| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2017/0098/З |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 17
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 114/2017/0098/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Оюунчимэг би нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 10 дугаар байрны 24 тоотод оршин суух Боржигон Ханхөхийн овгийн Цамбийн Нямдаваагийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” шаардлагатай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: - Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаар захирамжаар газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх тухай өргөдөл хүсэлт гаргаагүй байхад талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан гэсэн байна. Би өөрийн өмчлөлийн гаражийн орчин нөхцөл, инженерийн шугам сүлжээг хамгаалах зорилготойгоор 2 тийш 2 метр хэлэх хүсэлт гарган 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын зураглалаар боломжтой гэсний үндсэн дээр зураг хийгдэн аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/264 дүгээр захирамж гарсан. Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, А/264 дүгээр захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар тайлбартаа:Ц.Нямдаваагийн нэхэмжлэлтэй Дархан-Уул
Documents and Settings\ Захиргаа\Desktop\Шүүгчийн захирамж.doc
аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 тоот захирамжийг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, Ц.Чулуунцэцэг, Д.Элдэвсайхан нар нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нямдаваагийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/442 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ