| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0614/Э |
| Дугаар | 627 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 627
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Буянжаргал,
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч /хохирогч/ Э.О
Шүүгдэгч /хохирогч/ Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б овогт Э О, Б овогт Н Г нарт холбогдох эрүүгийн 1810017110804 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э О
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн сэргээлтийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н Г
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Э.О нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4 дүгээр гудамжинд Н.Г-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Н.Г нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамжинд Э.Отэй маргалдаж, улмаар түүнийг гараараа болон мод, чулуугаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... ” гэв
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Н.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хамт ажилладаг хүмүүсийн хамт модны хоёрт байдаг пабд ороод 3 шил пиво уусан. Би архи пиво уудаггүй болохоор би согтсон байсан. Тэгтэл манай ажлын газрын эгч Дамжин машинтай явж байсан болохоор архи уугаагүй. Тэгээд намайг манай гудамжны харалдаа буулгаад явсан. Тэгээд би гудамжинд явж байсан чинь арван жилийн ангийн найз Отэй таараад юм яриад зогсож байсан. Бид хоёр маргаад би Оийг цохих гэсэн чинь О бултаад миний нүүр рүү цохисон. Тэгээд бид хоёр хэсэг хоорондоо маргалдаад зогсож байсан чинь О гэр рүүгээ яваад өгсөн. Ингээд би араас нь гүйж очсон чинь О хашаа руугаа орсон. Би араас нь дуудсан боловч сонсоогүй. Тэгэхээр нь би газраас чулуу аваад хашаан дээр нь гарч байгаад толгой руу нь шидсэн. Тэгээд О гарч ирээд намайг газар унагаагаад байж байсан чинь цагдаа ирээд намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваад ирсэн. О намайг ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй байна. Би нэлээд согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Би 8846 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тус дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг хэрэг гардаг өдөр О намайг зодож учруулсан…” гэжээ. /хх-17-18-р тал/
Хохирогч Э.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Хэрэг гардаг өдөр Н.Г нэлээд согтуу намайг дуудсан. Дуудахаар нь яваад очсон чинь чи хэзээ ийм том болчихсон юм бэ гээд надад агсан тавиад миний толгой руу мөргөөд байсан. Би чи яагаад байгаа юм гэсэн намайг баруун гараараа цохих гэхээр нь би бултаад Н.Гын нүүр хэсэг рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа цохьсон. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад би салаад харих гээд явж байсан чинь Н.Г араас гүйж ирээд миний нүүр рүү нэлээд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би Гыг унагаагаад дээр нь гараад сууж байгаад чи яагаад байгаа юм бэ надтай ярих юм байгаа юм бол эрүүлдээ ярья гэж хэлээд би гэртээ очсон. Гэртээ ороод байж байсан чинь гадаа хаалга хүн балбаад байхаар нь гараад харсан чинь Г хашаа даваад орж ирээд миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод чирээд гаргасан чинь яваад өгсөн. Тэгээд гэртээ орох гээд зогсож байсан чинь Г ахиж ирээд хаалга нүдээд байсан ба хаалга тайлж өгөхгүй байсан. Хашаан дээр гараад над руу чулуу шидсэн чинь миний толгой хагарсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн. Ямар шалтгааны улмаас зодсоныг сайн мэдэхгүй байна. Г нь нэлээд согтуу над руу агсраад дайраад байсан. Би 8747 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тус дүгнэлтэд тусгагдсан дээрх гэмтлүүдийг хэрэг гардаг өдөр Г намайг зодож учруулсан...” гэжээ. /хх-ийн 22-23-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн ¹8748 тоот дүгнэлтэд: “…Э.Оийн биед духанд шарх, зүүн зулайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-32-р тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹8846 тоот дүгнэлтэд: “…Гын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, уруул хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-37-р тал/,
Шүүгдэгч Э.Оийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-60/, ял шалгах хуудас /хх-59/ зэрэг бусад бичгийн нотлох баримтууд,
Шүүгдэгч Н.Гын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64/, ял шалгах хуудас /хх-63/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.О нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4 дүгээр гудамжинд Н.Гтай маргалдаж, улмаар түүнийг нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Г нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Отэй маргалдаж, улмаар түүнийг гараараа болон мод, чулуугаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹8748, ¹8846 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.О, Н.Г нарын дээрх үйлдэл нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүх хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.О, Н.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Н.Г нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Э.О нар нь тус тус хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж, Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Г, Э.О нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Хохирогч Н.Г, Э.О нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч Н.Г, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Н Г , Б овогт Э О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гт 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Э.Оөд 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Гт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Оөд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч Н.Г, Э.О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Г Э.О нарт урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ