Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 22 210/МА2023/01050

 

 

 

Г банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/01056 дугаар шийдвэртэй,

Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Ц-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 12,340,054.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Д.Ц нь 2018.12.24-ний өдөр манай банктай кредит карт ээмших гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, бэлэн мөнгөн авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний сарын 2 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй ашиглах нөхцөлтэй зээлж авсан.

1.2. Гэрээнд заасны дагуу кредит картыг хариуцагч Д.Ц-т хүлээлгэн өгсөн байх ба ээлдэгч нь кредит карт ашиглан зээлийг авч, буцаан төлж байсан.

1.3. Улмаар кредит картыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ашиглахдаа 5,000,000 төгрөгийн зарцуулалт хийсэн боловч 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 603,000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй байна.

1.4. Бид зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагчийн хаяг тодорхойгүй болж бид шүүхэд хандаж эрэн сурвалжлуулж хаяг тогтоосон. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 34 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна.

1.5. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа бид мөн утсаар ярилцаж, хариуцагчийн өвдсөн, хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын 2,729,054 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9,611,000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээний төсөл бичигдсэн боловч хариуцагч эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй.

1.6. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл бэлэн бусаар ашигласан үндсэн зээлийн төлбөр 5,116,855 төгрөг, зээлийн хүүнд 5,081,855 төгрөг, бэлэн бус гүйлгээний шимтгэл буюу картын жилийн хураамж 35,000 төгрөг багтаж байна. Зээлийн хүүгийн төлбөр 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 3,745,169 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,938,989 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,539,040 төгрөг, нийт 12,340,054 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Иймд хариуцагч Д.Ц-ээс үндсэн зээлийн үлдэгдэл 5,116,855 төгрөг, хүү 4,012,301 төгрөг, төлсөн 267,131 төгрөгийг хасахаар 3,745,169 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 748,975 төгрөг, нийт 9,611,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Д.Ц нь Буянт-Ухаа 2 хороололд дэлгүүр ажиллуулж байхдаа 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан боловч 2019 онд дэлгүүр дампуурсан. Тэгээд ажилгүй болж, корона өвчин гарсан, хоёр дахь вакцин хийлгэсний дараа эхнэр Д.Ц-ийн бие муудаж, өвчтэй, элэгний хавдартай болсон. Тиймээс 12,000,000 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй. Бидний өвчтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж 5,000,000 төгрөг төлөх шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Энэ асуудлыг Г банк ХХК-д 2-3 жилийн дараа гэнэт бидэнд дуулгасан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Ц-ээс 8,996,168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 614,832 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 212,391 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-ээс 158,889 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Г ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн эдийн засаг, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж эвлэрэн хэлэлцсэн нөхцөлд нэхэмжлэлийн дүнгээс 2,729,054 төгрөгийг хөнгөлж 9,611,000 төгрөгийг төлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай хэлсэн. Гэтэл анхан шатны шүүх банк анх нэхэмжилж хэрэгсэхгүй болсон өдөр болох 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн дүнгээр тооцож, үндсэн хүүнээс 614,832 төгрөг болон 2022 оны 09 сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүүнээс талууд эвлэрээгүй байхад 2,729,054 төгрөг буюу нийт хүүнээс 3,343,886 төгрөг хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.3.2-т заасны дагуу хариуцагч зээлийн гэрээний нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулан гэрээг байгуулсан. Банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ. Мөн 20.4-д заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх нь хэргийн нотлох баримтад өгсөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/Ш31011/05526 дугаар захирамжид дурдсан үндсэн хүүний дүнгээр, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүүнээс хасч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5, 3.6-д энэ талаар харилцсан тохиролцсон тул хүүг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг тусгалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл ЗГ/130874423 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэх боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1. Гэрээ байгуулах үед Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай байсан. Харин Д.Ц-ийн иргэний үнэмлэхийн хойд талд одоогийн оршин суух хаяг байгаа. Тухайн үед дэлгүүр нь дампуурч, ковид-19 цар тахал гарсан бөгөөд хариуцагч хорт хавдартай болсон. Эрэн сурвалжилсан асуудал байхгүй бөгөөд анх гэрээ байгуулахад оршин сууж байсан хаягандаа одоог хүртэл амьдарч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д.Ц-т холбогдуулан үндсэн зээлд 5,116,855.37 төгрөг, зээлийн хүүнд 3,745,169.80 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 1,938,989.52 төгрөг, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд 1,539,040.13 төгрөг, нийт 12,340,054.82 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр кредит картын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Г банк ХХК нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картыг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний сарын хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны сарын хүү 3,5 хувиар ашиглуулах, хариуцагч Д.Ц нь кредит картад үүссэн зээлийн зарцуулалт, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү болон картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл, хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцөлийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, хариуцагч нь 5,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг эзэмшиж, ашигласан болох нь талуудын тайлбар, кредит картын гэрээ зэргээр тогтоогджээ. /хх 9-11/

 

3.а. Нэхэмжлэгч Г банк ХХК нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг хариуцагч Д.Ц-т шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн. Хариуцагч нь ашигласан зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, хариуцагчийн дансны хуулгаар нотлогдож байна. /хх7-8/

 

Анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Нэхэмжлэгч талууд эвлэрэн хэлэлцээгүй байхад шүүх 2,729,054 төгрөгийг хасч шийдвэрлэсэн буруу гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

4.а. Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг судлан үзэхэд хугацаа хэтрүүлсний болон эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнд нийт 2,729,054 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 9,611,000 төгрөг болгон багасгасан болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Зээлийн хүүг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 614,832 төгрөгийг хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдол гаргажээ.

 

5.а. Талууд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр кредит картын гэрээ байгуулж, уг гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан боловч хариуцагч зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн тул зээлийн хүүнд 614,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү 614,832 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Дээрх дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Ц-ээс 9,611,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,729,054 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/01056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ц-ээс 9,611,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,729,054 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...158,889 гэснийг ...168,726 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 68,453 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ