Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0100

 

 

 

 

2019 оны 02 сарын 21 өдөр   

  Дугаар 221/МА2019/0100

Улаанбаатар хот

 

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Б.Н нарыг оролцуулан, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэртэй, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. “к”, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан “Ч” ХХК-ийн “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/2 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн захирал Ц.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “...2012 онд бүртгэгдсэн гэх талбай нь 2015 онд бүртгэгдсэн гэх талбайтай бүрэн давхцалтай эсэх талаарх нотлох баримтыг холбогдох этгээд болон Ашигт малтмал, газрын тосны газраас гаргуулаагүй. Нотлох баримтыг гаргуулаагүй хирнээ шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “маргаан бүхий тогтоолд дурдагдсан газруудыг орон нутаг тусгай хамгаалалтад авахаар өмнө нь шийдвэрлэж байжээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Талбай орон нутгийн тусгай хамгаалалтад бүртгэгдсэн тохиолдолд тухайн талбай дээр тусгай зөвшөөрөл олгогдох хууль зүйн боломжтой эсэх талаарх лавлагааг ч мөн холбогдох этгээдээс гаргуулаагүй ба нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Дашдаржааг гэрчээр асуусан. С.Дашдаржаа шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “...тогтоолуудыг кадастрын хэлтэс бүртгэх ёсгүй байсан” гэж мэдүүлсээр байтал уг гэрчийн мэдүүлэгт ямар нэг дүгнэлт огт өгөлгүйгээр шийдвэрлэсэн.

Өмнөговь аймгийн Номгон сумаас нотлох баримтаар гаргаж өгсөн хурлын тэмдэглэлээс үзэхэд тус сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчид нь уг талбайд лиценз олгомооргүй байна. Тийм учраас тусгай хамгаалалтад авч байгаа юм гэдгээ илэрхийлсэн байдаг бөгөөд энэ талаар ч нэхэмжлэгч нотлох баримтын хүрээнд шүүхэд тайлбар өгсөн байдаг. Гэтэл шүүхээс дээрх хурлын тэмдэглэлүүдийг нотлох баримтын хүрээнд огт дүгнэлгүй шийдвэрлэсэн. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зохицуулсан. Гэтэл Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуулийн ямар ч хэм хэмжээг үндэслэл болголгүйгээр зөвхөн тусгай зөвшөөрөл буюу лиценз өгөхгүй гэсэн үндэслэлээр авсан байдаг.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар[1] тогтоолоор баталсан “шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу “Ч” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаар шийдвэрээр[2] Өмнөговь аймгийн Номгон сумын “Хавцал Уул” гэх нэртэй газарт 4069,48 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-020393 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч компанид олгосон байна.

“Ч” ХХК нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан  “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/2 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолоор[3] тус сумын нутагт орших Хүрмэн цагаан овоо нэртэй 206740,6 га, Задгай бүлээний булаг, Оньт уул нэртэй 16525,73 га, Таван толгойн тал нэртэй 36658,66 га, Гурмансангийн тал 342333,37 га нийт 336560,62 га газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалан хамгаалах зорилгоор ой, амьтан, ус, ургамал байгалийн нөөц газраар 5 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авч, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр[4] Ашигт малтмалын газарт хүргүүлэн кадастрын бүртгэлийн системд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр[5] бүртгэгдсэн байна.

Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 1/6 дугаар тогтоолоор[6] байгалийн нөөц газар гэх ангиллаар гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилгоор Гурвантус сумын Баруун голын хэсгийн газрын доорх цэнгэг усны орд орчмын 64040, Номгон сумын Баянбулаг, Борзонгийн говь, Ямаат толгой, Цохиогийн хэцийн газрын доорхи усны орд, Алтны гол орчмын 139904,41, Булган сумын Баянзагийн Нүцгэн бүлгийн газрын доорх усны орд орчмын 17133, Ханхонгор сумын Мандах, Бумбатын газрын доорх усны орд орчмын 63750 га газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, дээрх тогтоолыг кадастрын бүртгэлийн системд бүртгүүлэхээр мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2-1647 дугаар албан бичгийг[7] Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хүргүүлжээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6-1056 дугаар албан бичгээр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад “...танай аймгийн манай кадастрын системд бүртгэлтэй нийт 55 тусгай хэрэгцээний газраас ...хугацаа заагаагүй 13, зорилго тодорхойгүй буюу хуульд зааснаас өөр үндэслэлээр авсан 39, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор авсан 13 газар байна. Хавсралтад дурдсан тусгай хэрэгцээний газруудыг цаашид орон нутгийн тусгай хэрэгцээнд байлгах шаардлагатай бол ...хуульд нийцүүлэн шийдвэр гарган ирүүлэх” талаар мэдэгдэл[8] хүргүүлсэн байна.

Маргаж буй Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоолоор[9] дээрх 1/6 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, хавсралтад заагдсан солбицол бүхий газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан, ус, ургамал байгалийн нөөц газраар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авч, кадастрын бүртгэлийн системд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр[10] бүртгэгджээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нар тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах эрхтэй байна.

Хариуцагч нарын дээрх тусгай хэрэгцээнд авсан газар нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон 4069,48 гектар талбайтай давхцалтай болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 7/2461 дүгээр албан бичиг, хавсралт[11] /зураг/, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар[12] албан бичиг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд цаг хугацааны хувьд түрүүлж тусгай хэрэгцээнд авсан газар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.  

Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий газрыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тусгай хамгаалалтад авч байгаа боловч хэрэгт авагдсан хариуцагчийн 2012 оны 1/6 дугаар тогтоол, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 6-1056 дугаар албан бичиг, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2.95 албан бичиг[13], мөн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоол зэргээс үзвэл маргаж буй 9/21 дүгээр тогтоол нь 2012 оны зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолын цаг хугацааг тодруулсан гэж үзэхээр байна.

Шүүхээс нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгосон 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойших хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр маргаж буй 9/21 дүгээр тогтоолыг Кадастрын бүртгэлийн системд бүртгүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэн уг тогтоолын нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч дээрх 2012 оны 1/6 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж буй тул “Ч” ХХК-ийн зөрчигдсөн гэх эрх сэргэх боломжгүй юм.

Мөн Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11/2 дугаар тогтоол нь нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохоос өмнө 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд бүртгэгджээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “...С.Дашдаржаагийн шүүхэд өгсөн “2015 оны 10 дугаар сарын 22, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолуудыг Кадастрын хэлтэс бүртгэх ёсгүй байсан” гэх мэдүүлэг, ...хурлын тэмдэглэлд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид “уг талбайд лиценз олгомооргүй байна, тийм учраас тусгай хамгаалалтад авч байгаа юм” гэдгээ илэрхийлсэн тэмдэглэл зэргийг нотлох баримтын хүрээнд огт үнэлээгүй” гэж дурдсан бөгөөд уг гэрчийн мэдүүлэг, хурлын тэмдэглэлээс үзвэл маргаж буй тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг цуглуулж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн “нотлох баримтыг дутуу цуглуулсан тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн захирал Ц.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-43 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-53 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-158 хуудас

[4] Хавтаст хэрэг 3-14 хуудас

[5] Хавтаст хэрэг 2-248 хуудас

[6] Хавтаст хэрэг 1-136 хуудас

[7] Хавтаст хэрэг 3-21 хуудас

[8] Хавтаст хэрэг 2-189 хуудас

[9] Хавтаст хэрэг 1-148 хуудас

[10] Хавтаст хэрэг 2-248 хуудас

[11] Хавтаст хэрэг 1-143 хуудас

[12] Хавтаст хэрэг 2-188 хуудас

[13] Хавтаст хэрэг 2-134 хуудас