| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0583/Э |
| Дугаар | 594 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа, |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 594
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Х.Энхчимэг, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Ё.Э, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Ё.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810004540699 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувьтай, ухаан бүрэн, Б овогт Ё.Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 16-278 тоотод өөрийн төрсөн ах Ё.У-тай маргалдаж нүүрэнд нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ё.Э: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ах өөрөө архи уучихсан байж намайг “гудамжинд архи уулаа, гэр орондоо байхад яадаг юм бэ” гээд байхаар нь айлгах гээд ширээн дээр байсан заазуурыг аваад шанаанд нь хатгахад зүсэгдсэн. Би айсандаа өөрөө цагдаа болон түргэн тусламж дуудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ё.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дүү Энхтүвшинг гудамжинд архи уугаад байхаар нь “би гудамжинд архи уулаа, гэр орондоо байгаад, гэртээ уухад яадаг юм бэ” гэхэд гэрт ширээн дээр байсан заазуурыг аваад миний зүүн хацрыг зүссэн. Тэгээд Энхтүвшин өөрөө түргэн дуудсан...” /хх-ийн 14/ гэсэн,
Гэрч Ё.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Уламсайхан, Энхтүвшин нар маргалдлаа гэхээр нь ороход Уламсайханы шанаанаас цус гарч байсан. Тэгээд би түргэн, цагдааг дуудахад ирж Уламсайханы шанааг оёж өгчихөөд явсан...” /хх-ийн 21/ гэсэн,
Шүүгдэгч Ё.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гудамжинд найзуудтай архи ууж байгаад гэртээ ороход ах Уламсайхан “чи гудамжинд архи уугаад байх юм, гэр орондоо байж болдоггүй юм уу” гэж хэлсэнээс нь болоод бид хоёр бага зэрэг хэрэлдэж маргалдсан. Тэгээд ах үглээд дуугүй болохгүй байхаар нь айлгах гээд ширээн дээр байсан заазуурыг авч түүний зүүн шанааг нэг удаа цохисон. Тэр үед ахын шанаа зүсэгдээд цус гарсан ба би түргэн, цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нарыг ирэхээр нь би ахыг зүсчихлээ гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед согтуу байсан учраас ийм хэрэг хийсэн...” /хх-ийн 47/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №4228 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ё.У-ы биед эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 24/ гэсэн,
- Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №889 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ё.Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
2. Ё.Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3. Ё.Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4. Ё.Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
5. Ё.Э нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
6. 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ё.Э нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байсан...” /хх-ийн 26-27/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/,
- Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 34-35, 48/,
- Нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 51-56/,
- Шүүгдэгч Ё.Э-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 31-33/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ё.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ё.Э нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 16-278 тоотод өөрийн төрсөн ах Ё.Утай маргалдаж, улмаар нүүрэнд нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь эрүүнд сорви бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ё.Уы “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дүү Энхтүвшин гудамжинд архи уугаад байхаар нь “би гудамжинд архи уулаа, гэртээ уухад яадаг юм бэ” гэхэд ширээн дээр байсан заазуурыг аваад миний зүүн хацрыг зүссэн...” /хх-ийн 14/ гэсэн, гэрч Ё.Өлзийсайханы “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Уламсайхан, Энхтүвшин нар маргалдлаа гэхээр нь ороход Уламсайханы шанаанаас цус гарч байсан...” /хх-ийн 21/ гэсэн, шүүгдэгч Ё.Эгийн “...2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...ах Уламсайхан “чи гудамжинд архи уугаад байх юм, гэр орондоо байж болдоггүй юм уу” гэж хэлсэнээс нь болоод бид хоёр бага зэрэг хэрэлдэж маргалдсан. Тэгээд ах үглээд дуугүй болохгүй байхаар нь айлгах гээд ширээн дээр байсан заазуурыг авч түүний зүүн шанааг нэг удаа цохисон...” /хх-ийн 47/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №4228 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ё.Уы биед эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 34-35, 48/, нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 51-56/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ё.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь хамт амьдардаг төрсөн ах, дүү нар болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ё.Эгийн өөрийн төрсөн ах Ё.Уы биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ё.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Уы биед эрүүнд сорви бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч, хохирогч нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ё.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ё.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн ажил эрхлэлт болон эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810004540699 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ё.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ё.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ё.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810004540699 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР