Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00863

 

 

 

 

 

 

2023 04 24 210/МА2023/00863

 

 

 

М.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/00529 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.Т-

Хариуцагч: УДЭТ-

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 УДЭТ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Б/35 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123.1, 123.2.5, 123.4 дэх хэсгийг үндэслэн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй.

Ажил олгогч миний ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчил гэж үзэн ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй. Мөн миний бие хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүйгээс гадна хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргаагүй.

1.2 Тушаалд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь тодорхойгүй.

Хуульд зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийг гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зөрчлийн үйлдэл тухай бүрийг нэрлэн заах бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай. Тушаалд ямар зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй. Тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан ажлаас чөлөөлж байгаа үндэслэл болон хэлбэрийн шаардлагыг хангасан байх ёстой.

1.3 УДЭТ-т Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй. Одоогоор бүрэлдэхүүн томилогдоогүй тул шийдвэрлэх боломжгүй байна. Мөн миний бие Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтэст хандсан боловч тус хэлтсийн зөвлөмжөөр хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүрэлдэхүүн одоогоор томилогдоогүй байгаа.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.4 дахь заалт, УДЭТ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 6.5/f, 8.3 дахь заалт, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Захиргааны зөвлөлийн шийдвэрийг үндэслэн УДЭТ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 6/35 дугаар тушаалаар М.Т-г УДЭТ-ын жүжигчин ажил, албан тушаалаас чөлөөлсөн.

УДЭТ-ын захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 6/58 дугаар тушаалаар Б.Т-д сахилгын шийтгэл ногдуулсан. Тус сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад тэрээр 2022 оны 01 дүгээр сард 5 хоног, 02 дугаар сард 9 хоног ажил тасалж дахин зөрчил гаргасан.

Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч байгууллагын захиргаанд 1-2 сарын чөлөө хүссэн өргөдөл гаргасан бөгөөд тус өргөдлөө 02 дугаар сарын 12-ны өдөр бичиг хэргийн ажилтанд үлдээгээд явсан. Тус өргөдлийг бичиг хэргийн ажилтан 02 дугаар сарын 15-ны өдөр Уран бүтээлийн хэлтсийн даргад өгсөн. Хөдөлмөрийн дотоод журмын 8.6-д заасны дагуу хүсэлтийг захиргаа, удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэдэг.

Гэвч жүжигчин М.Т- нь шийдвэр гараагүй байхад дахин дотоод журмын 8.3-т заасныг зөрчиж ажлаа орхин явсан. Тус өргөдөлдөө нуруу нугасны хагалгаа хийлгэх шаардлагатай болсон гэсэн атлаа шаардлагатай тохиолдолд театраас даалгасан ажлыг гүйцэтгэж байх болно гэж дурдсан нь учир дутагдалтай.

2.2 М.Т- нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Захиргаа, удирдлагын зөвлөлийн хурлаар орохдоо Люкс мед эмнэлэгт 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр авахуулсан бүсэлхий нурууны рентген зураг авч ирсэн. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хагалгаанд орно гэж өргөдөл бичсэн атлаа 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зураг авахуулсан нь санаатайгаар ажил тасалсан, хариуцлагын талаар яригдаад эхлэнгүүт зургаа авахуулан ирсэн нь илт тодорхой байна. Тус хурлаар М.Т-г ажлаас халах шийдвэр гарсан.

2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр УДЭТ-ын захиргаанд өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, нааштай хариу гарган өгөхийг хүссэн өргөдөл ирүүлсэн.

2.3 М.Т- нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Гэмтэл согог судлал үндэсний төв-ийн эмчийн магадалгааг хүний нөөцийн менежерт авчирч өгсөн бөгөөд тус магадалгаа нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэсэн байсан. Хэрвээ тус магадалгаа тухайн үедээ үзүүлж байсан нь үнэн бол 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бичсэн өргөдөлтэйгөө өгч болох байсан. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Захиргаа, удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах бүрэн боломжтой байсан. Иймд тус эмчийн магадалгааг хуурамчаар үйлдсэн байх боломжтой.

Нэхэмжлэгч нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж сахилгын зөрчил гаргасан.

2.4 Байгууллагын дүрмийн 6.3-т театрын захирал эрхлэх үйл ажиллагааны хүрээнд тушаал гаргана гэж заасан. Хөдөлмөрийн тухай хууль, дотоод журам, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэж ажил олгогч нь шударга бөгөөд зөв шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч М.Т-г УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн жүжигчний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч УДЭТ-аас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 8,110,251 /найман сая нэг зуун арван мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Т-д олгож, хариуцагч УДЭТ-т олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж, үлдсэн 5,095,185 /таван сая ерэн таван мянга нэг зуун наян тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Т-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч УДЭТ-аас улсын тэмдэгтийн хураамжид 214,914 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь өмнө сахилгын зөрчил гаргасан, ажил олгогч хариуцлага тооцож, хөдөлмөрийн харилцааг зогсоох нөхцөлийг бүрдүүлсэн. Захиргааны зөвлөлийн хуралд нэхэмжлэгч өөрөө биечлэн оролцож буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ талаар захиргаанд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөдөл гаргасан.

Ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан (хоёр буюу түүнээс дээш) гаргасан... гэсэн заалтыг үндэслэн нэхэмжлэгч Б.Т-г хоёр удаагийн сахилгын зөрчилд буруутгаж хөдөлмөрийн харилцааг нь зогсоож байхад дээрх заалтын ...эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтыг баримтлан шүүх буруу ойлгож, хуулийг буруу хэрэглэсэн.

Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн дотоод журамд үндэслэсэн. Хуулийн энэ заалтаар хөдөлмөрийн харилцааг гагцхүү Хөдөлмөрийн гэрээгээр бус Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэх боломжтой.

Анхан шатны шүүх УДЭТ-ын Захиргааны зөвлөлийн эрх хэмжээ, хууль ёсны байдалд үнэлэлт дүгнэлт хийгээгүй. УДЭТ-ын дүрмээр тодорхойлогдож, хүлээн зөвшөөрөгдсөн Захиргааны зөвлөл нь нэхэмжлэгч Б.Т-гийн талаар дүгнэлт хийж, захиралд зөвлөсөн нь тушаалын хууль ёсны үндэслэл болсон боловч шүүх энэ талаар дүгнээгүй нь буруу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр биеэ эмчлүүлэх шаардлагатай тул урт хугацааны буюу 1-2 сарын чөлөө олгох өргөдөл гаргасан боловч өргөдлийг ажил олгогч шийдвэрлээгүй. УДЭТ-ын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6.9-д зааснаар захирал нь байгууллага, иргэд, ажилтнаас ирсэн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар ажилтанд гачигдал гаргасан тохиолдолд чөлөө олгох үүрэгтэй. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар ажилтан хувийн чөлөө авах эрхтэй. Шүүх хариуцагчийг тухайн өргөдлийг шийдвэрлээгүй гэж үзсэн үндэслэлтэй.

5.2 Ажлын байрны тодорхойлолтод бэлтгэл сургалтад ирэх талаар тусгаагүй. Мөн нэхэмжлэгчид хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй. Сахилгын зөрчил гэдэг нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнийг хэлнэ. Ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн дотоод журам танилцуулаагүй нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах болон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М.Т- нь хариуцагч УДЭТ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хугацаагүй байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад жүжигчин албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцсон байхаас гадна зохигчид тухайн гэрээг шинэчилж байгуулаагүй эсэхэд маргаагүй. /хх 18-19/

4. УДЭТ-ын захирлын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.2, 80.1, 80.1.4, 123.1, 123.2.5, 123.4, Театрын дүрмийн 3.6.3, хөдөлмөрийн дотоод журмын 6.5/f, 8.3, захиргааны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Уран бүтээлийн хэлтсийн жүжигчин М.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 3, 14/

5. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журмын 6.5/f-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын ноцтой зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлийг заасан.

5.1 УДЭТ-ын захирлын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Т-д үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. /хх 17/

5.2 Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 06, 08, 12, 14, 16, 18-ны өдрүүдэд, мөн оны 02 дугаар сарын 08, 09, 11, 13, 16, 18, 19, 20, 23-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй үйл баримт тогтоогдсон.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж буй шийдвэр нь хууль зүйн үр дагавар агуулах тул ажилтны гаргасан зөрчил тус бүрийг болон шийтгэл ногдуулах үндэслэлийг шийдвэрт тухайлан заасан байхыг шаардана.

6.1 Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/35 дугаар тушаалдаа нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ямар ноцтой зөрчил гаргасныг болон үндэслэлийг заагаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг тушаалын үндэслэлээ нэхэмжлэгчийг ажил тасалсан, ...хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаж буй нь тухайн тушаалын хууль зүйн үндэслэлийг тодорхойлох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь дээрх тушаалдаа хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг баримталсан боловч зөрчлийг тухайлан заагаагүй нөхцөлд тухайн тушаалыг хуульд нийцсэн гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй. Давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд нэмж дүгнэлт хийв.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06, 08, 12, 14, 16, 18-ны өдрүүдэд, мөн оны 02 дугаар сарын 08, 09, 11, 13, 16, 18, 19, 20, 23-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй үйл баримтыг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах зөрчилд тооцоогүй, улмаар мөн зүйлд заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг нэхэмжлэгч давтан гаргасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцсэн байна.

8. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн жүжигчний албан тушаалд эгүүлэн тогтоосон нь зөв байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

9. Анхан шатны шүүх дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,110,251 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийхгүй.

10. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байх тул уг хэсгийг хасна. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн заалтыг баримтлаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дах хэсгийг нэмж, өөрчлөн найруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/00529 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Т-г УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн жүжигчний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч УДЭТ-аас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,110,251 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Т-д олгож, хариуцагч УДЭТ-т олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,095,185 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,914 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН