Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2019/ШЦТ/010

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е

Улсын яллагч М.Ф,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.З,

Шүүгдэгч С.М, Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М, Т.С нарт холбогдох 1813000490075 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн А суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй /Д уурхайд ажиллаж байгаад гарсан/, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суудаг, урьд нь 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 жил хорих ял, 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 8 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан, Т овгийн С-ын М, регистрийн дугаар ****,

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баян-Өлгий аймгийн Б сумын ***дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш  овгийн Тын С, регистрийн дугаар ******,

 

Шүүгдэгч С.М, Т.С нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М, Т.С нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20-22 цагийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас Ногооннуур сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Х-ы машинаар очиж Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” уурхайн баяжуулахын байрны цонхны гадна талын хамгаалалтын төмрийг өргөж байгаад цонхыг нь гараараа түлхэж ороод 2 ширхэг гагнуурын аппаратыг хулгайлахыг завдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч С.М, Т.С нарыг гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч С.М, Т.С нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 20-22 цагийн хооронд Баян-Өлгий Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” уурхайн баяжуулахын тусгайлан хамгаалсан байрны цонхны гадна талын хамгаалалтын төмрийг өргөж байгаад цонхыг нь гараараа түлхэж нэвтэрч 2 ширхэг гагнуурын аппаратыг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Ж.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шөнийн 23 цагийн үед над руу манай “Д” уурхайд харуул манаачийн үүрэг гүйцэтгэж байсан Б.С залгаж “Д уурхайн баяжуулахын агуулахад байсан 2 ширхэг гагнуурын аппаратыг гаргаж гадна талд тавьсан байна. Баяжуулахын агуулахад хулгай орсон юм шиг байна.” гэж хэлсэн. Тэгээд миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах гэртээ байсан ба Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д” гэх уурхайд машинаар яваад шөнийн 01 цагийн үед очиход 2 ширхэг гутлын ул мөр цасан дээр ил тод гарсан байсан. Мөн нэг машины дугуйн ул мөр ил тод гарсан байсан. Мөн баяжуулах агуулахын дотор байсан 2 ширхэг гагнуурын аппаратыг агуулахын гадна талд гаргаж тавьсан байсан. Манай байгууллагын манаач нар хулгай хийсэн машиныг хөөсөн боловч, барьж чадаагүй гэж хэлсэн юм. Манай байгууллагаас өөр ямар нэгэн эд зүйл хулгайд алдагдаагүй нэхэмжлэх зүйлгүй, байгууллагад учирсан хохиролгүй болно” гэх мэдүүлэг /хх-ийн 25-28, 96-97 дугаар хуудас/,

- Гэрч А.Х-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн оройн 20 цагийн үед Ногооннуур сумын нутаг дэвсгэрт байрлах “Д” уурхайн доод талын “Худаг” дээр манаачийн үүрэг гүйцэтгэсэн. Саарал өнгийн жижиг машин “Худаг”-н байрны хашаан дотор орж ирсэн. Машинаас 4 залуу бууж ирсэн. Манай Д уурхайд ажилладаг С.М машины урд талаас бууж ирж надаас мэнд ёс асуусан. С.М болон нөгөө үл таних 3 залуу миний харуулын байранд орсон. Би С.Мээс “Та нар хаанаас явж байгаа юм бэ” гэж асуухад С.М “Бид нар зүгээр явж байна” гэж хэлсэн. Тэд нар цай угаад сууж байхад үл таних нэг залуу “Сангийн далай” нэртэй 0.5 литрийн архийг задалж хундагалж хийсэн. Тэд нар цай, архийг хувааж уугаад миний харуулын байрнаас 21 цаг өнгөрөөд гараад машинаа асаагаад яваад өгсөн. Би тэд нар явсны дараа байрнаас гараад харахад машинтай дээшээ “Д” уурхай руу явсан юм. Дараа нь оройн 23 цагийн үед би харуулын байранд хэвтэж байхад нэг машины чимээ гарсан. Би байрнаас гарч харахад нэг машин гэрлээ асаагаагүй хурдтай “Д” уурхай талаас ирээд миний хажуу талаас Өлгий сум руу явах чиглэлд яваад өгсөн юм. Тус өдрийн шөнө сарны гэрэлтэй гэгээлэг байсан ба бүх зүйл ил тод харагдаж байсан. Тус машин нь миний харуулын байранд ирээд явсан машин байсан ба урд талд С.М суугаад явж байсан. Араас нь манай байгууллагын машин ирээд надаас “Эндээс машин явсан уу” гэж асуусан би “Сая миний хажуу талаас гэрлээ унтраагаад хурдтай явчихлаа” гэж нөгөө машин явсан замыг зааж өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-46 дугаар хуудас/,

- Гэрч Т.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед манай гэрт С.М, хажуу талд нь үл таних 2 залуутай ирж “Хөдөө яваад ирье, ажил гараад байна” гэсэн. Би “Хаагуур явах уу” гэхэд “Ногооннуур сумын “Д” манай ажлын байр луу яваад ирье. Би нэг хүнээс авах мөнгө, гагнуурын аппарат байгаа. Тэрийг аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд би С.М болон нөгөө үл таних 2 залуучуудын хамт дөрвүүлээ Ногооннуур сумын нутаг дэвсгэрт байрлах Д уурхайд 20 цагийн үед очсон юм. Эхлээд Д уурхайн доод талын худаг руу очсон юм. Тэнд нэг үл таних 50-иад орчим насны шар зүстэй ах байсан. Бид дөрвүүлээ цай уугаад С.М болон нөгөө үл таних 2 хүмүүс 1 шил 0.5 литрийн “Сангийн далай архийг хувааж уусан юм. Нөгөө үл таних 50-иад орчим насны ах тэнд үлдсэн. Бид дөрөв машинтай “Д” уурхай руу очсон юм. С.М “Та машинаа хашааны гадна талд тавьчих. Хашааны хаалга хаалттай бид нар яваад ирэх хүртэл машинд сууж байгаарай” гэж хэлсэн. Би “Д” уурхайн хашааны гадна талд машинаа тавиад машиндаа үлдсэн юм. Нөгөө гурав машинаас буугаад хашаа руу орсон. Хэсэг хугацааны дараа нөгөө үл таних залуугийн 1 нь зуны ботинктай явж байсан ба хөл даарчихлаа гэж машинд ирж суусан. С.М нөгөө үл таних залуу Д уурхайны дотогшоо орсон юм. Тэгээд С.М нөгөө үл таних залуу 40-50 минутын дараа гарч ирж машинд суусан юм. С.М "Манай ажлын дарга нар явж байгаа юм байна. Машины гэрлээ унтраагаад яваарай” гэж хэлсэн. Би машинаа асаагаад гэрлийг нь унтраагаад “Ховд гол” баг руу явсан юм. С.М “А сумын чиглэлээр яваад Өлгий сумын төвд оръё” гэж хэлсэн. Би “Миний машин А сумын чиглэлээр явж чадахгүй” гэж хэлэхэд С.М “Таны машин явна. Миний төрж өссөн газар” гэж хэлсэн. Тэгээд А сумын чиглэлээр явж Өлгий сумын төвд 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 03 цагийн үед ирсэн юм. С.М тэд гурав Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Ноос"-ны үйлдвэрийн хажуу талд буугаад үлдсэн. Тэгээд би гэр руу яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

- Гэрч Т.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.М “Би Д уурхай руу явах ажил гараад байна. Ажлын байрны хүн дуудаж байна.  Бид нартай цуг яваад ир” гэж хэлсэн. Тэгээд М нөгөө үл таних залуу бид гурав Мийн худ болох Хы гэрт очиж тэдний машинтай 18 цагийн үед аймгаас гарсан. ...Эхлээд Д уурхайн доод талд байрлах “Худаг” дээр очсон. Тэнд нэг 50-иад орчим насны хүн байсан. Худгийн байранд орж нэг шил архи уугаад тэрнээс хойш би согтсон юу ч санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх- ийн 39-40 дүгээр хуудас/,

- Гэрч М.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед хоолонд ороод 19 цагийн үед хоолноос гараад амралтын өрөөнд амарч байгаад С, М нарын хамт Эрчмийн өрөөнд очиход манай ажлын байрны хүмүүс зурагт үзэж байсан юм. Тэгээд зурагт үзэж, хөзөр тоглож байгаад С, М бид гурав шөнийн 10 цагийн үед Эрчмийн өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд ирээд цай ууж байхад С нь над руу залгаж “Баяжуулахын өрөөнөөс гагнуурын 2 ширхэг аппаратыг гадаа гаргаад тавьсан байна. Хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд С бид хоёр баяжуулахын агуулах руу яваад очиход гагнуурын 2 ширхэг аппаратыг баяжуулах агуулахын баруун талд гаргаад тавьсан байсан. Гадаа цас орсон байсан ба гутлын ул мөр ил тод гарсан байсан. Гутлын ул мөрөөр нь Х-тай хамт доошоо мөр хөөж явахад хашааны гадна талд явсан мөр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

- Гэрч М.Сн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед хоолонд ороод 19 цагийн үед хоолноос гараад амралтын өрөөнд амарч байгаад Е, М нарын хамт Эрчмийн өрөөнд очиход манай ажлын байрны хүмүүс зурагт үзэж байсан юм. Тэгээд зурагт үзэж байгаад Е, М бид гурав шөнийн 10 цагийн үед Эрчмийн өрөөнөөс гараад гал тогооны өрөөнд ирээд цай ууж байхад С нь Е руу залгаж “Баяжуулахын өрөөнөөс гагнуурын 2 ширхэг аппаратыг гадаа гаргаад тавьсан байна. Хулгай орсон юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд Е бид хоёр Баяжуулахын агуулах руу яваад очиход гагнуурын 2 ширхэг аппаратыг Баяжуулахын агуулахын баруун талд гаргаад тавьсан байсан. Тэгээд гадаа цас орсон байсан ба гутлын ул мөр ил тод гарсан байсан. Гутлын ул мөрөөр нь хөөж явахад хашааны гадна талд машины мөр байсан. Тэгээд Е, С нар албаны машинтай ирсэн. Дараа нь Е, С нар доошоо нөгөө машины мөрөөрөө явсан юм. Тэгээд Х бид хоёр Х-тын гарч байгаа харуулын байр руу очиж байж байгаад өөр өөрсдийн амрах байранд амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51дүгээр хуудас/,

- Гэрч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Харуулын цэгүүдэд хүнээ тавиад явж байтал 3 дугаар амын харуулын цэг талаас машины гэрэл харагдах шиг болсон. Тэгэхээр нь торон хашааг тойроод шалгачхаад шууд баяжуулахад очиход зүв зүгээр байхаар нь цахилгаан станц руу очиж бүгдээрээ зурагт үзсэн. Би станцаас 22 цаг өнгөрч байхад С-ы хамт баяжуулах руу явж байхад машины замын хажууд гутлын мөр харагдсан. Тухайн үед цас нэлээн орсон байсан ба замын хажуугаар хар мөр гарсан байхаар нь очиж харахад хоёр өөр мөр байсан ба нэг нь ботинкны мөр, нөгөөдөх нь түрийтэй гутлын мөр шиг харагдсан. Уг мөрнүүд баяжуулахын үйлдвэрт очсон байсан ба баяжуулахын хажууд хоёр гагнуурын аппарат байхыг харсан. Агуулахын цэнхэр өнгөтэй хаалганы үүдний замыг цэвэрлэж арилгасан байдалтай хаалганы зүүн талын цонхны доод хэсгийн цасыг мөн адил цэвэрлэсэн байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- Гагнуурын   аппаратад   үзлэг  хийсэн   тэмдэглэл,   гэрэл   зургийн   үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Өлгий сумын захын хажуу талд Т.Х, Т.С бид гурав архи уугаад сууж байхад би Т.С, Т.Х нарт “Д уурхай буюу манай ажлын байр руу яваад ирье” гэж хэлсэн.  Т.С, Т.Х нар “Ямар учраас очих юм бэ?” гэж асуусан “Би зүгээр яваад ирье” гэж хэлэхэд Т.С, Т.Х нар “За тэгье” гэж хэлсэн. Тэгээд Т.Х, Т.С бид гурав Ж.Хны гэрт очиж би Ж.Хд “Таны машинтай Д уурхай руу яваад ирье” гэх хэлэхэд Ж.Х бодож бодож байгаад “За тэгье” гэж хэлсэн. Дараа нь Өлгий сумаас 18 цагийн үед гараад Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Д уурхайд 20 цагийн үед очсон. Бид дөрөв машинаа Д уурхайны хашааны гадна талд тавиад Ж.Х машиндаа үлдсэн. Бид гурав машинаас буугаад хашаа руу ороход Т.Х согтуу явж чадахгүй болохоор машин руу буцаад яваад өгсөн юм. Т.С бид хоёр Д уурхайны баяжуулахын байранд очиход баяжуулахын байранд хэн ч байхгүй байсан. Т.С бид хоёр Д уурхайны баяжуулахын байрны дээд талаас 2 дахь цонхны гадна талын хамгаалалтын төмрийг өргөж барьж байгаад цонхыг нь гараараа түлхэж онгойлгоод дотор тал руу би ороод хаалганы цоожийг дотор талаас нь онгойлгоод Т.С хаалгаар орсон юм. Бид хоёр 2 ширхэг гагнуурын аппарат баяжуулахын байрнаас авч гадаа гаргаж тавиад би баяжуулахын өрөөний хаалгыг дотор талаас нь түгжиж, цонхоор гарч цонхийг нь гадна талаас хааж цонхны төмрийг нь буцааж байранд байрлуулж тавьсан юм. С бид хоёр 2 ширхэг гагнуурын аппаратыг аваад явах гэж байхад нэг машины гэрэл харагдсан юм. Тэгээд С бид хоёр 2 ширхэг гагнуурын аппаратыг үлдээгээд зугтаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Мийн шүүх хуралдаан хэлэлцүүлэгт өгсөн: “...Д уурхайгаас 2 ширхэг гагнуур аппаратыг байгаа газраас нь хөдөлгөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би  4 хүүхэдтэй. Том хүүхэд маань энэ жил оюутан болж суралцах  ёстой байсан. 10 жилийн дараа гарч ирээд сайхан амьдарч байгаад дахиад ийм хэрэгт холбогдож амьдралаа алдсандаа харамсаж байна. Том хүүхэд маань энэ жил оюутан болж суралцах ёстой байсан. Миний энэ байдлаас болж хичээлдээ явж чадаагүй. Энэ хэрэг гараад 1 жил гаруй хугацаа боллоо. Хийсэн хэргээ хүлээж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Шүүгдэгч Т.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн үед С.М над руу залгаж “Та хүрээд ирээч. Би архи уугаад явж байна” гэж хэлсэн. Би “Чи хаана явж байгаа юм бэ?” гэж хэлэхэд С.М “Захын хажуу талд явж байна” гэж хэлсэн. Тэгээд би захын хажуу талд яваад очиход С.М нь хажуу талд нь нэг үл таних залуугийн хамт явж байсан. С.М надад “Шинэ жилийн ганц юм байхгүй юм уу” гэж хэлсэн. Би дэлгүүрт очоод нэг шил 0,5 литрийн “Сангийн далай” нэртэй архинаас авсан. Бид гурав захын хажуу талд архиа хувааж ууж байхад С.М бид хоёрт хандаж “Д уурхай руу миний ажлын байр руу яваад ирье” гэж хэлсэн. Бид хоёр “Ямар учраас очих юм бэ?” гэж асуухад С.М “Зүгээр манай ажлын байранд очоод ирье” гэж хэлсэн. Тэгээд бид гурав С.Мийн худын гэрт очсон. С.Мийн худын нэрийг нь Х гэж байсан. Бид гурав Хы машинтай явж байгаад 20 цагийн үед Ногооннуур сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Д уурхай руу очсон. Эхлээд Д уурхайны доод талын худаг дээр очсон. Худаг дээр 50-иад орчим насны нэг эрэгтэй хүн байсан. Бид дөрөв худгийн байранд орж цай, архи ууж байгаад машинтай дээшээ “Д” уурхай руу яваад өгсөн. Нөгөө үл таних хүн харуулын байрандаа үлдсэн юм. Бид дөрөв “Д” уурхайн хашааны гадна талд машинаа тавиад Х машин дотор үлдсэн. С.М болон нөгөө үл таних залуу бид гурав “Д” уурхайн хашааны дотор тал руу ороход нөгөө үл таних залуу согтуу явж чадахгүй болохоор машин руу буцаад явсан. С.М бид хоёр Д уурхайн хашааны дотор тал руу орж нэг байрны гадна очиход хэн ч байхгүй байсан. Тэгээд С.М байрны гадна талын цонхоор нь байрны дотор тал руу орж дотор талаас нь хаалгыг онгойлгосон. Би хаалгаар нь орж байрны дотор талд 2 ширхэг гагнуурын аппарат байсан ба С.М бид хоёр өргөж байрнаас гаргасан. С.М надад “Та байж байгаарай” гэж хэлээд хаалгыг дотор талаас нь түгжиж цонхоор нь гарч, цонхыг гадна талаас хааж гадна талын төмрийг янзалж буцааж байранд нь оруулсан юм. ...Дараа нь С.М бид хоёр 2 ширхэг гагнуурын аппаратыг аваад явах гэж байхад нэг машины гэрэл харагдсан. Тэгээд С.М надад "зугтъя" гэж хэлээд бид хоёр гүйгээд Хы машинд суугаад машины гэрлийг унтраагаад Ногооннуур сумын Ховд гол багийн чиглэл рүү явсан юм. С.М надад хулгай хийх гэж байгаа талаар яриагүй. Тэр талаар би огт мэдээгүй. Байрны гадна талд очиж цонхоор нь орох үед мэдсэн. ...С.М бид хоёр "Д" уурхайн байрнаас 2 ширхэг гагнуурын аппарат гаргаж тавиад гагнуурын аппаратыг аваад явах гэж байхад машин ирээд авч чадаагүй зугтаагаад яваад өгсөн." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас. 2 дугаар хх-ийн 104 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Т.Сы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна. Энэ гэмт хэргийн улмаас би идэж, уусан зүйлгүй явж байна. Хорих ялыг багасгаж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч С.М нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар “Д” уурхайд очиж агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдаж, бусдад мэдэгдэлгүй, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж хулгайлахыг завдсан болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Харин шүүгдэгч Т.С нь С.Мийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр “Д” уурхайд очсоныг мэдээгүй боловч цонхоор нэвтрэх үед нь мэдсэн атлаа өөрөө сайн дураараа татгалзах боломж байсан хэдий ч үйлдлээрээ нэгдэн нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

Гэвч шүүгдэгч С.М, Т.С нар нь 2 ширхэг гагнуурын аппаратыг хулгайлах үйлдэл санаатай хийсэн боловч тухайн агуулахын манаач нар машинтай ирж байхыг хараад өөрсдийнх нь хүсэл зорилгоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хулгайн зүйл болох 2 ширхэг гагнуурын аппаратыг орхиж зугтсанаар хулгайлах гэмт хэрэг төгсөөгүй тул дээрх хууль бус үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.М, Т.С нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.М, Т.С нар “Д” уурхайн агуулахад очиж хулгай хийхдээ учрах саадыг арилгах, уг үйлдлээ хурдан шуурхай гүйцэлдүүлэхийн тулд Т.Хы “Nissan sunny” маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан. Гэвч тээврийн хэрэгслийг ашиглах гол үндэслэл нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж 2 ширхэг гагнуурын аппаратыг тээвэрлэх байсан. Гэтэл уг гэмт хэрэг өөрсдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрч чадаагүй тул хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх боломжгүй байна. Харин уг 2 гагнуурын аппаратыг тээврийн хэрэгсэлд ачиж үйлдэл хийсэн бол уг гэмт хэрэг төгссөн, төгсөөгүй аль нь боловч тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч С.М, Т.С нарыг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдахдаа тээврийн хэрэгсэл ашигласан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч С.М, Т.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М, Т.С нар нь хулгайлах гэмт хэргээ туйлд нь хүргэж төгсгөж чадаагүй бөгөөд хулгайлахыг завдсан 2 ширхэг гагнуурын аппаратаа орхиж зугтаж гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол учруулаагүй тул Ж.Мд төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.М, Т.С нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч С.М, Т.С нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч тус бүрд байгааг дурдаж байна.

Шүүгдэгч С.М урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 жил хорих ял, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил, 8 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Т.С урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч С.М, Т.С нар нь тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг баримтлан ял оногдуулах үндэслэлтэй байна.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдэд оногдуулах ял нь тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт бага байх зарчмыг баримтална.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан завдсан үйлдэлд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доош нь буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялын доод хэмжээ 6 сараас дээш уг гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 8 жилийн гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах боломжтой. Ингэхдээ шүүх шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзнэ. 

Шүүгдэгч С.М, Т.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй зэрэг байдал, хохирогч Ж.Мы эд хөрөнгөд учирсан хохиролгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Мэд 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Сд 7 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М, Т.С нар нь энэ хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 129 хоног, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл 3 хоног, нийт тус бүр 132 хоног цагдан хоригдсон бөгөөд уг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М, Т.С нарт хорих ял оногдуулсан тул тэдэнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.  

Шүүгдэгч С.М, Т.С нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Сы эд хөрөнгийг битүүмжлээгүй зэргийг дурдаж байна.

            Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох гэрч Ж.Х-ы өмчлөлийн “Nissan sunny” маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон  шүүгдэгч С.Мийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 110 метр квадрат талбайтай Y-0213007322 дугаар гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч С.Мийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Т.Сураганы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Ж.Х-ы өмчлөлийн “Nissan sunny” маркийн **** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, уг автомашины татварын гэрчилгээ зэргийг өмчлөгч Ж.Х-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                            ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос  Шүүгдэгч Төлек ургийн овогтой Самрахын М, шүүгдэгч Ш ургийн овогтой Тын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн            2.4-д заасныг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Т ургийн овогтой Сн М, шүүгдэгч Ш ургийн овогтой Тын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Мийг 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Сыг 7 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Т.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар шүүгдэгч С.М, Т.С нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч С.М, Т.С нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үлдээж, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч С.М, Т.С нар нь хохирогчид төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Сы эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

   8. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө гэрч Ж.Хы өмчлөлийн “Nissan sunny” маркийн *** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон шүүгдэгч С.Мийн эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай 110 метр квадрат талбайтай Y-0213007322 дугаар гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

   9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар ирүүлсэн шүүгдэгч С.Мийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Т.Сураганы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Ж.Х-ы өмчлөлийн “Nissan sunny” маркийн *** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, уг автомашины татварын гэрчилгээ зэргийг өмчлөгч Ж.Х-д буцаан олгосугай.

              10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.М, Т.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ