Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 757

 

С.Оюунтуяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Агар,

Яллагдагч С.Оюунтуяагийн өмгөөлөгч Ж.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 408 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 6/36 дугаартай эсэргүүцлээр С.Оюунтуяад холбогдох 201625013181 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овогт Сүхбаатарын Оюунтуяа, 1981 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газарт Захиалгат хувцас, хангалт хариуцсан ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 76 дугаар байрны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ЛЮ81051409/;

С.Оюунтуяа нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Эрдэнэчимэгийг өөрийн нөхөр О.Одбаяртай хардаж, хувийн таарамжгүй харьцаа үүсгэсний улмаас зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Оюунтуяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж, хэргийг шүүхэд шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэргийн 14 дүгээр талд Б.Эрдэнэчимэгийн өмгөөлөгч М.Хувцагаан, хэргийн холбогдогч С.Оюунтуяа нар нь хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг прокурор шийдвэрлээгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийг түргэн шуурхай бүрэн гүйцэд хийхийн тулд гэмт хэрэг илэрсэн буюу сэжигтэн, яллагдагч болон гэрч, хохирогчийн олонх байгаа газарт хэрэг бүртгэлт явуулж болно. Хэргийн харьяаллын асуудлыг хэрэг бүртгэлт эхэлсэн газрын прокурор шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлтийг хэрэг гарсан газар явуулна” гэж заасныг зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 226 дугаар зүлйийн 226.1.4 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлтийн шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тул зөрчлийг арилгах үүднээс хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, хэрэг прокурорт очтол С.Оюунтуяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Б.Эрдэнэчимэгийг нөхөр О.Одбаяртай хардаж, улмаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэг нь хэдийгээр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байгаа боловч байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас гаргасан хүсэлтийн дагуу дээрх хэргийн оролцогч нарын оршин суугаа газарт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Өөрөөр хэлбэл, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа хэргийн хэрэг бүртгэлтийг түргэн шуурхай, бүрэн гүйцэд шийдвэрлэхийн тулд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар хэрэв шүүх харъяаллын бус гэж үзсэн бол хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэнд буцаалгүй харьяалах шүүхэд шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө шилжүүлж болох хуулийн заалт байхад анхан шатны шүүх дээрх заалтыг хэрэглээгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 408 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Яллагдагч С.Оюунтуяагийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүсэлт хэрэгт байгаа байх. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Хэрэг бүртгэлтэд хөнгөн хэрэг учраас Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгана гэсэн заалт байхгүй. Энэ хэрэгт Эрдэнэчимэг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаад ахлах дэслэгч Баярсайханд хуваарилагдсан. Шүүхийн буцаасан тогтоолыг дэмжиж байна. Анхнаасаа хууль зөрчигдсөн. Харьяаллын биш гэдгийг мэдэх юм бол тухайн хэргийг харьяаллын дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт руу буцаах ёстой. Хоёр талаас хүсэлт гаргасан бол хүсэлтийг нь прокурор хүлээж аваад харьяаллыг тогтоож өгөх ёстой. Шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт “...хэрэг бүртгэлтийг хэрэг гарсан газар явуулна” гэж заасны дагуу С.Оюунтуяад холбогдох хэрэгт Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэх байцаан шийтгэх ажиллагаа явуулахаар байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийг түргэн шуурхай бүрэн гүйцэд хийхийн тулд гэмт хэрэг илэрсэн буюу сэжигтэн, яллагдагч болон гэрч, хохирогчийн олонх байгаа газарт хэрэг бүртгэлт явуулж болно. Хэргийн харьяаллын асуудлыг хэрэг бүртгэлт эхэлсэн газрын прокурор шийдвэрлэнэ” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан харьяаллыг мөн зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр өөрчлөхөөр бол прокурор тогтоол гарган шийдвэрлэхээр байна.

Хэргийн харьяаллын асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу прокурор шийдвэрлээгүй байж, харьяалал зөрчин байцаан шийтгэх ажиллагаа явуулсныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцааж байгаатай холбогдон дараах ажиллагааг хийх нь зүйтэй.

С.Оюунтуяагаас яллагдагчаар мэдүүлэг авахад тэрээр “...өмгөөлөгч аваагүй байгаа, би ер нь өмгөөлөгч авахаар шийдлээ. Би өмгөөлөгчгүйгээр байцаалт өгөхгүй...”  /1 дүгээр хавтас, хуудас 54/ гэснээр мэдүүлэг авах ажиллагааг хойшлуулсан байна.

Ингээд хэрэг бүртгэлтийн шатанд С.Оюунтуяагаас дахин мэдүүлэг авалгүйгээр сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байгааг “С.Оюунтуяаг өмгөөлөгч авах эрхээр нь хангаагүй байна” гэж үзнэ.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн ...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-ын (d)-д “Хүн бүр … өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх…” эрхтэй гэж тус тус заажээ.

Түүнчлэн дээрх эрхийн талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх…”, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3 дахь заалтад “…өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өмгөөлөгч авах…” гэж тус тус баталгаажуулан хуульчилжээ.

Гэтэл хэрэг бүртгэлтийн шатанд С.Оюунтуяа нь өмгөөлөгч авч, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх талаар илэрхийлсэн байхад өмгөөлөгч оролцуулан мэдүүлэг авалгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байгааг хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, байцаан шийтгэх ажиллагаа явуулсан гэж үзнэ.

Иймээс С.Оюунтуяагийн Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь эдлүүлж, өмгөөлөгчийг нь байлцуулан түүнээс дахин мэдүүлэг авах нь зүйтэй.

Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 6/36 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.