Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/007

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч А.Е,

Улсын яллагч Х.Ө,

Хохирогч С.Н,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М,

Хохирогчийн өмгөөлөгч А.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С, Д.А,

Шүүгдэгч З.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Нд холбогдох 1813002390165 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б ургийн овогтой З-н Н, регистрийн дугаар БЭ*************

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч З-н Н нь “Тоёота виста” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж хохирогч С.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 2 сартай хүүхэд М.А-ын амь насыг хохироож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч З-н Н нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед зах ороод гэр рүүгээ буцах замдаа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багийн нугаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр бага сургуулиас “Бөхөн уул”-ын чиглэл рүү явах засмал зам дээр “Тоёота виста” **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа ухаан алдаж эсрэг урсгалд орж гарч явж байгаад замын хажуу талын гэрлийн шонг тээврийн хэрэгслийн хажуу талаараа шүргэж /тээглэн зогссон/ шарваж дугуй нь эргэсэн байдалтай байжээ. Энэ үед шүүгдэгч З.Нгийн хөрш болох С.Н нь өөрийн эзэмшлийн “Тоyota AQUA” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр шүүгдэгч З.Нгийн ард ээж М.А, эхнэр С.Н, охин М.А нарын хамт явж байгаад түүнийг ухаан алдсаныг мэдэж туслахаар шүүгдэгч З.Нгийн тээврийн хэрэгслийн урд замаа чөлөөлөн зогссон байна. Тухайн үед шүүгдэгч З.Нгийн машинаас утаа гарсан байдалтай хөдөлгүүр нь унтраагүй байсан ба С.Н гүйн очиж хаалгыг нь онгойлгохоор татсан боловч онгойгоогүй бөгөөд шонгоос мултран хурдтайгаар давхиж түүнд туслахаар зогссон С.Нийн тээврийн хэрэгслийн хойд талаас мөргөж эсрэг урсгалд орж замын эсрэг талд байсан цэвэр усны шугамын нүхэнд зүүн урд талын дугуйгаар орж зогссон байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нийн эхнэр С.Н нь охин М.А-ыг тэврэн шүүгдэгч З.Н түүний тээврийн хэрэгслийг мөргөх тэр цаг хугацаанд машинаас буух гэж байсан ба мөргүүлсний улмаас шидэгдэн газарт унаж С.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, 2 сартай хүүхэд М.А-ын амь нас хохирсон байна.

 

1. Шүүгдэгч З.Нг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэл нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие О-ын М, 1985 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 33 настай, бүрэн дунд боловсролтой. 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ээж А, эхнэр С.Н, охин М.А нарын хамт ээжийн гадаад пасторын зургийг авхуулах гэж төв рүү орсон байсан. Тэгээд ээжийнхээ гадаад паспортын цээж зургийг авхуулчхаад буцаж явах замдаа гэрлэн дохионд зогсож байхад З.Нгийн машин гэрлэн дохиогоор гарч, урсгал сөрж нэг л биш явж байсан. Бид нар тэгээд яасан бол гэж хоорондоо ярьж араас нь явж байхад эргэсэн мөртлөө замаас гараад шонгийн модонд тээглэгдэж зогссон байсан. Бид нар машинаар хажуу талаас нь зөрөөд явж байгаад машины толиноос харахад машинаа өндөр хаазлаад нэг юманд тээглэсэн байдалтай зогсож байсныг харсан. Ээж, эхнэр хоёртоо хэлсэн. Тэгээд машинаа зогсоож, чадах чинээгээрээ гүйсэн. Гүйж очоод машины хаалгыг онгойлгох гэсэн боловч гараас мултраад явсан. Хаалганы бариулыг нэг удаа татсан.  Тэр үед хаалга онгойгоогүй байсан. Тэгээд шороо босгоод хөдлөөд яваад эргэсээр байтал манай машины араас мөргөж, чирээд хөндлөн тавьсан. Тэгээд урсгал сөрөөд траншей мөргөөд зогссон. Тухайн үед мөргөхөөс өмнө эхнэр маань машинаас буух гээд зүүн хөлөө газарт тавьж байсныг харсан. Дараагаар нь эхнэр, хүүхдээ харж чадаагүй. Тэгээд гүйж ирэхэд ээж маань машины хаалгыг онгойлгож чадахгүй, хашхирч сууж байсан. Машины хаалгыг хүчтэй цохиж, татаж ээжийгээ гаргаж авсан. Тэр үеэр эхнэр, хүүхэд маань хоёр тийшээ салж унасан байдалтай байсан. Хүүхдээ очиж авахад хамраас нь цус  гарсан. Нүд нь нэг өөр болсон байсан. Тэгээд тэр газарт байсан хүмүүс түргэн удах юм шиг байна. Замын машинаар эмнэлэг хүргэх хэрэгтэй гэхээр нь чадах чинээгээрээ хурдан Бүгд Найрамдах Казахстан улсын авто машинаар эмнэлэгт очсон. Тэгээд хүүхдийг хүлээн авах өрөөний оронд нь хэвтүүлж,   хиймэл амьсгал хийх гэж цээжнээс нь дарсан боловч хамраас нь цус гарч байсан. Тэгээд эмч надад эмчилгээ авахгүй гэдгийг хэлсэн. Түргэн ирээд манай эхнэрийн уйлсан дуу нь сонсогдохоор нь сандраад хүүхдээ хөнжилдөө ороож авч, эмчээ би хаана нуугдах бэ гэж хэлснээ мэдэж байна. Би эмнэлгийн жижиг өрөөнд үхсэн хүүхдээ тэврээд цаг гаруй суусан.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Миний бие 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед өөрийн “Тоyota AQUA” маркийн хар саарал өнгийн, ****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ээж, эхнэр С.Н, охин М.А нарын хамт Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр бага сургуулиас Б уулын чиглэл рүү явах засмал замд З.Нгийн “Тоёота виста” маркийн хар ногоон өнгийн ***** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр замын хажуугийн гэрлийн шонгийн төмрийг хажуу талаараа шүргэж, тээглэж, шарваж зогсож дотор нь байсан З.Н гэдэргээ харж ухаан алдсан байдалтай байсан. ...З.Н ухаан  алдсан  байна  гэж хэлээд түүнд туслах санаатай машинаа замаас чөлөөлж зогсож машинаас бууж очиход З.Н машинд ухаангүй байсан. Би түүнийг машинаас буулгаж авах гэж туслах талын хаалгыг татахад хаалга дотроосоо түгжээтэй байсан уу хаалга нь онгойхгүйгээр гараас бариул нь мултарч машин хажуу талаараа тээглэж байсан шонгийн төмрөөс мултарч урагшаа хөдлөөд явчихсан ба урд нь зогсож байсан миний машины араас мөргөж замаас гаргаж улмаар миний машины урд суудлаас буух гэж байсан миний эхнэрийг мөргөж цаашаа явж цэвэр усны трайншейнд урд дугуйгаар орж тээглэгдэж зогссон. Би гүйж очиход эхнэр хүүхэд хоёулаа замд ухаангүй байдалтай хэвтэж байсан. Би машины ар талд сууж байсан хаалга нь гацаж машинаас гарч чадахгүй байсан ээжийг машины хаалгыг чанга татаж онгойлгож гаргаж авсан. Тэр үед тэнд олон хүн цугларсан байсан. Надад хурдан хүүхдээ эмнэлэгт хүргээрэй гэсэн. Тэр үед тэнд нэг Казахстан улсын дугаартай тээвриин хэрэгслийн жолооч залуу хүрч ирээд “Би та нарыг эмнэлэгт хүргэе” гэж машинд суулгаж аваад эмнэпэгт хүргэж өгсөн. Миний хүүхдийг хүлээн авахын тасагт эмч үзэж байгаад таны хүүхэд нас барсан байна гэж хэлсэн. Би ослын газраас хүүхдээ эмнэлэг рүү хүргэхээр авч явахад миний эхнэрт туслахаар ослын газар манай төрөл садангийн хүмүүс болох Мейрам, Аманжол нар үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 дүгээр хуудас/,

- Хохирогч С.Нийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төвөөс буцаж явж байхад З.Н 4 замын уулзвараас урсгал сөрж явж байсан. Нөхөр маань З.Н яаж яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд З.Н тэгж явж байсан болохоор бид нар араас нь анхаарч явж байсан. Тэгээд өөр гудамж руу эргэх байх гэж бодсон чинь З.Н шонгийн мод мөргөж зогссон. Явж байгаад нөхөр маань машины толинд хараад хөөрхий З.Н ухаан алдаад унасан байна гэж хэлсэн. Тэгээд ээж бид хоёр хурдан очоод туслаарай гэж хэлсэн. Нөхөр маань машинаа замын хажууд зогсоож, З.Нгийн машин руу гүйгээд явсан. Би тэгээд цонхоор харахад нэлээн утаатай юм харагдахгүй байсан. Нөхөр маань аль хаалгаар очсоныг хараагүй. Би машин шатах гэж байна гэж хэлээд машинаас яаж гарснаа мэдэхгүй. Даргаагаар нь газар унаснаа мэднэ. Би хүүхдээ гар дэрээ байгаа. Хүүхдийнхээ толгойг нь цохиж авсан байх гэж бодож байсан. Дараагаар нь ухаан ороход нөхөр маань хүүхдийг хөнжилд ороож тэвэрсэн байсан. Тухайн үед би өөрийнхөө өвчнөө өөрөө мэдрээгүй. Хамаг ухаан санаа маань хүүхдэд байсан. Дахиад нэг ухаан ороход хүмүүс түргэн яагаад ирэхгүй байна гэж хэлж байсан. Тэр үеэр нөхөр маань хүүхдийг тэвэрч, аваад гүйж байсныг харсан. Эмнэлэгт очих үеэр ухаан орсон. Тэр үеэс эхлэн хүүхэд маань зүгээр байгаасай гэж бурхнаас залбирч гуйсан. Би хүүхдээ асуухад эмчилгээ хийгдэж байгаа гэж хэлсэн. Тэр үед би хүүхдэд маань эмчилгээ хийгдэж байгаа юм байна гэж баярласан. Маргааш өглөө хүүхэд маань байхгүй гэдгийг мэдсэн. Хүүхдээ байхгүй гэдгийг сонсоод шоконд орсон. Одоо хүртэл мэргэжлийн сэтгэл зүйчийн хяналтад байгаа. Миний бие одоо энд байгаа хэдий ч сэтгэл, зүрх минь хүүхдийнхээ хамт байна. Одоо хүртэл шокийн байдалтай байгаа. Би хүүхдээ алдсандаа одоо ч хүртэл итгэдэггүй. Итгэхийг ч хүсэхгүй. Надад мөнгө, төгрөг бүгдээрээ утга учиргүй, хэрэггүй юм шиг санагддаг. Хүүхдээсээ хагацсан эхийн сэтгэлийг юутай ч орлож, зүйрлэж  чадахгүй. З.Н хуулийн өмнө буруугаа хүлээсэн. Бид нарын өмнө буруугаа хүлээж, уучлалт гуйж ирээгүй. 8 сараас хойш би З.Нгийн царайг хараагүй. Бид нар маш их гомдолтой байна. Хуулийн өмнө хариуцлага хүлээх байх. Хуулийн өмнө З.Н хариуцлага хүлээсэн ч би хувь хүн болон эх хүний хувьд З.Нг хэзээ ч уучлахгүй.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Миний бие 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед өөрийн хоёр сартай охин М.А, хадам ээж М.А нарын хамт нөхрийн “Тоуоto АQUA” маркийн хар саарал өнгийн ****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэрт харьж ирж байхад Өлгий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр бага сургуулиас “Б” уул руу явах засмал замд З.Нгийн маишин замаас гарч явган  хүний замд хөндлөн гэрлийн шонг мөргөсөн зогссон байдалтай байсныг харсан. Тэр үед нөхөр М “Н ухаан алдчихсан байна” гэж машинаа Нгийн машинаас өнгөрөөгөөд зогсоосон. Бид хурдлаарай гэсэн. М машинаа зогсоогоод унтраахгүйгээр Нгийн машин руу шууд явчихсан. Би хойшоо харж байхад Нгийн машинаас хар утаа гарч шатаж байгаа юм шиг байсан. М Нг машинаас өргөж чадах уу дийлэх үү гэж бодож айсан. Би түүнд туслах санаатай байсан байх машинаас буучихсан байсан тэр үед нөгөө Нгийн машин хурдтай манай машиныг мөргөсөн. Улмаар намайг мөргөөд явчихсан. Би газар ухаан самуураад хэвтэж байгаад миний хүүхэд  зүгээр  байх  миний  гарт байгаа  гэж бодож байсан. Гэхдээ би газраас босож чадахгүй байсан. Ухаан ороод хүүхдээ хайсан ба газраас босох гэхэд нэг эмэгтэй “Босоод хэрэггүй, битгий хөдөл” гэсэн. Би газар хэвтэж байгаад харахад М миний хүүхдийг гарт тэвэрчихсэн зогсож байсан.  Дараа нь намайг эмнэлэгт түргэний машинаар хүргэсэн байх. Миний ухаан орж гараад байсан. Би хүүхдээ нас барсан болохыг маргааш нь сонсож мэдсэн. Би “Хүүхэд хаана байна” гэхэд “Эмчилгээ хийж байна” гэж хэлж байсан. Би нөхрөөсөө “Миний хүүхэд гарт байсан биз дээ” гэхэд толгойгоо сэгсэрч “Хүүхэд та хоёр тусдаа газарт хэвтэж байсан” гэсэн. Би хүүхдээ гарт байгаа зөвхөн толгой хэсгийг замд цохиж авсан гэж бодсон юм. Би З.Нд маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- Гэрч М.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...Миний бие 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өлгий сумын төвд очиж гадаад паспортын зураг авхуулж өөрийн хүүхэд болох Маханбетийн машинаар гэр лүү харьж буцаж явж байхад Өлгий сумын 1 дүгээр бага сургуулиас “Б” уулын чиглэл рүү явах засмал замд байхад М “Нгийн машин шатаж байна” гэж машиныг зогсоож машинаас бууж явсан. М машинаас буугаад удаагүй машины ар тапаас юм цохих шиг болж толгой урагшаа савласан. Тэр үед миний ухаан алдчихсан. Машин тойроод олон хүн цугларсан байсан. Машинд байсан бэр хүүхдүүд байхгүй болчихсон. Би машинд ганцаараа сууж байсан ба машины хаалгыг онгойлгох гэж  чадаагүй. Тэр үед гаднаас М хаалгыг хүчтэй татаж онгойлгосон. Би гадагш гарахад замд бэр гэдэргээ хараад хэвтэж байсан. Би үхчихсэн байх гэж бодсон.  Машинаас буухад хүүхдийг М өргөж байсан. Надад хүмүүс ирж “Та зүгээр үү” гэхэд “Би зүгээр та нар бэр болон М, хүүхдийг эмнэлэгт хүргээрэй” гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

- Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед миний бие Өлгий сумын 2 дугаар багт байрлах хашаа байшингийн гадаа М, А эгч хоёр залуутай хамт эвдэрсэн хашаагаа засаж байхад хоёр машин мөргөлдөх чимээ сонсогдож чимээ гарсан зүг буюу хойд зүг рүү харахад хөх ягаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэл зам дээр байсан тээврийн хэрэгслийн хажууд унаж газар хэвтэж байсан эмэгтэй болон хүүхдийн дээрээс бүсэлхий хэсгээр нэг дугуйгаар дайрч, зогсолгүй явж байгаад замын нөгөө талд гарч цэвэр усны цооногт дугуй нь орж зогсчихсон. Тэр үед би цагдаа, түргэн рүү залгаж “Энд зам тээврийн осол гарсан” гэж дуудлага өгсөн.  Осол болсон  газар олон хүн  цугларсан.  Хүмүүс зам тээврийн осолд орсон хүмүүст тусалж эмнэлэг рүү авч явж байсан. Би ослын газарт ирэхэд газар хэвтэж байгаа хүүхдийг нэг залуу тэвэрчихсэн эмэгтэйг анх хэвтэж байсан байрнаас хүмүүс өөр газарт хэвтүүлсэн байдалтай байсан. Осол гаргаж зогссон машины жолооч кабинд ухаангүй байдалтай хэвтэж байсан. Тэр үед М уг залууг таньж “Энэ залуу аваарт орж байсан өвчтэй хүн” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

- Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед миний бие Өлгий сумын 2 дугаар багт байрлах иргэн А.А-ийн хашааг А гэгч залуутай хамт янзалж байхад хоёр машин мөргөлдөх чимээ гарч хүмүүс шуугиад явхаар нь чимээ гарсан зүг рүү харахд замын хажууд зогсож байсан Махамбеийн машины араас З.Нгийн машин мөргөж замаас түрж гаргаж улмаар машинаас буугаад зогсож байсан Нуршашийг мөргөж газар унагааж, газар унах үед баруун талын урд болон хойд хоёр дугуйгаар хэвлий, хөлийн дээрээс нь дайраад өнгөрсөн. Н-ийг машин мөргөж газар унах үед түүний гарт байсан хүүхэд нь газар унах шиг болсон. Нгийн машин зогсохгүй явсаар байгаад эсрэг урсгалд гарч замын хажуугийн цэвэр усны цооног руу нэг дугуй нь орж зогсчихсон. Би Мийн хажууд гүйж очсон ба М хүүхдээ тэврээд зогсож байсан. Хүүхэд нь ямар ч амьгүй юм шиг байсан. Н-ийг хүмүүс замаас өргөж холдуулж байсан. Би Мэд “Чи хурдан хүүхдээ аваад эмнэлэгт оч. Түргэний машин хүлээгээд хэрэггүй” гэж замын машинд суулгаад явуулсан. Би Нгийн машинд очиход машин асаалттай Н машин дотор ухаангүй туслах талын суудал руу хажуу талаараа уначихсан хэвтэж байсан. ...З.Н урьд өмнө нь ухаан алдаж унадаг зам тээврийн осолд орж байсан гэж сонссон. Уг нь тийм хүн машин жолоодох ёсгүй байсан. Би З.Нг архи уусан байна гэж бодсон. Сүүлд нь өвчнөөс болж ухаан алдаж унасан болохыг мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

- Гэрч Т Зн мөрдөн байцаалтын шатанд өсгөн: “...Миний хүү З.Н нь 2000 оны 08 дугаар сарын 20-ны үеэр өдрийг нь санахгүй байна. ОХУ-д явж байгаад зам тээврийн осолд орсон ба түүнээс хойш 2012 оноос эхэлж жилд 1-2 удаа татаж унадаг өвчтэй болсон. Түүнээс хойш байнга эмчид үзүүлж эмчлүүлж байсан. З.Н “Бензонал” гэх эм уудаг байсан ба тэр нь олдоц муутай болоод “Корбамазлин” гэх эм ууж байгаа. Гэхдээ энэ “Корбамазлин” гэх эм өвчинд нь сайн үйлчлэхгүй өвчинд нөлөөлөхгүй байгаа юм шиг санагддаг юм. Учир нь энэ жил он гараад 8 сарын хугацаанд 5-6 удаа ухаан алдаж таталт өгсөн. З.Н нь жилд 2 удаа курс эмчилгээ хийлгэж байгаа болно. Миний хүүд мөн зан төрхийн өөрчлөлт орсон байгаа. Хүний хэлсэн үгэнд орохгүй. З.Н 2018 оны 01 дүгээр сард нэгдсэн эмнэлэгт тахир дутуугийн магадлалийн үзлэгт орох гэж байгаад ухаан алдаж унасан. Дараа нь банкинд тэтгэмжийн мөнгө авах гэж очерлож зогсож байгаад ухаан алдаж унасан. Дараа нь хэд хэдэн удаа гэрт ухаан алдаж унаж байсан. Зам тээврийн осол гаргах үед ухаан алдсан байсан. Мөн зам тээврийн осол гаргасны дараа хэдэн өдрийн дараа дахиж ухаан алдаж унаж байсан. 3.Н нь ухаан алдаж унаад өөрөө хэсэг хугацааны дараа сэргэж зүгээр болдог.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүээр хуудас/,

- Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т-ын 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,

- Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Т-ын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “...Тухайн осол гаргах жолооч З.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэх магадлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,

- Зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М-ын 2018 оны 08 дугаар  сарын 23-ны өдрийн 08 дугаартай “...1. Жолооч 3.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а  дахь заалтад зааснаар “Жолооч согтууруулах ундаа,  мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх  эм бэлдмэл  хэрэглэсэн, мөн хөдөлгөөний  аюулгуй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Тилеухабылын 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаа үндэслэлтэй байна. 3. Жолооч З.Н Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а  дахь заалтад заасан заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. 4. Жолооч С.Н замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийнн 55 дугаар хуудас/,

- Шүүхийн  шинжилгээний  албаны  шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 328  дугаартай “...Иргэн С.Нийн биед баруун талын гарын тохой, зүүн талын өвдөг, баруун талын өвдөг, баруун талын ташааны хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, тархи доргилт, зүүн талын 8, 9, 10, 11-р хавирганы бага зэрэг зөрсөн далд хугарал, зүүн талын уушигны няцрал, цээжний хөндийд хий хурсан, аарцаг бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. 3. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй.                4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

- Шүүхийн  шинжилгээний  албаны  шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29 дугаартай “...Талийгаач М.Аын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины эдийн няцрал, тархины хатуу хальс доорх болон суурь хэсэгт цусан хураа. Цээжний зүүн талын 5 дугаар хавирга суганы урд шугамаар хугарал зэрэг хавсарсан хүнд гэмтлүүдээс болж амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

- Цагдаагийн ахмад А.Х-ын кримналистикийн шинжээч эмч М.Е, шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б нарыг оролцуулан хийсэн “Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн ТХТХ-ийн үзлэгийн инженер Е.Ж-ы 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаартай шүүгдэгч З.Нгийн эзэмшлийн “Toyota Vista” маркийн тээврийн хэрэгсэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нийн эзэмшлийн “Toyota AQUA” маркийн тээврийн хэрэгслүүдэд хийсэн техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

-  Шүүгдэгч З.Нгийн мөрдөн байцаалтын шатанд: “...Миний бие 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн "Тоёота виста" маркийн ****БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Өлгий сумын 3 дугаар багт байрлах гэр луү явж байхэд Өлгий сумын  1  дүгээр бага сургуулийн 4 замын уулзварт миний толгой гэнэт өвдөж эхэлсэн.  "Бөхөн" уул руу явах зам руу эргэн явж байгаад замаас гарч зогссон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Би ухаан ороод цагдаагийн газарт ирж сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

- Шүүгдэгч З.Нгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Хуулийг хүндэлж байна. Хохирогч С.Н, О.М нараас уучлалт гуйж байна. Дахиж машин жолоодохгүй. Анх удаа шүүхэд ирж байна. Боломжтой бол уучлалт үзүүлэхийг хүсэж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Өөрөөр хэлбэл яллагдагч З.Н, хохирогч С.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н, шүүгдэгч З.Н болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мэдүүлгүүд нь зөрүүгүй бөгөөд хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй байна. Мөн энэ хэрэгт хамааралтай хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд нь хоорондоо уялдаа холбоотой, хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч З.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлсэн.

Шүүхээс шүүгдэгч З.Нд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. Учир нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүгдэгч З.Нгийн согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 59 дугаартай “...Иргэн З.Нгийн цусанд этилийн спирт илрээгүй байна. Тухайн үед эрүүл байсан байна.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч З.Н нь зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан болох нь тогтоогджээ. Мөн энэ гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон нөхцөл байдал нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймд шүүгдэгч З.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож М.Аын амь насыг хохироосон, хохирогч С.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Нийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршигт 3.344.443 /гурван сая гурван зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нийн “Toyota AQUA” маркийн тээврийн хэрэгслийн сэлбэг, засварын хөлс зэрэгт 2.520.000 /хоёр сая таван зуун хорин мянга/ төгрөгийн нийт 5.864.443 /таван сая найман зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч З.Н төлсөн байна. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хохирогч С.Н болон түүний өмгөөлөгч А.С нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Сэтгэл санааны хохирол 30.000.000 /гучин сая/ төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч З.Н нь 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн байх тул одоо үлдсэн 28.000.000 /хорин найман сая/ төгрөг нэхэмжилж байна. Мөн миний нуруу хэвийн байдалдаа ороогүй. Шахагдсан байгаа. 2 сар тутам эмчилгээ хийлгэх ёстой. Одоогийн байдлаар 2 сар болсон байгаа. Би 01 дүгээр сарын дунд үеэр эмчилгээ хийлгэх ёстой. Эмчилгээний төлбөр хэд гарахыг би мэдэхгүй байна. Эмчилгээний зардал тодорхой биш байна. Уг гаргах эмчилгээний зардлаа тухай үед нь баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх болно.” гэсэн бөгөөд шүүгдэгч З.Нгаас сэтгэл санааны хохирол гэх 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэсгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуульд хүний амь хохирсон тохиолдолд сэтгэл санааны хохиролд төлөх мөнгөн дүнг тодорхойлоогүй тул шүүх сэтгэл санааны хохирлын хэмжээг шууд тооцон гаргуулах боломжгүй байна. Шүүгдэгч З.Н нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 5.864.443 /таван сая найман зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгөөс гадна сэтгэл санааны хохирол гэж өөрийн санаачилгаар 2.000.000 /хоёр сая/ төгрөг хохирогч С.Нийн Төрийн банк дахь 290000089320 дугаартай дансанд шилжүүлснийг дурдаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч З.Нг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэнд болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эд хөрөнгөд учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн гэж шүүх үзлээ. Харин хохирогч С.Н нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч З.Нгаас гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд төлсөн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Голомт банк дахь хохирлын 5805007969 тоот данснаас 3.249.450 /гурван сая хоёр зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нарт олгох нь зүйтэй байна.

 

  1. Шүүгдэгч З.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З.Нд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол, хор уршгийн хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч З.Н урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн төвийн “Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд улсын яллагчаас шүүгдэгч З.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил, 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Нд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч З.Нгийн согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багийн засаг дарга Х.К-ын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүгдэгч З.Нгийн 2000 онд аваарт орж эмчилгээ хийлгэсэн байдлын талаарх өвчтөний түүхийн орчуулга, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн талаарх баримтууд, шүүхийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын тодорхойлолт, З.Нгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, шүүгдэгч З.Нгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ухаан алдаж унаж эмчилгээ хийлгэсэн талаарх яаралтай тусламжийн хуудас болон сэтгэл санааны хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцлоо. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч З.Нгийн ухаан алдсан байдлыг бичиж хуулбарласан гэх СД дискийг шинжлэн судлуулахаар ирүүлснийг шүүхээс шинжлэн судлах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь уг нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч З.Нг ухаан алдаж унадаг талаар ямар нэгэн маргаан мэтгэлцээн гараагүй тул шинжлэн судлаагүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд “...Шүүгдэгч З.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, эрүүл мэнд зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах улсын яллагчийн саналыг эсэргүүцэх зүйлгүй.” гэв.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч шүүгдэгч З.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх болмжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж хуульчилсан. 

Шүүгдэгч З.Нгийн хувьд энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн хэдий ч ийм нөхцөл байдалд хүрнэ гэдгийг ухамсарласан байх ёстой байсан. Гэвч өөрийгөө хэдийд ч өөрөөс нь үл шалтгаалах нөхцөл байдлаас ухаан алддаг гэдгийг мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож /такси үйлчилгээнд явдаг/ байсан нь ийм нөхцөл байдалд хүргэсэн. Өмнө нь хэд хэдэн удаа тээврийн хэрэгсэл дотроо болон гудамж талбайд ухаан алдаж унаж байсан болох нь:

- Гэрч Б.Ханатын  “...Тэнд түүнийг таталт өгч ухаан алдаж унасан байсан газраас авч ирсэн гэж өөрсдийгөө таксины жолооч гэж танилцуулсан залуус “Энэ залуу машин жолооддог. Дандаа ухаан алдаж татаж унадаг. Машин жолоодохоо боль” гэж та хэлж өгөөч гэж хэлж байсан. З.Н хүлээн авах тасагт эмчилгээ хийгдэж ухаан  санаа нь гайгүй болсон үед нь би очиж уулзаж “Чи машин барьж болохгүй шүү. Чи хүн ална, эсвэл өөрөө осолдоно шүү” гэж анхааруулж хэлсэн.” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

- Гэрч С.Б-ийн “...З.Н такси хийж яваад таксинд үйлчлүүлсэн хүн мөнгө өгөхөөр гэрт ороод гарч ирэхэд машин дотроо ухаан алдаж таталт өгч байсан гэж хэлж байсан. З.Нгийн хувьд хэзээ ч, хаана ч ухаан алдаж унах боломжтой таталж унах өвчтэй хүн болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Гэрч Х.Б-ын “...Тэр залуу хааяа өөрийн хувийн машинаар такси хийгээд явж байдаг болохыг мэднэ. Олон жилийн өмнө хэдэн он гэдгийг санахгүй байна. Би мотоциклоор такси хийгээд зах дээр явж байхад зах дээр такси зогсдог газар З.Н явган ирж байгаад ухаан алдаж газарт хана налаад суучихсан байсныг харсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

- Гэрч Т.Зн “...З.Н 2018 оны 01 дүгээр сард нэгдсэн эмнэлэгт тахир дутуугийн магадлалийн үзлэгт орох гэж байгаад ухаан алдаж унасан. Дараа нь банкинд тэтгэмжийн мөнгө авах гэж очерлож зогсож байгаад ухаан алдаж унасан. Дараа нь хэд хэдэн удаа гэрт ухаан алдаж унаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Н нь би тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол өөртөө болон бусдад ийм эрсдэлтэй гэдгийг ойлгож ухамсарлах, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц гэм судлалын комиссын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14 дугаартай “...З.Н нь эпилепси өвчтэй ба сэтгэцийн эмчийн хяналтанд ирж үзүүлээгүй байна. Өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. З.Н нь эпилепси өвчтэй ба сэтгэцийн талаас өөрчлөлтгүй. Өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай. Өөрийн харсан, сонссон зүйлийг зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. З.Н сэтгэцийн эмчийн хяналтанд байхгүй.” гэх магадлагаагаар /хх-ийн 88-89 дүгээр хуудас/ тогтоогдож байна. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч З.Н нь энэ бүгдийг үл тоомсорлож бусдын үгийг хүлээн авалгүй байнга тээврийн хэрэгсэл жолоодсоноос бусдын амь насыг хохироож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч З.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 3 жил 6 сарын хорих ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгч З.Нд оногдуулсан уг 1 жилийн хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч З.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан дээд хугацаа буюу 5 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, ...үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч З.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч З.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна.  

Шүүгдэгч З.Н нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй тул хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох түүний өмчлөлийн 1996 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Vista” маркийн ***** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/67 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.  

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирүүлсэн шүүгдэгч З.Нгийн иргэний үнэмлэх, 600476 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01861905 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч С-ын О-д буцаан олгох нь зүйтэй байна.

Мөн хэрэгт хавсаргасан хохирогч С.Нийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн СД диск 1 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн 6 хуудас бүхий карт зэргийг хохирогч С.Нт өөрт нь, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ийн шинжлэн судлуулахаар гаргасан СД диск 1 ширхгийг өмгөөлөгч Я.С-эд тус тус буцаан олгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьездийн шүүхийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч З.Нгийн эрүүл мэндийн талаарх 12 хуудас материалыг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                            

 

1. Шүүгдэгч Б ургийн овогтой Зн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж “Хөдөлгөөний  аюулгуй  байдлыг хангаж чадахааргүй өвчтэй  буюу  ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож М.Аын амь насыг хохироосон, хохирогч С.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч З.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Нгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан ялыг түүнд шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч З.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Н болон түүний өмгөөлөгчийн сэтгэл санааны хохирол 28.000.000 /хорин найман сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Н нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 8. Шүүгдэгч З.Н нь сэтгэл санааны хохиролд 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хохирогч С.Нийн Төрийн банк дахь 290000089320 дугаартай дансанд шилжүүлснийг дурдсугай.

  9. Шүүгдэгч З.Нгаас гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд төлсөн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Голомт банк дахь хохирлын 5805007969 тоот данснаас 3.249.450 /гурван сая хоёр зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Н, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нарт олгосугай.

 10. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох шүүгдэгч З.Нгийн өмчлөлийн 1996 онд үйлдвэрлэгдсэн “Toyota Vista” маркийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5/67 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

  11. Хэрэгт хавсаргасан хохирогч С.Нийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн СД диск 1 ширхэг, амбулаториор эмчлүүлэгсдийн 6 хуудас бүхий карт зэргийг хохирогч С.Нт өөрт нь, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ийн шинжлэн судлуулахаар гаргасан СД диск 1 ширхэгийг шүүгдэгчийн өмглөөгч Я.Сьездэд тус тус буцаан олгосугай.

12. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ийн шүүхийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч З.Нгийн эрүүл мэндийн талаарх 12 хуудас материалыг хэргийн хамт хадгалсугай.

13. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч З.Нгийн иргэний үнэмлэх, 600476 дугаартай жолоочийн үнэмлэх зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01861905 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Самихын Озатад  буцаан олгосугай.

       14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОРЖБАЛ