Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: С.Г  /өөрийгөө өмгөөлсөн/,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Г ад холбогдох эрүүгийн 1828000000157 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

           Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

             Шүүгдэгч С овогтой С.Г  нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, .............................. хашаанд Төмөртогоо овогтой Т.С , Д овогтой Д.Э  нарыг цохиж зодон тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад  Т

ОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Г ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Г  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “ шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

        Шүүгдэгч С.Г  шүүхийн хэлэлцүүлэгт: ”Хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

        Эрүүгийн 1828000000157 дугаартай хэргээс:

         Хохирогч Т.Т.С  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед хашаандаа гэрийнхээ хажуу талын гэрт байж байтал манайд 3 танихгүй хүн ирсэн. Тухайн үед манай нөхөр Д.Э  өглөө нь архи уучихсан согтуу гэрт ирээд унтаж байсан юм. Тэгээд би гэртээ орсон чинь манай нөхөр өндийгөөд сууж байсан. Нөгөө 3 хүн нь нэг шил архи задлаад ууцгааж байсан. Тэгэхээр нь би та нар боль, айлд архи уугаад байхдаа яадаг юм гэж хэлчихээд гарч хажуу талынхаа гэрт ороод юм хийгээд сууж байтал манай хүүхэд над дээр ирээд аавыг нэг танихгүй хүн нь зодох гээд байна гэж хэлсэн. Тэгээд би гарсан чинь Д.Э  гэрийнхээ баруун талд хэвтэж байсан. Тэгсэн чинь гэрт хамт байсан нэг танихгүй өндөр хүн нь гэрийн хойноос нэг банзны хугарсан тал мод байсныг барьчихсан ирж байсан. Тэгэхээр нь би нөхрийг цохих нь гэж бодоод болиоч гэж хэлсэн чинь тэр хүн та нар буруу хүнээрээ оролдлоо гээд уурлаад байхаар нь би модыг нь авах санаатай очсон чинь тэр хүн модоороо миний толгойн зүүн тал мөр хэсэг рүү цохьсон. Тэгээд цаашаа эргээд Д.Э ыг хэвтэж байхад нь баруун тал руу нь модоороо нэг удаа цохьсон. Тэгсэн чинь миний толгойноос цус гараад миний ухаан балартаад байхаар нь би хүүхэд рүүгээ утсаар ярьж дуудсан. Тэр хүн шууд хашаанаас гараад явчихсан. С.Г  их согтуу байх шиг байсан. Нөгөө хоёр хүний нэг хүн нь ирээд удалгүй буцаад явчихсан юм билээ. Нэг нь байж байгаад явсан гэж манай хүүхэд хэлсэн. Энэ С.Г  гэдэг хүнд гомдолтой байна. Эмнэлэгээр явж рентгөн зураг авахуулсан мөнгө бас эм авч уусан мөнгө нийлээд 40.000 төгрөг нэхэмжилмээр байна. Одоо надад хэргийн материалд хавсаргах хохирлын баримт бол байхгүй байна. С.Г  миний хохирлыг барагдуулчихвал миний зүгээс гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй.” гэх мэдүүлэг /хх 10-11 дүгээр хуудас/,

            Хохирогч Д.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:” Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ байж байгаад 12 цагийн үед гарч яваад найзтайгаа хамт нэг шил архи хувааж уучихаад гэртээ 16 цаг болж байхад харьсан. Тэгээд тэр өдөр хөдөө явах гэж байснаа архи уучихсан болохоор мотоцикльтой явж болохгүй гээд болиод гэртээ унтаж амарсан. Нэг мэдсэн чинь миний хажууд манай эхнэрийн толгойноос цус гарчихсан, би гэрийн гадаа хэвтэж байсан. Тэгсэн чинь миний цээжний баруун тал руу хөндүүрлэж өвдөөд хөдлөхөд өвчтэй болсон байсан. Би гэртээ харихаасаа өмнө хүнтэй маргалдсан, муудалцсан зүйл байгаагүй, шууд гэртээ харьсан. Би тэд нарыг огт санахгүй байгаа, тухайн үед их согтсон байсан болохоор гэрт хүн ирээд надад архи өгснийг нь санахгүй байгаа. Нэг мэдэхэд л гэрийн гадаа хэвтэж байсан. Энхнэрийн хэлснээр бол С.Г  гэх хүн намайг зодсон гэсэн. Юунаас болсныг нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх 15-16 дугаар хуудас/

Яллагдагч С.Г  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төвөөр явж хувийн ажил хөөцөлдөж яваад 10 цагийн үед танил найз Н  гэдэг хүнийг дуудаж уулзсан. Тэгээд би Н тэй нийлж гудамжинд нэг шил архи хувааж уучихаад банкнаас мөнгө авах гээд очсон чинь согтуу хүнд үйлчлэхгүй жаахан байж байгаад эрүүл болчихоод ир гэхээр нь Оюут 2-24 тоотод байдаг хуучин хадмындаа очиж байж байгаад эргээд банкин дээр 12 цагийн үед очиж манай дүү над руу мөнгө шилжүүлсэн байсан 70.000 төгрөгийг авсан. Тэгээд тэр мөнгөөрөө архи авч уугаад Н тэй явж байгаад согтоод тасарчихсан. Нэг мэдэхэд Д.Э ынд орж очиж байсан. Тэднийд Д.Э  ганцаараа унтаж байсан. Тэгэхэд Н  Д.Э ыг дуудаж босгоод архи өгсөн. Тэгсэн чинь эхнэр нь зүгээр бай битгий архи өгөөд бай гээд байсан. Тэгээд би архи нэмж ууж байгаад согтоод тасарсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй огт санахгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаагийн газарт эрүүлжүүлэхэд байж байсан. Би Д.Э ыг яагаад зодсоноо мэдэхгүй байгаа. Би согтоод тасарчихсан байсан юм. Д.Э ынд Н , бас нэг танихгүй хүнтэй гурвуул очсон. Би Т.С г зодож цохьсоноо мэдэхгүй байна. Согтоод тасарчихсан байсан болохоор би санахгүй байна. Би Д.Э ынд хэдэн цагт очсоноо санахгүй байна, тэднийхээс гарч явж байгаад цагдаад баригдсан. Тэгэхээр үдээс хойш л очсон байх.” гэх мэдүүлэг /хх 37-38 дугаар хуудас/,

Гэрч Г.Н  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ” 2018 оны 11 сарын 15-ны өглөө 10 цагийн үед Баруунсайханд гудамжинд явж байхад С.Г  дуудсан. Тэгэхээр нь очиж уулзсан чинь хөдөөнөөс ирлээ гээд надад нэг шил 0.5 граммын архи авч өгөөд бид хоёр тэр архийг гудамжны мухарт сууж байгаад хувааж уусан. Тэгээд С.Г  банкнаас мөнгө авна гээд орсон чинь согтуу байна гээд үйлчлэхгүй гэсэн. Тэгээд бид хоёр гадаа нилээд сууж байгаад С.Г  дахиж ороод мөнгөө авчихлаа гээд ирсэн. Тэгээд хамт яваад Дундсайханы баруун талаар явдаг засмалын хажууд нэг танихгүй хүнтэй таарсан. Тэр хүн С.Г ыг таниад байх шиг байсан. Тэгээд дахин нэг шил архи авч гудамжинд хувааж уусан. Тэгээд тэр хүн бид хоёрыг дагаад явж байсан чинь С.Г  дахиад нэг шил архи аваад энд нэг танил айл байгаа тэднийд орж ууя гэсэн. Тэгээд бид нар хаягийг нь мэдэхгүй Дундсайханы 7-р гудамжны баруун үзүүрт шахуу байсан нэг айлд орсон. Тэр айлд нэг хүн унтаж байсан. Тэгсэн чинь С.Г  архиа гаргаад задалсан. Тэгэхээр нь би тэр унтаж байсан хүнийг нь дуудсан чинь тэр хүн босч ирээд суусан. Тэгж байхад гаднаас гэрийн эзэгтэй нь гэх эмэгтэй орж ирээд та нар унтаж байгаа хүн дуудаж архи өглөө явцгаа гэж загинасан. Тэгээд тэр эмэгтэй гараад явчихсан. Тэгсэн чинь хамт байсан танихгүй хүн гараад явчихсан. Тэгээд удалгүй нөгөө гэрийн эзэн нь барьж байсан аягатай архиа асгачихсан чинь С.Г  уурлаад чи муу архи асгалаа гэж загинасан чинь нөгөө хүн бас согтуу байсан. Тэгээд та нар манайхаас зайл гэсэн чинь С.Г  уурлаад тэр хүнтэй муудалцаад хувцаснаас нь заамдаад байхаар нь би боль гэж хэлсэн чинь намайг ална шүү гээд уурлаад байхаар нь би гараад гэрлүүгээ явчихсан, тэнд эргэж очоогүй.” гэх мэдүүлэг /хх 21-22 дугаар хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 19-ний өдрийн №558 дугаар шинжээчийн дүгнэлтэд: 1. Т.Т.С гийн биед тархи доргилт, зүүн чамархайд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 24 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 19-ний өдрийн №559 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: 1. Д.Д.Э-ын биед баруун 9,10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 26 дугаар хуудас/

Хохирогч Т.С , Д.Э  нарын эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх 31-34 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч С овогтой С.Г  нь согтуугаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 7-44 тоот хашаанд Т овогтой Т.С , Д овогтой Д.Э  нарыг цохиж зодон тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүний халдашгүй байх эрх, эрх чөлөөнд халдсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Г ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Т.С гийн биед тархи доргилт, зүүн чамархайд шарх гэмтэл, хохирогч Д.Д.Э ын биед баруун 9,10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Г  нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт үйлдлээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Г ыг  Т.С , Д.Э  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Г  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Т.С гийн эрүүл мэндэд учирсан хохирол, түүний хор уршгийг арилгахад 40.000 төгрөг гарсан, шүүгдэгч С.Г аас гаргуулж өгнө үү гэснийг шүүх хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Хохирол төлбөрийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байх тул хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.     Иймд нотлох баримтаа бүрдүүлсэний дараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хуульзүйн үндэслэлтэй.

 Хохирогч Д.Д.Э  хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн 1828000000157  дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Арилжааны банкуудын тодорхойлолт /хх 47-53 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Г ын ял шалгах хуудас /хх 54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Г ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөдөө аж ахуйн яамны Өмнөговь аймаг дахь хөдөө аж ахуйн техникум мэргэжлийн сургуулийн захирлын тушаал, оршин суугаа газрын тодорхойлолт  /хх 43, 42, 44, дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр 32 см урттай, 9 см өргөнтэй 1 ширхэг банз модыг шүүгдэгч гэм үйлдэлдээ ашигласан нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,   36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овгийн С.Г ыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Т.С гийн нэхэмжилсэн 40.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч С.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 метр 32 см урттай, 9 см өргөнтэй 1 ширхэг банз модыг шүүгдэгч гэм үйлдэлдээ ашигласан нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ