| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2019/0012/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 12
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ямаат овгийн Б.М д холбогдох 1928000000001 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Баяндалай суманд 1985 оны 04 дүгээр сарын 10-нд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 5 дугаар баг ...................... оршин суух, ял шийтгэлгүй, Ямаат овгийн Б.М , регистрийн дугаар .......................
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг ................... тоот хашааны гадаа З.Л тэй маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд ярьсан зүйл үнэн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч З.Л гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө манай нөхөр эрт айлын ажил явдалд явахаар болоод намайг хуучин эхнэрийнхээ хүүхдийг цэцэрлэгт хүргэж өгчих гэхээр нь би гэрээсээ 08 цаг 45 минутад гарч яваад Зүүн сайханы 7-15 тоот хашааны гадаа очсон тэгэхэд манай нөхрийн салсан эхнэр Б.М гэх эмэгтэй гарч ирэнгүүтээ чи миний хүүхдийг цэцэрлэгээс нь хоцроодог хэн бэ гээд ууртай хэлсэн би тухайн үед машиндаа жолооны ард сууж байсан чинь миний үснээс зулгаагаад доош нь дарчихсан тэгэхээр нь чи үснээс тавиад яриач гэсэн чинь огт үснээс тавихгүй дараад байсан тэгж байхдаа намайг алгадаад, нуруу руу гараараа цохисон тэгж байгаад миний үсийг тавиад чи манай нөхрийн хувцсыг угаадаггүй энэ чинь миний машин гээд машины түлхүүр сугалаад авчихсан тэгээд би явлаа машины түлхүүр өгчих би зүгээр явчихъя гэж гуйсан чинь түлхүүр өгсөн тэгээд би шууд хөдлөөд явсан...Би машинд сууж байсан тэгэхэд Б.М ирээд шууд намайг үдэж дараад салахгүй байсан би машинаас огт буугаагүй...Шалтгааныг нь мэдэхгүй байна намайг хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөгүй гэж зодсон байх...Би Б.М ын биед огт гар хүрээгүй намайг сууж байхад үснээс зулгаагаад доош нь дарчихсан өндийн босох ямар ч боломжгүй байсан миний үснээс зулгаагаад барьчихсан байсан гарыг нь тавиулах гэж гарыг нь дарж байсан өөр гар хүрсэн зүйл байхгүй...Миний үснээс зулгаагаад хацар луу 2 алгадсан, доош нь дарж байгаад нуруу руу 2-3 удаа цохисон... Миний толгой өвдөж байсан, тархи хөдөлсөн байсан, үснээс зулгаасан байсан... Гомдол санал байхгүй, Б.М той ярилцаж дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ надад хэлж уучлалт гуйсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ /хх-10-11/,
Шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед манай салсан нөхөр Мгийн эхнэр нь гэх З.Л гэдэг эмэгтэй манай хүүхдийг цэцэрлэгт нь хүргэж өгөх ёстой байсан боловч цэцэрлэг хаалгаа барих цаг болсон хойно манайд ирсэн тэгэхээр нь би хүүхэд цэцэрлэгээс нь хоцроочихлоо гэж хэлсэн чинь өмнөөс танай нөхөр чинь 08 цаг 30 минутад ирж хүргэж өгөөд болоод байдаг биз дээ гэж хэлсэн тэгэхээр нь би З.Л г алгадсан тэгээд машиных нь хаалгыг хаачихаад явсан чинь араас З.Л машинаасаа бууж ирээд миний үснээс зулгаасан тэгэхээр нь би эргээд З.Л гийн үснээс зулгаасан тэгсэн чинь З.Л миний гэдэс рүү хөлөөрөө өшиглөхөөр нь би зөрүүлээд хацар луу нь алгадсан тэгж байгаад би үсийг нь тавьсан чинь тэр надын үсийг тавьсан тэгээд би машиных нь түлхүүрийг аваад чи ингээд яв гэж хэлсэн чинь З.Л би явлаа гэж гуйж байгаад аваад явчихсан... Миний охин Э нь салсан нөхөр М-гийн хүүхэд байгаа юм М өглөө болгон хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг, тэр өглөө М ажил явдалд явсан гээд эхнэрээ явуулсан байсан юм билээ тэгээд эхнэр хүүхдийн цэцэрлэгээс хоцроочихсон бас надтай хэрэлдэхдээ нөхрөө танай нөхөр гээд байсан болохоор нь миний уур хүрсэн юм...З.Л миний зүүн гарын ядам хуруу, дунд хуруунд самардсан байсан өөр гэмтэл учраагүй. Бид хоёр харилцан үсдэлцсэн байхад самардсан юм...” гэжээ. /хх-12-13/,
Шүүгдэгч Б.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай салсан нөхөр М өглөө болгон миний хүүхдийг цэцэрлэгт нь хүргэж өгдөг байсан юм тэгээд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед манай салсан нөхөр М би хөдөө ажлаар явлаа манай эхнэр З.Л очиж хүүхэд цэцэрлэгт нь хүргэнэ гэж хэлсэн тэгээд хүлээж байтал 09 цаг болж байхад З.Л ирсэн тэгэхээр нь би хүүхэд цэцэрлэгээс нь хоцроочихлоо гэж хэлсэн чинь тэр хүүхэн миний өмнөөс танай нөхөр чинь 08 цаг 30 минутад ирж хүргэж өгөөд болоод байдаг биз дээ гэж хэлсэн тэгэхээр нь миний уур хүрээд З.Л г алгадчихаад эргээд явсан чинь араас З.Л машинаасаа бууж ирээд миний үснээс зулгаасан тэгэхээр нь би эргээд З.Л гийн үснээс зулгаагаад З.Л г машин руу нь түлхээд суулгасан тэгэхэд З.Л миний гэдэс рүү хөлөөрөө өшиглөхөөр нь би зөрүүлээд хацар луу нь алгадсан тэгж байгаад би үсийг нь тавьсан чинь З.Л миний үсийг тавьсан тэгээд би М манай нөхөр юм бол би машиных нь түлхүүрийг авлаа чи явган яв, хэрвээ машинаа авахаар бол цагдаа дагуулж ирээд аваарай гэж хэлсэн тэгсэн чинь З.Л би хэл ам хийхгүй машины түлхүүр өгчих гэж хэлэхээр нь түлхүүрийг нь өгөөд явуулсан... Бид хоёр архи уугаагүй эрүүл байсан... З.Л нөхрийгөө танай нөхөр гэж хэлэхээр нь уур хүрээд зодсон юм... Би З.Л тэй ярилцаад эв зүйгээ олсон, надад гомдол санал байхгүй гэж хэлж байгаа...” гэжээ. /хх-22-23/,
2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Б.М ын нь биед зүүн гарын 3, 4-р хуруун дахь жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-15/,
2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. З.Л гийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал үс зулгаагдсан гэмтэл тогтоогдлоо, 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /хх-17/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-9/,
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-20/,
Хувийн баталгаа /хх-21/,
Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-26-32/,
Шүүгдэгийн хувийн байдын талаар:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-35/,
Шүүгдэгч Б.М ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-36/,
Шүүгдэгч Б.М ын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-37/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайханы 07-15 тоот хашааны гадаа З.Л тэй маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.М д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Б.М ын гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 09 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайханы 07-15 тоот хашааны гадаа З.Л тэй маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.М ын “...миний үснээс зулгаагаад доош нь дарчихсан тэгэхээр нь чи үснээс тавиад яриач гэсэн чинь огт үснээс тавихгүй дараад байсан тэгж байхдаа намайг алгадаад, нуруу руу гараараа цохисон... Миний үснээс зулгаагаад хацар луу 2 алгадсан, доош нь дарж байгаад нуруу руу 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-10-11/, шүүгдэгч Б.М ын “...З.Л нөхрийгөө танай нөхөр гэж хэлэхээр нь уур хүрээд зодсон юм. Би З.Л тэй уулзаад эв зүйгээ олсон. Надад гомдол санал байхгүй гэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-22-23/, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №22 дугаартай шинжээчийн “...З.Л гийн биед тархи доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал үс зулгаагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-17/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/-аар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Б.М д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Л нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гомдол санал байхгүй, Б.М той ярилцаж дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ надад хэлж уучлалт гуйсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-10-11/ гэж мэдүүлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.М нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ямаат овгийн Б.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.М нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ