Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1376

 

“М”-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03348 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М”-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

Батлан даалтын гэрээний үүрэгт 758 356 406 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “ММ К” ХХК нь А банкнаас 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 06050131 дугаартай зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөгийг 1.9 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар, 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15070333 дугаартай гэрээгээр 448 418 880 төгрөгийг 2.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл авсан байна. “ММ К” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул А банкны эрх хүлээн авагч шүүхэд хандсанаар Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 323 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 417 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дугаар тогтоолоор “ММ К” ХХК-иас 758 356 406 төгрөгийг гаргуулж А банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 20-ны 349 дүгээр шийдвэрээр “ММ К” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэсэн байх ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ. А банк, “М” ХХК-ийн хооронд 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 15070333 тоот “Батлан даалтын гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.3-т заасан “ММ К” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг “М” ХХК-д шилжсэн байна. “М” ХХК нь батлан даалтын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байгаа ба гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж 2015 оны 6 дугаар сарын 08-ны Б-2/682 дугаартай албан бичгээр хугацаатай мэдэгдэл өгч, төлбөрөө төлөөгүй тохиолдолд батлан даалтын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасны дагуу шүүхэд хандах талаар мэдэгдсэн. М банк, татан буугдсан А банк дахь банкны эрх хүлээн авагчийн хооронд 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан 40/2014ЭХА-199 дугаартай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу төлбөрийг шаардах эрх нь М банкинд шилжсэн болно. “М банк” нь анх шүүхэд “М” ХХК-иас 758,356,406 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барагдуулсан 116 000 000 төгрөгөөр багасгаж, батлан даалтын гэрээний үүрэгт 642 356 406 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Батлан даагчийн хариуцлагын хэмжээг Батлан даалтын гэрээний 1.2-д “Батлан даалтын хэмжээ нь 448 418 880 төгрөг болон батлан даалт гаргуулагчийн зээлээ эргүүлэн төлж дуусгах хүртэлх хугацааны хүүгээр тодорхойлогдоно” гэж оруулж өгснөөр Иргэний хуулийн 459.3 дахь заалтыг зөрчсөн байна. Учир нь үндсэн төлбөрийн хэмжээг нарийн тогтоож өгсөн байх боловч түүн дээр нэмж төлөх хүүгийн хэмжээг нарийн буюу эцэслэн тогтоож өгөлгүй батлан даагчийн хуулиар олгогдсон эрх ашиг болон дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн батлан даалтын гэрээнд хариуцлагын хэмжээг хязгааргүй байхаар гэрээнд оруулж өгснөөс болж Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх заалт хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Учир нь хууль тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолын 5.8-д “Мөн зүйлийн 460.4-т заасан “батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэдэгт батлан даалтын гэрээнд батлан даагчийн хүлээх хариуцлагын хэмжээ, төлбөрийн дүнг тодорхой заасан тохиолдолд хариуцлага хүлээхийг ойлгох” гэж тайлбарласан байна. Батлан даалтын гэрээний зорилгыг гэрээний 1.2-т талууд оруулахдаа Иргэний хуулийн 459.3, 460.4 дэх заалтуудыг зөрчсөн байх тул тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. “ММ К” ХХК-ийн А банктай байгуулсан 2007 оны 15070333 тоот зээлийн хугацаа 2009 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон буюу 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Батлан даалтын гэрээний дагуу батлан даагчаас зээлийн гэрээний төлбөр төлөхийг шаардах эрх “А банк” ХК-нд үүссэн. Шаардах эрх үүссэн хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт заасны дагуу тоолсон болно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу хариуцагчийн батлан даалтын гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн хугацаа 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, батлан даалтын гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх дуусгавар болсон. Батлан даалтын 2007 оны 15070333 тоот гэрээг байгуулсан талууд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дэх заалтыг буюу хуулиар хүлээн зөвшөөрсөн хэлбэрийг үндэслэж дээрх гэрээний 2.3-д “Банк энэ гэрээний талаархи шаардах эрхээ бусдад шилжүүлэх эрхгүй” гэж оруулж өгсөн. Гэвч А банкны эрх хүлээн авагч нь “ММ К” ХХК-иас авах 648 356 406 төгрөгийн авлагаа дээрх хуулийн болон гэрээний заалтыг зөрчиж 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 40/2014ЭХА-199 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр М банкинд шилжүүлсэн. Хууль болон гэрээг зөрчиж байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. А банкны эрх хүлээн авагч нь “ММ К” ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар хариуцагчид огт мэдэгдэлгүй Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь нэхэмжлэгч батлан даалтын гэрээний дагуу төлбөр төлөхийг 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр шаардсанаар мэдсэн. Энэ хугацаанд А банкны эрх хүлээн авагч нь шүүхэд хандаж, зээлийн гэрээний дагуу төлбөр төлүүлэх тухай болон “ММ К” ХХК-ийг дампуурсан тухай шүүхийн шийдвэр гарсан. Зээлийн гэрээний дагуу төлбөр төлүүлэх тухай Улсын дээд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дүгээр тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байна. Дээрх ажиллагаануудад А банкны эрх хүлээн авагч оролцсон. “М” ХХК нь 2007 оны 15070333 тоот батлан даалтын гэрээний үүргээсээ Иргэний хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1-д заасны дагуу дараах үндэслэлүүдээр татгалзаж байна. “ММ К” ХХК-ийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 349 дүгээр шийдвэрээр дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2/3873 тоот албан бичигт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн нэр дээр өөр эд хөрөнгө илрээгүй” гэж бичсэнийг үндэслэн Иргэний хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1-д “Үүрэг гүйцэтгэгчийн эд хөрөнгийн байдал эрх муудсан” гэснийг, “ММ К” ХХК шүүхийн шийдвэрээр дампуурсан буюу татан буугдсан учраас үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, оршин байх хаяггүй болж, түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй буюу боломжгүй болсон нь мөн хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1.2 “үүрэг гүйцэтгэгч оршин суугаа газраа өөрчилсний улмаас түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй болсон” гэснийг, “ММ К” ХХК нь үүрэг гүйцэтгэх хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь дээрх шүүхийн шийдвэрүүдээс тодорхой харагдаж байх тул мөн хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1.3-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй” гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн болно. “ММ К” ХХК-ийн эд хөрөнгийн байдал эрс муудсан учраас шүүхэд дампууруулах хүсэлт гаргасан байх, төлбөрийн чадваргүй болсон, нөгөө талаар шүүхийн шийдвэрээр дампууруулсан тул манайх хохирлоо нэхэх, шаардахад хүндрэлтэй болж байгаа, үүрэг гүйцэтгэгч “ММ К” ХХК үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул батлан даагчийн үүргээсээ дээрх хуулийн хүрээнд татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.5, 460,5.1, 460.5.5-д тус заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 589 541 729 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “М банк”-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52 814 677 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М банк” нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 3 105 659 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй тухайд:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан дүгнэлтийг хийж чадаагүй алдаа гаргасан гэж үзэж байна. Үүнд: 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “А” банк болон “ММ К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 448 418 880 төгрөгийг, 24 сарын хугацаатай №15070333 тоот зээлийн гэрээний байгуулагдсан хэдий ч уг төлбөрийг “ММ К” ХХК хэзээ ч хүлээж аваагүй. Тухайн гэрээний барьцааны хөрөнгө ч жинхэнэ өмчлөгчийн ямар ч зөвшөөрөлгүй хийгдсэн, уг зээлтэй холбогдох шүүхийн шийдвэр гарсан талаар “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид огт мэдээгүй өдийг хүрсэн учир талуудын хоорондын маргаантай холбоотой нотлох баримтыг нягтлан үзэх, жинхэнэ бодит үнэнийг шүүн тунгаах асуудалд шүүх хариуцлагагүй хандсан гэж үзэж байна. “М” ХХК худалдааны үйл ажиллагаа, “М” ХХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, “М” ХХК нь жүүс, ундааны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг, тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд юм.  Талуудын хооронд 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №15070333 тоот батлан даалтын гэрээний баталгаажилтыг үзэхэд А банк болон “М” ХХК хувьцаа эзэмшигчидтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөлсөөр ажиллаж байгаа ажилтан учир тухайн компанийн эд хөрөнгийг барьцаалах, банктай батлан даалтын гэрээ байгуулах эрх мэдэл байхгүй.

2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А банк дампуурч, А банкны эрх хүлээн авагчийн шаардах эрхийг М банкинд шилжүүлжээ.

М банк нь “М” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 758 356 406 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн №15070333 тоот зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт огт хамааралгүй “ММ К” ХХК болон А банкны хооронд 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 006050131 тоот зээлийн гэрээний дагуу 200 000 000 төгрөгийг зээлийн гэрээний тал биш, тухайн үед батлан даалтын гэрээ байгуулаагүй цаг хугацааны төлбөрийг “М” ХХК-иас давхар нэхэмжилсэн байхад шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг огт нягталж үзэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ. Энэхүү зээлийн гэрээнд уг батлан даалтын гэрээ огт хамааралгүй юм.

“ММ К” ХХК нь Б.О-ийн хувийн компани учир “М” ХХК хамаагүй, тэрээр гүйцэтгэх захирлын эрх мэдлээ ашиглаж, хууль бус ажиллагаа явуулсан нь одоо тодорхой болоод байна.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болон холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй талаар:

2.1 Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг зөрчиж, “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.О-т ямар нэг эрх олгогдоогүй гэж талууд мэтгэлцэж байхад уг харилцаанд хамаарал бүхий хуулийг хэрэглээгүй алдаа байна. Нөгөөтэйгүүр “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.О-т өөр хуулийн этгээд буюу “М” ХХК-ийн сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг зээлийн гэрээний барьцаанд тавьсан үйл ажиллагаа нь анхнаасаа хууль зөрчсөн байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т заасан шаардлагыг хангаагүй талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж чадаагүй, байгуулсан батлан даалтын гэрээ нь анхнаасаа хууль зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.

Иймд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасны дагуу батлан даагч зээлдэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

2.2 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан боловч шүүх А банкны эрх хүлээн авагч нь 2011 оны 3 дугаар сард шүүхэд хандаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн байхад хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг нарийвчлан тооцохгүйгээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж буруу дүгнэлт хийжээ.

Учир нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 349 дүгээр шийдвэрээр “ММ К” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар хариуцагч мэдээгүй. Уг шийдвэрээс хөөн хэлэлцэх хугацааг эхэлж тоолсон ч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Энэ талаар шүүх нотлох баримтад суурилсан эрх зүйн дүгнэлт хийх ёстой.

Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс “М” ХХК энэ талаар энэхүү хэргийн хариуцагч болох үеэс мэдсэн юм.

Иймд Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар банк өөрөө үүрэг гүйцэтгэх хугацаагаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч энэ үндэслэлээр шаардах эрхээ алдсан гэж үзнэ. Дээрх нөхцөл байдалд үндэслэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх эрх зүйн бүрэн боломжийг анхаараагүйгээс холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэнгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-т Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болсон нотлох баримтын хууль зүйн болон үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэснийг зөрчсөн байна.

Мөн хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, талуудын мэтгэлцээнийг хагалахад зайлшгүй шаардлагатай, өөрсдөө олох боломжгүй, зарим баримтуудыг шүүхээр гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргасан боловч нэг ч хүсэлтийг шүүх хангаагүй болно. Зарим хүсэлтийг шүүх хүлээн авах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж ирлээ. Энэ нь талуудын мэтгэлцэх зарчмыг шүүх хангах үүргээ биелүүлээгүйгээс шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хариуцагчийн эрхийг хязгаарласан, зөрчил гаргасан гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч М банк нь хариуцагч “М”-д холбогдуулан Батлан даалтын гэрээний үүрэгт 758 356 406 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 116 000 000 төгрөгөөр багасгаж, 642 356 406 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь “М”-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу шүүх “М”-д холбогдуулан 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2015/23419 дүгээр “Иргэний хэрэг үүсгэх тухай”, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 102/ШЗ2015/31797 дугаар “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” тус тус шүүгчийн захирамжуудыг гаргажээ. /хэргийн 12, 31 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь “А банк” болон “М” ХХК-ийн хооронд 2007 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 15070333 тоот Батлан даалтын гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч “М” ХХК нь “М” гэж нэрээ өөрчилсөн болон хэрэгт “М” гэх хуулийн этгээдтэй холбоотой баримт авагдаагүй.

 

Гэтэл шүүх үүнийг тодруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг солих эсэхийг шийдвэрлээгүй атлаа хариуцагчаар татаагүй этгээд буюу “М” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журмыг зөрчжээ. 

 

“А банк”-ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй “ММ К” ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн төлбөр болон нотариатын үйлчилгээний хөлс нийт 931 917 880 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 323 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 417 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 674 дүгээр тогтоолоор тус тус шийдвэрлэж, “ММ К” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 758 356 406 төгрөгийг гаргуулан “А банк”-ны эрх хүлээн авагчид олгохоор, “ММ К” ХХК нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны гэрээнд заасан эд хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хэргийн 8-11 дүгээр тал/

 

Хан-Уул дүүргийн 2012 оны 379 дүгээр шүүхийн шийдвэрээр “ММ К” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгахаар шийдвэрлэж, тус компани нь “А” банкны эрх хүлээн авагчид дээрх шийдвэрүүдэд заасан төлбөрөөс өөр этгээдэд өр, төлбөргүй гэж дүгнэж, нэхэмжлэгчид хурал зохион байгуулах, хэрэг гүйцэтгэгч томилоогүй байна. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 140 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.

/хэргийн 46, 91-93 дугаар хуудас/

 

Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд дээрх шийдвэрээр “ММ К” ХХК-ийг дампуурсныг тогтоож, татан буулгасныг, нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлснийг батлан даалтын гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч тал болох “А” банкны эрх хүлээн авагч нь батлан даагч “М” ХХК-д хуулиар хүлээсэн мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

           

Өөрөөр хэлбэл, батлан даалтын гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлийн гэрээний төлбөр төлөгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болохыг шүүхийн шийдвэр гарснаар батлан даагчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2/3873 тоот албан бичгээр “А” банкны эрх хүлээн авагч С.Э-д төлбөр төлөгч “ММ К” ХХК-ийн нэр дээрх тус банкны төлбөрт барьцаалагдсан ......... дүүргийн .......... дугаар хороо, ............... хашаанд байрлах, улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэлтэй, үйлдвэрийн зориулалттай барилгыг албадан дуудлага худалдаанд оруулж, 116 000 000 төгрөгөөр худалдаж, улсын бүртгэлийн гэрчилгээг нь гаргуулахыг хүссэн байх бөгөөд “ММ К” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Барьцааны гэрээ”-ний дагуу барьцаалсан дээрх шүүхийн шийдвэрүүдэд заасан төлбөр төлөгчийн зээлийн үүргийг гүйцэтгүүлэхээр заасан барьцааны бусад нэр бүхий эд хөрөнгүүдийг хэрхсэн нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн шүүх батлан даагчид барьцаалагч /“А” банкны эрх хүлээн авагч/-ийн эрх шилжсэн эсэх нөхцөл байдлыг тодруулалгүй, хариуцагч “М” ХХК-ийн дээрх “ММ К” ХХК-иас зээлийн төлбөр гаргуулах, түүнийг дампуурсанд тооцож, татан буулгасан хэргүүд, шийдвэр гүйцэтгэх материалаас тус тус төлбөр төлсөн талаарх холбогдох баримтуудыг гаргуулах тухай удаа дараагийн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан нь учир дутгадалтай болжээ.

 

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр гүйцэтгэх материалаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж гаргасан хүсэлтийг тус албаны 2015 оны 3/676 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш гэх үндэслэлээр хүлээн аваагүй байх бөгөөд хариуцагч нь дээрх хэргүүдийн оролцогч, “зээлийн гэрээ”, шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч биш ба уг хэрэг материалуудаас нотлох баримтыг өөрөө авч, шүүхэд гарган өгч, төлбөрийн хэмжээний талаар нотлох боломжтой эсэхэд шүүх анхаараагүй байна.

/хэргийн 34 дүгээр тал/

 

Хариуцагчийн дээрх хүсэлтүүд нь маргааны үйл баримтыг тогтоож, эрх зүйн хувьд дүгнэлт хийхэд ач холбогдолтой байж болох юм.

 

М банкны Ерөнхийлөгчийн 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Төлөөлөх бүрэн эрх олгох тухай” А-92 дугаар тушаалаар “М банкны тэнцэлд бүртгэлтэй “А банк” ХК-д олгосон зээлийн 75 800 000 000 төгрөгийн өрийн үлдэгдлийг актив хөрөнгөөр барагдуулах ажиллагаатай холбоотой эрх зүйн асуудалд М банкийг төлөөлөх, акт баримт бичиг, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах эрхийг Тамгын газар /Д.Ч /-д олгохоос өмнө тэрээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийг үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 40/2014ЭХА-199 тоот “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-ээр “А банк” ХК дахь эрх хүлээн авагчаас “ММ К” ХХК-ийн хүлээх зээлийн гэрээний үүрэг болох 642 356 406 төгрөгийг шаардах эрхийг М банкинд шилжүүлэн авсан байна.

 /хэргийн 4-5, 35 дугаар тал/

 

Түүнчлэн, М банк хэлцлийн дагуу арилжааны банкны бусадтай байгуулсан “Батлан даалтын гэрээ”-ний үүргийг гүйцэтгүүлэх эрхийг буюу иргэний эрх зүйн хэлцлийн нэг талын шаардах эрх хүлээн авагчийн эдлэх эрх үүргийг хэрэгжүүлэх эрхтэй эсэхэд эрх зүйн  хувьд дүгнэлт хийх шаардлагатай юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх “А” банкны эрх хүлээн авагчтай “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан М банкны тамгын газрын захирал Д.Ч нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б-2/1219 дүгээр албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байдлаас үзвэл шүүхэд П.Э нь түүний албан үүргийг хэзээнээс түр орлон гүйцэтгэж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны зөвтгөн өөрчилж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/03348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 105 659 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

                                                  ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                С.ЭНХТӨР