Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 601

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Х.Энхчимэг, улсын яллагч Г.Эсэн, хохирогч М.М, Г.Э-, тэдний өмгөөлөгч А.Отгонжаргал, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг, шүүгдэгч Б.Б, Б.Э, тэдний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Егөс овогт Амганланбаярын Баярманлайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, Монгол овогт Баянмөнхийн Билгүүн, Чонос овогт Болдбаатарын Энхсаруул нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810001240115 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, ам бүл 3, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Е овогт А.Б ,

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүч мэргэжилтэй, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Б.Б,

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт Б.Э /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь Б.Бтэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Э-ыг зодож түүний бие махбодид баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.Бнь Б.Этай бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Э-ыг зодож түүний бие махбодид баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө М.Мийг зодож бие махбодид баруун хацар яс, баруун ухархайн гадна хажуу хана, доод хананд болон баруун гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Э-ыг зодож түүний бие махбодид баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч М.М: “...2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Минт бааранд Г.Э-тай уулзаад бид хоёр талбай дээр бүжиглэж байсан, бараг эрүүл шахуу байсан. Тэгээд бүжиглэж байхад А.Б миний хөл дээр гишгэхээр нь би түлхэж өөрөөсөө зайлуулсан. ...Олуулаа явж байсан болохоор би зодуулах байх гэж бодоод ямар нэг үйлдэл хийлгүй байж байтал гэнэт А.Б над руу шууд дайраад намайг гараагаа цохисон, надад өөр хүн гар хүрээгүй. Миний нүүрэнд өвдөлт маш хүчтэй мэдрэгдсэн. Би доошоо тонгойгоод сууж байхад хамгаалагч нар ирээд А.Б бид хоёрыг хамгаалалтын албаны өрөөнд оруулсан. Тэр өрөөнд ороод байж байхад Б.Э, Б.Бнар орж ирээд залуу хүмүүс байна, одоо ингээд салцгаая гэсэн. Миний хацар цөмөрсөн учраас би эр хүн шиг зан гаргаж чадахгүй гэж хэлээд би өөрөө цагдаа дуудсан. Цагдаа ирээд А.Б бид хоёрыг авч явсан. Би эмчилгээний зардал гэж нийт 2.800.000 төгрөг зарцуулсан. Энэ эмчилгээний зардалд зарцуулсан 2.800.000 төгрөгийг А.Бгаас нэхэмжилж байна. Баярманлай надаас уучлал гуйгаагүй, гомдолтой байна...” гэв.

Хохирогч Г.Э-: “...2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Минт бааранд М.Мтэй уулзсан, ...бүжгийн талбай дээр М.М бид хоёрыг бүжиглэж байхад хажуу талаас А.Б шахахад М.М хальт түлхэх шиг болсон. Энэ хоёр муудалцаж байхад нь би нэг их тоогоогүй. Энэ хоёр муудалцаж байгаад А.Б жоохон цаашаа явж байснаа гэнэт эргэж ирээд М.Мтэй зууралдаад авсан. А.Б М.Мийн толгойг уургалаад доош нь дарж байхад би тэр хоёрыг салгахын тулд зүүн гараа дунд нь хийсэн байсан. Хамгаалагч ирээд А.Бг аваад явсан. Дараа нь А.Бгийн эхнэр гэх хүн тэнд байсан хамгаалагчид миний биед санамсаргүй хүрээд уучлалт гуйгаад байж байсан гэж тайлбарлан хэлж байсан. Удалгүй А.Б хүрч ирээд намайг түлхсэн. Хажууд нь байсан найзууд нь А.Бг надаас холдуулсан. А.Б бид хоёрын дунд хоёр хүн байсан. Би гараа өргөөд биеэ хамгаалах гээд байж байхад хажуу талаас хэн нэгэн хүн миний баруун хацар луу цохисон. Тэгээд би нүүрээ хамгаалах гээд гараа хойноо аваад доошоо тонгойсон. Тэгэхэд дээрээс цохиж бас нүүр лүү өшиглөж байсан. Тэр үед намайг хэн цохисныг би мэдээгүй. Дараа нь камерийн бичлэгнээс харсан. Өөрийнхөө биеийн байдлыг харж байгаад мэдүүлэг өгөхөөр шийдсэн. Маргааш нь толгой өвдөн тархи хөдөлсөн байсан болохоор цагдаад өргөдөл. Эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, надаас уучлал гуйгаагүй учир гомдолтой байна...” гэв.

 

Шүүгдэгч А.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв болно...” гэв.

 

Шүүгдэгч Б.Э: “...2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Минт бааранд их сургуулийн ангийнхантайгаа шинэ жил тэмдэглэж байгаад 01 цагийн үед хохирогч Г.Э-, М.М нартай бүжгийн талбайн хажууд тааралдсан. Хохирогч Г.Э-, М.М нар А.Бгийн эхнэр Энхцацралын бүсэлхийнээс доош байрлах хэсэгт гар хүрснээс болж маргаан үүссэн. Тухайн үед Рэнцэндорж Г.Э-, М.М хоёрын нэг нь намайг цохисон гэж надад хэлсэн. Би хохирогч Г.Э-, М.М нарыг цохиогүй зөвхөн зууралдаад өнгөрсөн. Зууралдсан үйл явдлын дараа А.Б, Б.Ббид гуравыг баарны хамгаалагч камерын хяналтын өрөө рүү дагуулж орсон. Камерын хяналтын өрөөнд орсны дараа танихгүй хоёр эмэгтэй орж ирж хохирогч Г.Э- луу орилж, дайрч байсан, юу гэж орилж байсныг санахгүй байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00 цагийн үед найз Энхбаярын гар утас руу залгаад "хоёулаа уулзаж жоохон юм ярьж сууя, хаана уулзах уу" гэхээр нь гэрийнхээ гаднаас такси бариад, Минт бааранд очсон. ...Тэгээд бид хоёр бааранд ороод 0,75 литрийн Текилла архи, мөн ундаа, ус авч уусан. Архинаасаа хоёр хундагыг уучихаад, талбай дээр гарч бүжиглэсэн. Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хажууд зогсож байсан согтуу залуу миний хөл дээр гишгэхээр нь эргэж хараад, нөгөө залууг цааш нь бага зэрэг түлхсэн. Тэгэхэд нөгөө залуу эргэж хараад "Чи яах гэж байгаа юм" гэхээр нь "чи хөл дээр гишгээд байна" гэхэд нөгөө залуутай хамт явж байсан залуучууд Энхбаяр бид хоёрыг тойрч зогсоод, зодох гэж дайраад байсан. Миний хөл дээр гишгэсэн залуу шууд цамцнаас зуураад хацар хэсэг рүү цохихоор нь нүүрээ дараад доош суусан, Энхбаяр миний хажуунаас түүнийг салгах гэхэд миний хөл дээр гишгэсэн залуучуудын найзууд Энхбаярыг зодсон. Энэ үед баарны хамгаалагч нар ирээд, бид нарыг салгаж намайг дагуулаад хяналтын камерын өрөө рүү аваад орсон. Мөн намайг цохисон залууг дагуулаад орсон. Хяналтын камерын өрөө рүү ороход хацар эвгүй хөндүүрлэж өвдөөд байхаар нь нөгөө залууд хандаж "чи миний хацрын ясыг гэмтээсэн байна" гэхэд "чи муу юун сүртэй юм, ганц цохилт даахгүй байна уу, нэг цохиход нүүр нь цөмөрчихдөг гэнэ, чи угаасаа цөмөрсөн царайтай биздээ, хоёулаа гадаа гараад зодолдох уу, чи намайг хэн гэдгийг мэдэх үү банди минь" гээд хараагаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн..." /1-р хх-ийн 20-23/ гэсэн,

 

Хохирогч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн үед ...Минт баарны үүдэнд ирэхэд М- үүдэнд ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр баар луу орж суугаад, Текилла нэртэй архи ундааны сет захиалж аваад, архинаас нь хоёр хундагийг тус тус уучихаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. М-ийн хажуу талд бүжиглэж байсан залуу түлхээд шахаад байхаар нь түүнийг өөрийнхөө биеэс холдуулж түлхсэн. Тэгсэн чинь нөгөө залуу эргэж хараад хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тухайн үед бүжгийн ая чанга явж байсан учир тэр хоёрыг юу гэж хэрэлдэж байсныг сонсоогүй. Удалгүй нөгөө залуу М-ийн нүүр лүү нь цохиод авах шиг болоод тэр хоёр хоорондоо зууралдаж байхад баарны хамгаалагч нар ирээд, М болон нөгөө залуу хоёрын дундуур ороод салгасан. Тэгэхэд нөгөө цагаан цамцтай залуу дахиад хэрүүл өдөөд М бид хоёроос холдохгүй байсан. Мөн тэр залуу намайг цохих гээд дайрахаар нь би тэр залуугийн гарыг түлхсэн. Хажуунаас М ч бас түүнийг холдуулах гээд түлхсэн. Тэр залуугийн найзууд болох 2 залуу над руу дайраад, нэг нь шанаа руу цохихоор би доошоо тонгойход, хажуу талаас нөгөө залуу нь гараараа толгой руу цохиж хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн. Энэ үед хажууд зогсож байсан баарны хамгаалагч нар дундуур орж салгасан..." /1-р хх-ийн 26-27/ гэсэн,

 

Гэрч Э.Ани мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр "Рафлес" бизнес удирдлагын дээд сургуулийн төгсөгчид шинэ жилийн баяраа тэмдэглэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Минт" диско бааранд 19 цагийн үед цугларсан. Уг арга хэмжээнд Амарсайхан, Баярманлай, Энхцацрал, Билгүүн, Халиунаа, Соороо, Тэмка болон өөр бусад хүмүүс байсан. ...01 цагийн үед Баярманлай, Энхцацрал, Заяа, Билгүүн бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Баярманлай нь нэг залуутай маргалдаад эхэлсэн, "юу болсон бэ" гэж асуухад, Баярманлай нь "манай эхнэр Энхцацралын биед энэ муу согтуу залуу хүрээд байна" гээд уурлаад маргалдаад байсан. Нөгөө залуу нь мөчөөгөө өгөхгүй маргалдаж байгаад, Баярманлайтай зууралдаад авахаар нь би дундуур нь орж салгасан. Мөн баарны хамгаалагч нар ирж салгасан. Энэ үед Баярманлай тэр залуутай зууралдаад, бие биенийгээ цохиж байх шиг байсан. Хэн яаж цохисныг нь бол хараагүй. Баярманлайг тэр согтуу залуу цохих гээд цохиж чадаагүй. Баярманлай ч бас зөрүүлээд цохих гээд чадаагүй. Яагаад гэхээр бид нар дундуур нь ороод салгасан юм..." /1-р хх-ийн 28-30/ гэсэн,

 

Гэрч Д.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр "Рафлес" бизнес удирдлагын дээд сургуулийн төгсөгчид шинэ жилийн баяраа тэмдэглэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Минт" диско бааранд 19 цагийн үед цугларсан. Шинэ жилд 2014-2016 оны төгсөгчид ирж оролцсон. ...Тухайн үед би өөр зааланд сургуулийн зарим оюутнуудын хамтаар сууж байсан тул зодоон болсон талаар мэдээгүй. ...Ани ирээд "Сая бүжгийн талбай дээр манай хэд хэдэн хүмүүстэй зодоон хийчихлээ" гэж хэлсэн. ...Юу болсон талаар тэнд байсан Энхцацралаас асуухад "Манлай, Билгүүн хоёрыг хяналтын камерын өрөө рүү аваад явчихлаа" гэхээр нь хяналтын камерийн өрөөнд очиход, хамгаалагч "зодоонд оролцоогүй хүмүүсийг энэ өрөөнд оруулахгүй" гэж хэлсэн. Тэгээд би Манлайгийн эхнэр Энхцацралаас юу болсон талаар нарийн асуухад "сая бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хэдэн залуучууд миний бөгс рүү алгадсан юм. Энэ асуудлаас болоод Манлай тэр залуучуудтай маргалдаад зодолдсон" гэж хэлсэн..." /1-р хх-ийн 31-33/ гэсэн,

 

Гэрч А.Түмэнхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...23 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Минт" диско бааранд очиход тус бааранд манай "Рафлес" бизнес удирдлагын олон улсын дээд сургуулийг төгссөн залуучууд шинэ жилийн баяраа тэмдэглээд сууж байсан. ..Би тэд нарын ширээн дээр нь очиж суугаад, архи уугаад тасраад унтсан юм. Нэг сэрсэн чинь шөнийн 2 цаг өнгөрч байсан ба манай сургуулийн залуучууд бааранд үйлчлүүлж байгаад танихгүй хүмүүстэй муудалцаад зодоон хийсэн гээд тус баарны хяналтын камерын өрөөнд орчихсон байсан. Тэгээд би Баярманлайгийн эхнэр Энхцацралаас юу болсон талаар асуухад "Бүжгийн талбай дээр Баярманлай, Билгүүн нар нь танихгүй залуучуудтай зодолдсон хяналтын  камерын өрөөнд оруулаад гаргахгүй байна" гэж хэлсэн..." /1-р хх-ийн 40-42/ гэсэн,

 

Гэрч Э.Сарангарав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Минт" диско бааранд очиж шинэ жил тэмдэглэхээр болж, уг бааранд очиход 23 цаг болсон байсан. ...Бүжгийн талбай дээр бүжиглэж байсан манай хэдэн залуучууд танихгүй хүмүүстэй зодоон хийсэн гэсэн. Тухайн үед би мэдээгүй..." /1-р хх-ийн 43-45/ гэсэн,

 

Гэрч О.Түвшинзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ..."Минт" диско клубт очиж лаунжинд сууцгаасан. ...Тэгээд 00 цаг өнгөрч байхад Баярманлай, Энхцацрал, Билгүүн, Маралаа, Энхсаруул, Рэнцэн бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Баярманлай нэг танихгүй залуутай зодолдоод удалгүй больсон. Би тухайн үедээ юу болж байгааг ч мэдээгүй. Хэсэг хугацааны дараа Энхсаруул бас өөр нэг залуутай зодолдоод эхэлсэн. Тухайн үед би бага зэргийн согтолттой ухаан санаа орж гараад байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг харахад Баярманлай, Билгүүн нарыг баарны хамгаалагч нар дагуулаад хяналтын камерийн өрөө рүү авч ороод гаргахгүй байсан..." /1-р хх-ийн 46-48/ гэсэн,

 

Гэрч Г.Энхцацрал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай "Рафлес" бизнес удирдлагын дээд сургуулийн төгсөгчид шинэ жилийн баярын өдөр байсан юм. ...23 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах диско баарны лаунжинд орж ширээ захиалж суусан. ...Шөнө 00 цагийн үед манай нөхөр Баярманлай сургуулийн найзууд болох Билгүүн, Маралаа, Заяа, Ани, Энхсаруул, Рэнцэн бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад миний хажууд бүжиглэж байсан нэг залуу миний хойноос түлхээд байхаар нь би эргэж хараад "битгий түлхээд байгаач" гэж хэлээд бүжиглэж байхад Рэнцэн нөгөө залуутай муудалцаад маргалдаад байсан. Тэгэхээр нь би хажуунаас нь холдоод зогсож байсан чинь нөгөө Рэнцэнтэй хэрэлдэж байсан залуугийн найз болох хар пиджактай залуу надад хандаад "Чам шиг ийм бүдүүн юмыг юу гэж тоодог юм, чамайг яасан гэж оролддог юм, амьдралдаа тоохгүй" гэх мэтээр доромжлоод байсан. Тэгэхэд Рэнцэнтэй маргалдаж байсан нөгөө залуу нь цохиход Рэнцэн барьцалдаж авах шиг болоод баарны хамгаалагч нар ирээд салгасан. Хар пиджактай залуу дахин намайг доромжлоод орилоод байж байхад Баярманлай ирээд "чи яахаараа хүн доромжилдог юм" гээд ойртоод очиход, хамгаалагч нар дундуур нь ороод салгасан. Тэгэхэд хажуунаас Энхсаруул ирээд, нөгөө хар пиджактай залуутай ноцолдоод, гурвалжин дөрвөлжин хэрүүл зодоон болсон. Сүүлд хамгаалагч нар нэмэгдэж ирээд, Баярманлай болон Билгүүн намайг доромжилсон хоёр залуугийн хамт хяналтын камерийн өрөө рүү явсан..." /1-р хх-ийн 49-51/ гэсэн,

 

Гэрч Г.Марал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...ойролцоогоор 00 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Минт" диско бааранд очсон. Намайг очиход манай сургуулийн залуучууд болох Амарсайхан, Энхцацрал, Баярманлай, Сарангарав, Халиунаа, Түмэнхүү, Энхсаруул, Ани, Билгүүн, Тэмүүлэн нар хамтдаа нэг ширээнд суугаад баяраа тэмдэглэж байсан. ...Хэсэг хугацааны дараа найзуудтайгаа хамт бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад, Баярманлай, Билгүүн, Энхсаруул нар танихгүй 2-3 залуутай маргалдаад, хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгэхэд баарны хамгаалагч нар нь ирээд, тэд нарыг салгаад, хяналтын камерын өрөө рүү аваад явсан. ...Бид нарыг бүжиглэж байхад Баярманлайгийн эхнэр Энхцацралын бөгсийг нь нэг танихгүй залуу базсанаас болж Баярманлай уурлаад, нөгөө залуутай эхлээд маргалдаж эхэлсэн. Тэгэхэд тэр залуугийн найз нь гэх залуу ирэхэд Энхсаруул, Билгүүн нар тэдэнтэй маргалдаад хоорондоо барьцалдаад авсан..." /1-р хх-ийн 67-69/ гэсэн,

 

Шинжээч Ж.Ганцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...М.Мийн биед учирсан баруун хацрын яс, баруун ухархайн гадна хатуу хана, доод хананд болон гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хатуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл  ...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хатуу мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх, унах зэрэг орно. ...Нэг удаагийн үйлчлэлээр буюу цохилтоос үүсэх боломжтой..." /1-р хх-ийн 70-71/ гэсэн,

 

Шинжээч Т.Чимэд-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Г.Э-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Түүний биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. ...хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж байна. Уг гэмтэл нь хүний гараар болон хөлөөр өшиглөх, цохих зэргээс үүссэн байж болно..." /1-р хх-ийн 72-73/ гэсэн,

 

Шүүгдэгч А.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Минт" бааранд эхнэр Энхцацралын хамт 00 цагийн үед очсон. ...01 цагийн үед сууж байгаад ...Энхцацрал, Билгүүн, Энхсаруул, Рэнцэн, Заяа, Марал бид нар гарч бүжиглэцгээсэн. Бүжиглэж байгаад ганцаараа Амарсайхан руу очсон. Амарсайхан, Гүентэй текин дээр юм уугаад зогсож байсан. Ингээд Амарсайхантай ярилцаж байгаад, эхнэр Энхцацрал руугаа буцаж очсон чинь тэнд Рэнцэн, Энхсаруул руугаа харчихсан "энэ залуу намайг цохичихлоо" гээд өөрөөсөө арай намхан залуутай маргалдаад байсан. Тэгээд би ирээд Энхцацралаас "яасан бэ" гэж асуусан. Тухайн үед манай эхнэр Энхцацрал уйлчихсан байсан. Энхцацрал хэлэхдээ Энхбаярын зүг рүү заагаад "энэ залуу миний бөгснөөс барьсан" гэж хэлсэн. Ингэхээр нь би Энхсаруул, Рэнцэн хоёрын маргаж байгаа Энхбаяртай очиж эхнэрээ өмөөрч маргасан. Ингээд би Энхбаяртай чанга дуугаар маргаж байхад, хамгаалагч нар ирээд тойрч харсан. Энэ үед М- босож ирж байгаа юм шиг харагдсан. Тэгээд М- шууд бид нар руу ирээд надтай маргалдсан. Маргалдаж байгаад хоорондоо зууралдаад би М-ийн толгойг зүүн гараараа уургалж барьж тонгойлгоод байж байхад Рэнцэн ирж салгасан. Энэ үед ч хамгаалагч нар ирээд авч явж холдуулсан. Хамгаалагч нар надад тайван байхыг сануулж, явуулаад эхнэр Энхцацрал дээр очсон. Эхнэр Энхцацрал, Энхбаяр хоёр бие бие рүүгээ хараад зогсчихсон маргалдаад байгаа юм шиг байхаар нь эхнэрээ нэг гараараа татаад Энхбаярыг нэг гараараа түлхсэн. Тэгэхэд Энхбаяр над руу дайрахад манай эхнэр Энхцацрал давхар түлхэгдэж унасан. Энхбаяр гараараа миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгэхэд нэг хамгаалагч ирээд намайг тэврээд арагш нь аваад явсан. Тэгээд камерийн өрөө рүү авч орсон. Камерийн өрөөнд ороход Рэнцэнг дотор оруулсан байсан бөгөөд араас М-, Энхбаяр, Энхсаруул нарыг оруулж ирсэн...” /1-р хх-ийн 93-94/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би ...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Минт" бааранд 20-21 цагийн үед их сургуулийн дүү Тэмүүлэн, Ани, Амарсайхан, Түмэнхүү нарын хамт очсон. ...Бид нарын араас Баярманлай, Энхцацрал, Энхсаруул, Рэнцэн нар хоцорч ирцгээсэн. Би гадаа Энхсаруул, Рэнцэн нарыг хүлээж байгаад хамтдаа орсон. Ингээд бүгдээрээ ууж идэцгээгээд, гарч бүжиглэж, хөгжилдөж байсан. ...Ингээд Баярманлай, Энхцацрал, Марал, Рэнцэн, Энхсаруул, Ани бид нар босоод бүжгийн талбай дээр бүжиглэж байхад гэнэт Баярманлай нэг залуутай маргалдаад зууралдаад хөл толгой нь олдохгүй хэрүүл маргаан, бужигнаан болсон. Тайзны яг урд талд Энхсаруул нэг залуутай зодолдож байсан. Тэгэхээр нь очиж салгах гэж оролдоход салахгүй зодолдоод байхаар нь би Энхсаруултай зодолдож байгаа залууг зүүн талаас нь хацар шанаа орчим нэг удаа гараараа цохисон. Хамгаалагч ирж бид нарыг салгаад камерийн өрөө рүү авч орсон. Камерийн өрөөнд ороход Баярманлай болон хамт зодолдсон гэх залуу хоёрыг оруулчихсан байсан. Ингээд бид нар бичлэгээ ухрааж үзэхэд би Энхсаруултай зодолдож байгаа залууг цохиж байгаагаа харсан...” /1-р хх-ийн 106-107/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний 01 цагийн үед манай ..."Минт" бааранд очсон. Намайг очиход Баярманлай түүний эхнэр Цацрал, Ани, Марал, Амарсайхан нар байсан, тэд нартай нийлээд шинэ жил тэмдэглэж эхэлсэн. Ингээд тэмдэглэж байхдаа ширээн дээр байсан архинаас тойруулж аягалахад 3-4 удаа 50 граммаар уусан. Ингээд заримдаа босч бүжиглээд, суугаад хүмүүстэй ярилцаад байж байгаад ихэнхи нь босоод тайзны орчим очиж бүжиглэцгээсэн. Ингээд бүжиглэж байхад Рэнцэн нэг өөрөөсөө намхан залуутай маргалдаж байсан. Дэргэд нь ойролцоо байгаагаараа би Рэнцэнгээс "юу болов оо" гэж асуухад Рэнцэн "энэ намайг цохичихлоо" гэсэн. Хаашаа яаж цохисныг нь бол асуугаагүй. Рэнцэн ч ийшээ тийшээ цохичихлоо гэж хэлээгүй Ингэхээр нь би тэр залуутай "чи яагаад цохиж байгаа юм бэ" гэхэд тэр залуу надтай маргалдсан. Яг юу гэж хэлж маргалдаж байсныг санахгүй байна. Тэр нилээн согтуу байсан, би тэр залуутай маргалдаж зууралдаад авсан, тэр залууг онож цохисон эсэхээ мэдэхгүй байна. Цохисноо ч санахгүй байна. Тэгэхэд хамгаалагч нар ирээд нөгөө маргасан залуу бид хоёрыг авч яваад камерийн өрөөнд оруулсан. Ороход Баярманлай, түүний эхнэр Цацрал, М- нар байсан...” / 1-р хх-ийн 115-116/ гэсэн мэдүүлгүүд,

 

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №629 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.М-ийн биед баруун хацар яс, баруун ухайрхан гадна хажуу хана, доод хананд болон баруун гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 54/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №714 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Э-ын биед баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” /1-р хх-ийн 55/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №480 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №629 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. М.М-ийн биед баруун талын хацрын яс, хацар ясны нум, хоншоор ясны өмнөд, гадна хана, баруун нүдний ухархайн гадна, доод хананы зөрөөтэй хугарал, далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх баруун хацар яс, хацар ясны нум, хоншоор ясны өмнөд гадна хананы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн гадна, доод хананы зөрөөтэй далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...”  /1-р хх-ийн 149/ гэсэн дүгнэлтүүд,

- Хохирогч М.М, Г.Э- нарын өргөдөл /1-р хх-ийн 2, 5/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 75-76/,

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /1-р хх-ийн 84-85, 124-127/%

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 155-159/,

- Хохирлын баримтууд /1-р хх-ийн 80-82/,  

- Шүүгдэгч А.Б, Б.Б, Б.Э ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон тэдний хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 98-101, 100-102, 119-123/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, А.Б, Б.Б, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.Б, Б.Э, Б.Б нарт Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд “баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 714 дугаартай дүгнэлтээр тогтоогдох бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар хохирогч Г.Э-ын биед учирсан дээрх гэмтлийг шүүгдэгч А.Б учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад сидинд хийсэн үзлэг, хохирогч М.Мийн “...би нүүрээ дараад доошоо суухад миний хөл дээр гишгэж, намайг цохисон залуугийн найзууд нь Энхбаярыг зодож байсан. Манай найз Энхбаярыг тэр залуугийн найзууд нь нийлээд зодсон...” /1-р хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогч Г.Э-ыг зодсон гэх үйлдэлд шүүгдэгч А.Бгийн үйлдэл оролцоо тогтоогдохгүйн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бөгөөд Г.Э-ын хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулсан гэж үзэхэд эргэлзээ төрж байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч А.Б нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө М.Мийг зодож, эрүүл мэндэд нь баруун хацар яс, баруун ухархайн гадна хажуу хана, доод хананд болон баруун гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт бааранд 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Г.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч М.Мийн  “...2017 оны 12 дугаар сарын 23-ны 00 цагийн үед ...Минт бааранд очсон. ...Тэгээд бид хоёр бааранд ороод 0,75 литрийн Текилла архи, мөн ундаа, ус авч уусан. Архинаасаа хоёр хундагыг уучихаад, талбай дээр гарч бүжиглэсэн. Намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хажууд зогсож байсан согтуу залуу миний хөл дээр гишгэхээр нь эргэж хараад нөгөө залууг цааш нь бага зэрэг түлхсэн. ...Миний хөл дээр гишгэсэн залуу шууд цамцнаас зуураад хацар хэсэг рүү цохихоор нь нүүрээ дараад доош суусан, Энхбаяр миний хажуунаас түүнийг салгах гэхэд миний хөл дээр гишгэсэн залуучуудын найзууд Энхбаярыг зодсон..." /1-р хх-ийн 20-23/ гэсэн,

Хохирогч Г.Э-ын “...М-ийн хажуу талд бүжиглэж байсан залуу түлхээд шахаад байхаар нь түүнийг өөрийнхөө биеэс холдуулж түлхсэн. Тэгсэн чинь нөгөө залуу эргэж хараад хэрүүл маргаан хийгээд эхэлсэн. Тухайн үед бүжгийн ая чанга явж байсан учир тэр хоёрыг юу гэж хэрэлдэж байсныг сонсоогүй. Удалгүй нөгөө залуу М-ийн нүүр лүү нь цохиод авах шиг болоод тэр хоёр хоорондоо зууралдаж байхад баарны хамгаалагч нар ирээд, М- болон нөгөө залуу хоёрын дундуур ороод салгасан. Тэгэхэд нөгөө цагаан цамцтай залуу дахиад хэрүүл өдөөд М- бид хоёроос холдохгүй байсан. Мөн тэр залуу намайг цохих гээд дайрахаар нь би тэр залуугийн гарыг түлхсэн. Хажуунаас М- ч бас түүнийг холдуулах гээд түлхсэн. Тэр залуугийн найзууд болох хоёр залуу над руу дайраад, нэг нь шанаа руу цохихоор би доошоо тонгойход, хажуу талаас нөгөө залуу нь гараараа толгой руу цохиж хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн..." /1-р хх-ийн 26-27/ гэсэн,

Гэрч Э.Анигийн "...2017 оны 12 дугаар сарын 23-ны ...01 цагийн үед Баярманлай, Энхцацрал, Заяа, Билгүүн бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Баярманлай нь нэг залуутай маргалдаад эхэлсэн, "юу болсон бэ" гэж асуухад, Баярманлай нь "манай эхнэр Энхцацралын биед энэ муу согтуу залуу хүрээд байна" гээд уурлаад маргалдаад байсан. ...Баярманлай тэр залуутай зууралдаад, бие биенийгээ цохиод байх шиг байсан..." /1-р хх-ийн 28-30/ гэсэн,

Гэрч О.Түвшинзаяагийн "...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ..."Минт" диско клубт очиж лоунжид сууцгаасан. ...Тэгээд 00 цаг өнгөрч байхад Баярманлай, Энхцацрал, Билгүүн, Маралаа, Энхсаруул, Рэнцэн бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад Баярманлай нэг танихгүй залуутай зодолдоод удалгүй больсон. ...Хэсэг хугацааны дараа Энхсаруул бас өөр нэг залуутай зодолдоод эхэлсэн..." /1-р хх-ийн 46-48/ гэсэн,

Гэрч Г.Энхцацралын "...Шөнө 00 цагийн үед манай нөхөр Баярманлай сургуулийн найзууд болох Билгүүн, Маралаа, Заяа, Ани, Энхсаруул, Рэнцэн бид нар бүжгийн талбай дээр бүжиглэж байхад миний хажууд бүжиглэж байсан нэг залуу миний хойноос түлхээд байхаар нь би эргэж хараад "битгий түлхээд байгаач" гэж хэлээд бүжиглэж байхад Рэнцэн нөгөө залуутай муудалцаад маргалдаад байсан. ...Тэгэхэд Рэнцэнтэй маргалдаж байсан нөгөө залуу нь цохиход Рэнцэн барьцалдаж авах шиг болоод баарны хамгаалагч нар ирээд салгасан. Хар пиджактай залуу дахин намайг доромжлоод орилоод байж байхад Баярманлай ирээд "чи яахаараа хүн доромжилдог юм" гээд ойртоод очиход, хамгаалагч нар дундуур нь ороод салгасан. Тэгэхэд хажуунаас Энхсаруул ирээд, нөгөө хар пиджактай залуутай ноцолдоод, гурвалжин дөрвөлжин хэрүүл зодоон болсон..." /1-р хх-ийн 49-51/ гэсэн,

Гэрч Г.Маралын “...Хэсэг хугацааны дараа найзуудтайгаа хамт бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байхад, Баярманлай, Билгүүн, Энхсаруул нар танихгүй 2-3 залуутай маргалдаад, хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгэхэд баарны хамгаалагч нар нь ирээд, тэд нарыг салгаад, хяналтын камерын өрөө рүү аваад явсан. ...Бид нарыг бүжиглэж байхад Баярманлайгийн эхнэр Энхцацралын бөгсийг нь нэг танихгүй залуу базсанаас болж Баярманлай уурлаад, нөгөө залуутай эхлээд маргалдаж эхэлсэн. Тэгэхэд тэр залуугийн найз нь гэх залуу ирэхэд Энхсаруул, Билгүүн нар тэдэнтэй маргалдаад хоорондоо барьцалдаад авсан..." /1-р хх-ийн 67-69/ гэсэн,

Шинжээч Ж.Ганцэнгэлийн "...М.Мийн биед учирсан баруун хацрын яс, баруун ухархайн гадна хатуу хана, доод хананд болон гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хатуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн доод хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтэл  ...хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хатуу мохоо зүйл гэдэгт цохих, өшиглөх, унах зэрэг орно. ...Нэг удаагийн үйлчлэлээр буюу цохилтоос үүсэх боломжтой..." /1-р хх-ийн 70-71/ гэсэн,

Шинжээч Т.Чимэд-Очирын "...Г.Э-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Түүний биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. ...хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж байна. Уг гэмтэл нь хүний гараар болон хөлөөр өшиглөх, цохих зэргээс үүссэн байж болно..." /1-р хх-ийн 72-73/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Бий “...Тайзны яг урд Энхсаруул нэг залуутай зодолдож байсан. Тэгэхээр нь очиж салгах гэж оролдоход салахгүй зодолдоод байхаар нь би Энхсаруултай зодолдож байгаа залууг зүүн талаас нь хацар шанаа орчим нэг удаа гараараа цохисон. Хамгаалагч ирж бид нарыг салгаад камерийн өрөө рүү авч орсон. Камерийн өрөөнд ороход Баярманлай болон хамт зодолдсон гэх залуу хоёрыг оруулчихсан байсан. Ингээд бид нар бичлэгээ ухрааж үзэхэд би Энхсаруултай зодолдож байгаа залууг цохиж байгаагаа харсан...” /1-р хх-ийн 106-107/ гэсэн,

Шүүгдэгч Б.Эын “...Рэнцэн өөрөөсөө намхан залуутай маргалдаж байсан. Дэргэд нь ойролцоо байгаагаараа би Рэнцэнгээс "юу болов оо" гэж асуухад Рэнцэн "энэ намайг цохичихлоо" гэсэн. Хаашаа яаж цохисныг нь асуугаагүй. Рэнцэн ч ийшээ тийшээ цохичихлоо гэж хэлээгүй, тэгэхээр нь би тэр залуутай "чи яагаад цохиж байгаа юм бэ" гэхэд тэр залуу надтай маргалдсан. Яг юу гэж хэлж маргалдаж байсныг санахгүй байна. Тэр нилээн согтуу байсан, би тэр залуутай маргалдаж зууралдаад авсан, тэр залууг онож цохисон эсэхээ мэдэхгүй байна. Цохисноо ч санахгүй байна. Тэгэхэд хамгаалагч нар ирээд нөгөө маргасан залуу бид хоёрыг авч яваад камерийн өрөөнд оруулсан. Ороход Баярманлай, түүний эхнэр Цацрал, М- нар байсан...” / 1-р хх-ийн 115-116/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №629 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Мийн биед баруун хацар яс, баруун ухайрхан гадна хажуу хана, доод хананд болон баруун гайморовын хөндийн урд хана, доод ирмэг, гадна хажуу хананд цөмөрсөн хугарал, баруун талын ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, баруун хацар, шанаа, нүдэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 54/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №714 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.Г.Э-ын биед баруун чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 55/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №480 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №629 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. М.Мийн биед баруун талын хацрын яс, хацар ясны нум, хоншоор ясны өмнөд, гадна хана, баруун нүдний ухархайн гадна, доод хананы зөрөөтэй хугарал, далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх баруун хацар яс, хацар ясны нум, хоншоор ясны өмнөд гадна хананы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний ухархайн гадна, доод хананы зөрөөтэй далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1-р хх-ийн 149/ гэсэн дүгнэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 75-76/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /1-р хх-ийн 84-85, 124-127/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 155-159/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Мийн биед баруун талын хацрын яс, хацар ясны н дум, хоншоор ясны өмнөд, гадна хана, баруун нүдний ухархайн гадна, доод хананы зөрөөтэй хугарал, далд хугарал, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч М.М нь эмчилгээний зардал 2,800,000 төгрөг нэхэмжилснийг /1-р хх-ийн 80-82/ гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд чихний дэлбэн, дагзны баруун хэсэг, хүзүүний цус хуралт, тархи доргилт бүхийн хөнгөн гэмтэл учирсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар Г.Э-ын биед учирсан гэмтэлтэй холбоотой хэлэлцэх төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Б, Б.Б, Б.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э: “...Тухайн үед хохирогч Г.Э-, М.М нарыг цохиогүй зөвхөн зууралдаан болоод өнгөрсөн. Зууралдах, түлхэлцэх маягаар ноцолдсон, зууралдсан үйл явдал болж өнгөрсний дараа А.Б, Б.Бболон намайг Минт баарны хамгаалагч камерийн өрөөрүү дагуулж орсон. Би Энхбаярын биед гар хүрээгүй...” гэж,

Шүүгдэгч А.Б: “...Би Г.Э- дээр очоод хэрэлдсэн. Тэгтэл М.М хойноос дайраад ирсэн. Тэгэхээр нь би толгойг нь зүүн гараараа уургалж барьж аваад доош дарсан, би М.Мийг цохиж зодоогүй.

Шүүгдэгч Б.Б: “...Би хохирогч Г.Э-ыг цохиогүй, зодоогүй, зодооныг салгасан...” гэж тус тус мэдүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “...Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлээгүй нь тэдний хуулиар олгогдсон эрх байх ба тэдний ингэж мэдүүлснийг буруутгах үндэслэлгүй.

 

Шүүх шүүгдэгч нарын ажил эрхлэлтийн байдал, өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй болон үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг ухамсарлаагүй нөхцөл, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарт хуульд зааснаар торгуулийн ялийг ялгамжтай байдлаар оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Б нь бусдын бие махбодид хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болохоор хуульчилсан бөгөөд хуульд заасны дагуу түүнд торгуулийн ял оногдуулж, уг ялыг түүний сард 1,800,000 төгрөгийн цалин авдаг гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг харгалзан 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810001240115 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Б, Б.Э, Б.Бнар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Э- эмчилгээний зардал нэхэмжлээгүйг, шүүгдэгч Б.Э, Б.Бнар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч П.Одонтунгалаг: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, ...эрүүгийн хэрэг үүсгэхдээ А.Бг М.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллагдагчаар татсан, гэтэл 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоолоор А.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ тогтоолыг хяналтын прокурор өөрөө эсвэл дээд шатны прокурор хүчингүй болгох тогтоол гаргаагүй. Өмнө нь бусадтай бүлэглэж гэж үйлдэл дээр Г.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Бие дааж ганцаараа энэ үйлдлийг хийсэн гэдэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мэдүүлэг аваагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу хэргийг шалган шийдвэрлэж шүүхэд шилжүүлээгүй байгааг харуулж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт алдаатай, нотлох баримтад үндэслээгүй байна. Мөн камерийн бичлэг дээр хэн нь хэнийгээ цохиж түлхэж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул тухайн камерийн бичлэгийг нарийвчлан кадаржуулах хэрэгтэй. Улсын яллагчийн гаргасан алдааг шүүх залруулах боломжгүй учраас хэргийг прокурорт буцааж, яллаж байгаа эрүүгийн хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах ажиллагааг хийлгүүлж гэм бурууг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна...” гэсэн саналыг,

Өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ: “...Хохирогч Г.Э-т учирсан шинжээчийн дүгнэлтэд хэсэг газрын үзлэг гэх хэсэгт тархи доргилт огт илрээгүй мөртлөө дүгнэлт хэсэгт тархи доргилт гэж бичсэн байдаг. Шинжээч эмч тархи доргилтоос бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж мэдүүлдэг. Үүнээс үзвэл хохирогч Г.Э-ын биед тархи доргилт хэсэг газрын үзлэг хийхэд байсан эсэх нь эргэлзээтэй байдаг. Хохирогч Г.Э-т учирсан тархи доргилт гэх гэмтлийг шүүгдэгч нар гурвуулаа зэрэг учруулах боломжтой эсэхийг тодруулах шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл нь заавал хэрэгжих шинжтэй заалт юм. Хохирогч Г.Э-ын биед хэн хэн нь ямар ямар гэмтэл учруулсныг тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа тул хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх тус тус хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч А.Бгийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон учир энэ талаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх явцад гаргасан алдааг залруулах шаардлагагүй, хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүх эмнэлгийн 2018 оны 714 дугаартай хохирогч Г.Э-ын биед гэмтлийн зэрэг тогтоох тухай дүгнэлтийг шинжээч эмч гаргахдаа /1-р хх-ийг 55/ хохирогчийг биеэр үзэж, хэсэг газрын үзлэг хийж улмаар 2017.12.28-ны өдрийн толгойн КТГ-н шинжилгээ зэргийг үзэж, хянаж, дүгнэлтээ гаргасан бөгөөд тархи доргилт нь ил харагдах боломжгүй, хэсэг газрын үзлэг хэсэгт тэмдэглэгдэхгүйн дээр тусгай мэдлэг бүхий субьектын хүрээнд уг дүгнэлтээ гаргасныг шүүх үндэслэлгүй, эсхүл эргэлзээтэй гэж үзэх боломжгүй, өмнө нь энэ талаар ямар нэгэн гомдол хүсэлт огт гарч байгаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаах талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гомдол, хүсэлт шүүхэд гаргаагүй бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх тухай шүүх хуралдаан дээр энэ талаар гаргасан нь үндэслэлгүй, шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Е овогт А.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Е овогт А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч М овогт Б.Б, Ч овогт Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,  

шүүгдэгч Б.Э-г 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Б-д оногдуулсан 2500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Б оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан  1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд тус бүр хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгуулийн ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Б, Б.Б, Б.Э нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б /РД: ПБ95102319, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны 30 тоотод оршин суух/-гаас 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч М.М /РД: УК88110937, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 4б-6 тоотод оршин суух/-д олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн 1810001240115 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Б, Б.Э, Б.Бнар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Э- эмчилгээний зардал нэхэмжлээгүйг, шүүгдэгч Б.Э, Б.Бнар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б, Б.Б, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, Б.Б, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР