| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0639/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 08
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч П.Туяат, Б.Батболор нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,
иргэдийн төлөөлөгч Г.Отгонтуяа,
шинжээч З.Г-,
гэрч Д.Ж-,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,
шүүгдэгч Ж.Ц-, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ж-ын Ц-р, Ү-ийн Б- овогт Б-ын Б- нарт холбогдох эрүүгийн …………… дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Б.Б-, Ж.Ц- нар нь:
2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед иргэн Ш.М-ыг ... улсын дугаартай “...” маркийн автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачиж, хоолойг нь боож, “Самсунг эс-5” маркийн гар утас, бэлэн 116.000 төгрөг, түрийвч, карт, “...” маркийн автомашины түлхүүр зэрэг эд зүйлийг дээрэмдэж, 340.300 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө иргэн Х.Д-ийг ... улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачин, хоолойг нь боож, зодон “Самсунг эс-7” маркийн гар утас, автомашины бичиг баримт, Хаан, Голомт банкны карт, түрийвч, иргэний үнэмлэх, Приус, Королла маркийн автомашины түлхүүрүүд зэрэг эд зүйлийг дээрэмдэж, 706.500 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 16-нөөс 17-нд шилжих шөнө иргэн М.Б-ийг ... улсын дугаартай “Ниссан Тийда” маркийн автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16 дугаар гудамжинд аваачин, хоолойг нь боож, зодон “Эн ти эс” маркийн гар утас, 7.000 төгрөг, “Ниссан Тийда” маркийн автомашиныг дээрэмдэж 4.555.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Н.М-ыг ... улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачиж, хоолойг нь боож, зодон “Самсунг жи-5” маркийн гар утас, “Эм пи” тоглуулагч, “Эм пи-5”, дугуй хийлэгч домократ, Тоёота приус-20 маркийн автомашин, Хаан банкны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэж, 8.040.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө иргэн Э.Б-ийг ... улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай таксинд явж байхад нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Юу Би Палс коко банана рестораны гаднаас үйлчлүүлж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 19-272а тоот хашааны ойролцоо аваачиж, хоолойг нь цүнхний оосроор боож, хэвлийн тус газар нь хутгалж, “Ай фоне-5” маркийн гар утас, 300.000 төгрөг, Приус-20 маркийн автомашиныг дээрэмдэж, 9.530.000 төгрөгийн, нийт 23.171.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Шүүгдэгч Ж.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Гэрч Д.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ж.Ц- миний төрсөн хүүхэд юм. Ц-р нь компьютер тоглоом тоглодог. Манай хүүхэд Ц-р нь багадаа 3, 4 настай байхдаа хурхираад унтаж чаддаггүй байсан. Цэргийн албанд татагдаж байхад эмч нь зүрхний цусан хангамж муу гэж анхааруулж байсан. Ц-р нь багадаа их дуугүй, хүний үгээр байдаг хүүхэд байсан. Ц-р нь 16 насандаа амиа хорлох үйлдэл хийж, өөрт нь ширүүн үг хэлэхээр уурладаг байсан. Шилжилтийн нас нь болж байна, тэгж байгаад гайгүй болох байх гэж бодсон. Ц-р нь түргэн тусламжаар 3 удаа Сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн. Ц-р нь шөнө унтахгүй, хүнтэй юм ярихгүй болсон. Харин эмчдээ “надад юм харагддаг” гэж хэлсэн байсан. Б.Б- нь “ажилд ороод сургалтын төлбөрөө хийнэ” гэж манайд нэг сар амьдарсан боловч ажил хийгээгүй. Манай гэр бүл Б-ыг ямар нэгэн зүйлээр дарамталсан зүйл байхгүй. Өөрийн хүүхэд шиг л хандаж байсан. Харин Б- нь манай хүүхдийг дарамталж, дээрэлхүү зан гаргаж байсан зүйл 2-3 удаа харагдсан гэв.
Шинжээч …. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сэтгэцийн өвчин нь сэтгэцийн байдлаасаа эхэлнэ. Энэ нь нойргүйдлээс үүсдэг. Энэ нь хам шинж болно. Олон хам шинж нь сэтгэцийн өвчин болно. Сэтгэцийн өвчин дотроо сэтгэцийн байдал багтана. Ц-рын эмнэлэгт очсон үеийн онош, эмчлэгдэх үеийн онош нь өөр байх боломжгүй. Ц-р анх сэтгэцийн эмнэлэгт хий үзэгдэл дэмийрлийн хам шинжтэй гэсэн оноштой ирсэн. Мөн Ц-рт хөнгөн сэтгэл гутрал болон сэтгэл гутрал гэсэн онош илэрсэн ба энэ нь эмчилгээ хийлгэсний дараа эдгэрэх боломжтой. Сэтгэцийн өөрчлөлттэй хүнийг онцгой анхаарах шаардлагатай. Хэрэв эмнэлгээс гарсан бол ийм өвчтэй хүнийг эмчийн хяналтанд байлгаж эмчилгээ хийлгэж, зөвлөгөө авах шаардлагатай. Сэтгэцийн байдал нь даамжирвал дахин сэдэрч болно гэв.
Хавтаст хэргээс:
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 213-214-р хуудас/,
Хохирогч Ш.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “...” маркийн автомашинаар таксинд явахаар гарсан. Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороолол Парадоксын автобусны буудлаас хүн гар өргөхөөр нь авахад “Жуков орно” гэж хэлсэн. Жуковын урд талаар гэр хороолол дундуур ороод Өгөөмөр захын ар талын далангаар явж байгаад нэг харанхуй гудамжаар оруулаад “хүн гарч ирнэ” гэж хэсэг хүлээлгэсэн. Тэгтэл ард сууж явсан нь намайг хойноос гараараа боох үед хажууд сууж явсан нь зодоод машин унтрааж, түлхүүрийг аваад машины урд талын хайрцаганд байсан түрийвчтэй мөнгө авсан. Намайг ухаан алдаад сэргэх үед ганцаараа машин дотор сууж байсан. Миний “Самсунг галакси эс-5” маркийн гар утас, бор өнгийн арьсан түрийвч, хугацаа дууссан иргэний үнэмлэх, виза карт, 116.000 төгрөг, “...” маркийн машины түлхүүрийг авсан, эргүүлж аваагүй…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 26-27-р хуудас/,
“Дамно” ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б31-18-237 дугаартай үнэлгээгээр 340.300 төгрөг /хх-ийн 1-р хавтас 245-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 27-р хуудас/,
Хохирогч Х.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 15-ны орой халтуур хийхээр өөрийн эгч Х.Амарбаясгалангийн ... улсын дугаартай “Приус-10” маркийн автомашинтай явж байтал шөнийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хороололд байрлах “Энжое” нэртэй баарны автобусны буудлаас 26 орчим насны 2 эрэгтэй хүн “офицер явна” гэхээр нь суулгасан. Тэр хоёр залуу “замаараа Өгөөмөр захын арын гэр хорооллоос 2 эмэгтэй аваад цааш явна” гэхээр нь Өгөөмөр захын хойд талын гэр хороолол руу далангийн зүүн талаар яваад мухар гудамжаар оруулж, гудамжны төгсгөлд машинаа тулган зогсоогоод нэг нь утсаар хэн нэгнийг дуудаж байгаа мэтээр 10 орчим минут ярьж хүлээлгэсэн. Тэгтэл миний хойно сууж байсан залуу араас боож, миний хажууд сууж байсан залуу нүүр нүдгүй зодож эхэлсэн. Би ухаан алдсан ба нэг сэртэл машиндаа ганцаараа зүүн нүдний хөмсөгнөөс цус гарсан байдалтай байсан. Цаг харахад шөнийн 04 цаг 50 минут болж байсан. Тэр 2 залуу намайг дээрэмдэхдээ миний машины түлхүүр, унаж явсан машины түлхүүр, “Самсунг галакси эс-7” маркийн гар утас, түрийвч, дотор нь байсан 50.000 төгрөг, бүх бичиг баримт зэрэг зүйл алдагдсан…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 30-31-р хуудас/,
“Дамно” ХХК-ний 2018 оны 03 сарын 12-ны өдрийн Б31-18-196 дугаартай үнэлгээгээр нийт 656.500 төгрөг /хх-ийн 2-р хавтас 42-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 97, 100-101-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 104-105-р хуудас/,
Хохирогч М.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед цагаан өнгийн “Тийда” маркийн ... улсын дугаартай автомашинтай таксинд явахаар гэрээсээ гарсан. Хорооллын парадоксын буудал дээр зогсож байхад 2 танихгүй залуу “таксинд явах уу” гэхээр нь “явна” гээд суулгасан. Нисэхээс хүн аваад ирнэ гэж байсан, нэг залуу нь жолоочийн хажуу талын суудалд, нөгөө залуу нь хойд талын суудал дээр суусан. Нисэхийн эцсээс хойшоо гэр хорооллын гудамж руу орж зүүн талд тулаад буцаж эргээд зогсож байхад хойд талын суудал дээр сууж байсан залуу нь миний хоолойг уяа мэт зүйлээр боохоор нь тэр уяанаас нь боолгуулахгүй гээд барьж авахад зүүн гар талд сууж байсан залуу миний толгой нүүр, хацар, дух, хамар руу цохиход миний хамарнаас цус гарсан. Машины хойд талын суудал дээр суугаад явж байсан залуу “гараа ав, чамайг хутгална шүү” гээд заналхийлсэн. Жолоочийн хажуу талд сууж байсан залуу машины урд талын хайрцагнуудыг онгичоод байхаар нь “та наад хайрцагнаасаа хөвөн аваад өгөөч, миний хамраас цус гараад байна” гэхэд хөвөн авч өгсөн. Тэр хоёр залуу “мөнгөө өг, түрийвч чинь хаана байна” гэхээр нь түрийвчээ өгөөд “надад байгаа нь 7000 төгрөг байна” гэхэд “бид хоёр чиний машиныг бол авахгүй ээ, гудамжны баруун талын үзүүрт машины чинь түлхүүрийг үлдээе, чи өөрөө олоод аваарай” гэж хэлэхэд ар талд сууж байсан залуу хоолой боосон хэвээр байсан. Удалгүй миний 2 нүд харанхуйлаад нэг мэдэхэд би гадаа сэрсэн. Намайг сэрэхэд машин байхгүй, би цасан дээр хэвтэж байсан. Би машиныхаа түлхүүрийг хайсан боловч олоогүй. Тэр хоёр залуу миний бор өнгийн лидринэн түрийвчтэй бичиг баримт, “Эйч ти си” маркийн гар утас, 7000 төгрөг, цагаан өнгийн “Тийда” маркийн ... улсын дугаартай автомашиныг аваад явсан. ...Би машинаа буцааж авсан, одоо гар утсаа авна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 108-112-р хуудас, 2-р хавтас 239-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 12 дугаар сарын 17-ны орой манай эхнэрийн дүү Батпүрэв миний эзэмшлийн ... улсын дугаартай, “Ниссан Тийда” маркийн автомашинаар халтуур хийхээр явсан. Шөнө дундын үед Батпүрэв над руу яриад “дээрэмдүүлчихлээ” гэхээр нь очсон. Машиныг 7 хоногийн дараа Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрээс цагдаа нар олж өгсөн. Бүрэн бүтэн хүлээж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 37-38-р хуудас/,
Гэрч Ц.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...... улсын дугаартай, “Ниссан Тийда” маркийн автомашиныг 2015 онд миний хүү Тэмүүжин найзаасаа миний нэр дээр шилжүүлж худалдаж авч байсан. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай хамаатны дүү Батпүрэв надаас “машины хэрэг гараад байна” гэхээр нь би машинаа өгсөн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 127-р хуудас/,
“Дамно” ХХК-ний 2018 оны 06 сарын 06-ны өдрийн ХУ2-18-398 дугаартай үнэлгээгээр: Эйч ти си маркийн гар утас 42.000 төгрөг, ... улсын дугаартай, “Ниссан Тийда” маркийн автомашин 4.500.000 төгрөг /хх-ийн 3-р хавтас 61, 66-р хуудас/,
“Дамно” ХХК-ний 2018 оны 06 сарын 18-ны өдрийн ХУ2-18-445 дугаартай үнэлгээгээр: лидринэн түрийвч 6.000 төгрөг /хх-ийн 3-р хавтас 44-рр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “хар өнгийн гадаргуутай, дэлгэцний хэсэг хагарч цуурсан, “Эйч ти си” маркийн цэнэггүй гар утас, хар өнгийн, машины хөгжмийн нүүр зэргийг хүлээлгэн өгөв” гэх /хх-ийн 2-р хавтас 240-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №311 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. М.Б-ийн биед хоолой, хацар, уруулд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 1-р хавтас 131-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...цагаан өнгийн ... улсын дугаартай ... улсын дугаартай “Ниссан Тийда” маркийн автомашиныг хүлээлгэн өгөв гэх /хх-ийн 1-р хавтас 166-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 66-67, 71-73, 80-81-р хуудас/,
Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 77-79-р хуудас/,
Хохирогч Н.М-а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 17-ны орой гэртээ байж байтал хүргэн ах Баттулга, байгууллагын шинэ жил болж байна, ирээд авчих гэхээр нь хүргэн ахын ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машиныг унаж явсан. Би машин дотроо сууж байтал 2 залуу гарч ирээд “таксинд явах уу” гэхээр нь зүгээр байхаар явчихаад ирье гэж бодоод суулгасан. Нэг нь урд талд миний хажууд зэрэгцэж суусан, нөгөөх нь хойд талын суудал дээр жолоочийн харалдаа суугаад “Офицер орно” гэж хэлсэн, Өгөөмөр зах өнгөрөөд Баянзүрх дүүргийн автобусны буудлын харалдаа хойшоо эргэж, гэр хорооллоор 15 гэсэн дугаартай гудамжаар ороод нэг хашааны гадна очиж зогссон. “Эндээс хүн гарч ирэхээр нь буцаад хороолол явна” гэж хэлсэн. Тэгтэл хойно сууж байсан залуу араас хоолой боосон, хажууд сууж байсан залуу миний нүүр, ам руу цохиод, куртикний энгэрийн халаасанд байсан гар утас, үнэмлэх, бичиг баримт, задгай 10.000 төгрөг зэргийг авсан. Араас боосон этгээдийн боолт ороод ухаан алдчих гээд байхаар нь би ухаан алдсан дүр үзүүлээд доошоо болох үед боолт суларсан, тэр үед би хажууд суусан этгээдийг заамдаад бариад автал ард байсан этгээд давж орж ирээд намайг дахин боосон. Тэгээд би ноцолдож байгаад машинаас буухад миний машиныг унаад зугатаасан. ...би дээрэмд алдсан зүйлүүдээс автомашин, голын толь зэргийг буцааж авсан. ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 34-35, 156-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 17-ны орой хадам дүү Мөнхтулгыг дуудаж машинаар караоке хүргүүлсэн. Шөнийн 02 цагийн үед танихгүй дугаараас залгахаар нь автал дүү Мөнхтулга, машинаа бусдад дээрэмдүүлчихлээ гэж ярьсан, би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр очиход манай дүүгийн уруул хавдаж хөхөрсөн, хоолой нь улайж зулгарсан, хамар амнаас нь цус гарсан байсан. Маргааш өдөр нь 15 цагийн үед нэг хүн над руу утсаар яриад машинаа холдуулаач гэхээр нь хаана байгаа газрыг нь асуухад Дэнжийн мянгын гэр хорооллын гудамжинд айлын хашааны гадна аваачаад орхисон байсныг олж авсан. Машинаа бүрэн бүтэн буцааж авсан, машин дотроос Эм фи, Эм фи-5 тоглуулагч, дугуй хийлэгч, домкрат, голын толь, 4 товчтой дэлгэцийг хагалсан, салаалагч зэрэг зүйл алдагдсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-ийн 2-р хавтас 233-234 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №345 дугаартай дүгнэлтэд:
1. Н.М-ын биед дээд уруулд шарх, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн хацар, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх/хх-ийн 2-р хавтас 131-р хуудас/,
“Дамно” ХХК-ний үнэлгээ нийт 540.000 төгрөг /хх-ийн 2-р хавтас 98-р хуудас/,
“Дамно” ХХК-ний үнэлгээнд: ... улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашин 7.500.000 төгрөг /хх-ийн 3-р хавтас 68-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 6, 11-12-р хуудас/,
Хохирогч Э.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай эгчийн төрсөн өдөр болоод манай ах, дүү нар гадуур хоолонд ороод караокед суугаад шөнийн 01 цагийн үед тарцгаасан бөгөөд би хүмүүсийг хүргэн ах Сайнбаярын ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн машинаар хүргэж өгсөн. ...шөнийн 03 цагийн үед “Коко банана” рестораны гадна ирэхэд 2 залуу дотроос гарч ирэхээр нь би такси авах уу гэж асуухад миний машины арын суудалд суугаад Нисэх явъя гээд 10 дугаар хорооллоор баруун тийш эргэж, Саппорагийн тойргоор урагшаа гарч, гурвалжингийн гүүрээр дамжаад Яармагийн замаар Нисэх явсан. Нисэхийн эцсээр хойшоо гэр хорооллын гудамжаар яваад оршуулгын газар тулж, нэг гудамжаар эргээд наанаа зогсчих эндээс 3 охин аваад Лакс явна гээд зогсоосон, хэсэг зогсож байгаад чихэвчтэй малгайтай нь урд талд орж ирж суусан. Тэгтэл хойно сууж байсан нь уяагаар хоолой боосон, би боолгохгүй гээд эсэргүүцтэл урд зэрэгцээд сууж байсан нь хутга тулгаад машинаа унтраа гэсэн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод машинаа унтраагаад түлхүүрээ гадагшаа шидсэн. Нэг сэрэхэд цасан дээр хэвтэж байсан. Тэгээд босож яваад гэрэл нь асаалттай байсан айлын хаалгыг тогшоод орж, утсаар цагдаад дуудлага өгсөн. Гэтэл тэр айлын эгч гэдэснээс чинь цус гараад байна шүү дээ гэхээр нь хартал гэдэс рүү хутгалсан байсан. Миний унаж явсан машин, халаасанд байсан Ай фон-6 маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөг зэрэг зүйл авч явсан байсан. ...би машинаа авсан. ...утсаа хүлээн аваад үзэхэд Ай фон-5 маркийн гар утас байсан, би энэ утсыг аваад удаагүй байсан, ай фон-6 маркийн утас гэж бодож байсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас, 2-р хавтас 237-р хуудас, 3-р хавтас 39-40-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №565 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Б-ийн биед тархи доргилт, хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, хамрын хянга, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун шуу, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,
“Дамно” ХХК-ний үнэлгээгээр: ай фоне-5 маркийн гар утас 230.000, ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашин 9.000.000 нийт 9.230.000 төгрөг /хх-ийн 3-р хавтас 50-52-р хуудас/,
Гар утас хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэлд: “...мөнгөлөг саарал өнгийн гадаргуутай, голын доод товчлуур нь цагаан өнгийн Ай фоне-5 маркийн гар утсыг хүлээлгэн өгөв. Хүлээн авсан Э.Б-” гэх / хх-ийн 3-р хавтас 85-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/,
Үзлэгийн явцад хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...мөнгөлөг саарал өнгийн ... улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг хүлээлгэн өгөв гэх /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №244 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж.Ц- нь Компьютер тоглоомын хэтрүүлэн хэрэглээтэй байна.
2. Ж.Ц- нь 6-р ангиас /12 нас/ компьютер тоглоомыг тоглож эхэлсэн байна.
3. Ж.Ц- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Ж.Ц- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ж.Ц- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. /хх-ийн 1-р хавтас 238-239-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №663 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж.Ц-ын сэтгэцэд өмнө нь шинжилгээ хийж дүгнэлт гаргасан шинжээчийн 244 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, бүрэн гүйцэт байна.
2. Ж.Ц-ын Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд анх хэвтсэн “Компьютер мания” онош бүхий өвчин нь өвчний олон улсын 10-р ангилалд Р 63.8 буюу “Бусад зуршилт ба импульсив” эмгэгт багтах магадлалтай бөгөөд ийм онош дангаараа байдаггүй болно. “Компьютер мания” нь олон удаагийн давтамжаас үүссэн эмгэг зуршил юм. “Компьютер мания” хэрэг үйлдэгдэхээс өмнө бий болсон байна.
3. Тус эмнэлгийн эмч Б.Ерөөлтийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудаст дурьдагдсан Хий үзэгдэлт дэмийрэлийн хам шинж нь тухайн үеийн сэтгэцийн байдлыг харуулсан статус буюу сэтгэцийн байдал юм.
4. Ж. Ц-рт тус эмнэлэгт 2 дахь удаагаа хэвтэн эмчлүүлэхдээ хөнгөн сэтгэл гутралын байдал илэрч байсан байна. Хөнгөн сэтгэл гутрал нь сэтгэцийн өвчин хараахан биш бөгөөд тухайн үеийн сэтгэцийн байдал болно. Энэхүү сэтгэцийн байдал нь хэрэг үйлдэгдсэнээс хойш үүссэн байх боломжтой.
5. Ж.Ц-т илрэх “Компьютер тоглоомын хэтрүүлэн хэрэглээ” болон “Гэмтлийн дараах дарамтат эмгэг”-ээр өвдсөн байх боломжтой. Эдгээр эмгэг нь одоогоор эдгэрсэн болно. /хх-ийн 3-р хавтас 114-р хуудас/
Шүүгдэгч Ж.Ц-ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн Би Б-той танилцаад 2 жил гаруй болж байна. 2017 оны 12 дугаар сарын эхээр Б- таксинд суугаад хойноос нь би боогоод дээрэм хийе гэж ярьсан. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 09-ны хавьцаа байх он сарыг нь нарийн сайн санахгүй байна. Ойролцоогоор 02 цагийн үед байх Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Түмэн дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр очсон. Учир нь тухайн буудал дээр маш олон машин зогсдог. Саарал өнгийн “Ниссан санни” маркийн автомашиныг зогсож байхаар би урд суудалд, Б- арын суудалд суугаад таксины жолоочид “Офицеруудын ордон орно. Нарны замаар явчихаарай” гэж Б- хэлсэн. Нарны замаар явж Нарантуул захын урдуур гараад ахмадын хороолол өнгөрөөд цаашаагаа явж байгаад далантай газрын тэр хавьд ирээд ертөнцийн зүгээр хойшоогоо эргэсэн. Эргээд шороон замаар явж байгаад гудамж руу баруун эргээд таксины жолоочийг дагуулан зам заасан. Харанхуй гудамжинд ороод жолоочийг “зогсож бай, одоо эндээс хүн гарч ирнэ, хүлээж бай” гэсэн. Ойролцоогоор 10 минут болсны дараа Б- хойноос гараараа боогоод, би жолоочийн цээж рүү 2-З удаа цохисон. Гэдэс болон нүүр рүү нь цохисон. Бас халаасыг нь нэгжээд түрүүвч, Самсунг маркийн гар утас, машины түлхүүр зэрэг зүйлсийг авсан. Тэгээд тэндээ буугаад Б- бид хоёр зугтаасан. Зугтаах замдаа би машины түлхүүрийг хаясан. Гар утсаа Б- ганцаараа явж зарж борлуулдаг болохоор би сайн мэдэхгүй байна. Б- надад 25000 төгрөг өгсөн.
Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа гэдгийг нь сайн санахгүй байна. Мөн хорооллын Москва их дэлгүүрийн хажуу талын буудал дээрээс Б-той хамт цайвар ногоон өнгийн Приус-10 маркийн автомашинд суусан. Би урд суудалд, Б- арын суудалд суусан. Мөн л “Офицеруудын ордон орно. Нарны замаараа явна, очих газраа очоод буцаад эргэж ирнэ” гэж хэлсэн. Таксины жолооч 20 гаруй насны залуу байсан. Би зам заагаад явж байгаад өмнө нь дээрэм хийсэн газрынхаа ойролцоо явж байгаад харанхуй гудамжинд зогсоод “одоо эндээс хүн гарч ирнэ, түр хүлээж бай, мөнгө нь хэд гарах юм шиг байна” гэж энэ Б- яриа өдсөн. Удаагүй 10 минутын дараа Б- араас нь уяагаар боогоод би нүүр рүү нь цохиод халааснаас нь түрүүвч болон гар утас, машины түлхүүрийг нь аваад замдаа хаячихсан. Гар утасны маркийг нь сайн санахгүй байна.
Б- надад 130.000 төгрөг өгсөн. Бас хэрэг үйл явдал болсноос хэд хоногийн дараа он сарыг нь санахгүй байна. Мөн Москва их дэлгүүрийн хажуу талын автобусны буудлаас саарал өнгийн Приус-20 маркийн автомашиныг такси барьсан. Мөн л адилхан “Офицеруудын ордон явна. Нарны замаараа” гэж хэлсэн. Тэгээд өмнөх явсан замаараа явж байгаад өмнөх хэргүүдтэй мөн ойр газарт машиныг нь зогсоосон. Бас л “хүн гарч ирнэ” гэж хэлсэн. Ойролцоогоор 10 орчим минутын дараа мөн л Б- араас нь боогоод би нүүр рүү болон гэдэс рүү нь цохисон. Халааснаас нь Самсунг галакси жи-1 маркийн гар утас болон бэлэн 10.000 төгрөг, бичиг баримт зэрэг зүйлс байсан. Таксины жолоочийг хөөж буулгаад би машиныг бариад Дэнжийн мянга ороод багажийг нь үзсэн чинь олигтой юм байгаагүй. Тэгэхээр нь Зурагтын тэр хавьд гэр хорооллын гудамжинд автомашиныг байрлуулж тавьсан. Гар утсыг бид хоёр хамт явж байгаад Их дэлгүүрийн тэр хавьд нэг ломбарданд 50.000 төгрөгөнд Б- нэр болон утасны дугаараа хэлээд барьцаанд тавьсан…гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “2017 оны 12 сарын 08-09-нд шилжих шөнө Ц-р бид хоёр ... маркийн автомашинтай хүнийг Ц-р ар талаас нь цамцаар нь боосон, би болиоч гээд гар руу нь цохиход жолооч залуугийн цамцыг тавиад автомашинаас буугаад жолоочийн хаалгыг онгойлгоод жолоочийг нэгжээд байсан. Самсунг Эс-5 маркийн гар утас, машины түлхүүр, түрийвч зэрэг зүйл авсан, түрийвчинд хэдэн төгрөг байсныг би мэдэхгүй, надад 5000 төгрөг өгсөн, түлхүүр, гар утсыг Ц-р авсан, дараа нь надад зарчихсан гэж хэлсэн,
- 2017 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Ниссан тийда маркийн автомашины жолоочийг дээрэмдэхдээ Ц-р жолоочийг хойноос нь цамцных нь захаар боож, хойшоо татсан, би машинаас буугаад Ц-рын сууж байсан хаалганы харалдаа очиж хаалгыг онгойлгоод Ц-рыг түлхэж буулгахад жолооч ухаан алдсан юм шиг байсан. Ц-р жолоочийг татаж гаргаад цасан дээр хэвтүүлсэн. Ц-р халаасыг нь ухаад Эйч ти си маркийн гар утас, задгай мөнгө авсан, би тэр мөнгөнөөс аваагүй. Ц-р гар утсыг гэр рүүгээ авч явсан. Гар утсыг хохирогчид буцааж өгсөн байсан, машиныг унаж яваад 10 дугаар хорооллын гражуудын урд талд зогсоол дээр орхиод явсан,
- 2017 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Приус-10 маркийн машинтай хүнийг Ц-р жолоочийн ар талаас гараа оруулаад тохойгоороо хоолойг боосон, Самсунг Эс-7 маркийн гар утас, түрийвч, картууд шиг зүйлийг авч байсан, Ц-р дараа нь надад гар утсыг нь зарчихсан гээд 10.000 төгрөг өгсөн, карт, үнэмлэх, машины түлхүүрийг Ц-р авсан,
- 2017 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Приус-20 маркийн машинтай жолоочийг би цамцны захаас нь хойш татаж, суудлын дэртэй хамт хоолойг боосон, Ц-р гэдэс, хэвлий хэсэгт 2 удаа цохьсон. Ц-р жолоочийн хүрэм, өмдний халаасыг нэгжиж байгаад Самсунг жи-5 маркийн гар утас, бэлэн 7000-8000 төгрөг байсныг аваад машиныг унаад Зурагтын тийш аваачиж орхисон. Ц-р уг машинаас Эм фи тоглуулагч, цэнэглэгч авсан, машины багажыг онгойлгоод жижиг дөрвөлжин хайрцагтай юм авсан, дараа нь утсыг зараад надад 10.000 төгрөг өгсөн,
- 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Ц-р бид хоёр такси авч, Нисэхийн эцэст Приус-20 машинтай жолоочийг би хойноос нь өөрийн халаасанд байсан цүнхний оосорын уяагаар боосон. Ц-р жолоочийн нүүрэн тус газар нь 2 удаа цохиод халааснаасаа жижиг бор тонгорог гаргаж ирээд жолоочийн хэвлийн тус газар нь нэг удаа дүрсэн. Дараа нь халаасыг ухаж Ай фон-5 маркийн хар өнгийн гар утас, бэлэн 19.000 төгрөг авсан. Жолоочийг машинаас чирч гаргаад газар хэвтүүлсэн. Машиныг унаж яваад 10 дугаар хорооллын хойд талын урт гражуудын урд машины зогсоол дээр аваачиж орхисон. Ц-р дандаа таксины урд талд сууж явдаг, би хойд талын суудал дээр сууж явдаг, хойноос хоолойг нь боодог, Ц-р хажуунаас нь зодож нүдэх, эд зүйлийг нь авах үйлдлийг хийдэг байсан юм. Мөн дээрэмдсэн эд зүйлийг Ц-р зарж борлуулаад надад бага зэргийн мөнгө өгдөг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-70-р хуудас, 2-р хавтас 114-116-р хуудас, 3-р хавтас 81-82-р хуудас/,
Шүүгдэгч Ж.Ц-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 78-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 79-р хуудас, 3-р хавтас 79-р хуудас/, иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар /хх-ийн 2-р хавтас 170-181-р хуудас/, өвчний түүх /хх-ийн 2-р хавтас 183-187-р хуудас, 3-р хавтас 175-183-р хуудас/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэлзүйн оношлогоо /хх-ийн 2-р хавтас 188-192-р хуудас, 3-р хавтас 115-р хуудас/,
Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 72-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 73-р хуудас, 3-р хавтас 78-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 210-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б-, Ж.Ц- нар нь:
2017 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед хохирогч Ш.М-ыг ... улсын дугаартай “...” маркийн автомашинтай таксинд явж байхад нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачиж, хоолойг нь боож, зодож “Самсунг эс-5” маркийн гар утас, бэлэн 116.000 төгрөг, түрийвч, карт, “...” маркийн автомашины түлхүүр зэрэг эд зүйлийг дээрэмдэж, 340.300 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хохирогч Х.Д-ийг ... улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн автомашинтай таксинд явж байхад нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачин, хоолойг нь боож, зодон “Самсунг эс-7” маркийн гар утас, автомашины бичиг баримт, Хаан, Голомт банкны карт, түрийвч, иргэний үнэмлэх, Приус, Королла маркийн автомашины түлхүүрүүд зэрэг эд зүйлийг дээрэмдэж, 706.500 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 16-нөөс 17-нд шилжих шөнө иргэн М.Б-ийг ... улсын дугаартай “Ниссан Тийда” маркийн автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 16 дугаар гудамжинд аваачин, хоолойг нь боож, зодож “Эн ти эс” маркийн гар утас, 7.000 төгрөг, “Ниссан Тийда” маркийн автомашиныг дээрэмдэж 4.555.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хохирогч Н.М-ыг ... улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай таксинд явж байхад нь үйлчлүүлж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт аваачиж, хоолойг нь боож, зодож “Самсунг жи-5” маркийн гар утас, “Эм пи” тоглуулагч, “Эм пи-5”, дугуй хийлэгч домократ, Тоёота приус-20 маркийн автомашин, Хаан банкны карт зэрэг эд зүйлийг дээрэмдэж, 8.040.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хохирогч Э.Б-ийг ... улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн автомашинтай таксинд явж байхад нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 19-272а тоот хашааны ойролцоо аваачиж, хоолойг нь цүнхний оосроор боож, зодож, хэвлийн тус газар нь хутгалж, “Ай фоне-5” маркийн гар утас, 300.000 төгрөг, Приус-20 маркийн автомашиныг дээрэмдэж, 9.530.000 төгрөгийн, нийт 23.171.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт “Алтан тэвш” хотхоны хойно ... улсын дугаартай автомашины орчимд үзлэг хийсэн талаар /хх-ийн 1-р хавтас 213-214-р хуудас/,
Хохирогч Ш.М-ын “2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “...” маркийн автомашинаар таксинд явахаар гарсан. ... ард сууж явсан нь намайг хойноос гараараа боох үед хажууд сууж явсан нь зодоод машин унтрааж, түлхүүрийг аваад машины урд талын хайрцаганд байсан түрийвчтэй мөнгө авсан. Тэр үед би ухаан алдаад сэргэх үед ганцаараа машин дотор сууж байсан. Би “Самсунг галакси эс-5” маркийн гар утас, бор өнгийн арьсан түрийвч, хугацаа дууссан иргэний үнэмлэх, виза карт, 116.000 төгрөг, “...” маркийн машины түлхүүр алдсан, эргүүлж аваагүй…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 26-27-р хуудас/,
“Дамно” ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайланд: “Самсунг галакси эс-5” маркийн гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, виза карт, 116.000 төгрөг, “...” маркийн машины түлхүүр зэрэг нь 340.300 төгрөг /хх-ийн 1-р хавтас 245-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн арын зогсоол дээр ... улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн талаар /хх-ийн 2-р хавтас 27-р хуудас/,
Хохирогч Х.Д-ийн “2017 оны 12 дугаар сарын 15-ны орой халтуур хийхээр өөрийн эгч Х.Амарбаясгалангийн ... улсын дугаартай “Приус-10” маркийн автомашинтай явж байсан. …миний хойно сууж байсан залуу араас боож, миний хажууд сууж байсан залуу нүүр нүдгүй зодож эхэлсэн. Би ухаан алдсан ба нэг сэртэл машиндаа ганцаараа зүүн нүдний хөмсөгнөөс цус гарсан байдалтай байсан. Тэр 2 залуу намайг дээрэмдэхдээ миний машины түлхүүр, унаж явсан машины түлхүүр, “Самсунг галакси эс-7” маркийн гар утас, түрийвч, дотор нь байсан 50.000 төгрөг, бүх бичиг баримт зэрэг зүйл алдагдсан…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 30-31-р хуудас/,
“Дамно” ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээний тайланд: нийт 656.500 төгрөг /хх-ийн 2-р хавтас 42-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Хан-Уул дүүргийн 9-р хороо, Бурхантын 16-р гудамжинд үзлэг хийсэн талаар /хх-ийн 1-р хавтас 97, 100-101-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Баянгол дүүргийн 6-р хороо 43-р байрны арын зогсоол дээр ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаар /хх-ийн 1-р хавтас 104-105-р хуудас/,
Хохирогч М.Б-ийн “2017 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед цагаан өнгийн “Тийда” маркийн ... улсын дугаартай автомашинтай таксинд явахаар гэрээсээ гарсан. ...Тэр хоёр залуу “мөнгөө өг, түрийвч чинь хаана байна” гэхээр нь түрийвчээ өгөөд “надад байгаа нь 7000 төгрөг байна” гэхэд “бид хоёр чиний машиныг бол авахгүй ээ, гудамжны баруун талын үзүүрт машины чинь түлхүүрийг үлдээе, чи өөрөө олоод аваарай” гэж хэлэхэд ар талд сууж байсан залуу хоолой боосон хэвээр байсан. Удалгүй миний 2 нүд харанхуйлаад нэг мэдэхэд би гадаа сэрсэн. Намайг сэрэхэд машин байхгүй, би цасан дээр хэвтэж байсан. Би машиныхаа түлхүүрийг хайсан боловч олоогүй. Тэр хоёр залуу миний бор өнгийн лидринэн түрийвчтэй бичиг баримт, “Эйч ти си” маркийн гар утас, 7000 төгрөг, цагаан өнгийн “Тийда” маркийн ... улсын дугаартай автомашиныг аваад явсан. ...Би машинаа буцааж авсан, одоо гар утсаа авна…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 108-112-р хуудас, 2-р хавтас 239-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Т-гийн “ ... 2017 оны 12 дугаар сарын 17-ны орой манай эхнэрийн дүү Батпүрэв миний эзэмшлийн ... улсын дугаартай, “Ниссан Тийда” маркийн автомашинаар халтуур хийхээр явсан. Шөнө дундын үед Батпүрэв над руу яриад “дээрэмдүүлчихлээ” гэхээр нь очсон. Машиныг 7 хоногийн дараа Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрээс цагдаа нар олж өгсөн. Бүрэн бүтэн хүлээж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 37-38-р хуудас/,
Гэрч Ц.А-ийн “ ...... улсын дугаартай, “Ниссан Тийда” маркийн автомашиныг 2015 онд миний хүү Тэмүүжин найзаасаа миний нэр дээр шилжүүлж худалдаж авч байсан. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай хамаатны дүү Батпүрэв надаас “машины хэрэг гараад байна” гэхээр нь би машинаа өгсөн…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 127-р хуудас/,
“Дамно” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХУ2-18-398 дугаартай үнэлгээгээр: Эйч ти си маркийн гар утас 42.000 төгрөг, ... улсын дугаартай, “Ниссан Тийда” маркийн автомашин 4.500.000 төгрөг /хх-ийн 3-р хавтас 61, 66-р хуудас/,
“Дамно” ХХК-ний 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХУ2-18-445 дугаартай үнэлгээгээр: лидринэн түрийвч 6.000 төгрөг /хх-ийн 3-р хавтас 44-рр хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “хар өнгийн гадаргуутай, дэлгэцний хэсэг хагарч цуурсан, “Эйч ти си” маркийн цэнэггүй гар утас, хар өнгийн, машины хөгжмийн нүүр зэргийг хүлээлгэн өгөв” гэх /хх-ийн 2-р хавтас 240-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №311 дугаартай дүгнэлтэд:
1. М.Б-ийн биед хоолой, хацар, уруулд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 1-р хавтас 131-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...цагаан өнгийн ... улсын дугаартай ... улсын дугаартай “Ниссан Тийда” маркийн автомашиныг хүлээлгэн өгөв гэх /хх-ийн 1-р хавтас 166-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг 15-р гудамжинд үзлэг хийсэн талаар /хх-ийн 2-р хавтас 66-67, 71-73, 80-81-р хуудас/,
Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын Г-703 тоот хашааны гадна ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаар /хх-ийн 2-р хавтас 77-79-р хуудас/,
Хохирогч Н.М-ын “2017 оны 12 дугаар сарын 17-ны орой гэртээ байж байтал хүргэн ах Баттулга, байгууллагын шинэ жил болж байна, ирээд авчих гэхээр нь хүргэн ахын ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн машиныг унаж тансинд явсан. …Баянзүрх дүүргийн автобусны буудлын харалдаа хойшоо эргэж, гэр хорооллоор орж, 15 гэсэн дугаартай гудамжаар ороод нэг хашааны гадна очиж зогссон. Тэгээд эндээс хүн гарч ирэхээр нь буцаад хороолол явна гэж хэлсэн, хүн гарч ирэхийг нь хэсэг хүлээгээд сууж байтал хойно сууж байсан залуу араас хоолой боосон, хажууд сууж байсан залуу миний нүүр, ам руу цохиод, куртикний энгэрийн халаасанд байсан гар утас, үнэмлэх, бичиг баримт, задгай 10.000 төгрөг зэргийг авсан. Араас боосон этгээдийн боолт ороод ухаан алдчих гээд байхаар нь би ухаан алдсан дүр үзүүлээд доошоо болох үед боолт суларсан, тэр үед би хажууд суусан этгээдийг заамдаад бариад автал ард байсан этгээд давж орж ирээд намайг дахин боосон, тэгээд би ноцолдож байгаад машинаас буусан, тэгтэл миний машиныг унаад зугатаасан. ...би дээрэмд алдсан зүйлүүдээс автомашин, голын толь зэргийг буцааж авсан. ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй…гэжээ. /хх-ийн 3-р хавтас 34-35, 156-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 17-ны орой хадам дүү Мөнхтулгыг дуудаж машинаар караоке хүргүүлсэн. Шөнийн 02 цагийн үед дүү Мөнхтулга, машинаа бусдад дээрэмдүүлчихлээ гэж ярьсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 233-234 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №345 дугаартай дүгнэлтэд:
1. Н.М-ын биед дээд уруулд шарх, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, зүүн хацар, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх/хх-ийн 2-р хавтас 131-р хуудас/,
“Дамно” ХХК-ний үнэлгээ нийт 540.000 төгрөг /хх-ийн 2-р хавтас 98-р хуудас/,
“Дамно” ХХК-ний үнэлгээнд: ... улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашин 7.500.000 төгрөг /хх-ийн 3-р хавтас 68-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Хан-Уул дүүргийн 9-р хороо, Бурхантын 16-р гудамжинд үзлэг хийсэн талаар /хх-ийн 1-р хавтас 6-10-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд: Баянгол дүүргийн 6-р хороо, 43-р байрны ар талын зогсоолд ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаар /хх-ийн 1-р хавтас 11-14-р хуудас/,
Хохирогч Э.Б-ийн “2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай эгчийн төрсөн өдөр болоод манай ах, дүү нар гадуур хоолонд ороод караокед суугаад шөнийн 01 цагийн үед тарцгаасан бөгөөд би хүмүүсийг хүргэн ах Сайнбаярын ... улсын дугаартай Тоёота приус-20 маркийн машинаар хүргэж өгчихөөд явж байсан. ... хойно сууж байсан нь уяагаар хоолой боосон, би гараараа боолгохгүй гээд эсэргүүцтэл урд зэрэгцээд сууж байсан нь хутга тулгаад машинаа унтраа гэсэн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод машинаа унтраагаад түлхүүрээ гадагшаа шидсэн. Нэг сэрэхэд цасан дээр ганцаараа хэвтэж байсан, тэгээд босож яваад гэрэл нь асаалттай байсан айлын хаалгыг тогшоод орж, утсаар цагдаад дуудлага өгсөн. Гэтэл тэр айлын эгч гэдэснээс чинь цус гараад байна шүү дээ гэхээр нь хартал гэдэс рүү хутгалсан байсан. Миний унаж явсан машин, халаасанд байсан Ай фон-6 маркийн гар утас, бэлэн 300.000 төгрөг зэрэг зүйл авч явсан байсан. ...би машинаа авсан. ...утсаа хүлээн аваад үзэхэд Ай фон-5 маркийн гар утас байсан, би энэ утсыг аваад удаагүй байсан, ай фон-6 маркийн утас гэж бодож байсан…гэжээ. /хх-ийн 1-р хавтас 22-23-р хуудас, 2-р хавтас 237-р хуудас, 3-р хавтас 39-40-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №565 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Б-ийн биед тархи доргилт, хэвлийд хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, хамрын хянга, эрүү, хүзүүнд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун шуу, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх/хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/,
“Дамно” ХХК-ний үнэлгээгээр: ай фоне-5 маркийн гар утас 230.000, ... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин 9.000.000 нийт 9.230.000 төгрөг /хх-ийн 3-р хавтас 50-52-р хуудас/,
Гар утас хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэлд: “...мөнгөлөг саарал өнгийн гадаргуутай, голын доод товчлуур нь цагаан өнгийн Ай фоне-5 маркийн гар утсыг хүлээлгэн өгөв. Хүлээн авсан Э.Б-” гэжээ. /хх-ийн 3-р хавтас 85-р хуудас/,
Үзлэгийн явцад хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...мөнгөлөг саарал өнгийн ... улсын дугаартай Приус- 20 маркийн автомашиныг хүлээлгэн өгөв гэжээ. /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь эд хөрөнгийг авах зорилгоор довтолгоон эхэлж, саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн, идэвхитэй үйлдлээр илэрдэг. Тухайлбал хохирогчийг цохих, боох гэх зэргийг ойлгоно. Довтлох гэдэг нь эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн эсэргүүцэх хүчийг алдагдуулж байгаа идэвхитэй хөдөлгөөнөөр илрэх буюу өөрөөр хэлбэл гэнэдүүлж довтлох, цохих ухаан санааг нь самууруулах зэргийг ойлгох ба сэдэлт нь шунахай сэдэлттэй байна.
Энэ хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нар нь дээрх нэр бүхий 5 хохирогчийг такси үйлчилгээнд явж байхад нь ар талаас нь хоолойг боож ухаан алдуулах, хажуу талаас нь зодох зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэхдээ хохирогч Э.Б-ийн хэвлийн тус газарт хутгалж, зэвсэг хэрэглэж үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь дээрэмдэх гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхаар хуульчлагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг баримтлан шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нар нь бүлэглэн нэр бүхий 5 хохирогчийн хоолойг нь боож, зодож амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эд хөрөнгийг нь авахдаа зэвсэг /хутга/ хэрэглэж хохирогч Э.Б-ийн хэвлийн тус хутгалж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тул шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарыг бүлэглэн дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарыг гэм буруутай” гэсэн хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй” ба шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нар нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нар нь “дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдэхдээ хохирогч Э.Б-ийн хэвлийн тус газар хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан мөн хохирогч М.Б-, Н.М-а нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулжээ. Гэмт хэрэг 2017 оны 12 дугаар сарын 8-23-ны өдрийн хооронд гарсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “нэг” жил байхаар хуульчилсан тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй, Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй ..бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарын үйлдсэн дээрмийн гэмт хэргийн улмаас:
-хохирогч Ш.М-ад 340.300 төгрөгийн хохирол учирсан ба 340.000 төгрөг хүлээж авсан талаар /хх-ийн 3-р хавтас 193-р хуудас/
-хохирогч Х.Д-ид 706.500 төгрөгийн хохирол учирсан ба 300.000 төгрөг хүлээж авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар /хх-ийн 3-р хавтас 195-р хуудас/
-хохирогч М.Б-д 4.555.000 төгрөгийн хохирол учирсан ба 200.000 төгрөг хүлээж авсан, /хх-ийн 3-р хавтас 192-р хуудас/
-иргэний нэхэмжлэгч Б.Т-д ... улсын дугаартай “Ниссан Тида” маркийн автомашин хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 166-р хуудас/,
-хохирогч Н.М-ад 8.040.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирлоо бүрэн барагдуулж авсан /хх-ийн 3-р хавтас 156-р хуудас/
-хохирогч Э.Б-т 9.530.000 төгрөгийн хохирол учруулсан ба ... улсын дугаартай Приус-20 маркийн автомашин хүлээлгэн өгсөн /хх-ийн 1-р хавтас 84-р хуудас/, 300.000 төгрөг хүлээж авсан, /хх-ийн 3-р хавтас 191-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Мөн тухайн хэргийн хохирогч Ш.М-, Х.Д-, М.Б-, Н.М-а, Э.Б- нар нь тус бүрдээ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн баримттай тул шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарыг төлөх төлбөргүй гэж дүгнэхээр байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 150 тоот дүгнэлтээр /хх-ийн 1-р хавтас 232-233-р хуудас/ тогтоогдсон, шүүгдэгч Ж.Ц- нь “компьютер тоглоомын хэтрүүлэн хэрэглээ” болон “гэмтлийн дараах дарамтат эмгэг”-ээр өвдсөн байх боломжтой. Эдгээр эмгэг нь одоогоор эдгэрсэн, Ж.Ц- нь үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй гаргасан 663 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 3-р хавтас 112-114-р хуудас/ шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарт тус бүр 6 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарын өмгөөлөгч нараас “шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч Ж.Ц-ын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарт тус бүр 6 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарыг Мөрдөгчийн тогтоолоор 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүйгээр баривчлаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүгдэгч Ж.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс тус тус өөрчилсөн байна. /хх-ийн 2-р хавтас 6-13-р хуудас/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Ц-ын цагдан хоригдсон нийт 23 /хорин гурав/ хоногийг, шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон нийт 31 /гучин нэг/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 6.5 см, бариул хэсэг 8.5 см, нийт 15 см, нугарч эвхэгддэг хутга 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүйг шийтгэх тогтоол дурьдах нь зүйтэй
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 6.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Ж-ын Ц, Ү-ийн Б- овогт Б-ын Б нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарыг тус бүр 6 /зургаа/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарт оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Ц-ын цагдан хоригдсон нийт 23 /хорин гурав/ хоногийг, шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон нийт 31 /гучин нэг/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Ц-, Б.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧИД Б.БАТБОЛОР
П.ТУЯАТ