| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2022/02101/И |
| Дугаар | 210/МА2023/00754 |
| Огноо | 2023-04-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2023/00754
2023.04.10 № 754 Магадлал
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/00699 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Т.А-
Хариуцагч: ЭТ ХК
Нэхэмжлэлийн шаардлага: ЭТ ХК-ийн Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 2022.04.06-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, гүйцэтгэх захирлын 2022.04.14-ний өдрийн Б/402 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/402 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.А-ийг ажлаас нь халж, Хөдөлмөрийн гэрээг цуцалж, уг тушаалд Барилга, дэд бүтцийн хэлтсийн дарга Т.А- нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь ЭТ ХК-ийн Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэж бичсэн.
Уг дүгнэлтэд нэхэмжлэгч Т.А-ийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэсэн байх боловч хэзээ, хаана, ямар зөрчлийг хэрхэн гаргасан болох талаарх үйл баримтууд тодорхой бус, баримтаар тогтоогдоогүй. Мөн гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар аваагүй.
1.2 Г.Д-гаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Т.А-эд холбогдуулан Ёс зүй, ашиг сонирхлын хороонд гомдол гаргасныг хэлэлцээд буруутай гэж дүгнэлт гаргасан боловч Зөрчлийн тухай хуульд зааснаар цагдаагийн байгууллага шалгах, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгаж шийдвэрлэх ёстой байсан. Ёс зүй, ашиг сонирхлын хороо нь харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хэргийг шилжүүлэх дүгнэлт гаргах ёстой, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх эрх хэмжээ байхгүй.
Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бэлгийн дарамт учруулсан зөрчил гаргасан гэж үзвэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар цагдаагийн байгууллага шалгах хэргийн харьяалал зөрчигдсөн. Гишүүдийн ирц 44,4 хувьтай байхад хурал явагдсан тул 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр хүчингүй бөгөөд уг дүгнэлтийг үндэслэсэн Б/402 дугаар тушаал хүчингүй.
Иймд ЭТ ХК-ийн Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн болохыг тогтоолгож, гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/402 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн төлөвлөлт зураг төслийн хэлтсийн мэргэжилтэн Г.Д-аас Ёс зүй, ашиг сонирхлын хороонд өргөдөл ирүүлснийг судлан тус хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцэж 01 дүгээр дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг гаргахдаа Г.Д-гаас ирүүлсэн өргөдөл, гомдол гаргагч, гэрч, холбогдогчийн мөн өдрийн хуралд гаргасан мэдүүлэг, камерын бичлэг, Г.Д- болон Т.А- нарын хоорондын мессеж зэрэг баримтуудыг үндэслэсэн.
Дээрх дүгнэлтээр Хөдөлмөрийн гэрээний 4.5.13-т заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон бөгөөд компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.13-т зааснаар гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/402 дугаар тушаалаар Барилга, дэд бүтцийн хэлтсийн дарга Т.А-ийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг мөн өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсан.
2.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.2 дахь хэсэгт тус тус зааснаар бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т ажилтны үүргийг заасан. Нэхэмжлэгч Т.А- нь ажилтан Г.Д-д 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд бэлгийн дарамт үзүүлсэн Хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгох сахилгын ноцтой зөрчил үйлдсэн нь хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, томилолтоор ажиллах ёстой байтал Улаанбаатар хотод буудалд түүнийг дуудаж бэлгийн дарамт үзүүлсэн. Мөн Цанхи хотхонд шөнийн цагаар эмэгтэй ажилтны байрлаж байсан гэрт орж бэлгийн дарамт үзүүлсэн зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан нь гэрч Г.Д-, Б.А-, Х.Ж- нарын мэдүүлгээр болон Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 01 дугаар дүгнэлт, шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан Т.А-, Г.Д- нарын хоорондоо харилцаж байсан мессежүүд, камерын бичлэг зэрэг баримтуудаар нотлогдсон.
2.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т зааснаар ажилтан бэлгийн дарамтанд өртсөн гэж үзвэл байгууллагын удирдлага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн маргаан таслах байгууллагаас аль нэгийг нь сонгож гомдол гаргах эрхтэй. Мөн хуулийн 7.4., 7.5-д зааснаар ажил олгогч бэлгийн дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, гомдлыг шийдвэрлэх журмыг дотоод хэм хэмжээгээр зохицуулах үүрэгтэй. Үүний дагуу Ёс зүй, ашиг сонирхлын хорооны ажиллах журам, дүрмийг боловсруулан мөрдөж ажилласан. Тус хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хурал 77,8 хувийн ирцтэй хуралдсан. Өөрөөр хэлбэл, 9 гишүүнээс 7 гишүүн оролцож хүчин төгөлдөр болсон. Гишүүд цахимаар болон биечлэн оролцсон нь тус хорооны ажиллах журмын 2.4-т заасан ирц 70 хувьтай байх шаардлагыг хангасан.
2.4 Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 01 дүгээр дүгнэлт хүчин төгөлдөр бөгөөд тус хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд гомдлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Т.А- нь ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрдөг, эвлэрэн хэлэлцэх санал гаргаж байсан. Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ч ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээг хөдөлмөрийн дотоод журамдаа заах үүргийг ажил олгогч хүлээдэг.
Иймд Т.А- нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь нотлох баримтаар тогтоогдсон учир түүнийг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.2.2., 127 дугаар зүйлийн 127.1,-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А-ийг урьд эрхэлж байсан Эрдэнэс тавантолгой ХК-ийн Барилга дэд бүтцийн хэлтсийн даргын ажилд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 45 859 932 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан олгож, нэхэмжлэлээс Эрдэнэс тавантолгой ХК-ийн Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 2022.04.06-ны өдрийн 01 тоот дүгнэлт, гүйцэтгэх захирлын 2022.04.14-ний өдрийн Б/402 тоот тушаалыг тус тус хүчингүй болгох гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.1., 46.2., Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 43 дугаар зүйлийн 43.2.7,-д заасныг баримтлан дээрх цалин хөлстэй тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон нэхэмжлэгч Т.А-ийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5,-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1,-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 387 249 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх Ажлын байр, Байнгын ажлын байр гэх ялгаатай ойлголтуудыг хооронд нь хольж, хуулийг буруу тайлбарлан, хэргийг шийдвэрлэсэн. Цанхи хотхон гэдэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах ЭТ ХК-ийн уурхайн бүс буюу уурхайд ээлжээр, томилолтоор ажиллаж буй ажилтнууд байрлаж, ажил үүргээ гүйцэтгэдэг газар бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 1.4-т заасны дагуу ажлын байранд хамаарна. Гэтэл шүүх нэхэмжлэгч Т.А- нь бэлгийн дарамтыг ажлын байранд бус, өөр газар үйлдсэн тул ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэх үндэслэлээр чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:
5.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.А-тэй хамт томилолтоор ажилласан ЭТ ХК-ийн ажилтан Ё.О, О.Э, Г.Д- нарын гэрчийн мэдүүлгүүдээр Цанхи хотхон-д ажилтай холбоотой үйл ажиллагаа явагддаггүй, амрах зориулалттай байх тул ажлын байранд тооцоогдохгүй талаар мэдүүлсэн. ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/265 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 1.4-т заасан заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт заасантай үл нийцсэн, хуулийн дээрх зохицуулалтыг давсан хэм хэмжээ байна.
Т.А-ийн гэр андуурч орсон үйлдлийг ажлын байранд, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан гэж үзэхгүй бөгөөд цаг хугацааны хувьд ажлын бус цаг буюу шөнийн 02:28 цагаас 02:30 цагийн хооронд болсон.
Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн дотоод журмын 1.4-т заасан хотхон, амрах байр гэх хэсэг нь зөвхөн ЭТ ХК-д ажиллаж буй хотхоны зохион байгуулагч, хотхоны үйлчилгээний ажилтан гэх мэт тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэх газар нь хотхонд явагддаг ажил, албан тушаалтай ажилтны хувьд л хэрэглэгдэх зохицуулалт юм. Иймд Т.А-ийг Хөдөлмөрийн гэрээний 8.3.15-д заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
5.2 Хотхоныг ажлын байранд тооцогдох эсэх, ажлын байрандаа зөрчил гаргасан эсэхийг тодруулахын тулд ЭТ ХК нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.7-д заасны дагуу Т.А-ийн шууд удирдлага болох Барилга, дэд бүтцийн газрын даргаас санал авах ёстой байсан. Гэтэл сахилгын шийтгэл ногдуулахдаа шууд удирдлагын санал авалгүйгээр, Хөдөлмөрийн дотоод журмын 8.7-д заасныг зөрчиж ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхин, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч ЭТ ХК-д холбогдуулан ЭТ ХК-ийн Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах, ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/402 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Барилга, дэд бүтцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ЭТ ХК-ийн ажилтан Г.Д-гийн тус байгууллага дахь Ёс зүйн хороонд гаргасан өргөдлийг үндэслэн мөн хорооны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1 дугаар дүгнэлтээр ажилтан Т.А-ийг мэргэжилтэн Г.Д-д бэлгийн дарамт үзүүлсэн буруутай гэж үзэн, Т.А-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах шийдвэр гаргуулах санал гаргажээ. /1хх 46-47/
4. Улмаар дээрх саналыг үндэслэн ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/402 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, ЭТ ХК-ийн дүрмийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 3.13, 5.2.1, 8.1, 8.1.5, 8.4, 8.4.13, Т.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1.15, 4.1.3, 4.5, 4.5.13 дахь заалт, ЭТ ХК-ийн Ёс зүй, ашиг сонирхлын хороо-ны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн Барилга, дэд бүтцийн хэлтсийн дарга Т.А- нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь ЭТ ХК-ийн Ёс зүй, ашиг сонирхлын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэн Т.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсан байна. /1хх 33/
4. Талууд нэхэмжлэгчийг ажлын байранд ажилтан Г.Д-д бэлгийн дарамт үзүүлж, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримтын талаар маргасан байна.
5. Талуудын байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/223 дугаартай хөдөлмөрийн гэрээний 4.5.13-т ажлын байранд бусдын нэр хүнд, эрх чөлөөнд халдсан, доромжилсон танхайрсан, хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн, мөрийтэй тоглоом тоглосон нөхцлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна. /1хх 6-8/ Мөн ЭТ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/265 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8.4.13-т ажлын байранд бусдын нэр хүнд эрх чөлөөнд халдсан, доромжилсон, танхайрсан, хүч хэрэглэсэн, бэлгийн дарамт үзүүлсэн, мөрийтэй тоглосон, ашиг сонирхлын зөрчил гаргасан үйлдэл, эс үйлдэл гаргасан, ялгаварлан гадуурхсан сэтгэл зүйн дарамт үзүүлсэн болох нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор заасан. /1хх 133-144/
6. Дээрх Хөдөлмөрийн дотоод журам-ын 1.4-т Төв оффис, уурхайн бүс, хотхон, амрах байр, спорт заал, агуулах, компанийн нэр дээр бүртгэлтэй болон гэрээт тээврийн хэрэгсэл, Цагаанхад дахь гаалийн хяналтын бүс, компанид хамаарал бүхий бусад газрыг ажлын байранд тооцно гэж заасан. Уг заалтын дагуу нэхэмжлэгчийн томилолтоор ажиллаж байсан ажил олгогчийн Цанхи хотхоныг ажлын байр гэж үзэхээр байна.
6.1 Харин нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнийн 02 цаг 26 минутаас 02 цаг 30 минутын хооронд Цанхи хотхон дахь ажилтан Г.Д-гийн байрлаж байсан гэрт ороод гарсан үйл баримт тогтоогдсон байх боловч тэрээр Г.Д-д ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, уг үйл баримтаар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд ...ажлын байранд ...бэлгийн дарамт үзүүлсэн гэсэн хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн гэрч Г.Д-гийн мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдоогүй байхаас гадна Г.Д- болон Т.А- нарын фэйсбүүк мессенжерээр харилцсан зурвасаар нэхэмжлэгчийг ...ажлын байранд ...бэлгийн дарамт үзүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Иймд дээрх үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг өөрчлөн дүгнэж, хариуцагчийн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон Г.Д- нарын хооронд зочид буудал болон гудамж талбайд болсон үйл явдлыг ажлын байр биш, нэхэмжлэгчийн үйлдлийг хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэх ноцтой зөрчилд тооцоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2023/00699 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ЭТ ХК-аас төлсөн 387,249 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
М.БАЯСГАЛАН