Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1375

 

М.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/04455 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.М-д холбогдох

 

23 830 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О ,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.М нь мөнгөний хэрэгцээ гараад байна, мөнгө зээлүүлээч гэсний үндсэн дээр түүнд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн билээ. 2014 оны 12 дугаар сарын 12-ний өдөр Л.М нь 3 500 000 төгрөгийг эргүүлэн төлсөн. Тухайн үед дээрх зээлийн гэрээг амаар байгуулж байсан. 2015 оны 1 сарын эхээр Л.М тэй уулзаж дээрх амаар байгуулсан зээлийн гэрээг бичгээр үйлдэх шаардлагатайг хэлэхэд тэрээр татгалзаагүй бөгөөл анх зээлдүүлсэн үнийн дүнгийн үлдэгдэл болох 16 500 000 төгрөгийг зээлийн гэрээгээр байгуулж тэмдэглэл үйлдсэн юм. Тэрээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээний хүү болох 660 000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш зээлийн гэрээний хүү болон үндсэн мөнгийг эргүүлж төлөөгүй юм. Л.М нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр дууссан бөгөөд үүнээс хойш 1 250 000 төгрөгийг төлөлт хийгдсэнээс өөр ямар ч төлөлт хийлгүй өдийг хүрлээ. Бидний харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу Л.М нь 13 сарын хүү болох 8 580 000 төгрөг, нийт 23 830 000 төгрөг төлөх үүрэг хүлээж байна. Иймд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 23 830 000 төгрөгийг Л.М гээс гаргуулж өгнө үү. Харин миний аавын данс руу Л.М гийн шилжүүлсэн мөнгөний хувьд аавтай тусдаа зээлийн гэрээ байгуулсан байсан юм байна лээ. Энэ дагуу л шилжүүлэг хийгдсэн гэжээ.

 

Хариуцагч Л.М түүний өмгөөлөгч Г.А нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О нь нэхэмжлэлийн шаардлагадаа үндсэн зээл 16 500 000 төгрөг, түүний 13 сарын хүү болох 8 580 000 төгрөг, нийт 23 830 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх бөгөөд тус нэхэмжлэлд гомдолтой байна.

Л.М би М.О аас 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг авсан нь үнэн, харин түүний нэхэмжлэлд дурдсанчлан 4 хувийн хүүтэй аваагүй, М.О болон бид хамтран ажилладаг байсан бөгөөд ашиг болон орлогыг хуваан алдагдлыг мөн адил хуваадаг байсан.

Дээрх мөнгийг би дан ганц өөрийн үйл ажиллагаанд дурдаагүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэг дэвтрийн хуудсан дээр баримт үйлдэж гарын үсэг зурсан, би тус баримтад зөвхөн гарын үсэг зурсан, 16 500 000 төгрөгийн хувьд маргах зүйлгүй харин надаас үндэслэлгүйгээр 13 сарын хүү буюу 8 580 000 төгрөг, мөн бусад мөнгийг нэхэмжилсэн үйлдлийг эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч бид харилцан тохиролцож 1 удаа 4 хувийн хүү төлж, 1 сарын хугацаатай 16 500 000 төгрөгийн баримтад би гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчийн хэлснээр би 1 сарын хүү төлөх үүргээ гүйцэтгэж 660 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл болох 16 500 000 төгрөгөөс зохих төлөлтийг өнөөдрийг хүртэл гүйцэтгэж ирсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 1 250 000 төгрөгийн төлөлт л хийсэн, өөр төлөлт хийгдээгүй гэх үндэслэлгүй тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Дээрх нэхэмжлэлийн тайлбарыг эс зөвшөөрөх бөгөөд Л.М миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Тодруулбал би М.О т 16 500 000 төгрөгөөс өнөөдрийг хүртэл нийт 11 920 000 төгрөгийг төлсөн.

Иймд хариуцагч Л.М би надаас үндэслэлгүйгээр 23 830 000 төгрөг шаардсан нэхэмжлэлийг эс зөвшөөрөх ба 4 580 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Л.М тэй 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан хүсэлтийн дагуу харицагчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Л.М гээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хариу тайлбарыг хүргүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хэргийг оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй шалтгаан, үнийн дүнд дэлгэрэнгүй тайлбар гаргаж байгаа болно.

Хариуцагчийн зүгээс анх шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс нийт 4 850 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан болон холбогдох баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 1 730 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй ба үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Учир нь М.О нийт 4 770 000 төгрөгийг төлсөн ба задруул үзэхэд М.О-ын Хаан банкны 51 72 00 50 41 тоот дансанд 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 600 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 200 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 40 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сард 01-ний өдөр 50 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 50 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 30 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 50 000 төгрөг буюу нийт 1 040 000 төгрөг тус тус нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн.

Л.М нь өөрийн Төрийн банкны данснаас нэхэмжлэгчид 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 200 000  төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 10 000 төгрөг, нийт 230 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн.

Түүнчлэн М.О нь мөнгө яаралтай хэрэгтэй байна шинэ оны баяр болж байгаа учир манай аав Л.М-ын 5069198857 тоот Хаан банкны дансруу шилжүүл гэж хэлсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийт 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Тодруулбал 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6 800 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчийн эцэг Л.М-ийн Хаан банкны 5069198857 тоот дансанд, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 200 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эцэг Л.М-ийн Хаан банкны 5069198857 тоот дансанд тус тус шилжүүлсэн ба нийт 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эцгийн банкны дансанд шилжүүлсэн.

Нэхэмжлэгчийн хүсэлт шаардлагыг үндэслэн түүний эцэг Л.М-ийн банкны дансанд дээрх мөнгийг шилжүүлсэн ба одоо харин тус шилжүүлсэн мөнгийг тооцохгүй, их хэмжээний мөнгө шаардаж байгаа эс зөвшөөрч байна.

Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 500 000 төгрөгийг Л.М гээс авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч дээрх 3 500 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцолгүй дахин шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2015 оны 01 дүгээр сарын эхээр Л.М тэй уулзаж дээрх амаар байгуулсан зээлийн гэрээг бичгээр үйлдэх шаардлагатайг хэлэхэд тэрээр татгалзаагүй бөгөөд анх зээлдүүлсэн үнийн дүнгийн үлдэгдэл болох 16 500 000 төгрөгийн гэрээг бичгээр байгуулж тэмдэглэл үйлдсэн юм гэснийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд 2014 оны 12 дугаар сарын 22-нд үйлдсэн бичгийг нөхөж 2015 онд үйлдсэн мэт тайлбар гаргасан байна. Энэ тайлбар нь ямар ч үндэслэлгүй, бид 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийт 16 500 000 төгрөгийн баримт үйлдсэн.

Холбогдох төлөлтийг хийсэн Хаан банкны 9 хуудас депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  1 хуудас орлогын мэдүүлэг, Төрин банкны 3 хуудас депозит дансны харилцагчийн монгол хуулга, нийт 13 хуудас нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулсан байдлаар хүргүүлж байна.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1 730 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд үлдэх хэсгийг эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1.1-д зааснаар Л.М гээс зээлийн гэрээний үүрэгт 15 230 000 төгрөгийг гаргуулан М.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 600 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.М гээс улсын тэмдэгтийн хураамжид 234 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.О давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэр гаргахдаа М.О , Л.М бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь нэг сарын хугацаатай байгуулагдсан тул зөвхөн тухайн сарын хүүг төлөх үүргийг хүлээнэ гэж үзсэн байна. Харин Л.М нь зээл авсан өдрөөс хойш 1 сарын хугацаанд тохирох хүүг төлсөн боловч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш өдийг хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн байдаг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5 дахь хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүүг төлөх үүрэгтэй”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж заасан байгааг шүүгч харгалзан үзэлгүй шийдвэрлэжээ.

Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу 8 600 000 төгрөгийг Л.М гээс гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагаас 8 600 000 төгрөгийг хасч шийдвэрлэснийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагчийн зүгээс 15 230 000 төгрөгөөс 13 500 000 төгрөгийг эс зөвшөөрч байх бөгөөд үлдэх хэсэг болох 1 730 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Л.М нь 3 500 000 төгрөгийг эргүүлэн төлсөн гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотолсон. Нэхэмжлэгч өөрөө хариуцагчийг мөнгө төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байхад шүүх 3 500 000 төгрөгт холбогдох хэсэгт дүгнэлт өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “энэхүү 10 000 000 төгрөгийг ямар учраас М.О-ын өөрийнх нь данс руу биш Л.М-ын данс руу шилжүүлсэн шалтгаан нь тодорхой бус, энэ талаар хариуцагч баримт гаргаагүй төдийгүй нэхэмжлэгч нь Л.М , Л.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөрийг л төлсөн гэж уг баримтыг тайлбарласан ба уг тайлбарыг хариуцагч тал баримтаар няцаагаагүй болно…” гэжээ. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт хэт нэг талыг барьж гагцхүү хариуцагч шаардлага, тайлбараа нотлох үүрэгтэй мэт дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг хүлээдэг.

Хариуцагчийн зүгээс 10 000 000 төгрөгтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд хүргүүлсэн.

Нэхэмжлэгч М.О нь “… мөнгө яаралтай хэрэгтэй болсон… шинэ оны баяр болж байгаа учир манай аав Л.М-ын 5069198857 тоот “Х” ХХК-ийн данс руу мөнгө шилжүүл…” гэж хэлсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нийт 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн.Тодруулбал:

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 6 800 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгчийн эцэг Л.М-ийн “Хаан банк” ХХК-ийн 5069198857 тоот дансанд,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3 200 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эцэг Л.М-ийн “Хаан банк” ХХК-ийн 5069198857 тоот дансанд тус тус шилжүүлсэн ба нийт 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн эцгийн банкны дансанд шилжүүлсэн.

Нэхэмжлэгчийн хүсэлт, шаардлагыг үндэслэн түүний эцэг Л.М-ийн банкны дансанд дээрх мөнгийг шилжүүлсэн ба одоо харин тус шилжүүлсэн мөнгийг тооцохгүй байгаа нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт “… Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлийг өөрөө нотлох нь хариуцагчийн үүрэг билээ…” гэжээ. Тус хуулийн заалт нь дан ганц хариуцагчид үүрэг болгоогүй бөгөөд хэргийн оролцогчийн үүрэгт хамаарна.

Нэхэмжлэгчийн зүгээс Л.М болон Л.М нарын хооронд өөр эрх зүйн харилцаа байгаа гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүрэгтэй. Харин нэхэмжлэгч тус үүргээ хэрэгжүүлээгүй байхад шүүх дан ганц хариуцагч нотлоогүй гэдэг дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулсан байдлаар шүүхэд хүргүүлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 13 500 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Л.М-д холбогдуулан зээл, хүүгийн төлбөрт 23 830 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь эс зөвшөөрч, 1 730 000 төгрөг төлөхийг зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн Хаан банкин дахь 5172002914 тоот дансанд 20 000 000 төгрөгийг шилжүүлж, 3 500 000 төгрөгийг буцаан авч, үлдэгдэл 16 500 000 төгрөгт, сарын 4 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай “Зээлийн гэрээ”-г 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан болох нь нэхэмжлэгчийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, гэрээ, зохигчдын тайлбараар нотлогджээ.

/хэргийн 3, 4 дүгээр тал/

 

Хариуцагч нь 1 сарын хүүд 660 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд, хариуцагч зээлийн төлбөрт 1 250 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч, түүний Хаан банкин дахь 5172005041 тоот дансанд хариуцагч 1 270 000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкин дахь хариуцагчийн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар тогтоогдсон байна. /хэргийн 35-45 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай “Зээлийн гэрээ”-г 1 сарын хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дууссанаас хойш сунгаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар хугацаа дууссанаас хойш нэмж хүү шаардах эрхгүй юм. Шүүх үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо уг хуулийн заалтуудыг тогтоох хэсэгт баримтлаагүй нь буруу боловч, хэргийн шийдэлд нөлөөлөөгүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзнэ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эцэг Л.М-ын Хаан банкны дансанд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг шилжүүлсэн байх боловч тэрээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний оролцогч биш, хариуцагч зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг хүлээн авахыг түүнд нэхэмжлэгч олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзал, тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ. /хэргийн 28, 29 дүгээр тал/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/04455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 550 төгрөгийг, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 500 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                       

                                                          ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ     

                    

                                                                                          С.ЭНХТӨР