Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00692

 

“Эко цонх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00095 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Комплант” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 983 470 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 6 800 650 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоогийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эко цонх” ХХК нь “Комплант” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус компанийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шинээр баригдаж байсан ажилчдын байрны металл хаалга, хуванцар цонх, шилэн хаалт, шилэн хаалга зэрэг ажлыг нийт 8 988 980 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож ажлаа хийж гүйцэтгэсэн. Гэрээний дагуу урьдчилгаа 2 000 000 төгрөг өгсөн. Ажил гүйцэтгэж дуусаад үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардахад нэг сар гаруйн дараа 3 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Үүнээс хойш удаа дараа захирал О.Баяртай уулзахад манайх одоохон мөнгөтэй болно, 7 хоногийн дараа өгье гэж хойшлуулсаар 2 жил гаруй өнгөрсөн боловч төлбөрөө барагдуулахгүй байх тул үндсэн төлбөр 3 988 980 төгрөг, алданги 1 994 490 төгрөг, нийт 5 983 470 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:Тус байр нь ажилчдын хооллох, амрах, усанд орох зориулалттай жилийн 4 улиралд ашиглах байшин юм. Уг гэрээгээр “Эко цонх” ХХК нь 1 хаалга /2200x1700/, 27ш Р\/С вакум цонх, 1 ширхэг шилэн хаалт, 1 ширхэг шилэн хаалгыг хийж гүйцэтгэх байсан юм. “Эко цонх” ХХК байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2-т заасан гэрээний хугацаанд заасны дагуу уг ажлыг 2014 оны 8 дугаар сарын 12-ноос 19-ний хооронд хийж гүйцэтгэхээр заасан байсан юм. Гэтэл “Эко цонх” ХХК нь гэрээнд заасан хугацаандаа ажлаа эхлэлгүй ажил эхлэх хоног хугацаа алдаж, өөрсдийн буруугаас муу материал авчирч, буруу, дутуу хийж гүйцэтгэх зэргээр гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэлгүй 9 сарын сүүлээр чанарын шаардлага хангаагүй хаалга, цонх хийсэн байсан юм. Мөн хийж буй цонх нь буруу байрлалтай болж, цонхны жийргэвч резин, түгжээ чанар муутай, хаалганы түгжээ нь гацаж, гажиж онгойдоггүй, дулаан алдалт ихтэй, ашиглах боломжгүй цонх, хаалга хийж өгсөн юм. Ингээд 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний 9-д заасны дагуу 40 хувийн төлбөрийг төлж барагдуулж үлдсэн төлбөрийг нь ажил дуусч, цонх хаалганы резин, түгжээг бүтэн солих, хаалганы гажилтыг янзалж өгсний дараа ажил хүлээлцэж, төлбөрөө гүйцэтгэхээр тохиролцсон юм.Гэтэл “Эко цонх” ХХК нь цонх хаалганы резин, түгжээг бүтэн солих, хаалганы гажилтыг янзлах үүргээ гүйцэтгэлгүй, шаардлага хангахгүй цонх хийж, дулаан алдагдал их байснаас 2014-2015 оныг шилжих өвөл уурын зуухаас дулаан авч чадалгүй, хүйтэн өвөлжиж, ажилчдаа өөр газар усанд оруулах, ажилчид байрлах гэр түрээслэх зэрэг хохирол учраад байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т болон 9 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 3 988 980 төгрөг, алданги 1 994 490 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу 817 180 төгрөг, нийт 6 800 650 төгрөгийг “Эко цонх” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл нь ойлгомжгүй байна. Доголдолтой гүйцэтгэсэн гээд нэг цонхны зураг гаргаад өгсөн байдаг, тэр зураг нь хэний, юуны цонх юм бүү мэд. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00095 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Комплант” ХХК-иас 5 983 470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-д олгож, хариуцагч “Комплант” ХХК-ийн нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-д холбогдуулан гаргасан 6 800 650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 110 700 төгрөгийн 110 685 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 15 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч “Комплант” ХХК-иас 110 685 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-д олгож, хариуцагч “Комплант” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 123 770 төгрөгийн 123 760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч “Комплант” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00095 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 123 770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Миний бие “Эко цонх” ХХК нэхэмжлэлтэй иргэний хэрэгт давж заалдах шүүхийн 625 дугаартай магадлалыг хууль буруу хэрэглэсэн гэж үзэн эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.Уг хаалга цонх хийх ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа талууд анхнаасаа байршил зааж гэрээ байгуулсан бөгөөд гэрээндээ уг ажлын чанарыг дурдсан байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл болох чанар түүнийг баталсан зүйлээ нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөх ёстой байтал хаана юу хийсэн нь мэдэгдэхгүй цонхны төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн уг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэх нотлох баримтыг хэрхэн бүрдүүлсэн нь тодорхойгүй байна.“Эко цонх” ХХК болон “Комплант” ХХК нар чанар болон төлбөрийн нөхцлийг гэрээндээ тусгаж өгөөд ажил эхлэхэд “Эко цонх” ХХК нь “Комплант” ХХК-ийн барилгын ажилд сэтгэлгүй хандаж ажил гүйцэтгэх гэрээгээ удаа дараа хойшлуулж байсан юм. Ингээд гэрээн дээр төлбөрийн нөхцлийг гэрээний нэмэлт нөхцөл дээр тусгаж өгсөн юм.Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлал дээр болсон бүх үйл явдлыг нотлоогүй, тогтоогдохгүй, тодорхойлох боломжгүй, үндэслэлгүй гэх зэргээр хавтаст хэрэгт байгаа баримтыг хэлцэлгүйгээр шийдвэрлэсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч “Эко цонх” ХХК нь давж заалдах шатны шүүх хуралд “НӨАТ-ын төлбөрийг төлсөн мөнгөний хэмжээгээр гаргаж өгч болно” хэмээн дурдсаар байхад хариуцагчийг илтэд хохиролд оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн юм. Мөн хавтаст хэрэгт “Эко цонх” ХХК-д хүргүүлж байсан шаардлага, мөн тухайн хийсэн цонх, хаалганы зургийг нэхэмжлэгч манайх биш гэж маргаж байхад уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэж “Комплант” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч “Эко цонх” ХХК нь хариуцагч “Комплант” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 983 470 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 6 800 650 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч “Эко цонх” ХХК нь ажил гүйцэтгэгчийн хувьд 8 170 800 төгрөгөөр металл вакум хаалга, цонх, шилэн хаалт, шилэн хаалга, татуурга хийх ажлыг 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, хариуцагч “Комплант” ХХК нь захиалагчийн хувьд гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байх ба гэрээ байгуулагдсан болон түүний хүчин төгөлдөр байдлын талаар, мөн хариуцагч “Комплант” ХХК нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-д ажлын хөлсний урьдчилгаанд 5 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн аваагүй, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэж тайлбарласан боловч өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Тухайлбал, хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 2 хуудас фото зураг нь хаана, хэзээ авагдсан, нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд хамааралтай эсэх, ажил гүйцэтгэснээс хойш хэдий хугацааны дараах байдлыг илэрхийлж буй нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна \хх-ийн 23-24 дүгээр тал\.

Ажил гүйцэтгэгч талаас захиалагчид ажлаа хүлээлцсэн тухай 2014 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “хаалга цонх суулгасан бэхэлсэн акт”-ыг үгүйсгэх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Энэхүү актад “27 ш PVC цонх, нийт 60,75 мкв, 1 ш хавтастай металл хаалга, нийт 3,74 мкв, 1 ш шилэн хаалга 1.2 мкв, 1 ш шилэн хаалт, нийт 8,75 мкв 1 ш Gaze герман татуурга зэргийг нэг бүрчлэн шалгаж үзэхэд чанартай сайн гүйцэтгэсэн байна. Цонх хаалгыг суулгах үед гадаа +25ОС байв. Цонх, хаалгыг зургийн дагуу тэгшхэн, бат бөх, сайн суулгаж, эргэн тойрон герман улсын кинтек брендийн хөөс шахаж дулаалсан байв” гэж тусган ажил гүйцэтгэгчийн төлөөлөгч Болорсүх, захиалагчийн төлөөлөгч Нацагдорж нар гарын үсэг зуржээ \хх-ийн 42 дугаар тал\.

Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгасан, дулааны алдагдал их байгаа, ажлаа хүлээлгэж өгөх талаар нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-д хаягласан хариуцагч “Комплант” ХХК-ийн захирлын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2173 дугаартай албан бичгийг нэхэмжлэгч “Эко цонх” ХХК-д хүргүүлсэн эсэх нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч “Эко цонх” ХХК нь гэрээ байгуулсан, ажил гүйцэтгэж хүлээлгэн өгснөөс хойшхи 2 жилийн хугацаанд хариуцагч “Комплант” ХХК-иас нэг ч санал гомдол ирж байгаагүй гэж сөрөг нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00095 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 629 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН