| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0574/Э |
| Дугаар | 595 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга А.Арай,
Улсын яллагч Г.Эсэн,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Х Б-т холбогдох эрүүгийн 1810002810708 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1983 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан саруул, хэрэг хариуцах чадвартай И овогт Х-н Б
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Х.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Хунгийн хотхоны орчим Т.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.
Хохирогч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Б чи муу хүнийг элдвээр хэлээд яагаад байгаа юм бэ намайг басаад байна уу гээд миний толгой руу гараараа нэг удаа цохьсон. Чи яагаад хүн цохьдог юм гээд хэрэлдээд дайрсан. Тэрээр чамайг алмаар байна гээд дайрсан ба Батбаяр салгах гэж голоор орсон. Б дахин дахин ирээд цохих гээд дайраад байсан. Тэрээр толгой руу гараараа ойролцоогоор 8-9 удаа, куртикнээс татаад газар хоёр удаа унагааж гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Би гэр рүүгээ явах гэхээр Батбаяр хойноос ирээд зууралдаад Б нь хойноос мөн ирээд татаж чангаагаад байсан. Гэртээ очоод хувцсаа тайлаад үзэхэд зүүн гуяны дотор тал хөхөрсөн, зүүн өвдөг шалбарсан, толгой даагдахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн18-20-р тал/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б нь гүйж очоод Мн нүүр рүү гараараа 2 удаа цохиход нөгөөх нь дальдчаад доошоо болсон. Тэгтэл Б түүнийг үсдээд өшиглөхөөр нь би гүйж очоод салгасан. Туүнээс хойш Б дахин түүнийг гараараа 1-2 удаа цохиж, доогуураа өшиглөөд байсан. Би Бийг урдаас нь хараад тэвэрсэн. М цохиулсан хүн урдаас нь сарвалзахад нь Б өөдөөс нь цохиод өшиглөөд байсан. Б хойшоо ухарч байгаад боржуурт тээглэн бид хоёр давхаралдан унасан. Би дарж хэвтэж байгаад одоо боль гэхэд тэрээр больлоо гэсэн. Тэгээд босоход М ойртож ирээд чи яаж байгаа юм гэхэд Б түүний хөл рүү өшиглөхөөр нь би урдуур нь орсон.” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26-р тал/
Гэрч Т.Дорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б, Батбаяр, М нарыг хоорондоо хэрэлдэж маргалдсан гэдгийг мэднэ. Өөр зүйл бол мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹1775 тоот дүгнэлтэд: “…Т.Мгийн биед хоёр гарын сарвуу, зүүн гуянд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-37-р тал/
Хохирол төлсөн баримт /хх-45/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-46-63/, ял шалгах хуудас /хх-46/, / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хунгийн хотхоны орчим Т.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч Т.М “...Тэрээр чамайг алмаар байна гээд дайрсан ба Батбаяр салгах гэж голоор орсон. Б дахин дахин ирээд цохих гээд дайраад байсан. Тэрээр толгой руу гараараа ойролцоогоор 8-9 удаа, куртикнээс татаад газар хоёр удаа унагааж гуя руу 2-3 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/ гэрч Б.Б “...Б нь гүйж очоод Мн нүүр рүү гараараа 2 удаа цохиход нөгөөх нь дальдчаад доошоо болсон. Тэгтэл Б түүнийг үсдээд өшиглөхөөр нь би гүйж очоод салгасан. Туүнээс хойш Б дахин түүнийг гараараа 1-2 удаа цохиж, доогуураа өшиглөөд байсан” гэх мэдүүлгээр /хх-27-28-р тал/ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹1775 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Бийн дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Бт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирол төлбөрийн хувьд
Хохирогч Т.М гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд 105.000 / нэг зуун таван мянган / төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч бүрэн төлснийг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Б оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И овогт Х-н Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зууг тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Бт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ