэдэхгүй бөгөөд дансаар нь мөнгө орж ирсэн, гарсан талаар ч мэдээгүй, тухайн мөнгөнөөс зарцуулсан зүйл ч байхгүй. Охин Л.******* нь түүний дансанд орлого, зарлагын гүйлгээ хийх мэтээр хааяа ашигладаг тул нэвтрэх нэр, нууц үгийг нь мэддэг бөгөөд дансыг нь юунд ашигласан талаар учир шалтгааныг нь мэдэхгүй, анзаардаггүй байна. Иймд хамааралгүй, огт үндэслэлгүй зүйл бичиж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******н хариуцагч Л.*******, Б.******* нарт холбогдуулан гаргасан 56,427,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,086 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт “А.*******н данснаас шилжүүлсэн дээрх шилжүүлгүүдийн утга нь Чуани эрчим хүч”-ээс гэсэн байгаа нь хариуцагч нарт шилжүүлсэн 56,427,216 төгрөгийг шаардах эрх А.*******д байгаа эсэх нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэн. Уг мөнгө А.*******н мөнгө гэдэг нь холбогдох дансны хуулгаар нотлогдож байхад ийнхүү дүгнэсэн нь үндэслэлгүй. Зөвхөн гүйлгээний утга дээр бичсэн текстийг үндэслэж А.*******н мөнгө биш гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаар шилжүүлэг хийсэн данснууд нь нэхэмжлэгч А.*******н данс болох нь тогтоогдсон. Энэ талаар талууд маргадаггүй.

            Мөн шүүх хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн талаар “хөрөнгө олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх агуулгатай” хэмээн тайлбарлаж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээгүй. Гэтэл талууд 56,427,216 төгрөгийг А.******* шилжүүлсэн, шилжүүлэг хийсэн данс нь А.*******н данс болох, Л.*******, Б.******* нар шилжүүлсэн мөнгийг дансандаа хүлээн авсан талаараа огт маргадаггүй. Хариуцагч нар нь уг шилжүүлсэн мөнгийг өөрсдөдөө авч үлдэх нь хуульд болон шударга ёсонд нийцэхгүй.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж заасантай үл нийцсэн шийдвэр гаргаж шударга бусаар олж авсан хөрөнгийг гаргуулах талаар гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжүүлэх үр дагавартай шийдвэр гаргасанд гомдолтой байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй  байна.

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Л.*******, Б.******* нарт холбогдуулан  үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 56,427,216 төгрөгийг гаргуулах тухай   нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг  хариуцагч нар эс  зөвшөөрч  маргасан  байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргээс судлахад :

4.Нэхэмжлэгч А.******* нь Л.*******тэй НӨАТ-тай үнээр дизель түлш худалдахаар ярилцаж, улмаар урьдчилгаа болгон 56,427,216 төгрөг ээж Б.*******ийнх нь данс руу шилжүүлсэн, түлш худалдан авахаа больж, шилжүүлсэн мөнгөө шаардсан, талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаагүй тул 56,427,216 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн хариуцагч нараас  гаргуулах гэх  нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл хийгдсэн эсэхийг шалгах шаардлагатай.

Худалдах-худалдан авах гэдэг нь худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, ...-г худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөхтэй холбогдсон эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн хэлцлийг ойлгодог.

Худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар амаар буюу бичгийн хэлбэртэй байгуулж болно.

Хуульд зааснаар гэрээгээр хүлээх үндсэн үүргүүд нь тухайн гэрээний гол нөхцөл  болдог бөгөөд худалдах,худалдан авах гэрээнд гэрээний зүйлийн үнийг тодорхойлсон байхаас гадна түүний шинж эсхүл төрлийг нь тодорхойлсон байх шаардлагатай.

Тухайлбал, ямар үнэтэй, хэдий хэмжээтэй, ямар хугацаанд нийлүүлэх,чанар болон гэрээний үнэ зэргийг хэрхэн тохирсон,энэ талаар талууд хүсэл зоригоо хэрхэн илэрхийлсэн зэрэг  нь тодорхой байх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч А.******* нь дизель түлш худалдаж авахаар ярилцаж,  урьдчилгаа болгож 56,427,216 төгрөгийг шилжүүлсэн гэх боловч талууд хэдий хэмжээний дизель түлшийг  ямар хугацаанд нийлүүлэх, чанар болон гэрээний зүйлийн үнэ нийт хэд болох талаар хэрхэн  тохирсон зэрэг нь тодорхойгүй.

Түүнчлэн хэрэгт авагдсан гэрч Б.ын “... НӨАТ авах компани байна гэдгийг мэдсэн. Хэзээг нь мэдэхгүй байна. ******* НӨАТ авах уу гэж хэлсэн. Санал тавиагүй, зүгээр өөр зууртаа л ярилцсан. НӨАТ дутагдалтай байгаа, гайгүй НӨАТ байвал авна шүү л гэж ярилцсан “, ... гэсэн мэдүүлэг,

Ч.Алтанзулын ...ямар ч байсан НӨАТ-тай холбоотой асуудал үүссэн гэдгийг мэдсэн ..., гэсэн мэдүүлэг,

 талуудын хүсэлтээр хийгдсэн нэхэмжлэгч А.*******, хариуцагч Л.******* нарын хооронд утасны дугаараас бичсэн захиа болон цахим шуудангаар илгээсэн баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр татаж авч  хавсаргасан баримтууд/хх-101-128/,

нэхэмжлэгч А.*******гийн Хаан банкны депозит дансны хуулга, ХХБ-ны дансны хуулга, ...шилжүүлсэн мөнгөн гүйлгээний утга бүр нь “*******ээс” гэж/хх-6-11/ бичигдсэн зэргээс үзвэл: талуудын хооронд дизель түлш худалдах, худалдан авах  талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгдсэн, үүний улмаас 56,427,216 төгрөгийг түлшний үнийн урьдчилгаа гэж шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан дизель түлш худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх  үндэслэлгүй  байна.

6.Харин талууд НӨАТ-н баримтын бичилт/шивэлт/ хийлгүүлэх талаар хүсэл, зоригоо илэрхийлсэн, энэ талаарх хэлцэл хийгдсэн гэж үзнэ. Гэвч энэ нь хууль зөрчсөн буюу хуулиар зөвшөөрөгдөөгүй хэлцэл болно.

Тодруулбал,

6.1.Хуулиар зөвшөөрөгдөөгүй бүхэн хориглогддог учир хууль зөрчсөн үйлдэл хийлгэхээр хөрөнгө шилжүүлсэн  байх ба энэ мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-дэх хэсэгт нийцэхгүй байна.

6.2.Харин нэхэмжлэгч А.******* нь НӨАТ-н баримтын бичилт хийлгэхээс бусад  хуульд нийцсэн тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд  хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд энэ нь  түүний хүсэл зоригт нь нийцэхгүй  бол тэрээр  шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт  зохицуулсан.

Гэхдээ  анхнаасаа зорилгодоо хүрэх боломжгүй байсныг хөрөнгө шилжүүлсэн этгээд мэдэж байсан тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардаж болохгүй гэж  Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4 дэх хэсгийн 492.4.1, 492.4.2 дахь заалтуудад зохицуулагдсан байна.

Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгө шилжүүлсэн этгээд НӨАТ-тай холбоотой баримтын бичилт хийлгэх үйлдэл хийлгэхээр хөрөнгө шилжүүлж болохгүй, энэ нь хууль зөрчсөн, хуулиар зөвшөөрөгдөөгүй гэдгийг мэдэх боломжтой байсан тул нэхэмжлэгч А.******* нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4 дэх хэсгийн 492.4.1-т зааснаар шаардах эрхээ алдсан байна.

6.3. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, гадаад улсаас Монгол улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил,үйлчилгээнд албан татвар ногдохыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай/шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т, 

дээрх бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар татвар ногдуулахыг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т тус тус хуульчлан зохицуулсан.

Нэхэмжлэгч А.*******н НӨАТ-н бичилт хийлгэх гэх үйлдэл нь энэхүү хуульд заасан бараа, ажил, үйлчилгээнд  хамаарахгүй тул талуудын НӨАТ-н талаарх  хэлцэл нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн үйлдэл.

7.Мөн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/00398 дугаартай  шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,086  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.   

 

           

       

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Г.МЯГМАРСҮРЭН     

                       ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                                                             Х.БАЙГАЛМАА