Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/0089

 

 

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                 Г.Банзрагч

Танхимын тэргүүн, шүүгч:   Ч.Тунгалаг

Шүүгчид:                               М.Батсуурь

                         П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                       Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:        Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжийн Н.Б, Н.Т, Д.О, Б.А, Н.С, М.А, Т.Э, О.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмнө хүсэлт гаргасан 3.4 га цэцэрлэгжүүлсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0682 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, Б.Б,

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Н.Д нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0682 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг баримтлан “Р” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжийн Н.Б, Н.Т, Д.О, Б.А, Н.С, М.А, Т.Э, О.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлээгүй үлдсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2020/0682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-д заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжийн Н.Б, Н.Т, Д.О, Б.А, Н.С, М.А, Т.Э, О.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлээгүй үлдсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч “РЦС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун, Н.Дэмбэрэлдагва нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:      

3. Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн төлөөлөгч Н.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хянуулахаар хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний талаархи хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн. Үүнд:

4. Магадлалын хянавал хэсэгт “дүүргийн Засаг дарга нь 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдсаны дагуу 2014 оны А/309 дүгээр захирамжаар ...гуравдагч этгээдүүдэд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон тухайн жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна” гэж заасан тул хэрэв 2013 оны төлөвлөгөөний дагуу 2014 онд гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлсэн нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэл болно. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.з/-д зааснаар нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний Цогцолбор хөтөлбөрийг бие даан батлах эрхтэй байна.

5. Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дүүргийнхээ нутаг дэвсгэрийн газрыг зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд 2014 онд тус дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар иргэдэд шинээр газар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй, харин зуслангийн суурьшлын газрын хэмжээг нэмэгдүүлэлгүйгээр зөвшөөрөлгүйгээр нэгэнт суурьшиж олон жил болсон иргэдэд газрын эрхийг нь баталгаажуулахаар газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж баталсан байна.

6. Харин хариуцагч тус дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөг зөрчин гуравдагч этгээд нарт шинээр зуслангийн бүсэд газар эзэмшүүлсэн байхад магадлалын хянах хэсэгт “төлөвлөгөөний 3.2 дахь хэсэгт ...Сэлхэд байрлалтай зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газруудыг баталгаажуулахаар...” шийдвэрлэсэн байна. Гуравдагч этгээд нар нь дээрх зуслангийн зориулалтаар газар олгох төлөвлөгөөнд тусгагдсан байршлуудад... эзэмших хүсэлт ...гаргажээ”, “зуслангийн зориулалтаар эзэмших газарт иргэдийг заавал суурьшин амьдарч байхыг шаардах боломжгүй...” гэж тодорхойлоод хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга гуравдагч этгээд нарт 2014 онд газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт гэж үзэж байна.

7. Давж заалдах шатны шүүх газар эзэмших хүсэлт гаргах журам, хүсэлтийг гаргасан дарааллын дагуу шийдвэрлэх талаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ойн төгөл байгуулах зорилгоор Сэлхийн аманд 33564 м2 газар эзэмших хүсэлт гаргасны хариуд Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 04 дүгээр сарын 24-ний өдрийн 333 дугаар албан бичгээр тухайн газарт “2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, оны эцэст 2015 оны төлөвлөгөөнд саналаа ирүүлнэ үү” гэсэн хариу өгсөн. Өөрөөр хэлбэл хүсэлтийг 2015 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дараа шийдвэрлэхээр хариу өгсөн. Хариу албан бичигт дурдсаны дагуу захиргаа /дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/ нэхэмжлэгчийн саналыг 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж 19, 20 дугаар хорооны нутагт 20.0 га, үүнээс Сэлхийн аманд 3,0 га газрыг мод үржүүлгийн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр төлөвлөсөн байдаг.

8. Мөн дээрх 333 дугаар албан бичгээр дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрийн саналаар тусгуулсан газрыг эзэмших эрхийг дүүргийн Засаг даргаас олгохоор хариу авсан тул нэхэмжлэгч 2015 онд “Ойн зугаалга” мод үржүүлгийн плантаци байгуулах төслөө Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Иргэдийн нийтийн Хурал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зэрэг төрийн холбогдох байгууллагуудад танилцуулан дэмжлэг авч, төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж байсан. Гэтэл магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгч “Р” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр.. цаг хугацааны хувьд түрүүлж хүсэлт гаргасан боловч...дүүргийн Газрын албанаас /333 дугаар албан бичгээр/ хариу өгч хүсэлтийг тухайн үед нь шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн нь “төрийн байгууллагаас иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтэд хариу өгсөн л бол түүнийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзнэ, иймд гуравдагч этгээдүүдэд тухайн газрыг эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр хуульд нийцсэн” гэсэн агуулгаар хуулийг буруу хэрэглэн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна.

9. Мөн магадлалын хянавал хэсэгт “...хариуцагчаас 2015 оны А/542 дугаар захирамжаар нэхэмжлэгчид 15602 м2 газрыг эзэмшүүлснээр ...нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг бүрэн шийдвэрлэж дууссан байна” гэж дүгнэсэн нь газар эзэмших тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг “2014 оны 333 тоот албан бичгээр тухайн үед нь шийдвэрлэсэн” гэсэн дүгнэлттэй зөрчилдсөн, хэргийн үйл баримтыг буруу үнэлж гаргасан үндэслэлгүй дүгнэлт болсон. Тодорхой байршилд тодорхой хэмжээний газар эзэмших нэг этгээдийн нэг хүсэлтийг хэд хэдэн удаа шийдвэрлэсэн байх боломжгүй юм.

10. Магадлалын “...анхан шатны шүүх захиргааны байгууллага нь иргэн, аж ахуйн нэгжийн нэг байршилд газар эзэмших хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан дарааллыг харгалзаагүй нь буруутай...” гэж Газрын тухай хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлтийн талаар: Давж заалдах шатны шүүх энэ дүгнэлтийн үндэслэлээ “...хуулийн дээрх /Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2/ заалтууд нь гэр бүлийн хэрэгцээнд 0.07 га газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бол иргэдэд хүсэлт гаргасан дарааллын дагуу эзэмшүүлэх, харин мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалт, хэмжээтэй газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмаар эзэмшүүлэхээр ялгамжтай зохицуулсан тул нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хүсэлтийг бүртгэсэн цаг хугацаагаар нь нэг дараалалд оруулж, түрүүлж гаргасан хүсэлтэд дурдсан хэмжээгээр шууд эзэмшүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн гэж үзэхгүй” гэж тайлбарлажээ.

11. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “...хүсэлтийг хүлээн авмагцаа...баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэж” хүсэлт гаргасан дарааллын дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна. Хүсэлт гаргасан дарааллыг газрын зориулалт, хэмжээ эсвэл газар эзэмшүүлэх журмаар ангилж дараалал үүсгэх зэрэг зохицуулалт Газрын тухай хууль болон холбогдох бусад тогтоомжид байхгүй тул хуулийн дээрх заалтыг давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж магадлалын үндэслэл болгосон.

12. Түүнчлэн, дээрх дүгнэлт нь гомдлын 2.1 дэх хэсэгт дурдсанаар магадлалд “2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг тухайн үед нь шийдвэрлэсэн” тул 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гуравдагч этгээдүүдийн гаргасан хүсэлтийн дагуу Засаг даргаас тухайн газрыг эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн” гэсэн агуулга бүхий дүгнэлттэй мөн зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, “нэхэмжлэгч түрүүлж хүсэлт гаргасан ч түүнийг татгалзан шийдвэрлэсэн тул гуравдагч этгээдүүдэд тухайн газарт гаргасан хүсэлтийг шинэ хүсэлт гэж бүртгэн авч газар эзэмшүүлсэн нь үндэслэлтэй” гэж үзсэн, эсвэл “нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн тухайн газрыг эзэмших хүсэлтүүд газрын зориулалт, хэмжээ, хүсэлтийг шийдвэрлэх журам /хүсэлтийн дагуу шууд эзэмшүүлэх, эсвэл дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтаар г.м./-ын хувьд өөр тул хүсэлт шийдвэрлэх нэг дараалалд ороогүй тул нэхэмжлэгчийн хүсэлт гаргаад хараахан шийдвэрлэгдээгүй байгаа газарт дараа нь хүсэлт гаргасан гуравдагч этгээд нарт түрүүлж газар эзэмшүүлсэн нь үндэслэлтэй гэж үзсэний алин болох нь ойлгомжгүй, бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн дүгнэлт болжээ гэж үзэж байна.

13. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж үзэж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол болон нэхэмжлэл гаргах эрхийн талаар хуулийг буруу хэрэглэж дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас Газрын тухай, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан газар эзэмших хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх болон эзэмших эрхийг шударгаар олж авах эрх зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

14. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар, давж заалдах гомдлын үндэслэлдээ нэхэмжлэгчийг тухайн газарт газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, газар эзэмших эрх үүсээгүй тул зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн үндсэн тайлбартайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа.

15. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид хандсан хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхэд дүгнэлт хийж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах үүргээ хэт явцуу хүрээнд хэрэгжүүлэн гомдлыг хянан шийдвэрлэхдээ зөвхөн гомдолд дурдаад байгаа үндэслэл тайлбарыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагын агуулга үндэслэлийг харгалзан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал, магадлалын хянах хэсэгт “...”хүсэлтэд дурдсан хэмжээгээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт зарлаагүй, нэхэмжлэгч нь хүсэлтэд дурдсан хэмжээгээр /33560 м2/ төсөл боловсруулж, эсвэл дуудлага худалдааны анхны үнийг төлөх зэргээр 33560 м2 хэмжээгээр газрыг эзэмших эрх ашиг сонирхол үүссэн гэж үзэхээргүй байна. Газар эзэмших эрх, ашиг сонирхол нь хууль ёсоор үүсээгүй байхад ...нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид газар эзэмших эрх буюу зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээгүй тул энэ талаар маргах эрхгүй гэсэн гуравдагч этгээдүүдийн тайлбар үндэслэлийг зөв гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

16. Түүнчлэн, давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь агуулгын хувьд ойлгомжгүй, дүгнэлтээс харахад хүсэлт болгосон хэмжээгээр төсөл боловсруулан ирүүлсэн бол, эсвэл дуудлага худалдааны анхны үнэ төлсөн бол 33560 м2 газрыг эзэмших эрх, ашиг сонирхол үүссэн гэж үзнэ гэсэн агуулгатай гэж ойлгогдохоор байна. Нэхэмжлэгч “Р” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр захиргаанд хандаж тухайн газрыг эзэмших хүсэлтийг анх гаргахдаа хэрэгт нотлох баримаар авагдсан “Ойн зугаалга” мод үржүүлэх плантаци байгуулах төслийг боловсруулж, батлуулан, төсөл хэрэгжүүлэх 33560 м2 газрын байршил, хэмжээг харуулсан кадастрын зургийн хамт ирүүлсэн байдаг. Мөн шүүх магадлалын хянах хэсэгт "...дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулаагүй тул... 33560 м2 хэмжээгээр газрыг эзэмших эрх ашиг сонирхол үүссэн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ уг газарт хэрэгжүүлэх төслийн хамт захиргааны байгууллагад хүргүүлсэн ч хүсэлтийг шийдвэрлэхээр дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт зарлаагүй нь хэрхэн хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхийг зөрчих үндэслэл болж байгаа нь ойлгомжгүй.

17. Дээрх дүгнэлт нь “Газрын тухай хуулийн газар эзэмших хүсэлт гаргах тухай" 32 дугаар зүйл, “Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах тухай” 33 дугаар зүйлийн заалтуудыг бүгдийг нь хольж хутган буруу тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн Газрын тухай хууль зөрчиж нэхэмжлэгчийн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүйг зөвтгөсөн дүгнэлт болжээ.

18. Нэхэмжлэгчид маргаж буй газрыг эзэмших эрх үүсээгүй боловч хуульд заасан үндэслэл журмаар гаргасан өргөдөл хүсэлтээ хуулийн дагуу шийдвэрлүүлэх эрхтэй, энэ эрхээ хамгаалуулахаар захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байтал давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгчид 33560 м2 газар эзэмших эрх, ашиг сонирхол үүсээгүй байна”, “газар эзэмших эрх, ашиг сонирхол нь хууль ёсоор үүсээгүй байхад...” гэсэн дүгнэлтүүдийг магадлалын үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасантай нийцэхгүй, тухайн хуулийг буруу хэрэглэж тайлбарласан дүгнэлт гэж үзнэ.

19. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул мөн хуулийн 127.2.3-т зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 0682 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

21. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Дүүргийн газар зохион байгуулалтын 2013 оны төлөвлөгөөний хэрэгжилт, газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөө батлах тухай” 7/32 тогтоол зэргийг тус тус үндэслэн зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй 284 иргэний газар эзэмшүүлэх эрхийг хавсралтаар баталж, тус дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд зуслангийн буюу гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг Н.Б, Н.Т, Д.О, Б.А, Н.С, М.А, Т.Э, О.У нарт эзэмшүүлж шийдвэрлэжээ.

22. Нэхэмжлэгч компаниас дээрх иргэдэд газар эзэмшүүлсэн “ ... дүүргийн 2014 оны А/309 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тус компаниас гаргасан газар эзэмших хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өмнө хүсэлт гаргасан 3.4 га цэцэрлэгжүүлсэн газрыг эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага” бүхий нэхэмжлэл гаргаж, ... мод үржүүлгийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор бусдын эзэмшил газартай давхцаагүй газар газар эзэмших хүсэлтийг уг иргэдээс түрүүлж гаргасан, сүүлд гаргасан иргэдийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн, манай хүсэлтийн зарим хэсгийг шийдвэрлээгүй, Газрын албаны 2014 оны 333 дугаар албан бичгээр 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд мод үржүүлгийн зориулалтаар тусгаагүй, 2015 оны төлөвлөгөөнд саналыг тусгаснаар эзэмшүүлэх боломжтой гэж хариу ирсний дагуу 2015 оны төлөвлөгөөнд тусгуулсан, тухайн хүсэлт гаргасан газартаа мод тарьсан, мод тарьсан хэмжээгээр газар олгуулах хүсэлтийг гаргаад байхад шийдвэрлээгүй нь хууль бус” гэж тус тус маргажээ.

23. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах”-аар заасан байна.

24. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012  оны 2/13, 2013 оны 7/32, 2014 оны 10/43 дугаар тогтоолоор 2013, 2014, 2015 онуудын тус бүр дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэсэн, тодруулбал 2012 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг 2013 оны 7/32 дугаар тогтоолоор дүгнэж, тус хуралдаанаар дараагийн жил буюу 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах журмаар дээрх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, энэ хэргийн тухайд тус дүүргийн 20-р хороо, Сэлхэд байршилтай газруудыг зуслангийн зориулалтаар эзэмшиж буй иргэдэд эрхийг баталгаажуулж олгохоор 2012-2014 оны тогтоолуудаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагджээ.

25. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь ... дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, ... эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/309 дүгээр захирамжаар гуравдагч этгээдүүдэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрх олгосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

26. Мөн нэхэмжлэгчээс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхэд 3.4 га газрыг ойжуулах, мод үржүүлэх зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хариуцагч Засаг даргаас хүлээн авч Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/32 дугаар тогтоолоор баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн хүссэн зориулалтаар газар эзэмшүүлэх талаар тусгагдаагүй талаар хариу өгч, тухайн үед хүсэлтийг шийдвэрлэсэн хариуцагчийн үйл ажиллагааны талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэснийг “ ...Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, түрүүлж хүсэлт гаргасан этгээд газар олгоогүй хариуцагчийн хууль бус шийдвэрийг зөвтгөсөн, төлөвлөгөөнд тусгуулсан байхад газар олгоогүй ....” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6,7-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

27. Түүнчлэн “2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус дүүргийн 20 дугаар хороо, Сэлх хэсэгт  мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр тусгагдаж, үүний дагуу хариуцагчаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3-д тус тус заасанд нийцүүлэн бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцуулалгүйгээр нэхэмжлэгчид 2015 оны А/542 дугаар захирамжаар 15602 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн, тухайн үед хүсэлт гаргасан хэсгийн зарим хэсгийг шийдвэрлээгүйтэй холбоотой нэхэмжлэгчээс маргаагүй, гуравдагч этгээдүүдэд олгосон газартай давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх боломжгүй, төлөвлөгөөнд тусгагдаж зуслангийн зориулалтаар хүсэлт гаргасан гуравдагч этгээдүүдэд газар эзэмшүүлснийг Газрын тухай хууль зөрчсөн гэж үзэхгүй” гэж маргаан бүхий акт хууль ёсны талаар давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөв дүгнэжээ.

28. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 25 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “РЦС” ХХК-ийн төлөөлөгч Н.Цэцэнхааны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Г.БАНЗРАГЧ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ                                           Ч.ТУНГАЛАГ

             ШҮҮГЧИД                                                                             М.БАТСУУРЬ

                                                                                                П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                     Х.БАТСҮРЭН