Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00981

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/00981

 

 

Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/03139 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц ХХК

Хариуцагч: БЛ ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 8,660,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ц ХХК нь БЛ ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамтран ажиллах 17/15 дугаартай гэрээ байгуулсан. БЛ ХХК-ийн ачааг Ц ХХК нь тээвэрлэн хүргэх ажлыг хийсэн. Гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Ц ХХК нь нийт 43 удаагийн тээвэрлэлтийг хийж гүйцэтгэж, 57,020,000 төгрөгийн ачаа тээвэрлэлтийн төлбөрийн тооцоо гарсан. Үүнээс 48,360,000 төгрөгийг БЛ ХХК нь төлсөн бөгөөд үлдэгдэл 8,660,000 төгрөгийн тээвэрлэлтийн хөлсийг төлөөгүй.

Иймд БЛ ХХК-аас ачаа тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 8,660,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Талууд хооронд төлбөрийн талаар тооцоо нийлээгүй. Нэхэмжлэгч нь өөрөө тооцоог шивж гаргаад, тодорхойгүй баримтаар нэхэмжилж байна. Г ХХК-ийн дансны зарлагын баримтыг манай талаас гаргаж өгсөн баримт бөгөөд энэ нь төлбөрт ороогүй байна. ХХ ХХК-ийн дансны баримтаар нийт 4 удаагийн гүйлгээ 5,920,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц ХХК-ийн захирал Н.Ц- өөрийн хувийн дансаар авсан. Нэхэмжлэгч нь манайд нийт 57,200,000 төгрөгийн үйлчилгээ үзүүлснээс 48,360,000 төгрөгийг хариуцагч төлсөн.

Хариуцагчийн төлсөн 5,920,000 төгрөгийг нэмээд, үлдэх төлбөр 2,740,000 төгрөг болж байна. Тээвэрлэлтийн зардлыг хариуцагч бүхэлд нь төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БЛ ХХК-аас 3,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,160,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БЛ ХХК-аас 70,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 БЛ ХХК нь Ц ХХК-тай байгуулсан тээвэрлэлтийн гэрээний төлбөрт тус байгууллагын гүйцэтгэх захирал Н.Ц-ийн арилжааны банк дахь дансанд төлж барагдуулсан 3,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт зааснаар Ц ХХК-ийн зөвшөөрлөөр гагцхүү хийж гүйцэтгэх ёстой атал зөвшөөрөл олгоогүй байхад гүйцэтгэсэн байх тул хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, Н.Ц- нь Ц ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Ц ХХК-ийн үйл ажиллагааны төрөл нь ашгийн төлөө хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг бөгөөд хариуцагч БЛ ХХК тухайн гэрээний үүргийг Ц ХХК-ийн өмнө бус түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Н.Ц-ийг өмнө гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч Н.Ц-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг Ц ХХК нь ашиг олсон болох нь тодорхой.

Өөрөөр хэлбэл, хариуцагч БЛ ХХК нь талуудын хооронд байгуулагдсан тээвэрлэлтийн гэрээний үүргээ бүрэн дүүрэн биелүүлж дууссан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх үйл баримтын талаар хийсэн дүгнэлт энэхүү тайлбараар үгүйсгэгдэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Ц ХХК болон Т.Э- нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 4 хоногийн хугацаатай гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй. БЛ ХХК-ийн тээврийг Ц ХХК, Н.Ц- нар автомашинаараа хийж байсан. БЛ ХХК-д шаланз хэрэгтэй болсон тул Ц ХХК нь Т.Э-тэй дээрх гэрээг байгуулсан.

БЛ ХХК-аас 1,750,000 төгрөгийг 2 удаа Н.Ц-ийн данс руу шилжүүлснийг тухай бүрд нь Т.Э-эд 500,000 төгрөгийг бэлнээр, 3,000,000 төгрөгийг дансаар нийт 3,500,000 төгрөг өгсөн. Энэ 3,500,000 төгрөг нь БЛ ХХК-ийн ачааг шаланз хүргэсний төлбөр.

Хариуцагч БЛ ХХК 3,500,000 төгрөгийг Н.Ц-т шилжүүлсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах талаар тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ц ХХК нь 2022 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасныг мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан. Нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгтэй холбоотойгоор гомдол гаргах гэтэл талуудын хэн аль нь гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч тал хэргийг давж заалдах шатны шүүхэд ирсний дараа хариуцагч тал гомдол гаргасныг мэдсэн. Харин 5,000,000 төгрөгт багтсан 620,000 төгрөг болон 1,800,000 төгрөг нь нэхэмжлэгч талын тооцоонд орж хасагдсан байхад шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтуудаар нотлогдоно.

Иймд хариуцагч БЛ ХХК-аас 3,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц ХХК нь хариуцагч БЛ ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн хөлс 8,660,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн 57,020,000 төгрөгийн ачааг тээвэрлэснээс хариуцагчаас тээвэрлэлтийн хөлс 48,360,000 төгрөгийг төлсөн, үлдэх 8,660,000 төлөөгүй, ...хариуцагчийн төлсөн гэх 3,500,000 төгрөг гэрээтэй холбоогүй гэж тодорхойлсон. Хариуцагч 2,740,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...үлдэх 8,660,000 төгрөгийн 5,920,000 төгрөгийг банк дахь нэхэмжлэгч Ц ХХК-ийн захирал Н.Ц-ийн дансанд шилжүүлсэн гэж маргасан.

3. Талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17/15 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу БЛ ХХК-ийн ачааг Ц ХХК тээвэрлэсэн, тээвэрлэлтийн хөлс 57,020,000 төгрөг болсон үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Хариуцагчаас Ц ХХК-ийн захирал Н.Ц-т төлсөн 3,500,000 төгрөг дээрх гэрээний үүрэг эсэх нь маргааны зүйл болжээ.

4. Хавтаст хэрэгт хариуцагчаас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,750,000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1,750,000 төгрөгийг Хаан банк дахь Н.Ц-ийн эзэмшлийн 5006554559 дугаар дансанд тус тус шилжүүлсэн баримт авагдсан байна. /хх 43-44, 54/

Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг ...3,500,000 төгрөгийн гэрээг миний хувийн дансаар хийгдсэн. Манай дээр шаардлагатай хэрэгцээний машин байгаагүй учраас тээвэрлэлтийн жолоочтой гэрээ байгуулаад 3,500,000 төгрөгийг 2 хуваан шилжүүлж, мөнгө шилжүүлээд хоорондоо тохиролцсон гэж тайлбарлан, нэхэмжлэгч болон Т.Э- нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэх 19/02 дугаартай Ачаа тээвэрлэлтийн гэрээ-г нотлох баримтаар заажээ. /хх 48-51, 59/

5. Ц ХХК, Т.Э- нарын хооронд байгуулагдсан гэх дээрх гэрээний үүрэг нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хамааралтай эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад анхан шатны шүүх холбогдох үйл баримтыг тогтоож эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна. Түүнчлэн талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Т.Э-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг анхан шатны шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүхээс үйл баримтыг залруулан дүгнэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2022/03139 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН