| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0580/Э |
| Дугаар | 611 |
| Огноо | 2018-12-12 |
| Зүйл хэсэг | 17.11.2., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 611
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Буянжаргал,
Улсын яллагч Б.Гүнсэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э,
Шүүгдэгч С. Д, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-н Д холбогдох эрүүгийн 1810001390606 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Зост хан СӨХ-д харуул ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, дагавар хүүхдийн хамт Б оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Говь-Алтай аймгийн шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2-ын Б дэх хэсэгт зааснаар 17 жилийн хорих ял,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 604 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, Х овогт С-н Д
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч С. Д нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ногоон булаг амралтын газрын 1 давхарын 00-ын өрөөний хөлдсөн почки /жорлон/ гэсгээхээр ахуйн хэрэглээний газ ашиглан галаар үлээлгэж байгаад гал алдан, дээрхи амралтын газар нь шатаж, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газарт 192.426.244 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С. Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ногоон булаг амралтын газар харуулын ээлжинд гарч байсан. 48 цаг гараад 48 цаг амардаг. Тухайн өдөр би харуул, галчийн үүрэг гүйцэтгэж байсан. Ээлж хүлээлгэж өгөх харуул ирээгүй өрөөндөө сууж байтал 104 дүгээр өрөөний жорлонгийн почкины уян холбоос хөлдсөн байсан. Тэр почкины уян холбоосыг гэсгээхээр газ асаасан. Урьд нь паар болон почки хөлддөг байсан болохоор гэсгээ гэж газ өгдөг байсан. Газ аваад гэсгээж байсан. Тэгээд 5 минут л болсон. Тэгтэл амралтанд амарч байсан 2 амрагч дээр өрөөнд утаа дүүрээд байна гэж орж ирсэн. Дээшээ гартал 2 өрөө цоожтой байсан тул хаалгыг эвдээд орсон чинь хана дагуулаад унтраалга разетканд цахилгааны масс гарсан юм болов уу гэж бодоод цахилгааныг нь салгасан. Тэр өрөөнд 2 газ байсан. Тэгээд 1 газ нь дууссан байсан. 1 газыг нь хураасан. Тэгээд амрагч нар руу гал команд дуудаарай гэж орилсон ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон булаг амралтын газар Чингэлтэй дүүргийн тамгын газрын эзэмшилд байдаг 2010 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гал гарсан гэдэг асуудлаар шатсан байгаа. Тухайн амралтын газар дотор хадгалагдаж байсан хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 32 нэр төрлийн эд зүйлс дахин ашиглагдах боломжгүй болсон мөн байгууллагын данс, тооцоо, бичиг баримт бүгд дахин ашиглагдах боломжгүй болсон...” гэв.
2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 7-11-р хуудас/
Хохирогч Г.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн амралтын газар нь 8000 метр квадрат талбай бүхий газрыг хамруулан эзэмшиж байгаа. 2010 оноос хойш үйл ажиллагаа тогтмол явагдаж байсан. Хавтас хэрэгт нотлох баримтаар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөр авагдсан манай ахмадын хорооны даргын гаргаж өгсөн эд хөрөнгийн жагсаалтанд нийт 32 нэр төрлийн тавилга эд зүйл болон 2 давхар амралтын байр нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шатсан. Дээрхи 32 нэр төрлийн тавилга эд зүйл нь дахин ашиглагдхааргүй болсон, мөн 2 давхар амралтын байрыг дахин засвар хийж ашиглах боломжгүй заавал шинээр барих болсон байгаа...” гэжээ. /хх 21-23-р тал/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Намайг ажилд орсноос хойш паар бол хөлдөж байгаагүй, харин намайг ажилд ороод удаагүй байхад 2017 оны 11 дүгээр сард 1 давхарын 102 тоот өрөөний жорлонгийн уян холбоос хөлдөөд би бүрэн солиулж байсан. Тэр өдрөөс хойш би бүх өрөөнүүдийн жорлонгийн уян холбооснуудыг солиулсан байсан. 205 тоот өрөөнд амрагч байрлаагүй хүнгүй байсан. Д хаалгыг нь эвдэж утаа гарч байгаа хэсэг рүү ус цацсан гэсэн. 104 тоот өрөөний жорлон хөлдсөн турбо руу Д газаар гэсгээх арга хэмжээ авахад хананы дулаалга хөөсөнцөр шатаж яг дээд талын өрөө буюу 205 тоот өрөөний хана руу гал тархсанаас болж гал гарсан. Д өөрөө галыг унтраах гэж цаг алдсан байсан...” гэжээ. /хх 31-33-р тал/
Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гараад 5 орчим минутын дараа иртэл 104 өрөөнөөс гал гарч эхэлсэн харуул хувинд ус бариад явж байсан. Тэгээд бид хоёр нийлж унтраах гэж оролдоод чадаагүй юмаа. Хөлдсөн паарыг газаар халааж гэсгээдэг байсан. Намайг сүү өргөчихөөд байр руу орж явтал амарч байсан нэг залуу танай харуул чинь эрүүл юм уу согтуу юм уу газ барьж явж байгаад шатаачихлаа манай өрөө битүү утаа болчихлоо гэхээр нь би та нар тэгүүл гар гар гэсэн...” гэжээ. / хх 34-35-р тал/
Гэрч Х.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...11 цагийн орчим намайг ганцаараа гал тогооны заал цэвэрлэж байтал манай галч Д нь гүйж ороод гал гарчлаа ус аваад ирээч гэсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуутал би 104 тоот өрөөний паарыг гэсгээж байгаад гал алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд би 40 битоны тал ус байснаа өгсөн. Гэтэл араас амарч байсан хүмүүс орж ирээд 205 тоот өрөөнд гал гараад байна ханаа дагаад шатаад байна гэсэн. Тэгээд би Дтай хамт дээшээ 2 давхар руу гарахад битүү утаа болсон байсан.Тэгээд бид хоёр 205 тоот өрөөнд орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Гэтэл Д тус хаалгыг хөлөөрөө өшиглөж онгойлгоод дотогш орсон. Тэгээд Д барьж явсан усаа хана руу цацсан гэтэл амарч байсан хүмүүс та нар 101 дуудаач гэсэн. Тэгээд би өөрийнхөө 91350918 дугаараас 101 рүү 11 цаг 15 минутын орчим залгаж дуудлага өгсөн. Тэгээд амрагч нар гараад явсан. Би Дын хамт гадаа гараад байж байтал би газаар паар гэсгээж байтал хананаас гэнэт гал авалзаад шатчихсан гэсэн. Намайг гал цахилгаанаас болоод гарсан гэж хэлээрээ гэж надаас гуйгаад байхаар нь би худлаа мэдүүлэг өгсөн юм...” гэжээ. / хх 45-р тал/
Гэрч Д.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цаг өнгөрч байхад амралтын газрын байр руу орсон. Намайг орох үед Д нэг давхарт байж байсан. Д Сайнаа ахаа 2 өрөө хөлдчихсөн байна гэж хэлээд бид хоёр хамтдаа 104 тоот өрөөний 00 руу ороход жорлонгийн почки усны уян холбоо болон хүйтэн усны нарийн турбо хөлдөөд ус гоожиж байсан. Би Дтай хөлдсөн почки, турбо төмөр, уян холбоосийг харчихаад 1 давхарын /үдэнд зурагт үзээд суусан. Удалгүй 20 минутын дараа 2 давхарт амарч байсан залуу бууж ирээд амралтын газар чинь шатаад байна, нөгөө галч чинь сая газ бариад явж байсан, гал команд дуудахгүй юм уу гэж хэлсэн, би гайхаад 104 тоот өрөө рүү ороход 00-ынх почины арын булангаас буюу хананаас утаа гараад, дээшээ тэр гал нь 205 тоот өрөө рүү ханаар нь дамжиж шатсан. Би өөрөө харсан. Д тогооч П-тэй сандарсан байдалтай гал тогооноос хувинтай ус барьчихсан явж байсан. Гал гарч амралтын газар шатсанаас хойш манайд тэр хоёр орж ирээд та очиж гэрчийн мэдүүлэг өгсөн үү, гал 2 давхараас 205 тоот өрөөнөөс цахилгааны масснаас болж гарсан шүү гэж хэлээд байсан. Гал 205 тоот өрөөнөөс гараагүй. 104 тоот өрөөнөөс эхэлж гарсныг би мэдэж байсан учраас тэр хоёртой их юм яриагүй. Цахилгаанаас болж гарах ямар ч үндэс байхгүй яагаад гэвэл бүх өрөө тус тусдаа гал хамгаалагчтай, аль нэг өрөөнд цахилгааны масс гарвал гал хамгаалагч автоматаар бууж тогоо салгадаг юм...” гэжээ. / хх 48-50-р тал/
Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 9/04 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...шинжилгээнд ирүүлсэн цахилгаан дамжуулаг зэс утсанд бөмбөлөг үүсээгүй учраас гал гарахад хүргэсэн нөхцөлийг тогтоох боломжгүй. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсч бөмбөлөг үүсдэг...” гэжээ. / хх 58-59-р тал/
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 68/144 дугаартай “...хөлдүү паарыг гэсгээх гэж ил гал ашигласанаас болж хананы дулаалганы хөөсөнцөр буюу хялбар шатах материалд цоонолт өгч гал түймэр гарсан байна. Ямар нэг багаж хэрэгслүүдийг эвдрэлээс болж гал түймэр гарсан гэх шинж тэмдэг илрээгүй болно. Хэргийн газрын үзлэг болон гал түймрийн шаталтын явц, тархан дэлгэрэлтийн байдлаас үзэхэд гал түймэр нь байшингийн баруун хойно 00 өрөөний дотор талын хэсгээс эхлэн хялбар шатах материалаар дамжин тархан ассан байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-р тал/
Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ХУ18-453 дугаартай “.. хөрөнгийн үнэлгээ нь нийт 192.426.244 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 65-92-р тал/
Шүүгдэгч C.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ногоон булаг амралтын газрын 1 давхарын 00-ын өрөөний хөлдсөн почки /жорлон/ гэсгээхээр ахуйн хэрэглээний газ ашиглан галаар үлээлгэж байгаад гал алдан, дээрхи амралтын газар нь шатаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт 192.426.244 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай ахмадын хорооны даргын гаргаж өгсөн эд хөрөнгийн жагсаалтанд нийт 32 нэр төрлийн тавилга эд зүйл болон 2 давхар амралтын байр нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр шатсан. Дээрхи 32 нэр төрлийн тавилга эд зүйл нь дахин ашиглагдхааргүй болсон, мөн 2 давхар амралтын байрыг дахин засвар хийж ашиглах боломжгүй заавал шинээр барих болсон...” гэх мэдүүлгээр /хх-21-23-р тал/, гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...104 тоот өрөөний жорлон хөлдсөн турбо руу Д газаар гэсгээх арга хэмжээ авахад хананы дулаалга хөөсөнцөр шатаж яг дээд талын өрөө буюу 205 тоот өрөөний хана руу гал тархсанаас болж гал гарсан. Д өөрөө галыг унтраах гэж цаг алдсан байсан гэх мэдүүлгээр /хх-31-33-р тал/, гэрч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...104 өрөөнөөс гал гарч эхэлсэн харуул хувинд ус бариад явж байсан. Тэгээд бид хоёр нийлж унтраах гэж оролдоод чадаагүй юмаа. Хөлдсөн паарыг газаар халааж гэсгээдэг байсан...” гэх мэдүүлгээр /хх-34-35-р тал/, гэрч Х.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай галч Д нь гүйж ороод гал гарчлаа ус аваад ирээч гэсэн тэгэхээр нь би юу болсон талаар асуутал би 104 тоот өрөөний паарыг гэсгээж байгаад гал алдчихлаа гэж хэлсэн. 205 тоот өрөөнд орох гэтэл хаалга нь цоожтой байсан ба Д хаалгыг хөлөөрөө өшиглөж онгойлгоод дотогш орсон. Би өөрийнхөө 91350918 дугаараас 101 рүү 11 цаг 15 минутын орчим залгаж дуудлага өгсөн. Намайг гал цахилгаанаас болоод гарсан гэж хэлээрээ гэж надаас гуйгаад байхаар нь би худлаа мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлгээр / хх-45-р тал/, гэрч Д.С-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...104 тоот өрөө рүү ороход 00-ынх почины арын булангаас буюу хананаас утаа гараад, дээшээ тэр гал нь 205 тоот өрөө рүү ханаар нь дамжиж шатсан. Би өөрөө харсан. Гал гарч амралтын газар шатсанаас хойш манайд тэр хоёр орж ирээд та очиж гэрчийн мэдүүлэг өгсөн үү, гал 2 давхараас 205 тоот өрөөнөөс цахилгааны масснаас болж гарсан шүү гэж хэлээд байсан. Гал 205 тоот өрөөнөөс гараагүй. 104 тоот өрөөнөөс эхэлж гарсныг би мэдэж байсан учраас тэр хоёртой их юм яриагүй ....” гэх мэдүүлгээр / хх- 48-50-р тал/, Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 16,22-ны өдрүүдийн 9/04, 9/10 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд / хх-58-59-р тал/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 68/144 дугаартай / хх-62-р тал/, Дамно ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ХУ18-453 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-65-92-р тал/ зэрэг нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч С. Дыг бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С. Дт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С. Д болон түүний өмгөөлөгч Б.М нар нь гэм буруугүй гэж маргаж байх ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар гэм буруугүйд тооцож, цагаатгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С. Дт нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад 192.426.244 төгрөгийн эд хөрөнгийн шууд хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс 192.426.244 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан х оригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт С Д-ыг бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгасны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С-н Дыг 700 /долоон зуун/ цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Д нь нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С. Дт оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийх ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Д-с бусдын эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршигт нийт 192.426.244 /нэг зуун сая ерэн хоёр сая дөрвөн зуун хорин зургаан мянга хоёр зуун дөчин дөрвөн/ төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосугай.
6. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ