Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1377

 

ТТХГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04170 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ТТХГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МЭПБХ"-нд холбогдох

 

Урьдчилгаа төлбөрт төлсөн 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т ,

Хариуцагчийн төлөөлөгч Л.М ,

Хариуцагчийн өмгөөлөгч Р.П ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нарыг оролцов.

 

Нэхэмжлэгч ТТХГазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТТХГазар, “МЭПБХ”-ны хооронд 2015 оны №2015/26 дугаартай Бараа материал нийлүүлэх 50 000 000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулагдаж, тус гэрээний дэгуу ТТХГазар нийлүүлэгчид урьдчилгаа төлбөр болох 25 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш тус газар хүлээцтэй хандаж, гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа “МЭПБХ”-ны Ерөнхийлөгчтэй утсаар холбогдож биечлэн уулзаж гэрээний биелэлтийг хангахад шаардагдах хугацааг өгч байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Гэрээ байгуулах сонгон шалгаруулалт явагдаж байхад “МЭПБХ”-ны Ерөнхийлөгч А.М нь хийн буу оруулж ирэх тусгай зөвшөөрөл байгаа эсэх асуултад тусгай зөвшөөрөлтэй гэж мэдэгдэж төөрөгдүүлсэн болно. Иймд гэрээний биелэлтийг хангаагүйгээс үүссэн хохирол болох 25 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МЭПБХ” шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ТТХГ-ын хүсэлтээр “МЭПБХ” нь 2015 оны 2015/26 дугаартай бараа материал нийлүүлэх 50 000 000 төгрөгийн өртөг бүхий гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөг авсан болно. Манай холбоо нь гэрээний дагуу урьдчилгаа өртөг бүхий 10 ширхэг эйрсофт гар буу, 10 ширхэг эйрсофт урт буу нийт 20 ширхэг эйрсофт буу, 100 багц эйрсофт үрлэн сум, 100 багц эйрсофт бууны газ холбооны гишүүдийн эйрсофт бууг Герман улсаас захиалж уг бараа МУ-ын хил дээр 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буусан Бараа материал нийлүүлэх гэрээг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч тал урьдчилгаа төлбөр болох 25 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Жил бүрийн 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Жил бүрийн 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд Герман улсад зул сарын баяр тохиож улс даяараа амардаг тул шилжүүлэг хийх боломжгүй болсон Манай холбоо 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 9 046,41 еврог шилжүүлж захиалга өгснөөр 50 000 000 төгрөгийн барааг шилжүүлэн авсан. Бараа 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Буянт-Ухаа дахь гааль дээр буусан. ТТХГазар нь гэрээнд заагдсан бараа материалын төлбөр хийгдсэн баримтыг үндэслэн бүх бараа материалыг хүлээн авсан акт үйлдсэн ба уг акт ТТХГазарт байгаа. МУ-ын хил дээр бараа материал ирсэн хэдий ч галт зэвсгийн хуулинд өөрчлөлт орсонтой холбоотойгоор галт зэвсэг, адилтгах хэрэгслэлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа зогсонги байдалд орсон Энэ нь манай холбооны буруутай үйл ажиллагаанаас болоогүй харин ч манай холбоо их хэмжээний өр төлбөрт ороод :байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “МЭПБХ”-ноос 25 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТТХГазарт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч зааснаар “МЭПБХ”-ноос улсын тэмдэгтийн хураамжид 282 950 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай дүгнэлт байх бөгөөд худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч тал 50 000 000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах үүрэгтэй бөгөөд ийнхүү төлсөн тохиолдолд Монгол улсын хил дээр цаг хугацаандаа ирсэн барааны гаалийн татвар бусад татварын асуудлыг төлж шийдвэрлэх боломжтой байсан. Мөн түүнчлэн анхан шатны шүүх “Худалдагч тал Галт зэвсгийн хуулинд заасан шаардлага, хуулийн заалтыг зөрчсөнөөс Герман улсаас оруулж ирсэн гар буу, урт буу болон Эйрсофт бууг дагалдах хэрэгслийн хамт улсын хилээр оруулах боломжгүй болсонд худалдан авагч тал буруугүй байна” гэж дүгнэсэн асуудал нь хэтэрхий өрөөсгөл дүгнэлт байх бөгөөд “МЭПБХ” нь Галт зэвсгийн хуулинд заасан шаардлага, хуулийн заалтыг зөрчсөн зүйлгүй бөгөөд манай холбоо хууль зөрчсөн үйлдэлгүй болно. Хариуцагч талаас төрийн байгууллагын хууль бус үйлдлийн улмаас хил дээр ирсэн эд зүйлээ авч чадахгүй байгаа асуудал нь манай тал мөн буруугүй бид нэхэмжлэгч тал урьдчилгаа төлбөрөө хугацаа хожимдуулан шилжүүлж, шилжүүлсэн даруйд төлбөрийг Герман улсруу шилжүүлсэнээр эд хөрөнгө ирсэн болно. Гэтэл анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний дагуу ирсэн эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч тал эд хөрөнгийг хил дээр ирсэн даруйд очиж үзэж хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч “ТТХГазар” нь хариуцагч “МЭПБХ"-нд холбогдуулан 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөн буруутай гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2015/26 дугаар “Бараа материал нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, хариуцагч нь 50 000 000 төгрөгийн гар буу, урт буу болон эйрсофт бууг дагалдах хэрэгслийн хамт 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор нийлүүлэх, нэхэмжлэгч нь урьдчилгаа 25 000 000 төгрөг, үлдэх 25 000 000 төгрөгийг барааг бүрэн нийлүүлж дууссаны дараа төлөхөөр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзнэ. /хэргийн 7-9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу урьдчилгаа 25 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч байгууллагын дансанд шилжүүлсэн болох нь төлбөрийн хүсэлт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 33 дугаар тал/

 

Хариуцагчид нэхэмжлэгч эд хөрөнгийг шилжүүлэх хугацаа олгож, улмаар гэрээг цуцлах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, 19-ний өдрийн талуудын уулзалтын тэмдэглэл, нэхэмжлэгчийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн албан бичиг, түүнд хариуцагчийн мөн өдрийн 01/05 тоот албан бичгээр өгсөн хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хэргийн 11-14 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар урьдчилгаанд шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг шаардах эрхтэй юм.

 

 Хариуцагч нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “50 000 000 төгрөгийн өртөг бүхий гар буу, урт буу болон эйрсофт буу, үрлэн сумыг Герман улсаас захиалж, Монгол улсын хил дээр 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буусан боловч галт зэвсгийн хуулинд өөрчлөлт орсонтой холбоотой галт зэвсэг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа зогсонги байдалд орсноос өр төлбөрт орсон” гэж тайлбарлан маргаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн болон бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул шүүх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу түүнээс гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 25 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                     

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/04170 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч А.М ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгч А.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ж.ОЮУНТУНГАЛАГ   

               

                                                              ШҮҮГЧИД                           А.ОТГОНЦЭЦЭГ 

                          

                                                                                                        С.ЭНХТӨР