Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 8

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Дөлгөөн,

Шүүгдэгч: Б.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ван овгийн Б.М ад холбогдох 1828002280178 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Өмнөговь аймаг Гурвантэс сум Урт баг, ....................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ван овгийн Б.М , регистрийн дугаар: ...........................,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б овогтой Б.М  нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт Ц.Г той маргалдан нүүрэн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.М ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Г  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 12 сарын 12-ны өдөр би Б.М  ахынд ерөөл нэртэй архи авч очиж Б.М  ахтай хамт уусан. Архиа ууж дуусаад Б.М  ахынхаас гараад Н гэх хүний гэрт очсон. Тэнд дахин нэг шил Ерөөл архи задалж уусан. Тэгээд архиа ууж дуусаад би Б.М  ахтай хамт Б.М ахын гэр рүү нь орсон. Тэнд Б.М  ахтай хэрүүл маргаан хийсэн. Яг ямар шалтгааны улмаас хэрүүл маргаан болсныг санахгүй байгаа юм. Дараа нь хүмүүсээс сонсоход хүүхдийнх нь талаар ярьж уурыг нь хүргэсэн. Бас “чи намайг газар унагааж миний нүүрийг урсан” гэж хэлсэн гэсэн. Тэгээд Б.М  ах уурлаж намайг төмрөөр цохьсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 11-12-р хуудас/

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Манай дүү Б.М , Ц.Г  2 манай хажуу айлд архи ууж байгаад манайх руу орж ирсэн. Гэрт орж ирээд хоорондоо хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан. Манай эхнэрийг ирэхэд араас нь дагаад буцаад орж ирэхдээ Ц.Г ийн нүүр нь шалбарчихсан байсан. Нүүрээ яасан юм бэ гэж асуухад газар унасан гэж хэлсэн. Б.М  Ц.Г ийг зодох гээд галын хайч барихад нь манай эхнэр галын хайчийг нь аваад тэр хоёрыг гар гэр орондоо харь гээд гэрээс гаргаад, удалгүй Б.М ыг эхнэр нь аваад явчихсан байсан. Ц.Г  толгойгоо хагалуулсан байсан гэж манай эхнэр хэлсэн. Ц.Г ийн эхнэр ирээд нөхрөө эмнэлэг рүү авч явлаа гээд явсан /хх-ийн 13-р хуудас/

Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Намайг ажлаасаа гэртээ ирэхэд Ц.Г , Б.М  нар нь архи уучихсан нэлээд согтуу хоорондоо хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгэхээр нь би уурлаад “гэрээс гарч хэрүүл хий” гэж хэлээд Ц.Г ийн эхнэр рүү утсаар залгаж “ирж Ц.Г ийг ав” гэж хэлсэн. Б.М ын эхнэр нь хажууд нь байсан ба гэрээс авч гарсан. Гадаа гараад хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Удалгүй Ц.Г  нь толгойдоо юмаар цохиулсан байдалтай толгойноос нь цус гарчихсан манай гэрийн гадаа сууж байсан. Б.М ыг эхнэр нь аваад явчихсан байсан. Ц.Г ийн эхнэр ирээд Ц.Г ийг эмнэлэг рүү авч явсан. Б.М  нь согтчихсон Ц.Г  руу дайраад байсан. Ц.Г ийг цай уугаад сууж байхад галын хайчаар цохих гэхээр нь би уурлаж галын хайчаа булааж авч гэрээсээ гаргаад удаагүй байхад нэгнийгээ цохьсон байсан /хх-ийн 14-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Г ийн биед тархины доргилт, дагз хэсгийн хуйх, баруун хөмсөгний зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн нүдний зовхины зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хуйх, баруун хөмсөгний зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 20-р хуудас/

Шүүгдэгч Б.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай эгчийн хүү Ц.Г  манайд нэг шил архи авч ирсэн. Тухайн үед би ганцаараа байсан. Ц.Г  бид хоёр архийг хувааж ууж дуусгаад Ц.Г  дахин архи авна гээд бид хоёр хамт явж нэг шил архи аваад Норвоогийнх гэх айлд очсон. Тэднийхээс гараад би хүүхдээ гэрт нь хүргэж өгчихөөд буцаад ирсэн чинь Ц.Г  Норвоогийн хашааны гадаа үүдэнд нүүрнийх нь баруун тал шалбараад зулгарчихсан газар хэвтэж байсан. Тэгэхээр нь яасан юу болсон юм гэж асуусан чинь чи өөрөө намайг зодоо биз дээ гээд өмнөөс бэлэн гаргаад байсан. Тэгэхээр нь би дотогш орчихоод гараад ирсэн чинь Ц.Г  байхгүй байсан. Тэгсэн чинь Б.М ахын гэрт орчихсон нүүрнийхээ цусыг угаагаад байж байхаар нь би Ц.Г т “миний дүү гоё болчихсон байна шүү дээ” гэсэн чинь хуц солиор чи өөрөө зодсон биз дээ гээд бэлэн гаргасан. Миний уур хүрээд гэрээс гарахад гэрийн үүдэнд нэг төмөр байхаар нь барьж ороод “чи яахаараа намайг дээрэлхэж байдаг юм” гээд толгойных нь баруун тал руу нь төмрөөр цохьсон. Тэр үед Б.М ах бид нарыг “гадаа гар” гээд гаргасан. Гадаа гараад би Ц.Г ийг зодох гэтэл манай эхнэр Энхтуяа хориод боль гэсэн. Тэгээд би эхнэрийг дагаад гараад явсан /хх-ийн 29-30-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /04-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 06-08-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М  нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багт Ц.Г той маргалдан толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Г ийн биед тархины доргилт, дагз хэсгийн хуйх, баруун хөмсөгний зүсэгдсэн шарх, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, зүүн нүдний зовхины зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хуйх, баруун хөмсөгний зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-ийн 20-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М ын бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.М ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.М ад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10:13 см хэмжээтэй төмөр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ван овгийн Б.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.М  нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10:13 см хэмжээтэй төмөр нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Б.М  нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Б.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ДЭЛГЭРМАА