Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2021/0093

 

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй,

Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:  Б.Мөнхтуяа

Шүүгчид:                  М.Батсуурь

                    П.Соёл-Эрдэнэ

                    Ц.Цогт

Илтгэгч шүүгч:        Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал    

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, Б.М-ыг урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0527 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 617 дугаар магадлалтай захиргааны хэргийг

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар нарыг оролцуулж,

Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0527 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 68 дугаар зүйлийн 68.1, 81 дүгээр зүйлийн 81.2, 81.3, 81.4.3, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934 дүгээр тушаалын цагдаагийн хурандаа Б.М-ыг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан албанаас халж, цагдаагийн хурандаа цолыг хураасан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх 3 сар 8 хоногийн цалинг гаргуулан олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацааны цалинг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 617 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2020/0527 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/934, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Б.М-ыг урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Цагдаагийн ерөнхий газарт тус тус даалгасугай” гэж, 2 дахь заалтын “35100” гэснийг “70200” гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:      

3. Хариуцагчийн Цагдаагийн ерөнхий газрын даргын төлөөлөгч Р.Отгонжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.М-д удирдах албан тушаалтан хэнээс, хэзээ, ямар үүрэг даалгавар өгч тушаал гаргасан, түүнийг нь хэрхэн биелүүлээгүй талаар хариуцагч нь тодорхой тайлбар, баримт шүүхэд ирүүлээгүй байх тул Б.М-д арга хэмжээ авсан маргаан бүхий актын удирдах албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх маргаан бүхий актын энэхүү үндэслэлийн талаар дүгнэлт өгөөгүй, хэлтсийн ажилтнуудад тавих хяналтыг сулруулж ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн үндэслэлтэй холбоотой зарим баримтыг анхан шатны шүүх буруу үнэлсэн, хэрэглэх ёстой Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэрэглээгүй гэж тус тус дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ., Цагдаагийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйн үндсийг тогтооход оршино. гэж тус тус зохицуулсан.

5. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан зохицуулалт нь Цагдаагийн албаны тухай хууль-д заасан ба уг хуулийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг зохион байгуулж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.

          6. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Эргүүл, хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн үйл ажиллагаанд дор дурдсан зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд энэ нь тус хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэсэн. Үүнд: Тус газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй танилцаж, үйл ажиллагаагаа түүнд уялдуулж төлөвлөөгүй, албаны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил, арга хэмжээг үг, агуулгын зөрөөгүй шууд хуулбарласан нь Цагдаагийн байгууллагын ажлыг төлөвлөх /код 108/ журам-ын 108.2.7, 108.2.8-д заасан шаардлагыг хангаагүй, Албан тушаалын тодорхойлолт-ын нэгдүгээр зорилтын 1.1 дэх хэсэгт заасан ...төлөвлөгөөний хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулж биелэлт, үр дүнг тооцох, үнэлгээ, шинжилгээ хийх... үндсэн чиг үүрэг, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.2 ...цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг сахин мөрдөх гэсэн заалтыг зөрчсөн.

          7.  Тус газрын жижүүрийн ахлах офицерууд, санхүү, хангамжийн болон сэтгэл зүйчийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, үүрэг, ажлын чиглэл өгөөгүй хариуцсан нэгжийн алба хаагчдын сахилга, ёс зүйг сайжруулах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх талаар ажил зохион байгуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.13-д заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д ... цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна, 68 дугаар зүйлийн 68.1-д Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Албан тушаалын тодорхойлолт-ын гуравдугаар зорилтын 3.2, дөрөвдүгээр зорилтын 4.2, зургаадугаар зорилтын 6.1, 6.2. 6.4-д заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, хэм хэмжээний эрх зүйн акт, дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтална гэснийг тус тус биелүүлээгүй.

          8. Нэхэмжлэгч нь Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсоноос хойш Дотоодын цэргийн штабын хашаанд байрлах байгууллагын галт зэвсэг, тусгай хэрэгсэл хадгалах байр болон тус газрын жижүүрийн өрөөний бэлэн байдлын сейфэнд буй галт зэвсэг, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөн, аюулгүй байдалтай танилцаагүй, ашиглагдах боломжгүй 4 ширхэг хийн гар бууг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй нь Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалт ... цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан албан тушаалын тодорхойлолтын нэгдүгээр зорилтын 1.2, зургаадугаар зорилтын 6.4, долоодугаар зорилтын 7.1, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код-235/-ын 235.3.3, 235.3.4 дэх заалтыг хэрэгжүүлээгүй.

          9. 3ахиргааны удирдлагын хэлтсийн өдөр тутмын болон онцгой нөхцөл байдал үүссэн үед өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэхэд нэгдсэн боломжийг бүрдүүлэхэд нэн шаардлагатай алба хаагчдын түргэн цугларалтын схем, хаягийн бүртгэлийг шинэчлээгүй, цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан, шилжин томилогдсон зэрэг 4 алба хаагчийн бүртгэлийг хасаж, шинээр томилогдсон алба хаагчдын хаягийг бүртгэлжүүлээгүй нь Цагдаагийн байгууллагын дотоод албаны дүрмийг хэрэгжүүлэх /код 101/ журам-ын 101.6.1 дэх хэсгийн в, 101.6.1 д дэх заалтыг тус тус зөрчсөн.

          10. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус хэлтэст энэ оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шинээр томилогдсон эргүүл, хамгаалалт, зөрчил шалган шийдвэрлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Батболдод албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн талаар зааварчилга, зөвлөмж, ажлын чиглэл өгөөгүйгээс уг алба хаагч зөрчил шалган шийдвэрлэх ажлын талаар ямар нэгэн ойлголтгүй, хариуцсан чиглэлээр ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй байгаа нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дасан зохицох /код-944/ журам-ын 944.6.1 в, 944.6.1 дэх хэсгийн ж заалтыг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна.

          11. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37.1.8 дахь хэсэгт заасан өөрийн мэдлэг чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх үндсэн үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, урьд гаргасан зөрчлөө давтан гаргахгүй байх чиглэлээр өөртөө дүгнэлт хийж, санал, идэвх санаачилга гарган ажиллаагүй, хариуцсан ажлын төлөвлөлт, гүйцэтгэлээ Эргүүл, хамгаалалтын газрын даргад биечлэн танилцуулж ажиллаагүйгээс алба хаагчдын ажлын уялдаа, үр дүнд сөргөөр нөлөөлсөн. Нэхэмжлэгч нь дээрх байдлаар хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэх талаар санаачилга гарган ажиллаагүй нь урьд гаргасан зөрчил дутагдалдаа дүгнэлт хийгээгүй байна.

12. Дээрх шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр нэхэмжлэгчийг хуралд биеэр оролцох талаар удаа дараа урьдчилан мэдэгдсэн боловч хуралд оролцохоос татгалзаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй ба Цагдаагийн албаны тухай хуулийн нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, захирах, захирагдах зарчмыг тус тус зөрчсөн.

13. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-д заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

14. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

15. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/934 дүгээр тушаалаар ... Цагдаагийн хурандаа Б.М нь хариуцсан алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд тавих хяналтыг сулруулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгавар, тушаалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.1.1, 2.1.2-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэн Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг баримтлан албанаас халж, “цагдаагийн хурандаа цолыг хурааж”, мөн 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Б.М-ыг дээрх Б/934 дүгээр тушаалын “Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг баримтлан албанаас халж, “цагдаагийн хурандаа цолыг хураасугай” гэснийг “Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д заасныг баримтлан 2020.01.23-ны өдрөөс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж, ... Эргүүл, хамгаалалтын газрын Шүүгч, шүүх хуралдааны аюулгүй байдлыг хангах тасгийн даргаар томилсугай” гэж өөрчилжээ.

16. Нэхэмжлэгч Б.М-аас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/934, 2020 оны Б/67 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг зохих журмын дагуу гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

17. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойших хугацааны цалинг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс “...хэлтсийн ажилтнуудын хариуцлага суларснаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөхүйц доголдол гаргаагүй, эвдрэлтэй байсан 4 бууны гэмтэл 8  сард буюу хяналт шалгалт явуулах үед арилсан нь тогтоогдсон, эдгээр нөхцөл байдал нь Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан төрийн болон цагдаагийн албан хаагчийн ёс зүй,  сахилгын дүрмийг зөрчсөн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй тул маргаан бүхий Б/67 дугаар тушаал нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.3-д заасанд нийцэхгүй..” гэж дүгнэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нотлох баримтыг зөв үнэлж, анхан шатны шүүхийн алдааг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

18. Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл оногдуулна” гэж, харин мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-дөргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” бол цагдаагийн албанаас халах гэж, өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчид сахилгын хариуцлага тооцох, албанаас халах гэсэн эрх зүйн ойлголтыг хуульд өөрөөр ялгамжтай зохицуулжээ.

19. Түүнчлэн Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 1.3.2-т ноцтой зөрчил гэж “Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийн хохирол учруулах зэргээр эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж заасан байна.

20. Нэхэмжлэгч  Б.М-ыг цагдаагийн албанаас халж, цол хураасан Б/934 дүгээр тушаалын үндэслэлд дурдсан “... хариуцсан алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд тавих хяналтыг сулруулж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлсэн, удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, үүрэг даалгавар, тушаалыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүйгээс гадна, эдгээр үндэслэлүүд нь ёс зүйн болон сахилгын дүрэм зөрчсөн үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд буруу биш юм.

21. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “... 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй танилцаж, үйл ажиллагаагаа уялдуулж төлөвлөөгүй, ... өдөр  тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, ажлын үүрэг чиглэл өгөөгүй, идэвх санаачилга гарган ажиллаагүй, хариуцсан ажлын төлөвлөлт, гүйцэтгэлээ Эргүүл, хамгаалалтын газрын даргад биечлэн танилцуулж ажиллаагүй, галт зэвсэг, тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, хөдөлгөөн аюулгүй байдалтай танилцаагүй, ашиглагдах боломжгүй 4 ширхэг хийн гар бууг шийдвэрлэх арга хэмжээ аваагүй, ... урьд гаргасан зөрчил дутагдалдаа дүгнэлт хийгээгүй ...” гэх үйл баримт дурдаж хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 617 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын төлөөлөгч Р.Отгонжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

           ШҮҮГЧИД                                                                   М.БАТСУУРЬ

                                                                                    П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                    Ц.ЦОГТ

                              Х.БАТСҮРЭН