Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 4

 

 ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: А.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   ******* аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Таванхар овгийн А.О өд холбогдох 1828000000168 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

А овогтой А.О  нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22-23 цагийн орчимд ******* аймаг******* сум, 6 дугаар баг,******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Н.Э гийн бие махбодид халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч А.О ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.О  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие эхнэр Н.Э г зодсондоо маш их харамсаж байна. Бид ялихгүй зүйлээс болж муудалцдаг. Бага хүү маань арьсны өвчтэй. 2 жил болж байна. Байнгын арчилгаатай байдаг. Эхнэр өглөө ажилдаа гараад орой ирдэг. Би 2014 онд зүрхний хагалгаанд орсон. Түүнээс хойш 60 хувийн группт байдаг. Дахин ийм үйлдэл гаргахгүй харамсаж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...А.О  бид хоёр гэр бүл болж хамт амьдраад 18 жил гаран болж байна. Энэ хугацаанд 4 хүүхэдтэй болсон. Анх 2007 онд намайг эрүүлдээ усны шланкаар шавхарч зодон миний биеийг хөхрүүлж байсан. Түүнээс хойш гайгүй байсан. 2014 онд зүрхний хагалгаанд орсноос хойш огт архи уухаа больсон. Түүнээс өмнө бол согтуугаар шөнө гэртээ агсан тавиад байхаар нь би гарч зугатаад ээжийндээ очих, эсвэл гадаа сууж байгаад унтсан хойно нь орж унтдаг байсан. Сүүлийн жилүүдэд хааяа ам мурийж хэрэлдэх асуудал байдаг. Хэрэлдэхээрээ намайг элдэв бусаар хэлж доромжлоод байхаар нь би гарч яваад ээжийндээ очиж хонодог болсон. Бас их доромжлоод гар хүрч зодохоор нь салахаар шийдээд ээжийндээ очиж хэд хонохоор араас ирээд ээжээс уучлалт гуйгаад, надаас уучлалт гуйгаад элдэв маягаар дахин тэгэхгүй гэж байгаад намайг аваад явдаг байсан. Хамгийн сүүлд 12 сарын 01-ний өдөр манай сургуулийн урлагийн үзлэг болоод би өмнөх хэд хоногт нь ангийнхаа хүүхдүүдийг бэлтгүүлээд оройтсон байсан болохоор тэр өдөр 22 цагийн үед гэртээ ирчихээд хүүхдийнхээ хичээлийг хийлгэж байсан юм. Тэгээд телевизийн ДДШ-ний эрх дууссан байхаар нь нөхрийг сунгачих гэснээс болоод нөхөр намайг чи гэрийн бараа харахгүй байж өөрөө наадхаа сунга гээд элдвээр хэлээд загинаад байхаар нь би ажилтай байгаа гэж хэлсэн чинь чи муу хаагуур банзалдаж явдгийг яаж мэдэх юм гээд ширээн дээр байсан хоолны том төмөр халбагыг надруу авч шидээд миний зүүн хавиргыг оносон. Дараа нь ширээн дээр байсан түмпэнтэй махнаас булууны яс шидээд бас зүүн талыг хавирга орчимд онож цохьсон. Тэгэхэд нь би нүүрээ хамгаалаад буруу хараад сууж байсан юм. Тэгсэн чинь А.О  чиний утас хаана байна би дансыг чинь үзнэ, хэрвээ чиний дансанд мөнгө байвал би чамайг ална гээд утас нэхсэн. Тэгэхээр нь чи миний утсыг эвдчихдэг биз дээ, саяхан засуулсан шүү дээ гэж хэлсэн чинь тэр ямар хамаатай юм бэ, миний мөнгөөр авсан утас биз дээ гэж хэлсэн. Тэгээд өөрийнхөө утсаар миний утасруу залгаж үзчихээд миний утсыг авах гэхээр нь би гэрээс гарч зугатаад Хан-Уулын 8-5 тоотод байдаг ахынхаа гэрт очсон. Тэгэхэд ахынх унтчихсан гэр нь харанхуй байхаар нь хаалгыг нь тогшоод сэрээгүй. Тэгээд би шууд ээжийндээ очсон. Тэгэхэд шөнийн 02 цаг өнгөрч байсан. Тухайн үед би гэрийн халадтай, табчиктай явсан юм. Тухайн өдөр нь хагас сайн өдөр байсан болохоор 1 дэх өдөр нь би эмнэлгээр үзүүлсэн чинь эмч миний 2 хавирга хугарсан байна гэж хэлсэн. 4 хүүхэдтэй болчихоод намайг зодсонд нь гомдож байна. Нэхэмжлэх зүйл бол байхгүй... /хх-ийн 14-р хуудас/

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний охин Н.Э  нь А.О  гэх хүнтэй гэр бүл болж амьдраад 18 жилийн хугацаанд 4 хүүхэдтэй болсон. Манай хүргэн ер нь нийгэмд ажил хийж үзээгүй гэрээрээ мужааны ажил хийдэг. Зун болохоор жуулчинд явдаг ажилтай, манай охин 1 дүгээр сургуульд багш ажилтай болохоор маш их ажилтай өглөөнөөс шөнө хүртэл ажилладаг. Хагас бүтэн сайн өдрөөр бас их ажилладаг юм. Нөхөр нь үүнийг ерөөсөө ойлгодоггүй. Дандаа хий хоосон хардаж загинаад байдаг гэж манай охин ярьдаг. Манай охины хувьд нөхрөөсөө өөр хүнтэй үймээд явж байх хүн биш. Ажил төрлөөрөө их сайн явж байгаа, Багшийн дээд сургуулийг улаан дипломтой төгссөн, Монгол Улсын шилдэг багш болсон, боловсролын тэргүүний ажилтан болсон байгаа. Манай охин олон удаа нөхөртөө зодуулж, дарамтлууллаа гэж манайд ирж байсан. Шөнөөр нимгэн хувцастай гүйгээд ирдэг байсан. Сүүлийн үед манай охин нөхрөөсөө салах юмсан гэж ярьж байхад нь би за яахав дээ. Нэгэнт амьдарсан амьдрал юм хүүхдүүдээ элэг бүтэн амьдруулаад арга эв зүйгээ олоод амьдрах хэрэгтэй гэж сургаж байсан юм. Сая өнгөрсөн 11 сард манай охиныг нөхөр нь мөнгөнөөс болж дарамталсан гэж байсан. 12 сарын 01-ний шөнө манай охин хөл нүцгэн гүйж ирж байсан. 12 сарын 01-ний шөнө 02 цагийн үед манай цонхыг хүн тогшихоор нь би харсан чинь миний охин гэрийн халадтай, табчиктай хөлдөж үхэх шахсан амьтан байж байсан. Тэгээд юу болсныг нь асуусан чинь нөхөр зодсон гэж хэлсэн. Тэгээд биеийг нь харсан чинь зүүн талын хавирганы хавьд нь хөхөрсөн байхаар нь маргааш нь эмнэлгээр үзүүлсэн чинь хавирга нь хугарсан байсан. Би өргөдөл бичиж цагдаад хандсан юм. Н.Э д тухайн үед цагдаад хандаж шалгуулах талаар хэлэхэд манай охин өөрөө хэрэггүй битгий гээд гуйгаад байдаг байсан юм. /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь 2016 оны зун А.О  нь манай дүү Н.Э г зодсон гэж сонсоод би очиж дүүгээ аваад ээжийнд аваачиж байсан. Тухайн үед тэр хоёр 2 cap тусдаа амьдраад нөхөр нь надтай ирж уулзаж гуйгаад эхнэрээ авч явж байсан. Тэгэхэд А.О  би дахин ийм асуудал гаргахгүй гэж гуйж байсан. Тэр үедээ Н.Э гийн нуруу, биенд нь хөхөрчихсөн байсан. Түүнээс хойш сая буюу 2018 оны 12 сарын 01-ний шөнө бас нөхөр нь зодсоны улмаас Н.Э  бид нарыг унтаж байхад ирж хашааны хаалга нүдэж байгаад явсан гэж маргааш нь сонссон. Тухайн шөнө бид нар огт мэдээгүй унтаж байсан юм. Ер нь зодуулдаг гэдгээ манай дүү надаас нуугаад байдаг юм билээ. Миний мэдэж байгаа нь 2016 онд зодуулж байсныг нь мэдсэн. Өөрөөр зодсоныг нь мэдэхгүй. Би тэд нартай их дотно байдаггүй болохоор сайн мэдэхгүй, хааяа нэг уулздаг. Тэгж байхад хүнийг их заналхийлдэг, хүнд их өс санадаг юм шиг харагддаг /хх-ийн 21-р хуудас/

Шүүгдэгч А.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  Би Н.Э тэй гэр бүл болоод 19 жил амьдарч байна. 4 хүүхэдтэй. Гэр бүлийн ойр зуурын хэрүүл хааяа гарах тохиолдол гардаг. Тухайн үедээ хэрэлдсэн ч гэсэн удалгүй эвлэрээд эв зүйгээ олж л байдаг байсан. Миний хувьд эхнэрээ байнга зодоод дарамтлаад байдаггүй. Одоогоос 2 жилийн өмнө байх 2016 онд нэг удаа бид хоёр жаахан асуудлаас болоод хэрэлдээд би уурандаа эхнэрийгээ цохиж хөхрүүлсэн байсан. Түүнээс болж эхнэр надаас сална гэж ээжийндээ очиж 2 cap болоод, би хүүхдүүдээ өнчруүлээд яах вэ гээд эхнэртэйгээ ярьж учраа олж байсан. 2018 оны 12 сарын 01-ний орой зурагтны ДДШ-ний сунгалт хийх асуудлаас болж хэрүүл маргаан үүссэн. Тэгээд би хэрэлдэж байгаад эхнэр рүү хоолны том халбага авч шидсэн чинь эхнэрийн нуруун дээр нь онох шиг болсон. Би өрөөндөө ороод унтсан. Маргааш өглөө нь боссон чинь эхнэр эзгүй байсан. Хүүхэд маань ээж эмээгийнхрүү явсан гэж хэлсэн. Хэрүүл хийж байгаад л би чамаас сална гээд гараад явчихдаг. Тэгэхдээ ээжийндээ очдог байсан. Би хэд хонож байгаад очиж гуйж авчирдаг тохиолдол хэд хэд байгаа. Бусдаар бол би зодоод явуулчихдаг юм байхгүй. Хавирга нь хугарсан байна гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна. Миний шидсэн халбага онож хавиргыг нь хугалсан байх гэж би бодож байна. Би эхнэрээ зодсондоо маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй. /хх-ийн 28-29-р хуудас/

******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Э гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10,11-р хавирганы хугарал, цээжний зүүн ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 23-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /04-р хуудас/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 05-06-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 45-49-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.О  нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 22-23 цагийн орчимд ******* аймаг******* сум, 6 дугаар баг,******* тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Н.Э гийн бие махбодид халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 581 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Э гийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн талын 10,11-р хавирганы хугарал, цээжний зүүн ар хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 23-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.О өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан байх боловч шүүгдэгч нь зүрхний хагалгаанд орсны улмаас группт байдаг болох нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  заасан буюу биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй гэсэн заалтыг баримтлан түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй байхаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч А.О ийн хувийн байдал, түүний сарын орлого нь группын мөнгө 230.000 төгрөг байдаг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 12 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгийн торгуулийн ялыг тэнцүү хэмжээгээр төлж биелүүлэхийг даалгаж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч А.О ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.О өд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн никель 23.5 см урт иштэй, 9 см диаметртэй халбага нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Таванхар овгийн А.О ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О өд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О  нь шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг төлж байхыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн никель 23.5 см урт иштэй, 9 см диаметртэй халбага нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч А.О  нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.О өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА