| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0004/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-12-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж,
шүүгдэгч Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ... овогт ...холбогдох эрүүгийн ……… дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” клубын гадна ...тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтас хэргээс:
Шүүгдэгч Г.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр найз Анугийн хуримын үйл ажиллагаанд найз нарын хамт оролцсон. Тухайн үед бид нилээн согтсон байсан. Хуримын үйл ажиллагаа дууссаны дараа шөнө 00 цагийн үед найз Билгүүн, Барсбаяр, Мөнхдөл нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” баар руу ороод, 750 граммын савлагаатай оргилуун дарс нэг шилийг хувааж уугаад, бүжиглэж байхад Мөнхдөл гэртээ харихаар явсан. Барсбаяр, Билгүүн бид гурав “...” бааранд бүжиглэж байгаад шөнө 01 цагийн үед баарнаас гарч байхдаа Билгүүн бид хоёр маргалдсан. Ямар асуудлын улмаас маргалдсан болохоо сайн санахгүй байна. Би Билгүүний зүүн хацар, шанаа орчимд нь гараараа нэг удаа цохиход түүний амнаас цус гараад, баруун талаараа газар унасан. Би сандраад такси бариад Билгүүнийг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд үзүүлэхэд, түүний эрүү, уруул орчимд хугарсан байна гэсэн онош гарсан. Билгүүн бид хоёр Гэмтлийн эмнэлгээс гараад Баянгол дүүргийн 6 дугаар хороо 836-24 тоот дахь манай гэрт ирж хоночихоод Билгүүн гэр рүүгээ явсан. Өдөр нь Билгүүний ээж манай гэрт орж ирээд “Билгүүн яасан юм бэ” гэж асуухаар нь айгаад “Билгүүн өөр хүмүүстэй маргалдаад зодуулсан” гэж худлаа хэлсэн. Маргааш өдөр нь Билгүүний ээж Болормаад “би Билгүүнийг цохиж гэмтээсэн” гэж үнэнээ хэлсэн…гэжээ. /хх-ийн 31-32-р хуудас/,
Хохирогч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр найз Анугийн хурим Сүхбаатар дүүрэг Улаанбаатар ресторанд болсон. Би хуримын үйл ажиллагаанд оролцоод шөнө 00 цагийн үед найз Энхбадрах, Барсболд, Мөнхдөл нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” кпуб рүү орсон. Бид тус кпуб руу ороод нэг шил оргилуун дарс хувааж уугаад бүжиглэсэн. Энхбадрах бид хоёр нэг байранд амьдардаг болохоороо би түүнд “гэртээ харъя” гэхэд тэрээр явахгүй байсан. Шөнө 03 цагийн үед Энхбадрах бид хоёр харихаар клубээс гарсан. Тухайн үед Энхбадрах бид хоёр нилээн согтсон байсан. Энхбадрах бид хоёр юунаас ч болсон юм бүү мэд маргалдаад Барсболд миний хажуунаас намайг бариад зогсож байхад Энхбадрах миний эрүүний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон…гэжээ. /хх-ийн 6-7-р хуудас/,
Гэрч ... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа тараад орой гэртээ ирэхэд хүү Билгүүний гутал хувцас нь цус болсон байхаар Билгүүнийг унтаж байхаар нь босгоход эрүүний доод хэсэгт хавдсан, халуунтай байсан. Юу болсон талаар асуухад Билгүүн “гэртээ харих гэж явж байгаад баарны гадаа хүнд цохиулсан” гэхээр нь “хэн хэнтэй явж байсан юм бэ” гэхэд “байрны Барс, Бадрах нартай хамт явсан” гэж хэлсэн. Тэгээд Бадрахаас юу болсон талаар асуухад “баарнаас гараад ирэхэд Билгүүн хүнд зодуулчихлаа гээд сууж байсан. Тэгээд би дагуулаад ГССҮТ эмнэлэгт очиж рентген зураг авахуулсан” гэж хэлсэн. Эрүү нь хугарсан байж магадгүй мэргэжлийн эмнэлэгт үзүүлээрэй гэхээр нь эмнэлэгт үзүүлэхэд “Билгүүний эрүү 2 хугарсан байна, эмнэлэгт хэвтэж хагалгаанд орно” гэж хэлсэн…гэжээ. /хх-ийн 9-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12844 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ий биед эрүүний ооч хэсэг болон зүүн салааны доод хэсгээр ташуу зөрүүтэй хугаралтай, хугарлыг цэгцлэх мэс ажилбар хийгдсэн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 15-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/,
“Med Trauma” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 4-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25-р хуудас/, гэрч С.Чимгээгийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 989 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 37-41-р хууда/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Г.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” клубын гадна хохирогч ...ийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч ...ий …Шөнө 00 цагийн үед найз Энхбадрах, Барсболд, Мөнхдөл нарын хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” кпуб рүү орсон. …Шөнө 03 цагийн үед Энхбадрах бид хоёр харихаар клубээс гарсан. Тухайн үед Энхбадрах бид хоёр нилээн согтсон байсан. Энхбадрах бид хоёр юунаас ч болсон юм бүү мэд маргалдаад Барсболд миний хажуунаас намайг бариад зогсож байхад Энхбадрах миний эрүүний зүүн хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон…гэжээ. /хх-ийн 6-7-р хуудас/,
Гэрч ...гийн …2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа тараад орой гэртээ ирэхэд хүү Билгүүний гутал хувцас нь цус болсон байхаар нь Билгүүнийг босгоход эрүүний доод хэсэгт хавдсан, халуунтай байсан. Юу болсон талаар асуухад Билгүүн “гэртээ харих гэж явж байгаад баарны гадаа хүнд цохиулсан” гэхээр нь “хэн хэнтэй явж байсан юм бэ” гэхэд “байрны Барс, Бадрах нартай хамт явсан” гэж хэлсэн. Тэгээд Бадрахаас юу болсон талаар асуухад “баарнаас гараад ирэхэд Билгүүн хүнд зодуулчихлаа гээд сууж байсан. Тэгээд би дагуулаад ГССҮТ эмнэлэгт очиж рентген зураг авахуулсан” гэж хэлсэн. Эрүү нь хугарсан байж магадгүй мэргэжлийн эмнэлэгт үзүүлээрэй гэхээр нь эмнэлэгт үзүүлэхэд “Билгүүний эрүү 2 хугарсан байна, эмнэлэгт хэвтэж хагалгаанд орно” гэж хэлсэн…гэжээ. /хх-ийн 9-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12844 дугаартай дүгнэлтэнд:
1. ...ий биед эрүүний ооч хэсэг болон зүүн салааны доод хэсгээр ташуу зөрүүтэй хугаралтай, хугарлыг цэгцлэх мэс ажилбар хийгдсэн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-ийн 15-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Э- нь хохирогч ...ийг зодож биед нь “эрүүний ооч хэсэг болон зүүн салааны доод хэсгээр ташуу зөрүүтэй хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч Г.Э-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч ... нь “Г.Э-ад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 52-р хуудас/ гэж прокурорын шатанд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Г.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Г.Э-ад “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Э- нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, Г.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч ...д танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... овогт Галсанжамцын Энхбадрахыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Э-ад мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Э-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР