Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00984

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/00984

 

 

Д.Э-, Ч.М- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00725 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Э-, Ч.М-

Хариуцагч: ШЕЗ-, МУСЯ-

Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны цалин хөлс тус бүр 316,299,661 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг ШЕЗ-өөр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэхэмжлэгч Д.Э-, хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч МУСЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 294 дүгээр зарлигаар Ч.М-ийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчээр, 2007 оны 63 дугаар зарлигаар Д.Э-ийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус томилсон.

1.2 Анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулан ШЕЗ-ийн 2013 оны 41 дүгээр тогтоолоороо анхан болон давж заалдах шатны 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн боловч Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, 199 дүгээр зарлигаар буцаан томилохдоо Ч.М-, Д.Э- нарыг томилоогүй орхисон.

1.3 Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрээр Ч.М-, Д.Э- нарыг шүүгчээр шилжүүлэн томилохгүй үлдээсэн нь хууль бус гэж дүгнэн, Ч.М-, Д.Э- нарыг шүүгчээр буцаан томилуулах саналаа өргөн мэдүүлэхгүй байгаа ШЕЗ-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, өмнө ажиллаж байсан шүүхүүдийн шүүгчээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалган шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Шүүхийн шийдвэр, ШЕЗ-ийн саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар Ч.М-ийг, 67 дугаар зарлигаар Д.Э-ийг шүүгчээр буцаан томилсон.

1.4 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийг чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөлд ШЕЗ- нь үл маргах журмаар цалин хөлсийг нөхөн олгоно.

1.5 Нэхэмжлэгч нарын шаардсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь ШЕЗ-ийн 2022 он, 2023 оны төсөвт тусгаагүй тул тус байгууллага дангаар хариуцан нөхөн олгох боломжгүй.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээр шаардсан мөнгөн хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гарах ёстой бөгөөд уг санг хариуцан ажилладаг Сангийн яамыг хамтран хариуцна.

Иймд Ч.М-, Д.Э- нарын ажилгүй байсан 8 жил, 4 сар, 28 хоногийн цалин хөлс болох тус бүр 316,299,661 төгрөгийг ШЕЗ-, Сангийн яамнаас нөхөн гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ШЕЗ-өөр нөхөн төлүүлж, Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ШЕЗ-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ШЕЗ-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлсөн.

2.2 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигийн нэхэмжлэгч нарыг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М-, Д.Э- нарыг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗ-д даалгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М-, Д.Э- нарыг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй.

2.3 ШЕЗ-ийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг нэхэмжлэгч нарт тус тус олгосон. Үүгээр нэхэмжлэгч нар шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн, түүний төлөө хуульд заасны дагуу тэтгэмж олгохтой холбоотой харилцаа дуусгавар болсон.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч МУСЯ-ны тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь заалт нь Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах зарцуулах арга хэмжээг зохицуулах зохицуулалт. Өөрөөр хэлбэл, энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Засгийн газрыг хариуцагчаар тогтоосон олон улсын шүүх, арбитраас гарсан хүчин төгөлдөр шийдвэр байхгүй.

3.2 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 74 дүгээр зүйлийн 74.1.2 дахь хэсэгт заасны дагуу ШЕЗ- нь шүүгчийн цалин, хөлсийг шүүхийн төсвөөс олгоно. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Сангийн яам хариуцах үндэслэлгүй тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг баримтлан Д.Э-т цалин хөлс болох 304,299,661 төгрөг, Ч.М-т цалин хөлс болох 304,299,661 төгрөгийг тус тус хариуцагч ШЕЗ-өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас тус тус бүр 12,000,000 төгрөг болон МУСЯ-анд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-, Ч.М- нар болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ШЕЗ-д даалгаж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч ШЕЗ-ийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх ШЕЗ- нэхэмжлэгч нарын шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр тайлбарласан нь буруу. Нэхэмжлэгч нарыг хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Шүүхийн шийдвэр биелэгдсэн. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн байхад уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч МУСЯ-ны тайлбарын агуулга:

6.1 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг эрх бүхий байгууллага хууль бус болохыг тогтоосон байх ёстой. Шүүгч нарыг чөлөөлөх, огцруулах эрх бүхий этгээд нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Иймд ШЕЗ-, МУСЯ-наас шүүгч нарыг огцруулах боломжгүй.

6.2 Шүүгч нарыг огцруулсны дараа 2013 оны 12 дугаар сард ШЕЗ-өөс Монгол Улсын Ерөнхийлөгчид нэхэмжлэгч нарын нэрийг өргөн мэдүүлсэн. Захиргааны байгууллага хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжтой болохоос хуулиар олгогдоогүй эрх, үүргийг захиргааны байгууллага дур мэдэн хэрэгжүүлэх боломжгүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нэрсийн жагсаалтад хариу хүргүүлээгүй тохиолдолд хэрхэн яаж шийдвэрлэхийг буюу дахин өргөн мэдүүлэх талаар зохицуулаагүй. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хууль бус болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр одоог хүртэл байхгүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 0070 дугаар шийдвэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хууль бус эсэхийг шийдвэрлээгүй гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч Ч.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг хариуцагч ШЕЗ- буруу тайлбарлаж маргадаг. Хөдөлмөрийн маргаан болон төрийн албан дахь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн, огцруулсан асуудлыг шүүх шийдвэрлэхдээ тус шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянаад, хууль бус болох нь тогтоогдвол ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг үл маргах журмаар гаргуулдаг. Иймд хариуцагч ШЕЗ- нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг үл маргах журмаар гаргах ёстой.

7.2 Хариуцагч ШЕЗ- нь шүүгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Иймд хариуцагч ШЕЗ-ийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.Э-, Ч.М- нар нь хариуцагч ШЕЗ-, МУСЯ-анд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс тус бүр 316,299,661 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг ШЕЗ-өөр нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчид нэхэмжлэлийг үгүйсгэн маргасан.

3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой ШЕЗ-ийн саналыг үндэслэн Ч.М-ийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Д.Э-ийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлж, 2013 оны 199 дүгээр зарлигаар Ерөнхий шүүгч, шүүгчдийг буцаан томилохдоо Ч.М-, Д.Э- нарыг шүүгчээр томилоогүй үйл баримт тогтоогдсон.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр Ч.М-, Д.Э- нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй ШЕЗ-ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч.М-ийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчээр, Д.Э-ийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг ШЕЗ-д даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

4.1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 66 дугаар зарлигаар ШЕЗ-ийн 2022 оны 101 дүгээр тогтоолыг үндэслэн Ч.М-ийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, 2022 оны 67 дугаар зарлигаар Д.Э-ийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр тус тус томилсон.

5. Анхан шатны шүүх нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч нарын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс тус бүр 304,299,661 төгрөгийг хариуцагч ШЕЗ-өөс тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ШЕЗ-д даалгаж шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус нийцсэн байна. Иймд хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас тус бүр 12,000,000 төгрөг гаргуулах хэсгийг, хариуцагч МУСЯ-анд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч нарт тус бүр 304,299,661 төгрөгийг хариуцагч ШЕЗ-өөс гаргуулсан атлаа нэхэмжлэгч нарт олгохоор заагаагүйгээс гадна нэхэмжлэгч тус бүрийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, өөрчлөн найруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00725 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШЕЗ-өөс 304,299,661 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-т, 304,299,661 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-т тус тус олгож, нэхэмжлэгч Д.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч Ч.М-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг, МУСЯ-анд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ШЕЗ- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

М.БАЯСГАЛАН