Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

                                                           

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                           Хэргийн индекс: 114/2017/0010/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч иргэн Н.Пүрэвдашийн нэхэмжлэлтэй  

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Н.Пүрэвдашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч        П.Батжаргал                                       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Н.Пүрэвдашаас шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/109 тоот захирамжаар Залуучууд театрын баруун урд 3158 м.кв газрыг Бөхийн өргөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл 2016 оны орон нутгийн сонгуулиар Засаг дарга солигдож, С.Насанбат аймгийн Засаг дарга болсныхоо дараа 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/443 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргасан ба тус захирамжийн хавсралтад миний нэр бичигдсэн байна.

Аймгийн Засаг дарга С.Насанбат нь өмнөх засаг даргынхаа захирамжийг хууль бусаар

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шүүхийн шийдвэр.doc

 

үндэслэлгүй хүчингүй болгож, бидний Үндсэн хууль, Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д заасныг баримтласан боловч ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа тодорхой тусгаагүй байна.

Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан захиргааны актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдийг захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд татан оролцуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан байна. Татан оролцуулах үүрэг нь захиргааны байгууллагын үүрэг болно. Шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг хангаагүй, 26 дугаар зүйлд заасан сонсох эрхийг зөрчсөн, 27 дугаар зүйлд заасан үүргээ захиргааны байгууллага биелүүлээгүй, 29 дүгээр зүйлд заасан цоо шинэ зохицуулалтыг хариуцагч хангаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн иргэн Н.Пүрэвдашийн газар эзэмших эрхийг Засаг дарга 2013 оны А/353 дугаар захирамжаар газар эзэмших эрх дуусаагүй байхад хүчингүй болгосныг  нэхэмжлэгч мэдээгүй учраас газраа сунгах хүсэлтүүдийг гаргаж байсан. Нэхэмжлэгч газар дээрээ барих барилгын зураг төслийг хийсэн, батлуулсан байна. Хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн байх тул Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Н.Пүрэвдашид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Н.Пүрэвдашийн 2012 онд олгосон 0360287 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж аймгийн Засаг дарга А.Энхболд  2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/109 дүгээр захирамж гаргажээ. Гэтэл газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны А/353 дугаар захирамжаар хүчингүй болсон байна. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын  2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/30 дугаар тушаалаар газар эзэмших хүсэлт хянан шийдвэрлэх комиссыг байгуулсан бөгөөд комисс газар эзэмших эрхийн хугацаа сунгах, шилжүүлэх, өөрчлөх хүсэлтүүдийг хянан хэлэлцэж, төслөө тухайн шатны Засаг даргад хүргүүлдэг. Нэхэмжлэгч Н.Пүрэвдашийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг комиссын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар хэлэлцээд ерөнхий архитектортой зөвшилцөн, дахин хянах гээд эцэслэн шийдвэрлээгүй байхад газрын эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байсан.

Мөн Засаг дарга 2016 оны А/109 дүгээр захирамжийг гаргахдаа хуул эрх зүйн алдаатай гаргасан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж байгаа атлаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасныг баримталсан нь дээр захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар илт хууль бус гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх хууль бус шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харьяа дээд шатны албан тушаалтаны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлнэ” гэж зааснаар биелүүлэхээс татгалзаж байсан ба хуульд заасан ажиллах нөхцлийг үгүйсгэж, дарамт шахалт үзүүлж газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг бичүүлсэн. Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулж дүгнэлтээ гаргаад орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа мэдээллийг давтамжтайгаар хүргүүлж байсан болно. Мэдээллийн дараа газар эзэмшигч, өмчлөгч нар ирж уулзах байх гэж 1 сар хүлээсэн боловч ажлын хэсэг болон Засаг даргатай нэг ч хүн ирж уулзаагүй тул аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд Засаг дарга захирамж гаргасан болно.

Иймд дээрх зөрчил дутагдал гарсан тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд  Дархан Уул аймгийн Засаг дарга  2016 оны А/443 дугаар захирамжаар Н.Пүрэвдашид холбогдох хэсгийг  хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, Н.Пүрэвдашийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Захиргааны ерөнхий хууль шинээр хэрэгжиж байна, аймгийн Засаг даргаас гарч буй шийдвэрт хувийг хэрэг нээх, хяналтын хуудас хөтлөх зэрэг ажиллагаа хийгдээгүй нь үнэн. Захиргааны байгууллагаас гаргаж буй шийдвэрийн хувийн хэрэгт  ямар баримтуудыг  хавсаргах, хадгалах, архивт хүлээлгэх өгөх тал дээр бид ярилцаж байна гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн Н.Пүрэвдашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4,  61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7, 47 дугаар зүйлийн 47.3-д заасныг тус тус үндэслэн  нэхэмжлэгч Н.Пүрэвдашид аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/109 дүгээр захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, Залуучууд театрын баруун урд байрлалд 3158 м.кв газрыг бөхийн өргөө барих зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаагаар сунгаж олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13,15, 26,27,29 дүгээр зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн” гэх тайлбарын тухайд:

Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан “захиргааны акт” гаргах ажиллагаанд уг ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд болон хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулах, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эдлэх эрх,  оролцогч нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах эрхийг хангах сонсох ажиллагааг явуулах, сонсох ажиллагааг явуулах тухай мэдэгдлийг хүргүүлэх, захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэр бүрд хувийн хэрэг хөтлөх, хяналтын хуудас хавсаргах, шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, бусад холбогдох баримтуудыг бүрдүүлэх  журмыг хуулийн 13, 15, 26, 27, 29 дугаар зүйлүүдэд хуульчилжээ.

 Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” , хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ... хүргүүлнэ” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчид нөхцөл байдлын талаар тайлбар болон санал гаргах боломж олгох сонсох ажиллагааг явуулаагүй, энэ тухай мэдэгдлийг хүргүүлээгүйгээс гадна бичмэл хэлбэрээр гаргах захиргааны шийдвэрт хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална” гэж заасныг зөрчсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шүүхээс баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд дээрх захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэсэн тусгай зарчимтай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.7-д зааснаар мэдэгдэх ажиллагааг явуулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч энэ нь захиргааны байгууллагаас захиргааны акт гарсны дараа  актыг мэдэгдэх, хүргүүлэх ажиллагаатай холбоотой байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. 

Хариуцагч маргаан бүхий захиргааны шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” заасныг баримтлахдаа газар эзэмшүүлсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1- 47.1.7-д заасан захиргааны акт илт хууль бус болох ямар шинжийг агуулж байгаа, ямар үндэслэлээр илт хууль бус гэж үзэж байгаагаа тодорхой дурьдаагүй байна. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг баримталсан нь Засаг дарга хуулийг буруу хэрэглэсэн, хуульд заасан бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Н.Пүрэвдашид 000555853 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байхад газар эзэмших эрхийн гэрчилгээгүй гэж үзэх боломжгүй, мөн Н.Пүрэвдашид олгосон газар нь бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хөндсөн талаар үйл баримт тогтоогдохгүй байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг нь газар эзэмшигч, ашиглагчийн газар эзэмших, ашиглах эрхийг хамгаалсан заалт болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны үе шатуудад нэхэмжлэгчийн оролцох, сонсох эрхийг хангаагүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байх тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн нэхэмжлэгч Н.Пүрэвдашид холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

          

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.2, 29 дүгээр зүйлийн 29.1, 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Пүрэвдашийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/443 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн Н.Пүрэвдашид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч  Н.Пүрэвдашаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА