Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Амарсайхан |
Хэргийн индекс | 101/2016/03022/И |
Дугаар | 001/ХТ2017/00678 |
Огноо | 2017-05-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 001/ХТ2017/00678
“Эйвергиард” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/01144 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 527 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч “Эйвергиард” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Явуу-Импэкс” ХХК-д холбогдох,
Харуул хамгаалалтын үйлчилгээний хөлс 576 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ц.Явуухулан, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Одгэрэл, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Их наяд хөгжил” ХХК-тай харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж ажиллаж байгаад Улаанбаатар хотын банкны барилга дээр харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр болсон. Сарын 1 800 000 төгрөгийн төлбөртэйгөөр гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 18-наас эхлэн “Явуу-Импекс” ХХК, “Тэргүүн жинс” ХХК, “Бумангал” ХХК, “Тод класс” ХХК гэсэн 4 компани нэмж тус барилгад туслан гүйцэтгэгчээр орж ирсэн. Компанийн удирдлагууд зөвлөлдөөд 5 компани байгаа учир 5 хувааж төлөх санал гаргаж компани тус бүр 360 000 төгрөг төлөхөөр тохиролцож төлж эхэлсэн. Хариуцагч нь 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын төлбөрийг төлсөн. Харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх 1 cap 18 хоногийн төлбөр 576 000 төгрөг төлөөгүй. Бусад туслан гүйцэтгэгч компани нь төлбөрөө төлсөн байдаг.Хариуцагч “Явуу-Импекс” ХХК нь манай компанитай гэрээ байгуулсан, байгуулаагүй гэж асуудал ярьдаг. Манай компанийн талаас үйлчилгээгээ үзүүлж байсан. Иймд хариуцагч байгууллагаас 576 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани нь Хөдөлмөрийн ордны барилгын агааржуулалтын системийн угсралтын ажлыг тус барилгын захиалагч болох “Улаанбаатар хотын банк”-тай 2015 оны 7 дугаар сарын 31-нд гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа. Энэ гэрээний 3.1 дэх заалтад “гэрээний үнэд холбогдох татвар, хураамж, тээвэрлэлтийн зардал, автоматикийн тохируулгын зардал мөн уг барилгын харуул хамгаалалтын 3 сарын төлбөр болох 1 110 000 төгрөг байх ба ажил гүйцэтгэхтэй холбоотой бүх зардал багтсан болно” гэж заалтыг гэрээ байгуулах үед захиалагчийн хүсэлтээр гэрээний үнийн дүн багтааж төлөхөөр тусгасан.Үүнээс өөр тус барилгын харуул хамгаалалтын талаар ямар нэгэн байгууллагатай, тэр тусмаа “Эйвергиард” ХХК-тай гэрээ, тохиролцоо хийгээгүй. Дээрх гэрээнд заасан гурван сарын харуул хамгаалалтын төлбөрийг “Улаанбаатар хотын банк”-ны зааврын дагуу эхний төлбөрийг тухайн үед барилгын ерөнхий гүйцэтгэгч байсан “Их наяд хөгжил” ХХК-д төлсөн бөгөөд үлдсэн хоёр төлбөрийг “Эйвергиард” ХХК-д цаг тухайд нь бүрэн төлж дуусгасан гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/01144 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “Явуу-Импекс” ХХК-иас 576 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эйвергиард” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Эйвергиард” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Явуу-Импекс” ХХК-иас 18 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эйвергиард” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 527 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/01144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “359 дүгээр зүйлийн 359.1” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар “Явуу-Импекс” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх “Эйвергиард” болон “Явуу-Импэкс” компанийн хооронд тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгэх, харин ажиллуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээснээс үзэхэд уг гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх буюу харуул хамгаалалтын үйлчилгээ байх бөгөөд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэснийг давж заалдах шатны шүүх “Явуу импэкс” ХХК нь бусдаас үнэгүй ажил үйлчилгээ авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж өөрчлөлт оруулсан боловч аль аль нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.“Явуу импекс” ХХК-ийн хувьд “Эйвергиард” компанитай харуул хамгаалалтын ажил үйлчилгээ авах талаар ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй, харуул хамгаалалтын үйлчилгээ аваагүй, тэдний өмнө үүрэг хүлээгээгүй, мөн “Эйвер гиард” ХХК ч “Явуу импэкс” ХХК-ийн өмнө ямар нэг үүрэг хүлээж байгаагүй юм. Харин “Эйвергиард” ХХК нь барилгын ерөнхий гүйцэтгэгч болох “Их наяд хөгжил” ХХК-тай харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх талаар харилцан тохиролцож энэ тухай гэрээг 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл байгуулж байсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Энэ гэрээн дээр харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсний нэг сарын хөлс нь 1 650 000 төгрөг болох тухай уг гэрээний талууд тохиролцсон байна. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг ямар харилцаанаас үүссэн болохыг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна.Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ нь ажил гүйцэтгэх харилцааны нэг төрөл бөгөөд “Эйвергиард” ХХК-ийн хувьд ямар ажлыг, ямар хугацаанд, ямар хөлсөөр үзүүлэхээр тохиролцсон болохоо нотлоогүй гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх “Явуу импэкс” ХХК нь 560 000 төгрөгийг “Эйвергиард” ХХК-д төлөх ёстой гэж үзсэн нь юуг үндэслэсэн тооцоо бэ гэдэг нь ойлгомжгүй байгаа. “Явуу импэкс” ХХК нь Улаанбаатар хотын банктай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээний дагуу захиалагчийн зүгээс гүйцэтгэгч компани болох “Явуу импэкс” ХХК-д төлөх ажлын хөлсөнд захиалгат ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бүх төрлийн зардал багтсан гэдэг нь нотлогдож байна. Үүний дагуу 3 cap дараалан шилжүүлсэн. Харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх компанид хуулийн дагуу тусгай шаардлага тавьдаг бөгөөд энэхүү төрлийн ажил үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл бүхий компаниуд үйл ажиллагаагаа явуулах ёстой байдаг. Энэ зохицуулалтаар талууд заавал бичгэн хэлбэрээр гэрээг хийх шаардлага тавигдсан. Гэтэл гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд харин “Явуу импэкс” ХХК нь Улаанбаатар хотын банктай байгуулсан гэрээний дагуу аваагүй үйлчилгээнийхээ төлөө 3 cap дараалан 360 000 төгрөг, нийт 1 080 000 төгрөг төлсөн. “Эйвергиард” ХХК-ийн хувьд үүнээс илүү мөнгө, хөлс нэхэмжлэх шаардах эрх байхгүй юм.Мөн “Явуу импэкс” ХХК нь барилгын ажлын явц удааширч хойшилсон шалтгаанаар Улаанбаатар хотын банктай гэрээ байгуулсны дагуу 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын банкны захиалгат барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Энэ тухай “Эйвергиард” ХХК ч нэхэмжлэлийн өргөдөлдөө дурдсан, шүүхүүд дүгнэлт хийсэн байгаа. “Явуу импекс” ХХК нь “Эйвергиард” ХХК-д 3 сарын төлбөр төлчихөөд байхад шүүх дахиад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хохирол тооцсон нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Бид аваагүй үйлчилгээний төлөө ямар нэгэн хөлсөөр ажилласны төлбөр ч юмуу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний хохирол төлбөр төлөх ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. “Эйвергиард” ХХК нь 78 хоногийн үйлчилгээ үзүүлсэн байгаа, “Явуу импекс” ХХК нь 3 cap буюу 90 хоногийн төлбөр төлсөн байгаа, гэтэл тус компаниас 4 дэх сарын төлбөр буюу нийт 120 гаруй хоногийн төлбөр нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм.“Эйвергиард” ХХК-ийн зүгээс нэхэмжлээд байгаа 576 000 төгрөг нь чухам юуны төлбөр вэ гэдэг нь огт ойлгомжгүй, яагаад заавал 576 000 төгрөг нэхэмжлээд байгаагаа тайлбарлаж чадаагүй юм. Анхны шүүх хурал дээр нэг сарын 360 000 төгрөг, түүний алданги 210 000 төгрөг гэж тайлбарлаж байсан бол дараагийн хурал дээр 1 cap 18 хоногийн төлбөр гэж байгаа боловч хэрхэн яаж тооцоод байгааг тодруулах боломжгүй байгаа. Өөрсдийнх нь тайлбарлаж байгаагаар “Их наяд хөгжил” ХХК-тай нэг сард 1 800 000 төгрөгийн үйлчилгээ үзүүлэхээр тохирч, үүнийгээ 5 компанид хуваасан гэж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээнд нэг сарын 1 650 000 төгрөгөөр тохиролцсон болох нь батлагдаж байгаа. Үүнийгээ 10 дугаар сарын 18-ны өдрөөс ажиллаж эхэлсэн туслан гүйцэтгэгч 5 компанид хуваахад 330 000 төгрөг гарч байх юм. “Эйвергиард” ХХК нь Улаанбаатар банкны захиалгат ажлын ерөнхий гүйцэтгэгч “Их наяд хөгжил” ХХК-тай харуул хамгаалалтын ажил үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан байх ба “Эйвергиард” ХХК-ийн “Их наяд хөгжил” компанитай байгуулсан гэрээний үүргийг “Явуу импекс” компани хэсэгчлэн хариуцах хууль зүйн ямар нэг үндэслэл байхгүй юм.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан хууль хэрэглээний өөрчлөлт нь хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаатай, оновч муутай болжээ.
Нэхэмжлэгч “Эйвергиард” ХХК нь хариуцагч “Явуу-Импекс” ХХК-д холбогдуулан харуул хамгаалалтын үйлчилгээний төлөгдөөгүй хөлсийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч “Явуу-Импекс” ХХК нэхэмжлэгч компанитай гэрээ, хэлцэл хийгээгүй, хийвэл зохих төлбөрийг төлсөн гэж тайлбарлан нэхэмжлэлийг татгалзсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг баримталсан, харин давж заалдах шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан зохицуулалтыг баримтлах нь зүйтэй гэж үзэн, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг баримтлахдаа зохигчид харуул хамгаалалтын гэрээг бичгээр байгуулаагүй учир уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл ба хариуцагч бусдаас үнэгүй ажил үйлчилгээ авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзжээ.
Нэхэмжлэгч “Эйвергиард” ХХК нь хариуцагчаас өөрийн шилжүүлсэн хөрөнгийг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг буцаан авах бус харин гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардсан байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүйгээс гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” нь хуулиар хориглосон, эсхүл зөвшөөрөгдөөгүй, иргэний эрх зүйн эргэлтэд байж болохгүй, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй агуулгатай байдаг.
Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх ажиллагаа нь хуулиар хориглогдоогүй, харин ч тусгайлсан хуулиар зохицуулагдсан, зөвшөөрөгдсөн хэлцэл юм.
Харин Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2., 8.3.-т зааснаар харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулах ёстой бөгөөд уг гэрээг байгуулахдаа Иргэний хуульд заасан нийтлэг журмыг баримтлахаас гадна гэрээнд цагдаагийн байгууллага болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн он, сар, өдөр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар, харуул хамгаалалтын үйл ажиллагааны төрөл, ашиглах техник, тусгай хэрэгсэл, харуул хамгаалалтын алба хаагчийн тоо, тэдгээрийн ажиллах нөхцөл, хөдөлмөр хамгаалал, хамгаалалтад авсан объектод нэвтрэн орох, гарах журам, гэрээний хугацаа, ажлын хөлсний хэмжээ, төлөх журам, талуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлага, гэрээг цуцлах нөхцөл, түүнээс үүсэх хариуцлага, гэрээ байгуулсан он, сар, өдөр тусгагдсан байх учиртай байна. Эдгээр нөхцлийг хангаагүй гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор заажээ.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл бичгээр хийгдээгүй, буюу энэ хуульд заасан нөхцлийн талаар тохиролцсон болохыг илэрхийлээгүй гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохоор байна.
Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.-т зааснаар энэ зүйлийн 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үздэг байна. Хуульд заасан хэлбэрээр хүсэл зоригоо илэрхийлэх гэдэгт бичгээр гэрээг байгуулахыг хэлэхээс гадна хүсэл зоригоо тодорхойлох хуулиар зөвшөөрөгдсөн аливаа хэлбэр байж болно.
Хариуцагч “Явуу-Импекс” ХХК нь нэхэмжлэгч “Эйвергиард” ХХК-тай харуул хамгаалалтын үйлчилгээ авах гэрээг бичгээр байгуулаагүй боловч үйлчилгээний хөлсийг 3 сарын турш төлснөөр уг үйлчилгээг авсан болохоо илэрхийлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.-т зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үздэг учир хариуцагч 3 сарын турш нэхэмжлэгчид харуул хамгаалалтын үйлчилгээнд төлбөр төлснөөр уг хөлсийг төлөх үүрэг хүлээсэн болохоо хүлээн зөвшөөрсөн хүсэл зоригоо илэрхийлсэн хэлбэр болно.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч “Явуу-Импекс” ХХК нь “Улаанбаатар хотын банк”-тай барилгын агааржуулалтын системийн нийлүүлэлт, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгчийн хувьд гэрээнд заасан ажлыг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хуанлийн 122 хоногт гүйцэтгэж дуусах үүрэг хүлээжээ \хх-ийн 17-23 дугаар тал\. Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөд барилгын харуул хамгаалалтын 3 сарын төлбөр болох 1 110 000 төгрөгийг багтаасан талаар гэрээнд заасан байна. Харин хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа тэрээр 3 сарын хугацаанд ажлаа гүйцэтгэж дуусгаагүй 2016 оны 3 дугаар сард дуусгасан гэжээ. Гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй явдал хариуцагчийн буруугаас болоогүй гэх түүний тайлбар баримтаар нотлогдоогүй байна. Улмаар захиалагчийн харуул хамгаалалтад өгсөн мөнгийг хариуцагч “Явуу-Импекс” ХХК нэхэмжлэгчид төлсөн боловч ажил гүйцэтгэх гэрээний хугацаанаас хэтэрсэн 1 сар 18 хоногийн харуул хамгаалалтын үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцах ёстой гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтэрсэн явдалд хариуцагч “Явуу-Импекс” ХХК буруугүй бол гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагч “Явуу-Импекс” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 527 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2016/01144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН