Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/002

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Хэлмэрч А.Е,

Улсын яллагч Х.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813003430236 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1963 оны 02 дугаар сарын 03-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жовгийн Хийн Т, регистрийн дугаар БВ******.

 

Шүүгдэгч Х.Тийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т 2018 оны 04 дүгээр сарын дунд үеэр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Ховд голын эргээс зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Шүүгдэгч Х.Т 2018 оны 04 дүгээр сарын дунд үеэр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Ховд голын эргээс зохих зөвшөөрөлгүй 0.2284 метр.куб мод бэлтгэж байгаль экологид 41934 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл нь:

 

- Шүүгдэгч Х.Тийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 04 дүгээр сарын дунд үеэр гэрийн хажуу талд Ховд голын эрэг дагуу ургасан улиас моднуудаас салхинд байгалийн жамаар унасан 2 модноос 5 салаа мөчир, мөн босоо ургаа модноос 2 салаа мөчир модыг жижиг хөрөө, сүх ашиглан гоожин буюу зөвшеөрөлгүй бэлдсэн юмаа. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологит учруулсан хохирлоо бүрэн төлж өгсөн. Дахин ийм асуудал гаргахгүй. ...Би байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулж төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсье. Цаашид зөвшөөрлөө аваад мод бэлтгэж байх болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

            - Иргэний нэхэмжлэгч М.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би байгууллагаас томилогдсон иргэний нэхэмжлэгчийн хувьд Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн X.Т-ээс 125802 төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэвэл шинжээчийн дүгнэлтээр голын эрэгээс 0,2284 метр куб мод бэлдсэн болох нь тогтоогдсон ба экологи эдийн засгиин үнэлгээ Ойн санд учруулсан хохирол нь 41934 төгрөг гарсан. Энэ хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснааар ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр төлүүлнэ гэсэн заалттай учир би учирсан хохирлыг хуулийн дагуу 3 дахин нэмэгдүүлэн нэхэмжилж байна. ...Учруулсан хохирол 125802 төгрөгийг Х.Тээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлүүлэн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай дансанд тушаалгасан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

- Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтэнд: “...Тухайн бэлтгэсэн моднууд улиас буюу навчит моднууд байна. Стандарт Хэмжил зүйн Үндэсний Зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан стандартын дагуу тооцоход 0.2284 м.куб эзэлхүүнтэй байна. Модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 0.2284м.куб*102000*1.8=41934 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Баяннуур сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Ховд голын эрэг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдахгүй” /хх-ийн 17-18 дугаар хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч Х.Тийн дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид 41934 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Н-ы 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “...Батлагдсан стандартын дагуу тооцоход 0.2284 метр куб эзлэхүүнтэй байна. Бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь ойролцоогоор 0.2284м.кубх102000х1.8=41934 төгрөгийн хохирол учруулсан байна” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

           

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

             Иймд шүүгдэгч Х.Тийг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирч байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Т нь Баян-Өлгий аймгийн Б сумын **** дугаар багийн нутаг дэвсгэр Ховд голын эргийн ойгоос зохих зөвшөөрөлгүй 0.2284 м.куб мод бэлтгэж, ойн санд 41934 /дөчин нэгэн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийн бодит хохирол учруулсан байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан. Иймд шүүгдэгч Х.Тийн ойн санд учруулсан бодит хохирол 41934 /дөчин нэгэн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхэд нөхөн төлөх хохирол нь 125802 /нэг зуун хорин таван мянга найман зуун хоёр/ төгрөг байна.

Шүүгдэгч Х.Т нь уг 125802 /нэг зуун хорин таван мянга найман зуун хоёр/ төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт болон иргэний нэхэмжлэгч М.М-ийн “Х.Т нь шинжээчийн гаргасан 125802 /нэг зуун хорин таван мянга найман зуун хоёр/ төгрөг бүхий нөхөн төлбөрийг төрийн сангийн 100161113001 тоот дансанд бүрэн хийж хохирлоо барагдуулж өгсөн. Манай байгууллагын зүгээс өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Х.Тийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэж үзлээ.

 

            2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Т урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Тийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх төмөр иштэй сүх, бор өнгийн иштэй гар хөрөө зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Х.Тээс хураан авсан гэмт хэрэг үйлдэж олсон 0.2284 метр куб модыг улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Х.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1-5 дахь хэсэг, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж овгийн Х-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэх”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх төмөр иштэй сүх, бор өнгийн иштэй гар хөрөө зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Х.Тээс хураан авсан гэмт хэрэг үйлдэж олсон 0.2284 метр куб модыг улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч Х.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Тийн 00184307 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ