Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00810

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 210/МА2023/00810

 

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 181/ШШ2023/00600 дугаар шийдвэртэй

Э.Э-ын нэхэмжлэлтэй Б ГХОХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,900,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие тус байгууллагад 2021 оны 9 сард хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн оператороор ажилд орсон. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнээс үүдэлтэй нэг ростер нь 14:7 байсныг ажилчдаас санал авсан бөгөөд нийт ажилчид 14:14 гэсэн санал өгөөд байхад 7:7-р ажиллуулж байгааг бүх ажилчид эсэргүүцэж байсан. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг тус байгууллагын үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр ажилчид хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалуулахаар сонгосон. 2022 оны 04 дүгээр сарын эхний долоо хоногт намайг хоол идэж байгааг харснаа ростероо 14:14 болгоё гэж ярилцаад намайг үүнийг хөөцөлдөөч гэх яриа өрнүүлсэн. Энэхүү яриаг хүний нөөц тухайн үед цуг хоол идэж байсан бөгөөд уурхайн дарга Н.Бат-Оргилд хэлсэн. Үүний маргааш н.Бат-Оргил дуудаад энэхүү ярианы тухай тайлбар өг гэж шаардахад би ажилчдын хоорондоо ярьсан ярианы төлөө намайг яагаад тайлбар бичиж өг гэж байгаа юм бэ гэж хэлээд тайлбар өгөөгүй. Гэтэл хүний нөөцөөс өдөр бүр тайлбар өгөхгүй бол ажилд гаргахгүй гэсэн тул тайлбар бичиж өгөх шаардлагагүй гэж бичиж өгсөн. Маргааш буюу 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Б-79 тоот тушаалаар ажлаас халсанд гомдолтой байна.

1.2. Хөдөлмөрийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах... гэж заасан. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасан.

1.3. Нэхэмжлэгч нийт ажилчдыг өдөөн хатгах, ажил хаяхыг уриалах зэргээр ажил олгогчийн эсрэг үйлдэл гаргасан гэдгийг нотолсон баримтгүй. Маргаан таслах комисс аль ч дүүрэгт байгуулагдаагүй, 2023 оны 01 дүгээр сараас эхэлж байгаа тул нэхэмжлэгч шүүхэд хандахаас өмнө хандах боломжгүй байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл хугацааны олговорт 34,900,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э.Энхбаяр нь Б ГХОХХК-д 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21-321 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу ил уурхайн уулын ашиглалтын албанд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторын ажилд орсон. Улмаар захирлын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б-79 тоот хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу ажил олгогчийн эсрэг үйл ажиллагаанд бусад ажилчдыг өдөөн турхирсан, ажил олгогчоос баталгаажуулаагүй мэдээлэл тараасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Учир нь Э.Энхбаяр нийт ажилтнуудад удахгүй ээлжийн хуваарь 14/14 болно, цалин нэмэгдэнэ гэж тайлбарласан, мөн шинэчлэгдсэн хууль тогтоомжтой нийцүүлэн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурахгүй байхыг ажилтнуудад ятгасан. Өдрийн ундны цагаар ажилтнуудыг ээлжийн хуваарийг өөрчлөхгүй бол ажил хаялт зарлах хэрэгтэй зэргээр удаа дараагийн ажил олгогчийн эсрэг үйлдэл гаргасан.

Дээрх үйлдлээс шалтгаалан компанийн гол үйл ажиллагааны нэгж болох ил уурхайн уулын ашиглалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ажилчдын нийт уур амьсгал ажлыг хэвийн явуулах боломжгүй байдалд хүргэсэн бөгөөд компанийн захирал А.Б, ахлах мастер Д.Г, оператор Б.Ц, ээлжийн мастер Б.Б, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтэн Б.З нарын тайлбараар нотлогдсон. Э.Энхбаяр нь 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан зөрчлийнхөө талаар тайлбар өгөхөөс татгалзсан тухай бичгийг ирүүлсэн тул сахилгын арга хэмжээний маягтын дагуу ажлаас чөлөөлсөн. Иймд ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л арга чармайлтыг гаргах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд буюу 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах гэж заасныг хэрэглээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан Э.Э-ыг Б ГХОХХК-д ил уурхайн уулын ашиглалтын албанд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторчоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26,886,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,013,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 292,383 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь ээлжийн хуваарь өөрчлөөгүй тохиолдолд ажил хаялт зарлахыг уриалсан үйлдэл гаргасан болохыг хариуцагч нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй гэж үзсэн. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Э.Энхбаяр нийт ажилтнуудад удахгүй ээлжийн хуваарь 14/14 болж, цалин нэмэгдэнэ гэж тайлбарласан, мөн шинэчлэгдсэн хууль тогтоомжтой нийцүүлэн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурахгүй байхыг ажилтнуудад ятгасан, өдрийн ундны цагаар ажилтнуудыг ээлжийн хуваарийг өөрчлөхгүй бол ажил хаялт зарлах зэргээр удаа дараагийн ажил олгогчийн эсрэг үйлдэл гаргасаныг гэрчүүдийн тайлбараар бүрэн нотлогдсон.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүх харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл ажлаас үндэслэлгүй халагдсан маргааны хувьд ажилтны сонгож болох хөдөлмөрийн эрхийн маргааны төрөлд хамаарсан гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дах хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж ,158.2-т дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандах, шүүхийн өмнөх шатанд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдлыг нотлох шаардлагатай байтал ямар нэгэн нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргасныг шүүх зөвтгөн тайлбарласан нь хуулийг буруу хэрэглэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,900,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх Э.Э-ыг Б ГХОХХК-д ил уурхайн уулын ашиглалтын албанд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторчоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26,886,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,013,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан, шүүх хуралдааны үеэр зохигчид эвлэрэн хэлэлцээд эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нөгөө талаас хариуцагч Б ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, Б.Ч нар дараах нөхцлөөр харилцан тохиролцжээ.

 

4. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчдын эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Э.Э нь, хариуцагч Б ГХОХХК-ийн байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч Э.Э нь:

 

хариуцагч Б ГХОХХК-д холбогдуулан гаргасан Б ХХК-ийн ил уурхайн уулын ашиглалтын албанд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторч ажилд эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзах,

2. Хариуцагч Б ГХОХХК нь нэхэмжлэгч Э.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин 26,886,560 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 5 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Э.Э-т төлж барагдуулах,

3. Нэхэмжлэгч Э.Э-рын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр тохиролцсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

4. Зохигчид эвлэрснийг баталсан энэхүү магадлалыг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг болно.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/00660 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Б ГХОХХК-д холбогдуулан гаргасан Бороогоулд ХХК-ийн ил уурхайн уулын ашиглалтын албанд хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн операторч ажилд эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б ГХОХХК нь нэхэмжлэгч Э.Энхбаярын ажилгүй байсан хугацааны цалин 26,886,560 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 5 сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулж, нэхэмжлэгч Э.Э-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ГХОХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ