Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 109/2018/0007/З |
Дугаар | 221/МА2019/0101 |
Огноо | 2019-02-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2019/0101
2019 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 221/МА2019/0101 | Улаанбаатар хот |
Б.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0036 дугаар шийдвэртэй, Б.А-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0036 дугаар шийдвэрээр: “...Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-аас Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг нийт 8.9 оноо буюу “f” үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-ыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.А-ыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүүхдийн IX дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 02 дугаар сарын сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилт хийхийг Архангай аймгийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхээс маргаан бүхий актыг хууль тогтоомжид нийцээгүй, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээ нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан байна гэжээ. Гэтэл хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэл болсон үнэлгээг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын дагуу үнэлсэн. Хариуцагчийн зүгээс зөрчил дутагдал гаргаагүй этгээдэд хариуцлага тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүхээс хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэт нэг талыг барьж хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 109/ШШ2018/0036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Б.А нь Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн б/13 дугаар захирамжаар[1] Эрдэнэбулган сумын хүүхдийн IX цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож улмаар мөн даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар[2] аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Архангай аймгийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/593 дугаар захирамжаар[3] “Аймгийн Засаг даргын ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмын дагуу дүгнэж үнэлгээг гэрээнд заасан хугацаанд танилцуулах”-ыг Боловсрол, соёл, урлагийн газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
Уг захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг Архангай аймгийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж[4], 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01/18 дугаар албан бичгээр “аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн илтгэх хуудас”-ыг хүргүүлсэн бөгөөд Б.А-ын үр дүнгийн гэрээний биелэлтийг “гэрээний дагуу тайлагнаагүй гэх үндэслэлээр 8,9%” гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгчээс “Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг илт хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт болох талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Учир нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна”, “40.4.1-д “Төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах, 40.1.2-т “Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох, “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралт Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 2.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй” гэж зааснаас үзвэл хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа хувьд нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэх эрхтэй байна.
Түүнчлэн гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийх, гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг төсвийн ерөнхийлөн захирагч бичих хуулийн зохицуулалттай бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч харьяалагдах доод шатны төсвийн шууд захирагч нарын үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэх эрхээ бусдад шилжүүлэх эрх хуулиар олгогдоогүй байхад Архангай аймгийн Засаг дарга захирамж гаргасны дагуу Боловсрол, соёл, урлагийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг эрх бүхий этгээд үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Төрийн албаны зөвлөлийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын дагуу үнэлсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын 2018 оны Б/18 дугаар захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг хангалтгүй биелүүлсэн, чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй, гэрээний дагуу тайлагнаагүй гэх үндэслэлээр 8.9 % “F” гэж дүгнэсэн нь хууль бус байна гэж үзлээ.
Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар “...аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтын дүнгээр “дунд эрсдэлтэй” дүгнэгдэж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандан зөрчил гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид “сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан бөгөөд уг захирамжтай Б.А нь маргаагүй байна.
Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасныг сахилгын зөрчил давтан гаргасан гэж ойлгох төдийгүй зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх ёстой.
Б.А нь сахилгын зөрчил давтан гаргасан нь тогтоогдохгүй, мөн үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
[1] Хавтаст хэрэг 1-6 хуудас
[2] Хавтаст хэрэг 1-4 хуудас
[3] Хавтаст хэрэг 1-85 хуудас
[4] Хавтаст хэрэг 1-91 хуудас