Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 223/МА2023/00020

 

 

 

 

 

 

2023          5             05                                                    223/МА2023/00020

 

 

М.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШШ2023/00137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багахангай дүүрэг, 01 дүгээр хороо, 5 дугаар байрны 18 тоотод оршин суух, Б овогт М-ын Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж жишиг хашаа гудамж, 322 тоотод оршин суух, Б овогт М-ын А –д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 19,694,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “... А Төв аймгийн Сэргэлэн сумын хүрзтэй гэх газарт хүмүүс гар аргаар алт олборлож байна. Та надад түр хугацаагаар мөнгө зээлээч гэсэн. Би М.Алтанцэцэгийн Хаан банкны 5037415167 тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5,620,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 6,640,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 766,000 төгрөг, нийт 14,026,000 төгрөг шилжүүлсэн.

Мөн Хүрзтэй гэх газарт бараа зарвал худалдан авалт сайн байна гээд дэлгүүрээс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 5,668,900 төгрөгний бараа авсан боловч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй. Энэ талаар худалдагч, Н.Анхжаргал, Б.Алтанцэцэг, цайны газрын үйлчлэгч н.Насанжаргал нар гэрчилсэн.

 Би 2021 оны 6 дугаар сарын сүүлээр мөнгөө нэхэхэд Хүрзтэйд цагдаа нар ирчихсэн алт ухаж байгаа хүмүүсийг хөөгөөд тараачихсан. Би хүмүүст мөнгө өгчихсөн алтаа авч чадахгүй байна гэж хэлсэн. Хуульд зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох бараа бүтээгдэхүүн шилжүүлсэн тул зээлдэгч нь хүлээн авсан мөнгө, төрлийн шинжээр тодорхойлогдох бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн өгөх үүрэг хүлээнэ. Иймд А-ээс нийт 19,694,900 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...1.Хариуцагч зээлсэн мөнгөө нэхэмжлэгчийн эхнэр Отэй хамтран ажиллаж байсан мөнгө, энэ талаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж маргаан дууссан. Одоо төлбөр тооцоо байхгүй гэж тайлбарлаж байгаа нь өөрөө тогтоогдохгүй байх ба дараах үндэслэлээр үгүйсгэгдэж байна.

Гэрчүүдийн мэдүүлгээс харахад, А нь нэхэмжлэгчээс 4 удаагийн гүйлгээгээр мөнгийг хүлээн авсан. Мөн “Буян Арвижих” дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан. Энэ талаар талууд маргахгүй байна.

 Мөн О болон хариуцагч А нарын хооронд алт худалдах, худалдан авах тохиролцоо буюу тусдаа иргэний эрх зүйн харилцаа үүсч, дуусгавар болсон нь гэрч Оийн мэдүүлгээр нотлогдож байгаа.

А нь мөнгө хүлээн авсан, тухайн мөнгөөр алт худалдан авсан зэрэг үйл баримтууд бусад гэрчүүдийн мэдүүлгээр давхар тогтоогдож байна.

Харин О, А нарын алттай холбоотой харилцаанд нэхэмжлэгч М.Б оролцож байсан гэж гэрч мэдүүлж байх боловч, яг энэхүү харилцаанд М.Б гэх хүн бие даан эрх, үүргийн харилцаа үүсгэсэн зүйл байхгүй. Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ гэрч О, Д.Хонгорзул, Б.Төмөрчөдөр нарын мэдүүлгийг харьцуулж үзэх байсан.

Тодруулбал, 3 гэрчийн мэдүүлгийг харьцуулах замаар үйл баримтыг зөв ялгаж салгах боломжтой. Нөгөө талаараа 2 гэрч нь шууд нотолсон мэдүүлгийг өгч чадаагүй. Учир нь “...байсан, байлцсан...” гэх мэдүүлэг өгч байна. Мөн гэрч О Атэй шууд эрх зүйн харилцаанд оролцож байсан субъектийн хувьд “...би өөрөө Атэй харилцаж байсан...” гэдгээ шууд нотолж байна. Иймд М.Б нь О, А нарын хооронд үүссэн алт авах, өгөх харилцаанд оролцоогүй байна.

2.Хариуцагч хариу тайлбарынхаа татгалзлын үндэслэлээ нотлох ёстой. Дээрээс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрсөн үйл баримтыг нотлох үүднээс цэнхэр дэвтэр гаргаж өгсөн.

Тухайн дэвтрийн хуудсан байгаа бичвэрийн агуулгыг харахаар тухайн харилцааны нэг тал нь А, нөгөө тал нь О болох нь тогтоогдож байна.

Мөн хариуцагчийн гаргасан баримт буюу прокурорын тогтоолоос үзвэл, алт авах өгөхтэй холбоотой харилцаа ямар хүмүүсийн дунд үүссэн талаар хангалттай тогтоогдож байна. Аийн дансанд шилжүүлсэн мөнгөн дүнг О мэдээгүй байсан, сүүлд ийм маргаан үүсэхэд мэдсэн гэдгээ хэлсэн. Цагдаагийн байгууллагаар шалгуулсан маргаанд энэ мөнгө огт хамааралгүй гэдгийг гэрч О мөн хэлсэн.

Иймд хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагч Аийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Би  А, М.Б нараас мөнгө зээлж авч байгаагүй. М.Б болон эхнэр О нар бүгдээрээ хамтарч ажиллая, олсон ашигт орон сууц өгнө гэсэн санал тавьсан.

Ингээд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Хүрзтэй гэх газарт гар аргаар алт олборлож байгаа хүмүүсээс алт авч цааш нь өндөр үнээр зарж ашиг олохоор тохиролцсон.

Би М.Б, О нарын өгсөн мөнгөөр алт авч тэдэнд өгдөг байсан. Тэд надаас авсан алтаа хотод аваачиж зардаг байсан. Гэхдээ ашиг гарахгүй байна гэж хэлдэг байсан.

Цагдаагийн байгууллага алт олборлож байсан хүмүүсийн үйл ажиллагааг зогсоосон тул бидний хамтын ажиллагаа дууссан.

Дэлгүүрийн бараагаа алт олборлогч нарт надаар дамжуулан зарж байсан. Зарим барааны тооцоог алтаар тооцож өгсөн.

Би дансаар 14,026,000 төгрөг, бэлнээр 9 удаа нийт 55,100,000 төгрөг, бараа бүтээгдэхүүнээр 5,668,900 төгрөг, нийт 74,794,900 төгрөгийг нэхэмжлэгч нараас авсан. Үүнээс алтаар 70,594,900 төгрөгийг буцаан төлж, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр  200,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийг М.Бын дансанд буцаан шилжүүлж тооцоо дууссан.

Нэхэмжлэгч М.Б, О нар тооцоогүй болсон гэж хэлж байсан. Бид нийт 70 гаруй сая төгрөгөөр алт авч хамтран ажилласан.

Бид маргах болсон шалтгаан нь орон сууц худалдан авахаар тохирч урьдчилгаанд өгсөн 10 гаруй сая төгрөгийг буцаан шаардсантай холбоотой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

4.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, алт авна, ашиг олно гэж тохирсон. Үүний дагуу хамтран ажилласан.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдаад байгаа мөнгө шилжүүлсэн, бараа бүтээгдэхүүн өгсөн үйл баримтад маргаагүй. Харин хамтран ажиллах хэлбэр нь А М.Б, Оийн өгсөн мөнгөөр алт авч өгөх үүрэгтэй байсан. Үүний дагуу ажлаа хийсэн. Шүүх хуралдааны шатанд гэрч О “...Би Атэй ярьсан учраас энэ туйлын үнэн гээд байгаа учраас... гэх тайлбарыг тавьж байна. Оийн ярьж байгаагаар Хаан банканд дахь 5055386302 тоот данс нь М.Бын нэр дээр бүртгэлтэй боловч бидний данс юм. Энэ данснаас бид А рүү алтны мөнгө шилжүүлж байсан, гэхдээ гүйлгээний утга дээр алт гэж бичсэн” гэж мэдүүлсэн. Энэ данс хэрэгт нотлох баримтаар авагдсан. Дансны хуулгыг шинжлэн судлахад А рүү шилжүүлсэн 4 удаагийн гүйлгээнд алт гэсэн утга байхгүй байсан ба үүнийгээ зээл гэж тайлбарлаж байна.

Энэ 4 удаагийн гүйлгээнээс өөр гүйлгээ тухайн данснаас Аийн данс руу ороогүй. 2 дугаарт Аээс тухайн данс руу 4,200,000 төгрөг шилжүүлсэн байна. Энэ талаар гэрчээс асуухад “...Аээс авах байсан мөнгөө М.Бын дансаар авсан ...” гэж хэлсэн. Гэрч өөрөө бидний дундын данс гэж хэлсэн.

Дэлгүүрийн барааны хувьд Ковид-19 цар тахлын үеэр нэхэмжлэгч М.Бын дэлгүүрийн бараа зарагдахгүй байсан тул Аээр алт олборлож байгаа хүмүүст заруулдаг байсан. Тэд төлбөрөө бэлэн мөнгө, алтаар хийж байсан. Энэ нь хамтран ажиллах тохиролцооны нэг ажил байсан. А нийт 11 удаа бараа бүтээгдэхүүн авсан. Төлбөрийг тухайн бүрт нь алтаар хийж М.Б, түүний эхнэр От нарт өгч байсан. Тооцоо хийж байгаагүй байсан бол дахин дахин бараа өгөхгүй байсан байх.

Иймд талуудын хооронд зээлийн харилцаа биш. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах харилцаа байсан үүссэн нь гэрч О “... бид бизнес хийдэг боловч нэг л дансаар гүйлгээ хийдэг байсан...” , гэрч Н.Анхжаргал  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн үзүүлсэн буюу хэрэгт нотлох баримтаар авагдсан дэвтрийн “...эхний хуудас миний бичиг...” гэсэн, гэтэл дараагаар нь гэрч О тухайн дэвтрийн эхний хуудсанд байгаа бичгийг мөн л өөрийн бичиг гэж тайлбарласан.

Мөн гэрч О дэвтэрт байгаа бичиг миний бичгийн хэв мөн байна гэдгээ хэлсэн. 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 1,500,000 төгрөгийг өгсөн гэж бичсэн боловч тэр өдрөө дансаар 5,620,000 төгрөг шилжүүлээд, 2 хоногийн өмнө дансаар 2,000,000 төгрөг шилжүүлсэн байхад энийг мэдээгүй, нөхрөө шүүхэд нэхэмжлэл гаргахаар нь мэдсэн гэх тайлбар өөрөө үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 476 дугаар зүйлийн 476.1-д тус тус зааснаар хариуцагч Ат холбогдох 19,694,900 төгрөг гаргуулах шаардлага бүхий  М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатын гаргасан давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байна. Yүнд:

1. Анхан шатны шүүх "Нэг талаас М.Б, О, нөгөө талаас А нар Төв аймгийн Сэргэлэн сумын Хүрзтэй гэх газарт гар аргаар алт худалдан авч цаашид үнэ хүргэн худалдаж, ашиг олохоор талууд 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцжээ" гэж хэрэгт хамааралгүй үйл баримтын талаар дүгнэлт хийж, түүндээ хөтлөгдсөн шийдвэр гаргасан. Ингэхдээ хэрэглэх ёсгүй хуулийн хэм хэмжээг хэрэглэж, хэргийн үйл баримт болоод талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй.

2.Шүүх дээрх үндэслэлгүй дүгнэлтийг хийхдээ гэрчийн мэдүүлгийг зааж тайлбарласан байх ба гэрчийн мэдүүлгээр бодитоор тогтоогдож байгаа агуулгуудыг илтэд гуйвуулан тайлбарлаж, гэрч нараас өгсөн мэдүүлгийн агуулгын хүрээнээс давж өөрийн үзэмжээр тайлбарлан ёс зүйгүй хандсанд маш их гомдолтой байна.

Тухайлбал, гэрч О Атэй алт худалдан авахтай холбоотой тусдаа эрх, үүргийн харилцаа үүссэн гэж маш тодорхой мэдүүлсэн. Мөн уг харилцаанд нэхэмжлэгч М.Б оролцоогүй гэсэн.

Хариуцагч Аээс алт авахаар очих үед М.Б жолоо барьж намайг хүргэж өгч байсан талаар тодорхой мэдүүлсэн байхад гэрчийн мэдүүлгийг бодит байдлаас гуйвуулан тайлбарлаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн нэхэмжлэгч М.Боос хариуцагч Ат шилжүүлсэн мөнгө болон түүнд өгсөн бараа нь гэрч Оээс Атэй харилцсан харилцаанд хамааралгүй болохыг мэдүүлсэн байхад энэ талаарх түүний мэдүүлгийг бодит үнэнээр дүгнэж чадаагүй.

Хэргийн бодит үйл баримтын талаар бусад гэрч нараас илүү тодорхой мэдүүлсэн, тухайн харилцаанд өөрийн биеэр оролцож байсан гэрч Оийн бодит мэдүүлгийг үнэн зөвөөр үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндслэл бүхий болж чадаагүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.Шүүх хэргийн гол үйл баримт буюу хэн хэний хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн байгааг үнэн зөвөөр тодорхойлохдоо гэрч нарын мэдүүлэг илэрхий зөрүүтэй байгааг, мөн аль гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нь илүү тодорхой байгаа талаар, тэдгээр гэрчийн мэдүүлгийг үнэлэхдээ харьцуулан дүгнэлт хийж үнэлэх талаар үндэслэл бүхий тайлбар дүгнэлтээ хийж чадаагүй.

Учир нь бусад гэрч нар хэргийн үйл баримтын талаар өөрийн ойлголтын талаар илэрхийлсэн байдаг бол гэрч О хэн хэн, ямар эрх зүйн харилцаанд оролцсон, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгө болон бараа нь алт худалдан авах харилцаанд хамааралтай эсэх талаар тодорхой мэдүүлсэн.

Гэтэл хэргийн үйл баримтын талаар өөрийн ойлгосон ойлголтыг илэрхийлэн хэлсэн гэрчийн мэдүүлгийг илүүд үзэж хэргийн үйл баримтын талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Тухайлбал, Б.Төмөрчөдөр, Д.Хонгорзул нар нүдээр харсан, үзсэн зүйлийн талаар мэдүүлээгүй.

Мөн гэрч Б.Төмөрчөдөр, Д.Хонгорзул нар нь тухайлсан гэрч О болон хариуцагч А нарын хооронд үүссэн алт худалдан авах харилцаа болон нэхэмжлэгч С.Б болон хариуцагч А нарын хооронд үүссэн мөнгө зээлж, бараа зээлээр худалдан авсан харилцаануудын аль ч харилцаанд нь оролцсон этгээдүүд биш, төлбөр тооцоог хэрхэн хийсэн талаар огт мэдэхгүй этгээдүүд юм.

4. Шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр амаар шүүхийн шийдвэрээ гаргаж, танилцуулсан боловч 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бичгээр шүүхийн шийдвэрээ гаргаж нэхэмжлэгч талд гардуулж өгсөн. Энэ өдөр шүүгчийн туслахаас 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахаар асуухад гараагүй байсан. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа гэрч нарын мэдүүлгүүд нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд бүгд тусгагдсан байгаа болно.

Гэтэл анхан шатны шүүх нь гэрч нарын мэдүүлэг тусгагдсан шүүх хуралдааны тэмдэглэл бичгээр гараагүй байхад "Гэрч нарын мэдүүлгийг хэрхэн яаж" тодорхойлж бичсэн болох нь ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Иймээс шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байгаа тул өөрчлөлт орууж өгнө үү” гэв.

7.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч М.Б, гэрч О нар Атэй хамтран ажиллах зорилгоор мөнгө өгч алт авахуулж байсан. Мөн дэлгүүрийн бараагаа гар аргаар алт олборлолт явуулж байгаа хүмүүст заруулуулж байсан. Ашигт нь Ат орон сууц өгнө гэж тохирсон. А хамтран ажиллах үүргийн хувьд өөрийн хөдөлмөрөөр нэгдсэн. А нэхэмжлэгч М.Б, гэрч О нараас авсан мөнгө, барааны мөнгөн дүнгийн талаар маргаагүй. Харин өгсөн мөнгөөр нь алт авч буцаан өгч байсан.

Мөн барааг зараад төлбөрийг нь бэлэн мөнгө болон алтаар тооцож аваад М.Б, гэрч О нарт өгсөн. Одоо бүх тооцоо дууссан тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн, хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч С.Б зээлийн болон худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 19,694,900 төгрөг гаргуулахаар шаардсан. Хариуцагч А уг мөнгийг хамтран ажиллаж байхдаа шилжүүлсэн. Уг мөнгөөр алт авч буцааж төлсөн гэж маргасан байхад анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тогтоогоогүйгээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд суурилдаг тул шүүх зохигчдыг мэтгэлцэх эрхээр тэгш хангах үүрэг хүлээнэ.

Шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогдыг мэтгэлцэх эрхээр хангасан эсэх үйл баримтыг харуулах шүүхийн нотолгооны хэрэгслийн нэг болдог хууль зүйн баримт юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж заасан.

Хавтаст хэргийн 112-131 дугаар хуудсанд байгаа 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ТМ2023/00153 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбатын тайлбар “Миний бие тус шүүхэд хянагдаж буй М.Бын нэхэмжлэлтэй Ат холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 5.620.000 төгрөг” гэж дутуу бичигдсэн, дараагийн хуудсанд шууд даргалагчаас асуулт асууж, хариуцагчийн тайлбар сонсох ажиллагааг явуулаагүй байна.

Иймд анхан шатны шүүх талуудыг мэтгэлцэх эрхээр хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

4.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 168 дугаар зүйлийн 168.1.3. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 151/ШШ2023/00137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,500 /хоёр зуун тавин зургаан мянга таван зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС