Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 114/2016/0096/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгч “Хараагийн бэлчир” ХХК, “Босго тэнгэр андууд” ХХК, “Эйч, Эйч Жи” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэнгийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 тоот захирамжийн “Хараагийн бэлчир” ХХК, “Босго тэнгэр андууд” ХХК, “Эйч, Эйч Жи” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шаардлагатай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Хараагийн бэлчир” ХХК, “Босго тэнгэр андууд” ХХК, “Эйч, Эйч Жи” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:-Манай нэр бүхий компаниуд нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 тоот захирамжаар газар эзэмших эрх олж авсан. Үүнд:

“Хараагийн бэлчээр” ХХК үйлчилгээ зориулалтаар Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол 1900 м2 газар

а.“Босго тэнгэр Андууд” ХХК нийтийн орон сууц, үйлчилгээ зориулалтаар Дархан сум, 10 дугаар баг, 24 дүгээр хороолол, 1000 м2 газар

б.“Эйч Эйч Жи” ХХК, үйлдвэрлэл зориулалтаар Дархан сум, 13 дугаар баг

в.ӨҮР-нд ДДЦС-ын хойд талд 15430 м2 газар

Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шүүгчийн захирамж.doc

Манай компаниуд нь газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газрын албатай гэрээ байгуулан төлбөрийг зохих хувь хэмжээгээр төлж газрыг зориулалтын дагуу ашиглахаар төлөвлөн бэлтгэл ажлуудаа гүйцэтгэж байсан болно.

Гэвч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай компаниудад “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар”-аас Газар эзэмших эрхийг Аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” болон А/440 тоот захирамжаар хүчингүй болгосон тухай мэдэгдэх хуудсыг ирүүлсэн.

Энэ талаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад “Аймгийн засаг даргын захирамж гарсан” гэж тайлбарлаад Аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 тоот захирамжийн хуулбарыг гаргаж өгсөн.

Аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 тоот захирамжийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1.Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулж эрхээр хангаагүй.

Засаг даргын “манай компаниудын” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг түүнийг албан ёсоор гарч албажсаны дараа мэдэгдэх хуудсаар тус бүр компанид хүргүүлэн мэдэгдсэн. Дээрх мэдэгдэх хуудас ирэхээс өмнө манай нэр бүхий компаниудын хэн аль нь ч өөрсдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “хүчингүй болгох” гэж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах ” 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид “оролцогч” гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно. 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно ” гэж тус тус заасны дагуу Засаг дарга дээрх захирамжийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй манай компаниудад шийдвэр гаргахаасаа өмнө мэдэгдэж, шийдвэр гаргах ажилагаанд оролцуулж, эрх хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалах боломжийг олгоогүй нь хуулийн заалтуудыг зөрчиж байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж заасны дагуу Аймгийн засаг даргын 2106 оны 11 дүгээр сарын 29-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 тоот захирамж хууль бус захиргааны акт байна.

2.Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 болон 48 дугаар зүйлд заасан үндэслэл үүсээгүй.

Аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 тоот захирамжийн 3 дах хэсгээр Компаниудадт газар эзэмших эрх олгосон Аймгийн засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны А272 тоот захирамжийг хүчингүй болгож цуцлажээ.

Засаг дарга захирамжийн үндэслэлээ өмнөх “газар эзэмших эрх Дархан-Уул аймгмйн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны А/272 тоот захирамж холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж хүчингүй болгосон. “Эрх олгосон захирамж” холбогдох хууль тогтоомж зөрчиж гаргасан гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хэдий тийм боловч эрх олгосон захирамж эрх зүйн зөрчилтэй байсан ч түүний дараах үндэслэлээр цуцлахаар заажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан; 48.2.2-д Бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөсөн; 48.2.3. захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй; 48.2.4. захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлага өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн; 48.2.5 нйитээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэж эрх олгосон захиргааны актыг цуцлах үндэслэлийг дурджээ. Дээрх нөхцөл үүссэн тус үндэслэлээр захиргааны актыг цуцлаж байгаа талаар Аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 тоот захирамжад дурдаагүй, шалган тогтоогоогүй байна.

Иймд “эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцлах” нөхцөл үүсээгүй байхад манай компаниудад газар эзэмших эрх олгосон захиргааны шийдвэрийг цуцлах хүчингүй болгох эрх захиргааны байгууллагад байхгүй бөгөөд өөрт хуулиар олгоогүй үндэслэлээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг цуцласан нь нэхэмжлэгч  компаниудын Газрын тухай хууль, Газар эзэмших гэрээгээр эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

3.Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл үүсээгүй.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны А/272 тоот захирамжаар газар эзэмших эрх авч Газар эзэмших гэрчилгээгээр, Аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газартай “Газар эзэмших эрхийн гэрээ” байгуулан гэрээнд заасан төлбөрөө төлж ирсэн болно.

Дээрх гэрээний 4.3-д “Газрыг гэрээний нөхцөлийн дагуу эзэмшээгүй, энэ талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй буюу “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан нөхцөл бий болсон тохиолдолд” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан.

Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно; 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.2. газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; 40.1.3. шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; 40.1.4 байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон; 40 дүгээр зүйлийн 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох өөр үндэслэлийг хуулиар зөвшөөрөөгүй.

Иймд Газрын турхай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6-д заасан бусад үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгох эрхийг Аймгийн засаг даргад олгоогүй мөн үндэслэлийн аль нэг үүсээгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг, Газар эзэмшүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг зөрчсөн байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хараагийн бэлчир” ХХК, “Босго тэнгэр андууд” ХХК, “Эйч, Эйч Жи” ХХК-иудын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 тоот захирамжийг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хараагийн бэлчир” ХХК, “Босго тэнгэр андууд” ХХК, “Эйч, Эйч Жи” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэнгийн  нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 тоот захирамжийн “Хараагийн бэлчир” ХХК, “Босго тэнгэр андууд” ХХК, “Эйч, Эйч Жи” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНЧИМЭГ