Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

                                                           

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                           Хэргийн индекс: 114/2016/0076/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй  

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжийн Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга                                                              Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нараас шүүхэд болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Д.Пүрэвдаш нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 15 дугаар байр 57 тоот хаягт оршин суудаг.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/275 тоот захиарамжаар Дархан-Уул аймаг Дархан сум 10 дугаар баг 25 дугаар хороололд амины орон сууцны зориулалтаар газар эзэмшихээр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт холбогдох хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлж өгснөөр 0,5 га газрыг эзэмшихээр Засаг даргын захирамж гарсан. Дээрх материалыг бүрдүүлэн өгснөөр Газрын харилцаа хот байгуулалтын газраас 4506102623 тоот нэгж хувийн хэрэг бүхий кадастрын зураг, гэр бүлийн хэрэгцээний 0,5 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

С.Баярсайхан нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 7

дугаар байрны 38 тоотод оршин суудаг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/275 тоот

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шүүхийн шийдвэр.doc

захирамжаар тус аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хороололд амины орон сууцны зориулалтаар Дархан-Уул аймаг Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох хуулийн дагуу баримт бичиг бүрдүүлж газар эзэмшсэн. Дурьдсан эзэмшил газар дээр хувийн орон сууц барьж байгуулах зориулалтаар холбогдох зураг төсөв хийж тодорхой зардал гарган тус газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглахаар зэхсэн болно.

Гэтэл Дархан-Уул аймгийн аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/441 тоот захирамжаар нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газрыг тус тус хүчингүй болгосон нь хуулийн аль заалтанд нь хамруулж газар эзэмших эрхийг шууд хүчингүйд тооцож байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Засаг дарга захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг үндэслэжээ. Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарт газар эзэмшүүлсэн захирамж нь хууль зөрчсөн гэх дээрх заалтанд хамааралгүй. Иргэн хүнийхээ хувьд Газрын тухай хуульд заасан холбогдох шаардлагуудыг хангаж, газар хүссэн өргөдлөө өгч, 2016 оны 05 дугаар сарын 16-ны 36 тоот иргэдийн Хурлаар батлагдсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд туссан газрыг авсан. Холбогдох бүх материалыг Захиргааны хэргийн шүүх Газрын албанаас үзлэг хийж авсан. Газрын алба нь Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарыг газар эзэмших өргөдөл өгөөгүй байхад газар олгосон гэх тайлбар үндэслэлгүй, Газрын албаны газар эзэмших хувийн хэргийн үзлэгээр Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарын гаргаж өгсөн өргөдөл,  хуулийн дагуу бүрдүүлж өгсөн бүх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/441 тоот захирамжийн Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарт холбогдох хэсгийг  хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Нэхэмжлэгч нар иргэд байгаа, улс төрийн зорилгоор ч юм уу, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг хариуцлагагүй гүйцэтгэсэн үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгаж  Газрын тухай 33.1.2, 33.1.2, 32.1, 33.4, 21.2 гэсэн заалтыг зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар газар хүсэх өргөдлөө өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Газрын тухай хуулийг ямар зүйл заалтыг зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна.Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгалт хийсний дагуу захирамж гарсан гэж байна, энэ захирамж гарах талаар мэдээлсэн тухай ярьж байна. Би хувьдаа орон нутгийн телелиз үздэггүй, энэ талаар шийдвэр гаргах гэж байгаагаа бидэнд мэдэгдээгүй, харин захирамж хүчингүй болсны дараа  мэдэгдсэн  учир Захиргааны хэргийн шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Иргэн Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарын тайлбар адилхан байгаа. 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/275 тоот захирамжаар 10 дугаар баг 25 дугаар хороололд амины орон сууцны газар эзэмшсэн. Газрын тухай хуулийн 31-р зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэсэн заалтыг зөрчиж иргэдийн Хурлын 2016 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан 2016 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт Газрын тухай хуулийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэснийг зөрчсөн. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасан гэтэл иргэдийн өргөдөл нь ирээгүй байхад шууд захирамж нь гарсан. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж хуульчилсаны дагуу энэ загварыг Газрын харилцаа геодиз зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан иргэн аж ахуй нэгж байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу хүсэлтээ ирүүлээгүй байсан. Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Газрын кадастрын мэдээллийн сан ажиллуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.8-т “Өргөдлийн явцын дагуу суурин судалгаа, хээрийн судалгаа, кадастрын өөрчлөлт хийгдэж дууссан тохиолдолд тухайн өргөдлийг Засаг даргын захирамжийн төсөлд явуулах, хариу мэдэгдэх болон холбогдох материалуудыг тоон хэлбэрт шилжүүлэн мэдээллийн санд бүртгэж баталгаажуулна” гэсэн заалтыг зөрчсөн, захирамж гарсны дараа өргөдлөө ирүүлсэн. Мөн журмын 8 дугаар зүйл 8.4-т “Нэгж талбарт өөрчлөлт болон шинэчлэлт хийх тохиолдолд кадастрын хэмжилт, зураглалын ажил хийхгүйгээр мэдээллийн санд оруулахыг хориглоно” заалтыг зөрчиж мэдээллийн санд оруулж баталгаажуулсан байна. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэсэн заалтыг зөрчин Дархан сумын Засаг даргын саналыг авахгүйгээр аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх асуудлыг аймгийн Засаг дарга өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлын үүднээс шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны А/327 дугаар захирамжаар ГХБХБГазар өмнөх Засаг даргын үед гарсан газартай холбоотой бүх захирамжуудын эрх зүйн үндэслэлийг хянасан ажлын хэсэг орж дүгнэлтээ гаргасан. Энэ дүгнэлтийн дагуу маш олон ноцтой зөрчлүүд гарсны нэг нь шинээр газар эзэмшүүлсэн дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй. Мөн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын эрх бүхий харилцааг хянан шийдвэрлэх комиссын хурлаар ороогүй ийм зөрчлүүдийг илрүүлээд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. С.Баярсайхан, Д.Пүрэвдаш хоёр дээр газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ бичигдсэн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т  харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэсэн заалтыг баримталж ажиллах нөхцөлийг үгүйсгэж улс төрийн шинжтэй дарамт шахалт үзүүлж гэрээ гэрчилгээ бичигдсэн гэж үзэж байна.

Дархан-Уул аймгийн Дархан суманд  2015 онд 25 дугаар хороолол гэж тусгай хороолол үүсгэж хорооллын инженерийн шугам сүлжээний төсөв мөнгө нь улсын төсөвт ороогүй байсан учраас аймгийн Засаг дарга болон ерөнхий архитектур нар хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөндөө анхаарч урьдчилан сэргийлээд иргэдийг цуглуулаад санал хүсэлтийг авч зураг төслийг хийлгэж өөрсдөө хүлээн зөвшөөрч, инженерийн шугам сүлжээ хийлгээд 25 сая төгрөг төлсөн айлууд нь газраа авч барилгаа барих эрх олгож, одоо барилга бариад явж байгаа. Гэтэл энэ хоёр хүн 25 сая төгрөг төлөхгүйгээр шууд газар авсан. Энэ нь тухайн жилийн төлөвлөгөө болон 25 дугаар хороололын тусгайлсан төсөл хэрэгжсэн асуудалд оролцсон нь төслийн үйл ажиллагааг зөрчсөн асуудал болсон. 25 дугаар хороололд газар авсан иргэд бид нар 25 сая төгрөгөө төлчихөөд байхад ямар хүмүүс нь зүгээр газар авдаг юм бэ гэсэн гомдол аймгийн Засаг даргад ирсэн.  Үүнийг шалгаж үзэхэд зөрчил илэрсэн.  Өргөдөл хүсэлтээ өгсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Ажлын хэсгийн  дүгнэлтээс харахад баримт нь сүүлд ирсэн байсан. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3-д заасныг тус тус үндэслэн  аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/275 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 25 дугаар хороололд амины орон сууцны зориулалтаар тус тус 500.м.кв газрыг нэхэмжлэгч Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

            Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болон хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах,  тэдгээрээс захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцохдоо тайлбар болон санал гаргах эрхийг хангах, сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлэх журмыг тус тус Захиргааны ерөнхий  хуулийн 11, 13, 15, 26, 27 дугаар зүйлүүдэд хуульчилжээ.

Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” , хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчдийн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчдэд тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд дээрх захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн тусгай зарчимтай нийцээгүй байна гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7-д зааснаар мэдэгдэх ажиллагааг явуулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ нь захиргааны байгууллагаас захиргааны акт гарсны дараа  актыг мэдэгдэх, хүргүүлэх ажиллагаатай холбоотой байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нар маргаагүй болно. 

Хариуцагч маргаан бүхий захиргааны шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” заасныг баримталсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус болох ямар шинжийг агуулж байгаа, ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа тодорхой дурьдаагүй, мөн хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар нэхэмжлэгч нарын эзэмшиж буй газар бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар үйл баримт тогтоогдохгүй байхад  дээрх хуулийн зүйл заалтыг баримталсан нь Засаг дарга бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн тохиолдолд хамгаалсан заалт болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь  нэхэмжлэгч нарын Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг хангаагүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж зааснаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/441 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн  Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140400 төгрөгөөс улсын орлогод 70200 төгрөгийг хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг гаргуулж Д.Пүрэвдаш, С.Баярсайхан нарт  тус бүр 35100 төгрөгийг, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт нарт тус бүр 35100 төгрөгийг тус тус олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА