Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 223/МА2023/00021

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          5             05                                                    223/МА2023/00021

 

           

 

Т нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Т сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2023/00246 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Баруун Зуунмод 6 дугаар баг, Төр захиргааны 2 дугаар байранд байрлах Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг Жаргалант хотхон 20-6 тоотод оршин суух В овогт Ц-ийн Б холбогдох,

 

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40.316.700 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Т гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б нь Т ахлах аудиторын албан тушаал эрхэлж байсан ба Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, Бын ажлыг нь зохих журмын дагуу хүлээлцүүлэн, ээлжийн амралтын болон санхүү, хөрөнгийн  холбогдох тооцоо хийхийг Т Т даргад үүрэг болгосон. Тус тушаалыг үндэслэн Т даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 тушаалаар Ц.Б төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж 40.316.700 төгрөгийг олгосон.

 

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаалд Б нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 594 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “Бын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25.535.054,01 гэснийг Ц.Б 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу олгож” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

 

Тус шийдвэрийг хэрэгжүүлж Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Быг Т Тахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоосон.

 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 594 дугаар шийдвэр,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар магадлалаар Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаалыг хүчингүй болгосон тул уг тушаалын дагуу олгосон 40.316.700 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу Т Тт буцаан олгуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугармаагийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Т Т-ын газраас хариуцагч Ц.Б холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 40.316.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Үндэслэл нь Быг Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул түүнийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс төрийн албанаас чөлөөлж, Бын ажлыг зохих журмын дагуу хүлээлцэн, ээлжийн амралтын мөнгө болон санхүүгийн тооцоо хийхийг Т Тдарга бөгөөд тэргүүлэх аудиторт даалгасан байдаг. Тус тушаалыг үндэслээд Т Тдаргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар Ц.Б төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж болох 40.316.700 төгрөгийг олгосон. Монгол Улсын Ерөнхий Аудиторын Б/192 дугаартай тушаалд Б гомдол гаргаж улмаар 3 шатны шүүхээр явсан. Ингээд дээрх тушаалыг хүчингүй болгож, түүнийг ажилд нь эгүүлэн томилохоор болсон. Тэгэхээр Т Тдаргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Бын ажлыг хүлээлцүүлээд түүнд 40.316.700 төгрөгийг олгосон байсан. Нэгэнт гурван шатны шүүхийн шийдвэрээр Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаал хүчингүй болсон тул Т Тдаргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаал ч гэсэн хүчин төгөлдөр бус акт болно гэж үзэж байгаа.

 

Тийм учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон…” гэж үзээд хариуцагчаас 40.316.700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан”  гэжээ.

 

Хариуцагч Бын нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие төрийн байгууллагад 38 жил тасралтгүй ажилласан учраас Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрх бүрэн нээгдсэн, тухайн буцалтгүй тусламж нь нэгэнт олгогдсон тул намайг өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 40.316.700 төгрөгийг эргүүлэн төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Үүнд: Миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуульд заасан эрхийн дагуу Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаалыг эс зөвшөөрч ажил албан тушаалаас хууль бусаар чөлөөллөө гэсэн гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 594 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны 22 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 91 тоот шийдвэрүүдээр Быг төрийн албанаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/192 тоот тушаалыг хүчингүй болгосон нь үнэн.

 

Шүүхийн шийдвэрийн дагуу би Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсоноор 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор ажилдаа очиход ажилчдын шуурхай зөвлөгөөн хийж, намайг ажилд эгүүлэн томилогдсоныг зарлаж “Орон нутгийн хөгжлийн сангийн аудит огт хийгдээгүй үлдээд байгаа гүйцэтгэлийн аудит болгож Баянхонгор аймагт нэгтгүүлнэ. Мөн өөрийн санаачилгаар хийсэн эрүүл мэндийн даатгал”-ын аудит дуусаагүй байгаа, түүнийг н.Загдсүрэн аудитортай хамтран дуусгах нь зүйтэй гэж танилцуулсан.

 

Үүнээс хойш ажлын 4 хоног ажиллахад ажил хүлээлцэх тушаал гараагүй, аудит хийхэд шаардагдах баримт материал нэхэхээр ажил хүлээлцэх тушаал гарсны дараа албан ёсоор хүлээлгэн өгнө гэж хүлээлгэх, дотоод сүлжээгээ ч нээж өгөхгүй байх зэргээр ажил гүйцэтгэх нөхцөлийг хангаагүй атлаа Үндэсний аудитын газраас хариуцсан ажлын гүйцэтгэл нэхэж байгаа тул Орон нутгийн хөгжлийн сан дээр юу хийсэн гэж мэдээлэх бэ гэж ажлын гүйцэтгэл нэхсэн тул миний бие захиргааны дарамт үзүүлж байна гэж үзэн цаашид хамтран ажиллах боломжгүй болсныг ойлгож ажлаа албан ёсоор хүлээж аваагүй дээрээ өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл, хүсэлтийг байгууллагын захиргаанд 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаж өгөхгүй байгаа нь Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг, миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон асуудал гэж үзнэ.

 

Миний бие нэгэнт өндөр настны тэтгэвэр тогтоогдсон, төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж авсан, нөгөөтээгүүр дээр дурдсанаар байгууллагын захиргаа намайг цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах боломж олгоогүй үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ цаг тухайд нь албан ёсoop өгсөн, тус байгууллагад дахин ажиллахгүй болно.

 

Шүүхийн шийдвэр нь намайг төрийн албанаас чөлөөлсөн 2020 оны Б/192 дугаар тушаалыг хүчингүй болгосон атал төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж надад олгосон Т Т даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгосон мэтээр нэхэмжлэлд ташаарч бичсэн нь үндэслэлгүй. Буцалтгүй тусламж олгосон болон олгохоор гаргасан тушаал нь хүчинтэй, хууль, журамд заасан шаардлагын дагуу буцалтгүй тусламж нэгэнт олгогдсон.

 

Нэхэмжлэгч Т нь өнөөг хүртэл миний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрийн дагуу олгох олговрыг олгохгүй байгаа атлаа хууль, журмын дагуу олгогдсон буцалтгүй тусламжийг буцаан гаргуулахаар үндэслэлгүйгээр нэхэмжилсэн нь надад эдийн болон сэтгэл санааны хохирол үргэлжлүүлэн учруулж байгаа үйлдэл гэж үзэхээр байна.

 

Иймд надад төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжид олгосон 40.316.700 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ойлгохгүй байна. Б гэх хүн төрийн жинхэнэ албан хаагч хүн байсан. Тэгэхээр 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн албаны тухай хууль үйлчилнэ. Нэхэмжлэгч Т Тын байгууллага тэтгэвэрт гаргахаар хөөсөн, тухайн үедээ өндөр насны тэтгэвэрт гарахгүй талаар хүсэлт, гомдлоо өгсөн боловч, албадан хөөж гаргасан байдаг. Мөн яагаад ийм нэхэмжлэл гаргах болсон бэ? гэхээр Монгол Улсын Ерөнхий Аудиторын тушаал шүүхийн шийдвэр, магадлалаар хүчингүй болсон тул эндээс үүссэн эрх зүйн үр дагаврыг үндэслээд Баас нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг гаруулахаар болсон юм байна.

 

Гэтэл шүүхийн шийдвэр, магадлалаар Монгол Улсын Ерөнхий Аудиторын тушаалыг хүчингүй болгосон болохоос биш Т Тдаргын тушаалыг хүчингүй болгоогүй. Т Тын газраас нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь зөв үү, буруу юу, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү гэдэг асуудал яригдана. Хэрэв мөн гэж үзэх юм бол Төрийн албан тухай хуульд зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжаа тухайн хүн нь авсан байх юм бол буцааж нэхэх хууль зүйн үндэслэл байдаггүй. Хуульд эрх бүхий албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тушаал, шийдвэр гаргасан этгээд түүнтэй холбоотой хариуцлагыг өөрөө хүлээхээр хуульчилсан байдаг. Гэтэл яагаад тушаал, шийдвэр гаргасан албан тушаалтан буюу Монгол Улсын Ерөнхий Аудитораас дээрх мөнгөө нэхдэггүй юм бэ. Уг асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар болж байгаа бол Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн танхимын тогтоол 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гарсан.

 

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрх зүйн маргаантай асуудлыг шийдвэрлэх талаар зохицуулалтууд байна. Тэгэхээр эрхээ зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс эхлэн 90 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан, энэхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн дээр нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ яах ёстой юм бэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т “энэ хуулийн 129.2, 130.1-д зааснаас бусад ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл” гэж заасан. Ажилтан тухайн байгууллагад хохирол учруулахтай холбоотой асуудал энд яригдаж байгаа юм. Гэтэл учруулсан хохирол гэхээр зүйл байхгүй, энэ бол ажил олгогчийн өөрийнх нь гаргаж ирсэн асуудал. Ямар үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд байгаа юм бэ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд “Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг”, тэр дундаа 492.2 дахь хэсэгт дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй. Үүнд: Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж заасан ба хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн.

 

Нэгдүгээрт: Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий байгууллага биш гэж үзэж байгаа, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж харж байна. Яагаад нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй юм бэ, яагаад нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна вэ гэхээр хариуцагчийн хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчхөөд байхад өнөөдөр хүртэл тухайн хүсэлтийг нь Ц.Хишигжаргал гэх хүн шийдвэрлүүлээгүй.

 

Бын шууд удирдах албан тушаалтан нь Ц.Хишигжаргал гэж хүн мөн. Гэтэл хүсэлтийг нь шийдвэрлэх болохоор “би шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш” гэдэг. Тийм бол өнөөдөр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү. Тухайн хүнийг төрд олон жил ажилласныг нь хүндэтгэх хэрэгтэй, мөн ямар нэгэн хуулийн үндэслэлтэй байж нэхэмжилнэ. Яагаад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм бэ. Тушаал шийдвэр нь хүчингүй болсон тохиолдолд хэн буруутай этгээдээс нь төр хохирлоо гаргуулах хэрэгтэй. Ийм учраас өнөөдөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б холбогдох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40.316.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т Тнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Т Т гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

 

1. Нэхэмжлэгч Т Т нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна гэсэн тухайд:

 

Тын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Тын байгууллага нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх бөгөөд Тын дээд байгууллага буюу Үндэсний аудитын газар, түүний харьяа аймаг, нийслэл дэх Тын газраас бүрдэнэ. Монгол Улсын Ерөнхий Аудитор энэ хуулийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан орон тооны дээд хязгаарт багтаан аудитын онцлогийг харгалзан төрөлжсөн аудитын газар байгуулж болно” гэж, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Монгол Улсын Ерөнхий Аудиторын орлогч болон Тэргүүлэх аудитор нь Монгол Улсын Ерөнхий Аудитораас олгосон бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж болно гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалыг үндэслэж Т Т2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар хариуцагч Ц.Б өндөр настны тэтгэвэрт гаргахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40.316.700.00 төгрөгийг олгосон тул нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

2. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул тус тушаалыг үндэслэж гаргасан Т Тдаргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаал мөн адил хүчин төгөлдөр бус болсон тул тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугармаа тайлбарлаж байна. Гэвч Т Тдаргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгосон гэх шүүхийн шийдвэр болон Т Тдаргын тушаал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна гэсэн тухайд:

 

Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалын 2 дугаар заалтаар “Бын ажлыг нь зохих журмын дагуу хүлээлцүүлэн, ээлжийн амралтын болон санхүү, хөрөнгийн холбогдох тооцоо хийхийг Т Тдарга бөгөөд тэргүүлэх аудитор /Ц.Хишигжаргал/-т үүрэг болгосон тул Т Тдаргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг гаргасан.

 

Уг тушаал нь хариуцагч Ц Б төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гаргахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж нь тус байгууллагын төсөвт суугдаж ирсэн тул Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих чиг үүргийн дагуу байгууллагын харилцах данснаас нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэл болгож, гүйлгээ хийх зөвшөөрлийг нягтлан бодогчид зөвшөөрсөн баримт нь юм.

 

Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус тушаалын үндсэн дээр гарсан Т Тдаргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаалын захиргааны актыг гаргасан гол эрх зүйн үндэслэл үгүй болсон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” нөхцөл байдал үүссэн тул захиргааны акт илт хууль бус болох үндэслэлтэй байна.

 

Иймд төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гаргахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40.316.700.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугармаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/192 дугаар тушаалыг үндэслэж Т Т2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/20 дугаартай тушаалаар хариуцагч Ц.Б өндөр настны тэтгэвэрт гаргахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40.316.700 төгрөгийг олгосон. А/192 дугаартай тушаал хүчингүй болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй нөхцөл байдал үүссэн тул захиргааны акт илт хууль бус болох нь үндэслэлтэй байна. Иймд төрийн албан хаагчийг өндөр настны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40.316.700 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сарангэрэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин Быг 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ажилд нь эгүүлэн томилсон. Төрийн албаны тухай хуульд тэтгэмжээ буцаан авах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа байхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хандах гэж заасан. Гэтэл 6 сар өнгөрсөн байхад шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул шаардах эрх үүсэхгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2. Зохигчийн хооронд үүссэн маргааныг материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээ тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэл байх шаардлагыг хангасан гэж үздэг учиртай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай зааж байхаар хуульчилсан.

 

Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг зааж, тэдгээр нь хэрхэн шийдвэрийн үндэслэл болж буй талаарх дүгнэлтийг тусгаж байх талаар заасан байх бөгөөд шүүхээр хэлэлцэгдэж буй маргааны талаар шүүх эрх зүйн ямар дүгнэлт өгч байгаа, уг дүгнэлт нь хэргийн бодит ямар нөхцөл байдалд тулгуурласан, хуулийн ямар зүйл, хэсэгт үндэслэсэн гэдгийг илэрхийлэхэд чухал ач холбогдолтой болно.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлийн хүрээнд хууль зүйн дүгнэлт өгөх нь шүүхээс гарч буй шийдвэрийн үндэслэл тодорхойлогдох ба шүүх нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгох хууль зүйн боломжгүй юм. 

 

4. Нэхэмжлэлийн шаардлага, талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт зэргээс үзвэл нэхэмжлэгч Т Тын газраас хариуцагч Ц.Б холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 40.316.700 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч талаас бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байдаг.  

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг Быг өндөр насны тэтгэвэрт гаргахад үндэслэл болсон эрх бүхий албан тушаалтны тушаал Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар хүчингүй болсон. Иймд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон Т Тдаргын тушаал мөн адил хүчин төгөлдөр бус болсон. Б нь дээрх хүчингүй болсон тушаалаар үндэслэлгүй хөрөнгөжсөн учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 40.316.700 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Хариуцагчаас төрийн байгууллагад нийт 38 жил тасралтгүй ажилласан тул Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагчид  өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрх хуулиар үүснэ. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаал Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар хүчингүй болж 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр урд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон ч ажил хүлээлцэх тушаал гаргахгүй, ажил хийхэд шаардагдах баримт болон дотоод сүлжээ зэргийг нээж өгөхгүй байх зэрэг байгууллагын зүгээс дарамт үзүүлж байсан учир цаашид ажиллах боломжгүй болж 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлж өгөх өргөдөл гаргасныг шийдвэрлэж өгөөгүй, цаашид уг байгууллагад ажиллахгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулиар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн байна.

 

5. Гэтэл анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны талаар хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудад үндэслэсэн нь тодорхойгүйгээр;

 

а/ “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаал шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул тус тушаалыг үндэслэн гарсан Т Тдаргын 2020 оны Б/20 тушаал мөн адил хүчин төгөлдөр бус болсон гэх шүүхийн шийдвэр болон Төв аймгийн дахь Тдаргын тушаал хэрэгт авагдаагүй, уг тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа,

 

б/ Мөн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхээ тодорхойлж байгаач үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд үндсэн гурван нөхцөл шаардагдах ба, эд хөрөнгө олдсон эсхүл, хадгалсан байх. Эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх эсхүл, эд хөрөнгийнх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх,

Эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан эсхүл, хадгалсан байх. Хохирч буй талын эд хөрөнгө түүнээс тодорхой хэсэг нь гарснаар эсхүл, олох байсан орлого ороогүйгээр багасдаг бол эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байдаг боловч ийнхүү нэмэгдсэн хэсгийн хэмжээ нөгөө талын эд хөрөнгө багассан хэмжээтэй заавал тэнцүү байх шаардлагагүй,

Эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх. Эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон гэх нөхцөлүүдэд нэг этгээдийн эзэмшил, ашиглалтад байх ёстой хөрөнгө бусдын эзэмшил ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, улмаар тухайн эд хөрөнгийг олж авсан этгээд ашиг, давуу байдал олгосон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан нэхэмжлэх эрхтэй болно,

 

в/ Нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл зохигчийн хооронд үүссэн маргаан Иргэний хуульд заасан хэм хэмжээгээр бус Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар төрд учирсан хохирлыг уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан учир нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй,

 

г/ Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор холбогдох байгууллагад хандах эрхтэй байхад 9 сар /180 хоног/-н дараа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлтэй хэмээн хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

6. Иймд зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй гэж үзэхээр байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

7. Т Т нь төрийн байгууллага байх тул давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2023/00246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Т Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧИД                                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                                М.МӨНХДАВАА