| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0006/Э |
| Дугаар | 7 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 7
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч: С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайнаг овгийн С.М т холбогдох 1828001420165 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 09-нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Нартын алтан жолоо ХХК-ийн гүйцэтгэх захирал, Далан гол ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, .................... тоот хаягтай, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Хайнаг овгийн С.М , регистрийн дугаар .....................
Шүүгдэгч С.М нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас Булган сум явах шороон замын 7 дахь километрт 86-88 УБЧ улсын дугаартай Тоёота Ланд Куйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.С ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Золгүй явдлаас болж найзын минь амь нас эрстсэнд маш их харамсаж байна. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө гэрээсээ гараад эхнэрийгээ ажилд нь хүргэж өгөхөд манай найз нэг хүнээс машин авна гэж байсан тэр хүн нь ирсэн байж таараад Д.Х найз руугаа яриад машин авах хүн ирсэн байна гэж хэлээд очиж авсан. Тэр хүмүүсийг хооронд нь уулзуулаад байж байгаад Ө.Ж , Д.Х бид 3 урьд өдөр нь тог тасраад машины ард мотор байсан. Тэрийг айлд хүргэж өгчхөөд С.Б гэх найз хотоос ачаатай ирээд очоод уулзаж байтал талийгаач найз маань над руу залгаад хаана байна хүрээд очъё гээд С.Б ы хаягийг зааж өгсөн над руу 3-4 удаа залгаж байж ирсэн. Ямар ажилтай явж байна гэсэн чинь машин худалдаж авах гэж байна. Одоо Улаанбаатар хотоос машин ирж байгаа тэрийг үзэж хараад авъя гэсэн. Би цагаан хад руу ус зөөх машин авах гэж байгаа гэсэн машин авах хүнийх нь утас холбогдохгүй байсан. С.Б ыхаас гарахдаа миний найз хаашаа явах юм бэ гэхэд өнөөдөр чамаас салахгүй хамт явна гэсэн. Хашаанаас гараад онцын ажил байхгүй бол манай аав дээр очъё гээд манай аавын ногооны талбай орохоор хойшоо явж байгаад авто тээврийн ар шороон замаар явж байгаад тогтоол усанд шарвасан тоормос гишгэсэн ч нөлөөлөөгүй. Би гараад хойшоо гүйхэд машин доор дарагдсан байсан. Тэгээд би цагдаа эмнэлэг бүгдийг газар дээр нь дуудсан. Ар гэр рүү нь ярьж ийм зүйл боллоо гэж хэлсэн...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 8 дугаар cap 25-ны өглөө манай хүү Т.С э Өмнөговь аймаг руу явлаа гэхээр нь яах гэж байгаа юм гэж асуухад фэйсбүүкээс ачааны машин зарна гэсэн зар хараад манай хүүхэд тэр зарын дагуу утсаар ярихад Өмнөговь аймаг руу ачаа ачаад ирнэ гэж байна. Тэр машиныг үзэнгээ машины уралдаан үзээд ирнэ гээд өөрийн уралдааны мотоциклиор Даланзадгад сум руу явсан юм. Манай хүү аймагт очоод орой нь залгаад машины уралдаан сайхан боллоо мотоциклийн уралдаан болсонгүй гэж хэлсэн тэгээд дахин яриагүй юм. Тэгээд маргааш нь манай дүү нар гэрт хүрээд ирсэн юм тэгээд яасан гэсэн чи манай хүү Т.С ийг аймагт машинтай явж байгаад онхолдсон байна гэж хэлсэн юм. Тэгээд би болон ax дүү нарын хамтаар аймагт ирж хүүгийнхээ шарилыг аваад явсан юм...Ер нь бол зам тээврийн осолд ороод нас барсан гэж үзэж байгаа яг ямар шалтгаанаар нас барсан эсэхийг мэдээгүй...Би тэр машин барьж явсан С.М гэдэг хүүг хэл аманд оруулах ямар нэгэн хүсэл сонирхол байхгүй байна...Бидний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...С.М оршуулгын зардал гэж 10 сая төгрөг өгсөн түүнийг нь авсан байгаа өөр нэхэмжлэх зүйл байхгүй...энэ машин барьж явсан хүүг хэл амгүй салгая гэсэн бодолтой байна. ” гэжээ. /хх-39-41/,
Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Талийгаач фэйсбүүкээс зар харж байгаад ачааны машин худалдаж авахаар нэг хүнтэй яриад байсан юм. Тэр үзэж авах гээд байсан машин нь Өмнөговь аймаг руу ачаа ачаад гарах гэж байна. Би аймаг яваад үзээд боломжтой машин байвал авна гээд 2018 оны 08 дугаар cap 25-ны өдөр Өмнөговь аймаг руу өөрийн мотоциклиор ганцаараа явсан юм. Талийгаач аймаг дээр ирчихсэн байна гэж хэлж байсан Болдоо гэдэг найзындаа хонох гэж байна гээд орой утсаар ярьж байсан. 2018 оны 08 дугаар cap 26-ны өглөө 10 цагийн үед талийгаач залгаад нөгөө машин ирж байгаа юм шиг байна гэж утсаар ярьсан түүнээс хойш дахин яриагүй юм Тэгсэн ийм асуудал болсон талаар сонссон юм...” гэжээ. /хх-44/,
Гэрч Д.Х гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар cap 26-ны өглөө гэртээ байж байхад манай найз С.М гэрт хүрээд ирсэн тэгээд хамт гаръя Б той уулзаатхая гэж хэлсэн тэгээд бид хоёр хамт гараад Өнөрбүл дэлгүүр орж Б той уулзсан юм. Тэгээд тэнд байж байхад манай найз Ө.Ж хүрээд ирсэн бид гурав С.М ын машинаар хуучин нисэхээс хойш паркийн зүүн талд байх Нямка гэх айлд очиж мотор буулгаж өгсөн тэгээд засмалын баруун талд байх С.Б гэх найзын хашаанд очиж уулзсан тэгээд байж байхад талийгаач хүрээд ирсэн тэгээд бид нар С.Б ы хашаанаас гараад явсан тэр үед С.М ,талийгаачаас ямар ажлаар ирсэн юм бэ? одоо ямар ажил байна вэ гэхэд талийгаач машин үзэх гэж ирсэн юм. Одоохондоо бол завтай байна чамтай хамт явъя гэж хэлсэн тэгсэн С.М тэгвэл хойшоо аавын ногооны талбай гялс ороод ирье гэж хэлээд аймгаас хойшоо явсан юм. Хойшоо засмал замаар явж байгаад авто тээврийн газрын хойно байх журмын хашааны хойно байх уулзвараар баруун гар тийш эргэж шороон зам руу орсон шороон зам дээр нэг их удаан яваагүй гэнэт шарваад юу болсон бүү мэд нэг мэдэхэд машин 4 дугуйн дээрээ зогссон байсан. Би сууж байсан урд талын суудал дээрээ сууж байсан юм. Тэгээд Ө.Ж хажууд сууж байсан хүн яачихваа гэж хэлсэн тэгээд сандраад машинаас буугаад хайхад талийгаач машин дор дараатай байж байсан. Тэгээд бид гурав машинаа өргөх гэж үзсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд С.М цагдаа, түргэн дуудсан тэгээд удаагүй түргэн тусламж, Цагдаа нар ирсэн түргэн тусламжийн эмч бид гурвыг үзээд Ө.Ж бид хоёрыг авч явна гэсэн тэгээд эмнэлэг рүү явсан юм...” гэжээ. /хх-45-46/,
Гэрч Ө.Ж ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сар 26-ны өглөө 10 цагийн үед найз С.М залгаад Өнөрбүл дэлгүүр дээр байна хүрээд ир гэж хэлсэн юм. Би гэрээсээ өөрийн машинтай гараад Өнөрбүл дэлгүүр дээр очсон тэгэхэд манай найз С.М , Д.Х гэдэг манай найзын хамтаар байж байсан тэгээд бид гурав уулзахад С.М машины ард нь ачаатай байсан моторыг айлд хүргээд өгье гээд хамт явъя гэсэн тэгээд би машинаа Өнөрбүл дэлгүүр дээр үлдээгээд С.М ын машинд суугаад Их-Уулд байдаг Петровисийн клонкийн зүүн хойд тал байх манай найз Н ын гэрт очиж моторыг нь буулгачихаад С.Б ы гэрлүү явсан юм С.Б ых хүүхдийн паркийн өмнө талд байдаг юм би хаягийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд С.Б ы хашаанд байж байхад С.М ын утас нь дугараад С.М утсаар яриад нэг хүнд хаяг зааж өгөөд байсан дараа нь дахиад байгаа газрын хаягаа зааж өгсөн удалгүй талийгаач хар өнгийн приус машинаар хүргүүлж ирсэн Талийгаачийг хүргэж ирсэн машин хашааны хаалган дээр буулгаж өгөөд яваад өгсөн талийгаач хашаанд орж ирээд С.М ын машинд суусан машинд С.М , Д.Х , бид гурав сууж байсан юм. С.Б гадаа зогсож байсан санагдаж байна. Тэгээд С.М машинаа асаагаад хашаанаас гараад С.М талийгаачаас хэзээ, ямар ажлаар орж ирэв гэхэд талийгаач хотоос ачааны машин ирж байгаа би тэр машиныг үзэх гэж ирсэн юм. Утас нь холбогдохгүй байна. Тэр машиныг иртэл чамтай л хамт явж байя гэж хэлсэн тэгсэн жолооч С.М хойшоо аавын ногооны талбай ороод ирье ойрд очоогүй гэж хэлээд шууд хойшоо гарсан юм тэгээд аймгаас гараад засмал замаар явж байгаад журмын хашааны хойно байх баруун гар тийш эргэдэг уулзвараар шороон зам руу орсон тэгээд нэг их удаагүй явж байхад замын устай хонхор орж ирсэн тэр дээр машин нь шарваад тэгээд онхолдсон түүнээс хойш мэдэх юм алга нэг мэдэхэд машин онхолдсон машинд С.М , Д.Х бид гурав байж байсан талийгаач байхгүй байхаар нь машинаас буугаад хайхад машин дор дараатай байж байсан юм. Хэн дуудлага өгсөн мэдэхгүй нэг мэдэхэд эмнэлэг цагдаа нар ирсэн юм. Түргэний эмч намайг болон Д.Х , С.М бид гуравыг үзээд Д.Х бид хоёрыг эмнэлэг аваад явсан” гэжээ. /хх-47-48/,
Гэрч С.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 8 дугаар cap 26-ны өглөө Улаанбаатар хотоос ачаа ачиж ирсэн юм. Ирээд гэртээ амарч байхад манай найзууд болох С.М , Ө.Ж , Д.Х нар С.М ын машинтай ирсэн юм. Бид нар юм яриад сууж байхад С.М ын утас дуугарсан чинь С.М манай гэрийн хаягийг зааж өгч байсан дараа нь дахиад асуух шиг болсон манай гэрийн хаягийг 2 удаа асуух шиг болсон тэгээд байж байхад манай гэрийн үүдэн дээр хар өнгийн приус маркийн машин ирж зогсоод нэг залууг буулгаад яваад өгсөн тэр залуу ирээд С.М ын машинд орж ирээд суугаад С.М тай өчигдөр мотоциклиор Цогтцэцийгээс ирлээ хотоос нэг машин ирж байгаа тэрийг үзээд авах санаатай гэж хэлсэн тэгээд тэр гурав С.М , Ө.Ж , Д.Х тэр ирсэн залуу талийгаач нар С.М ын машинаар яваад өгсөн би гэртээ үлдсэн юм. Тэгээд удаагүй байж байхад Ө.Ж залгаад танайхаас хойш гарч яваад онхолдчихлоо хүрээд ир гэж хэлсэн тэгээд би ганцаараа яваад очиход С.М , Д.Х , Ө.Ж нар машины хажууд сууж байсан сүүлд ирдэг залуу машин дор дарагдаастай байсан юм. Тэгээд эмнэлэг, Цагдаагийн машин ирээд эмнэлгийн эмч манай гурван найзыг үзээд Ө.Ж , Д.Х нарыг аваад явсан юм...” гэжээ. /хх-49/,
Гэрч Ө.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 8 дугаар cap 26-ны өглөө 11 цаг 40 минутад С.М над руу залгаад ахаа бид нар явж байгаад аваарт орчихлоо Т.С э өнгөрчихлөө гэж хэлсэн юм тэгээд би ах дүү нараа аваад наашаа гарсан юм...” гэжээ. /хх-50/,
Гэрч Т.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 08 дугаар cap 25-ны өдөр би аймаг дээр гэртээ байж байхад талийгаач Т.С э би Цогтцэций сумаас аймаг руу гарч байна. Би аймгийн урд болох автомашины уралдаан дээр очно тэнд хүрээд ир гэж хэлсэн би яваад машин уралдаж байгаа газарт очиход талийгаач өөрийнхөө уралдааны мотоциклиор машин уралдаж байгаа газар ирсэн тэгээд бид хоёр уулзаад миний машинд суугаад машины уралдаан үзчихээд 16 цагийн орчимд Даланзадгад суманд ирээд манай гэрт очиж талийгаач мотоциклио тавьчхаад дэлгүүр орж талийгаач гутал авч өмсөнө гээд бид хоёр дэлгүүрээр явсан тэгж явахдаа Улаанбаатараас ачааны машин ирнэ түүнийг үзээд таалагдвал авна гэж хэлж байсан тэгээд орой манай гэрт очоод манайд амарсан юм. Маргааш өглөө нь буюу 2018 оны 08 дугаар cap 26-ны өглөө 08 цаг өнгөрөөж босоод цай унд уучхаад 09 цаг өнгөрөөгөөд морь барианы газарт морь үзэхээр явсан морь барианы газарт очоод их насны морь үзчихээд 10 цагийн үед буцаад аймаг руу явсан аймаг руу явж байхад талийгаач Т.С э, С.М луу залгаад машин тэргээ үзүүлнэ уулзъя гээд яриад байсан тэгээд хүүхдийн паркийн тэнд С.М байна тийшээ явая гэсэн тэгээд би паркийн тэнд нэг айлын хашааны үүдэнд талийгаачийг хүргэж өгсөн тэр хашаанд С.М цагаан өнгийн 100 машинтай зогсож байсан жолоочийн суудалд дээр нь С.М сууж байсан хажууд нь нэг хүн сууж байсан ард нь нэг хүн байсан өөр хүн байгаагүй талийгаач очоод машины ард ороод сууж байгаа харагдсан би тэгээд яваад өгсөн юм. Тэгээд тэр өдрийн үдээс хойш аваар болсон талаар сонссон юм...” гэжээ. /хх-51/,
Гэрч Ч.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би энэ машиныг 2009 онд худалдаж аваад унаж байгаад 2018 оны 06 дугаар сарын дундуур С.М гэдэг миний таньдаг залуу авъя гэхээр нь 24.000.000 төгрөгөөр зарсан юм. Миний машин Улаанбаатарын дугаартай учраас заавал хотод очиж шилжүүлэг хийх шаардлагатай байсан учраас тухайн үед нь шилжүүлэг хийж чадаагүй юм. С.М нэг хот явахдаа надаас итгэмжлэл хийлгэж аваад явна тэгээд өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж ярьж байсан юм...” гэжээ. /хх-52/,
Шүүгдэгч С.М ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “2018 оны 08 дугаар сарын 26-ны өглөө босоод эхнэрээ ажил дээр нь хүргэж өгчхөөд гэр лүүгээ буцаж явах замдаа Улаанбаатар хотоос Б ирсэн байгааг хараад манай найз Д.Х Б оос уралдааны машин авна чи яриад өгөөч гэж хэлснийг санаад Д.Х тэй утсаар яриад Өнөрбүл дэлгүүр дээр хүрээд ир Б ирчихсэн байна гэж хэлсэн тэгсэн Д.Х гэрт ирээд авчих гэж хэлсэн тэгэхээр нь би Д.Х г гэрээс нь очиж аваад Б той уулзуулаад наймаа тохирсон тэгээд машин дотор юм яриад Өнөрбүл дэлгүүрийн гадаа зогсож байхад миний найз Ө.Ж машинтай хүрээд ирсэн юм. Тэгээд Ө.Ж миний машинд ороод суусан тэгээд Б машинаас буугаад явсан Д.Х , Ө.Ж бид гурав миний машины ард байсан цахилгаан моторыг Н гэдэг найздаа хүргэж өгөх гээд Их уул руу явсан Их-Уулд очиж моторыг хүргэж өгчхөөд явж байхад найз С.Б хотоос ирсэн байна гэж ярихаар нь бид гурав Батчлууны хашаанд очиж С.Б тэй уулзаад ойр зуурын юм яриад байж байхад талийгаач Т.С э залгасан утсаа авсан чинь хаана байна хүрээд очъё гэж хэлсэн би С.Б ы хашааны хаягийг зааж өгсөн түүний дараагаар талийгаач над руу 3-н удаа залгаж хаяг асуугаад байсан тэгээд 3 дахь залгалтан дээр хар өнгийн приус машинаар хүргүүлж хашааны үүдэнд ирээд буусан. Тэгээд талийгаач машины гадаа ирж мэндлээд тамхи татаад зогсож байгаад тамхиа дуусгаад машинд орж ирсэн тэгээд миний суудлын ард суусан тэнд жаахан юм ярьж байгаад би машинаа хөдөлгөөд хашаанаас гарч явахдаа талийгаачаас за миний найз хаана очих уу ямар ажил байна гэж асуухад хотоос машин ирэхээр нь үзээд авах гэж байгаа юм утас нь холбогдохгүй байна. Тэр машин ирэхээр нь хамт үзэж авъя өнөөдөр чамаас салахгүй хамт явна гэж хэлсэн тэгээд би айлын хашаанаас гараад манай аавын ногооны талбай оръё гэж хэлэхэд бүгдээрээ тэгьё гэсэн тэгээд аймгаас хойшоо нисэхийн засмалаар чигээрээ явж байгаад баруун гар тийшээ уулзвараар шороон зам руу буугаад нисэхийн даланг тойрч гараад хойшихноо явж байхад овгор газар дээр ус тогтсон байсан. Би усыг дугуйгаараа мордуулаад гарахад машин бөгсөө хаяад шарвасан шарвах үед би хаазнаас хөлөө аваад тоормос гишгэсэн тэгээд яах ийхийн зуургүй онхолдсон юм. Машин 2 өнхрөөд эргээд 4 дугуйн дээрээ зогссон тэгээд найзуудруугаа харахад нэг нь байхгүй байхаар нь машинаас буугаад ирсэн замаараа гүйгээд талийгаачийг хайсан чинь байхгүй байсан тэгээд буцаад машин дээр ирэхэд талийгаач машин дор сууж явсан талынхаа дор хэсэгт дарагдсан байсан тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан дараа нь талийгаачийн ах Ганзориг ахруу залгаад болсон асуудлын талаар хэлсэн тэгээд өөрийн аав, ээж, ах нарлуу хэлсэн юм. Удалгүй Эмнэлэг, Цагдаа, Онцгой байдал зэрэг газрын ажилчид ирсэн юм. Ийм зүйл болсон юм...Цаг агаар тогтуун байсан. Замын ховил дээр ус тогтсон байсан. Зам бол халтиргаа байгаагүй...шарвалтан дээр баруун урд талын дугуй цөмөрч хийгүй болсны улмаас осол болсон гэж үзэж байна...би тийм их хурдтай бол яваагүй 60 км цагийн хурдтай явсан гэж бодож байна...” гэжээ. /хх-112-115/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-5/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-22/,
Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-23/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-31/,
Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “0,00 хувь” /хх-32-33/,
Эд мөрийн баримтыг хураан авах тухай санал /хх-34/,
Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-36/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-37/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 67 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ 1. Талийгаачийн цогцост гавлын зүүн урд, баруун дунд хонхор, суурь яс, дагз ясны хугарал, тархины эдийн няцрал, хуйхны зулгаралт, зүүн дунд чөмөгний хугарал. Дух, зүүн хацар, баруун, зүүн шанаа, эрүү, баруун тохой, зүүн дал, баруун цээжний хажуу хэсэг, зүүн өвдөг, баруун гуяны зулгаралт, цээжний цус хуралт, нурууны зүүн хэсэг, зүүн өгзөгний дээд хэсгийн түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нурууны зүүн хэсэг, зүүн өгзөгний дээд хэсгийн түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. 3.Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэжээ. /хх-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 9569 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн “Т.С э 31н/эр Даланзадгад сум 26/VIII” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” /хх-56-57/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 409 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. С.М ын биед баруун, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-59/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. Ө.Ж ийн биед бүсэлхий хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-61/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 408 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. Д.Х гийн биед дух зүүн хацар тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” /хх-64/,
Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 815 дугаар автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд “Тоёота Ланд Куйзер-100 маркийн автомашин нь 7,300,000 төгрөгийн үнэлгээтэй” гэжээ. /хх-67-68/,
АТҮ төвийн Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны 09/01 дугаартай дүгнэлтэд “ а. 8688 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гупр салсан, урд их гэрэл хагарсан салсан, кобуд болон кузов их хэмжээгээр гэмтсэн, урд салхины шил, зүүн талын хойд тээшний шил хагарсан, 4 хаалга гажсан, баруун талын хойд амартизатор доод сууринаасаа сугарч ужсан, баруун талын толь байхгүй, усны болон тосны радиатор сууринаасаа салсан, задарсан, баруун талын урд болон хойд, зүүн талын арын дугуйнууд хийгүй, зүүн талын аккумулятор хагарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй бүрэн бус байна. b. 8688 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодлогын болон тоормосны систем, явах эд ангиуд бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр болон ямар нэгэн туршилт хийх боломжгүй байна. с. Хариулт а - д заагдсан эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн ба осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. d.Тухайн тээврийн хэрэгслийн дугуйнуудын хийгүй байгаа шалтгааныг хэргийн материал, хавтаст хэрэгт байгаа зураглал, тээврийн хэрэгслийн одоогийн байгаа нөхцөл байдлаас хамааран “ г ” - д дурдагдсан асуултанд хариулах боломжгүй ба бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах саналтай байна” /хх-70/,
Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Хариулт-1. С овогтой С.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “... жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 2.3б-д заасан “...жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг зөрчсөн, Хариулт-2. Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг, фото зургаар Тоёота Ланд Куйзер-100 маркийн 86-88 убч улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Хариулт-3. Тухайн хэрэг болсон авто зам нь шороон зам байх бөгөөд зам дээр тогтсон борооны уснаас эхлэлтэй тээврийн хэрэгслийн шарвалтын мөр үүссэн байх бөгөөд тээврийн хэрэгсэл нь зам дээр ус тогтсон хэсгээс эхлэн шарваж, аюултай нөхцөл байдал үүссэнээс хойш 55.6 метр газар тээврийн хэрэгсэл явж анх онхолдсон нь ослын газрын хэмжилтээр харагдаж байна. Жолооч С.М нь тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэж аюул бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэжээ. /хх-72/,
Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 785 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ 1. 86-88 УБЧ улсын дугаартай Тоёота Ланд Куйзер-100 маркийн автомашин нь осол гарах үеийн хурдыг тодорхойлох боломжгүй, 2. Тоёота Ланд Куруйзер-100 маркийн автомашины жолооч С.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.Б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэгпэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна, 3. Тээврийн хэрэгслийн хурд болон зам орчны байдлаас шалтгаал үүссэн нөхцөлд жолооч өөрөө самбаачлах хугацаанаас хамаарч үйлдэл гаргах тул хариулах боломжгүй байна.
Өмгөөлөгч Ц.Баярмаагийн шинжээчид тавьсан асуултын хариулт Хариулт-1 Тоёота Ланд Куйзер-100 маркийн 86-88 УБЧ дугаартай автомашины жолооч С.М хэрэгт ач холбогдол болохуйц мэдүүлэг өгөөгүй байх тул уг асуултанд хариулах боломжгүй байна, Хариулт-2 Тоёота Ланд Куйзер-100 маркийн 86-88 УБЧ дугаартай автомашины жолооч С.М нь тайлбар, мэдүүлэг өгөөгүй тухайн үед автомашины дугуй хагарсан эсэх, мөн жолооч тухайн үед ямар үйлдэл хийсэн нь тодорхой бус тул уг асуултанд хариулах боломжгүй байна, Хариулт-3 Тоёота Ланд Куйзер-100 маркийн 86-88 УБЧ дугаартай автомашины жолооч С.М хэрэгт ач холбогдол болохуйц мэдүүлэг өгөөгүй байх тул уг асуултанд хариулах боломжгүй байна, Хариулт-4 Машины дугуй хагараад осол болсон, осол болсны дараа дугуй хагарсан эсэх нь тодорхой бус тул хариулах боломжгүй байна, Хариулт-5 Тээврийн хэрэгслийн хурд болон зам орчны байдлаас болж үүссэн нөхцөлд жолооч өөрөө самбаачлах хугацаанаас хамаарч үйлдэл гаргах тул хариулах боломжгүй байна. Хариулт-6 Уг асуултанд хариулах боломжгүй. Шүүх шинжилгээний албаны шинжээчээр дүгнэлт гаргуулах ”гэжээ. /хх-79-81/
Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6444 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. Шинжилгээнд осол хэргийн материал ирүүлээгүй, шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4-д “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэсэн заалтын дагуу үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй, 2. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Land Criusser-100 маркийн, HDJ101- 0019874 тоот арлын дугаартай, 86-88 УБЧ улсын дугаартай автомашины урд бамбай, нүүр, их гэрэл, дохионы гэрлүүд, зүүн урд нэмэлт гэрэл, хөргөлтийн радиатор, сэнс, зүүн аккумуляторын батарей, гал хамгаалагчийн гэр, жолооны хүчлүүрийн шингэний аяга, капот, баруун, зүүн урд далбаа, салхины шил, дээвэр, дээврийн нээлхий, баруун, зүүн гадна толь, баруун, зүүн талын хаалганууд, баруун хойд далбаа, баруун хойд гэрэл, гадна байрлах агаарын хуванцар хоолой, баруун хойд, зүүн хойд хаалганы буудаг шил, зүүн хойд хажуугийн шил, хойд тэнхлэгийн тэнцүүлэгчийн баруун босоо татуурга, баруун хойд пүрш, баруун хойд амортизатор, баруун урд, баруун, зүүн хойд дугуйнууд зэрэг эд ангиуд ослын үед эвдэрч гэмтсэн байна.3. Зүүн, баруун хойд болон баруун урд дугуйнууд ослын үед автомашин онхолдож өнхрөх явцад хаймар дугуй, ободны завсар зай гарснаас хий алдсан байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-84-106/
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа /хх-109-110/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-111/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, тогтоол /хх-116-117/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-118/
С.М ын иргэний үнэмлэх болон боловсролын гэрчилгээний хуулбар /хх-119/,
Ө.Т ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-130/,
Б.Оийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-131/,
С.Цэлмүүний төрсний гэрчилгээний хуулбар /хх-132/,
С.Сондорын төрсний гэрчилгээний хуулбар /хх-133/,
Т.С ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-134/,
Өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлт /хх-135-138/,
Хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол /хх-139/,
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-141-142/,
Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-143/,
Хэргийг шүүхэд шилжүүлэх мөрдөгчийн санал /хх-145/,
Өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлт /хх-147/,
Хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол /хх-148/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/
Т.С ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-133/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Т ийн шүүхэд ирүүлсэн хүсэлт,
Шүүгдэгч С.М ын шүүхэд ирүүлсэн хувийн байдал, хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.М т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.М нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас Булган сум явах шороон замын 7 дахь километрт 86-88 УБЧ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Т.С ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Т ийн мэдүүлэг /хх-39-41/, гэрч Д.Х гийн мэдүүлэг /хх-47-48/, гэрч С.Б ы мэдүүлэг /хх-49/, гэрч Ө.Г ийн мэдүүлэг /хх-50/, гэрч Т.Б ын мэдүүлэг /хх-51/, шүүгдэгч С.М ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-22/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч С.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч талийгаач Т.С э нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн “ Сугир-Эрдэнэ овогтой С.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан “... жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”, мөн дүрмийн 2.3б-д заасан “...жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтуудыг зөрчсөн…Тухайн хэрэг болсон авто зам нь шороон зам байх бөгөөд зам дээр тогтсон борооны уснаас эхлэлтэй тээврийн хэрэгслийн шарвалтын мөр үүссэн байх бөгөөд тээврийн хэрэгсэл нь зам дээр ус тогтсон хэсгээс эхлэн шарваж, аюултай нөхцөл байдал үүссэнээс хойш 55.6 метр газар тээврийн хэрэгсэл явж анх онхолдсон нь ослын газрын хэмжилтээр харагдаж байна. Жолооч С.М нь тээврийн хэрэгсэлд шарвалт үүсэж аюул бий болсон үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /хх-72/, Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 785 дугаартай шинжээчийн “...86-88 УБЧ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-100 маркийн автомашин нь осол гарах үеийн хурдыг тодорхойлох боломжгүй. Тоёота Ланд Куруйзер-100 маркийн автомашины жолооч С.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.Б “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгуй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн /хх-79-81/ дүгнэлт, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6444 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд осол хэргийн материал ирүүлээгүй, шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4-д “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна” гэсэн заалтын дагуу үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн Toyota Land Criusser-100 маркийн, HDJ101- 0019874 тоот арлын дугаартай, 86-88 УБЧ улсын дугаартай автомашины урд бамбай, нүүр, их гэрэл, дохионы гэрлүүд, зүүн урд нэмэлт гэрэл, хөргөлтийн радиатор, сэнс, зүүн аккумуляторын батарей, гал хамгаалагчийн гэр, жолооны хүчлүүрийн шингэний аяга, капот, баруун, зүүн урд далбаа, салхины шил, дээвэр, дээврийн нээлхий, баруун, зүүн гадна толь, баруун, зүүн талын хаалганууд, баруун хойд далбаа, баруун хойд гэрэл, гадна байрлах агаарын хуванцар хоолой, баруун хойд, зүүн хойд хаалганы буудаг шил, зүүн хойд хажуугийн шил, хойд тэнхлэгийн тэнцүүлэгчийн баруун босоо татуурга, баруун хойд пүрш, баруун хойд амортизатор, баруун урд, баруун, зүүн хойд дугуйнууд зэрэг эд ангиуд ослын үед эвдэрч гэмтсэн байна. Зүүн, баруун хойд болон баруун урд дугуйнууд ослын үед автомашин онхолдож өнхрөх явцад хаймар дугуй, ободны завсар зай гарснаас хий алдсан байх үндэслэлтэй тул осолд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-84-106/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 678 дугаартай шинжээчийн “...Талийгаачийн цогцост гавлын зүүн урд, баруун дунд хонхор, суурь яс, дагз, ясны хугарал, тархины эдийн няцрал, хуйхны зулгаралт, зүүн дунд чөмөгний хугарал. Дух, зүүн хацар, баруун, зүүн шанаа, эрүү, баруун тохой, зүүн дал, баруун цээжний хажуу хэсэг, зүүн өвдөг, баруун гуяны зулгаралт, цээжний цус хуралт, нурууны зүүн хэсэг, зүүн өгзөгний дээд хэсгийн түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нурууны зүүн хэсэг, зүүн өгзөгний дээд хэсгийн түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-54/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.М ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч С.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч С.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Далан гол ХХК-нд жолооч, Нартын алтан жолоо ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай болох нь хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлыг нотолсон Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, суурь боловсролын гэрчилгээ, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.М ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирлыг төлж барагдуулсан зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч С.М ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг учирсан хэдий ч шүүгдэгч С.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ө.Т т оршуулгын зардалд 13.207.200 төгрөг, талийгаачийн 2 хүүхдэд нийт 10.000.000 сая төгрөг тус тус төлсөн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Т нь“ шүүгдэгч С.М т ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хэмжээгээр оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг байхаар хуульчилсан.
Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгохоор хуульд заасан ба шүүгдэгч С.М ыг жолооч гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасахаар заасан ба шүүгдэгч С.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолох нь зүйтэй байна.
Иймд Шүүгдэгч С.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан эдийн засгийн хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй гэсэн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 785 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6444 дугаартай дүгнэлтүүд нь дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолд зааснаар шинжилгээний объектыг хүргүүлээгүйн улмаас шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гарсан. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай хүсэлтийг” шүүх хуралдаанд гаргасан ба тус хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Учир нь: Хавтаст хэргийн 72 дугаар талд авагдсан Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар Замын цагдаагийн тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөлгүй дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж прокурорын 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 12, 13 дугаартай тогтоолоор дахин шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрыг томилж шинжээч нар прокурорын тогтоолыг үндэслэн, 86-88 УБЧ улсын дугаар бүхий тээврийн хэрэгслийг биет байдлаар шинжлэн судалж, зохих хууль, журмын дагуу гарсан дүгнэлт гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №324110 дугаартай шүүгдэгч С.М ын В, С, D, E ангиллын жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хайнаг овгийн С.М ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь тэнссэн хугацаанд санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №324110 дугаартай шүүгдэгч С.М ын В, С, D, E ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг DVD /CD/-г тус хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Шүүгдэгч С.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Т т оршуулгын зардалд 13.207.200 /арван гурван сая хоёр зуун долоон мянга хоёр зуу/ төгрөг, талийгаач Т.С ийн 2 хүүхэд С.Ц, С.С нарт 10.000.000 /арван сая/ төгрөг, нийт 23.207.200 /хорин гурван сая хоёр зуун долоон мянга хоёр зуу/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ