Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 671

 

                                                М.Ц-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1952 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хурлын тогтоолтой М.Ц-д холбогдох МБ-10908-1 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсад 1923 онд орж ирсэн, 36 настай, эрэгтэй, ард буриад, ам бүл 4, эхнэр Н, хүүхэд Б, дүү С нарын хамт амьдарч байсан, Намын гишүүн байсан, цэрэгт явсан, баригдахын өмнө Дорнод аймгийн Дашбалбар суманд мал маллаж байсан, ял шийтгэлгүй М овогтой Ц нь

1945 онд эх орноосоо урваж, Японы тагнуулын газартай харилцаатай болохыг хүсэж бэлтгэж байсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1952 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор 1942 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18-ыг журамлан тусгай ангийн 56 дугаар зүйлд зааснаар М.Ц-ийг 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: М.Ц-ийг эх орноосоо урваж, Япон  тагнуулын газартай харилцаатай болохыг хүсэж бэлтгэж байсан гэж 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйл /Бүгд Найрамдах Монгол Ард улсын харъяат иргэдээс тус Бүгд Найрамдах Монгол Ард улсын цэргийн сүр хүчин болон тус улсын тусгаар тогтносон байдал ба түүний халдаж үл болох газар нутгийн эвдэршгүй ба байх явдалд хор хохирлыг хүргэж, тагнуул хийх, цэргийн буюу улсын нууцыг дайсанд шилжүүлэн өгөх, дайсны талд урван шилжиж орох, хилийн чанадад оргон зугатах, нисэж гарах явдлууд нь эх орноосоо урвасан гэмт хэрэг мөн болох бөгөөд ийм хэргийг үйлдэгчдийг буудан алж, бүх хөрөнгийг хураавал зохино.

Хэрэв хөнгөтгөх шалтгаан байвал 10-25 жил хүртэл хугацаагаар хорьж, бүх хөрөнгийг хураана/-д заасан гэмт хэрэгт Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1952 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор 10 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.М.Ц-ийг Японы тагнуулд элсүүлэн авсан гэх Б-ны Д-ийн холбогдсон МБ-14322 дугаартай хэрэгт хийсэн үзлэгээр М.Ц-ийг тагнуулаар элсүүлж авсан талаар мэдүүлээгүй байна.

 2.М.Ц-ийг тагнуулаар элсүүлж авсан гэх Б-ны Д-г тагнуулын хэрэгт сэжиглэн 1945 оны 08 дугаар сарын 19-нд баривчлан, Байгалийн чанад дахь Цэргийн шүүхээр РСФСР-ийн Эрүүгийн хуулийн 58-ын 6-аар 25 жил хорих ял шийтгэснийг эдлэн 1955 онд суллагджээ.

3.Б-ны Д Оросын Холбооны Улсын 1991 оны 10 дугаар сарын 18-ны “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хууль”-ийн хоёрдугаар хэсгийн 1.3 дугаар зүйлийн “а” хэсгийг үндэслэн цагаатгасан тухай Улаан тугийн одонт Алс дорнодын Цэргийн тойргийн прокурорын 1993 оны 08 дугаар сарын 11-ний №Зур-19880-54 дугаартай “Цагаатгагдсан тухай тодорхойлолт” гарсан байна.

4.Мөн М.Ц-ийн мэдүүлэгт нэр нь илэрсэн Ш-ын Р, Б-ын Г нар Японы тагнуулын хэрэгт 1946 онд баривчлагдан, Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1946 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлд зааснаар тус тус 25 жил хорих ялаар шийтгүүлснийг Монгол Улсын дээд шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 425 дугаар тогтоолоор тус цагаатгасан байна.

5.М.Ц-ийг Дотоод явдлын яаманд нууц харилцаатай байснаа  далимдуулан гэж ялын төлөвлөгөөнд дурдсаныг нотолсон болон үгүйсгэсэн баримт хэрэгт огт авагдаагүй байна.

Иймд М.Ц-ийг зориудаар улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг / ... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн.../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэвэл М.Ц-ийг Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1952 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хурлын тогтоолоор 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 56 дугаар зүйлд зааснаар 10 жил хорьж, хөрөнгийг нь хураах ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 10908-1 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, М.Ц-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн гэв.

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

М.Ц-д холбогдох хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд түүнийг эх орноосоо урваж, Японы тагнуулын газартай харилцаатай болохыг хүсэж бэлтгэж байсан гэх гэмт хэрэгт 1942 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тухайлбал, М.Ц-ийг Японы тагнуулаар элсүүлсэн талаар түүнийг хэлмэгдүүлсэн гэх Б.Д мэдүүлээгүй, уг хүнд холбогдох хэргийг цагаатгасан тухай Оросын Холбооны улсын Алс дорнодын цэргийн тойргийн прокурорын газраас тодорхойлолт гаргасан, мөн М.Ц-ийн мэдүүлэгт нэр дурдагдсан Ш.Р, Б.Г нарыг Японы тагнуулын хэрэгт 1946 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1942 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлээр ял  шийтгэснийг Улсын дээд шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 425 дугаар тогтоолоор хэргийн хэрэгсэхгүй болгож цагаатгасан, түүнчлэн М.Ц-ийг Дотоод явдлын яамтай нууц харилцаатай байсныг нотолсон болон үгүйсгэсэн баримт сэлт хэрэгт байхгүй болох нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгах явцад тогтоогдсон байна.

Иймд М.Ц-ийг хилсээр ял шийтгэсэн тогтоолын хүчингүй болгож, түүнийг цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

М.Ц-ийг ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Г-д заасан 1942 оны Эрүүгийн хуулийн 55-69 дүгээр зүйлд хамаарч буйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дотоод явдлын яамны дэргэдэх Тусгай комиссын 1952 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дугаар хурлын тогтоолыг хүчингүй болгож, М.Ц-д 1942 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 56 дугаар зүйлээр ял төлөвлөсөн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН