| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0600/Э |
| Дугаар | 622 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 622
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б.Э, У овогт О.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710003940679 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, урьд нь:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 06 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б.Э ,
Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, У овогт О.О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Б.О-той бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 2-5 тоотод байх иргэн С.Сийн хашаанд байсан блокны машины моторыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 552,000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.О- нь Б.Этай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 2-5 тоотод байх иргэн С.Сийн хашаанд байсан блокны машины моторыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 552,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.О-: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв болно, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-наас гурав хоногийн өмнө буузны машиныг хүнд үзүүлчихээд байшиндаа оруулж тавиад байшингаа түгжээд, хашааны хаалгаа гадна талаас нь жижиг цагаан цоожоор цоожлоод, үүдэн хэсэгт нь том блокны тасархай тавиад явсан. Тэгээд би гурав хоногийн дараа гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон байсан. ...Манай хашааны хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Харин хашаан дотор усны тэрэгний мөр нь манай байшингийн үүднээс гараад хашаан дотор яваад, хашааны том хаалгаар гараад гудамжаар гараад төв зам руу ороод цаашаа явсан байсан. Бороотой байсан болохоор мөр нь тод харагдаж байсан. Бууз чимхэгч машин нь овор ихтэй боловч хөнгөн, блокны машины мотор нь жижиг хэмжээтэй боловч их хүнд зүйл байсан. ...Манай хашаанд байсан блокны машины мотор алга болсон байсан. Энэ моторыг авсан хүүхдүүдийг олж авсан, би хохиролоо бүрэн төлүүлсэн...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Гэрч Г.Сувд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 8 дугаар сард эдгээр хүүхдүүд надад зэс тушаасан. Тушаасан зэс нь 3 килограмм орчим, хуруу шиг бүдүүн хэмжээтэй, жижиглэсэн ороомог хэлбэрийн зүйл байсан. Би худалдаж аваад, Баянхошуунд байдаг хоёрдогч түүхий эдийн төвлөрсөн цэгт аваачаад тушаасан...” /хх-ийн 31-32/ гэсэн,
Шүүгдэгч О.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим би өөрийн найз Эрдэнэжаргалын гэрт нь очиж хоол идчихээд, Эрдэнэжаргалтай хамт сагсан бөмбөгийн шийдэн дээр очиж тоглох гээд гарсан. Тэгээд гудамжаар явж байхад хашааны том хаалга нь онгорхой айл байж таарсан. Тухайн айлын хашааны том хаалгаар ороход хашааны зүүн талын хэсэгт блокны машин байсан. Уг машины хажуу талд түшүүлээд тавьсан байсан мотор нь байсан. Тэгээд Эрдэнэжаргал бид хоёр тухайн моторыг аваад, дотор талаас нь зэс утас гаргаж зарах гээд тухайн моторыг хоёр талаас нь дамжлаад, тэр айлын хашааны том хаалгаар гарсан. Гарахдаа хашааны хаалгыг Эрдэнэжаргал хаагаад гарсан, бид хоёр нөгөө хулгайлсан мотороо эвлээд, дотор талаас нь гарсан зэс утсыг түүхий эд худалдан авдаг цэг дээр тушаасан. Мөнгөөрөө бид хоёр тамхи, ундаа зэрэг зүйлс аваад голын эрэг дээр очиж суусан...” /хх-ийн 145-146/ гэсэн,
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим манай найз Оюунболд гэрт ирсэн. ...Тэгээд бид хоёр сагсан бөмбөгийн талбай руу явахаар гудамжаар алхаж байгаад, усан цэнхэр өнгийн том хашааны хаалгатай айлын хашаа нь онгорхой байсан. Тэгээд хашаагаар нь харахад хашааны баруун талд блокны машин байсан ба хашаан дотор нь өөр юу байгааг хараагүй, нохойгүй байсан. Оюунболд бид хоёр хашаан дотор ороод блокны хашааны зүг рүү алхаж очоод харахад тухайн блокны машины хажуу талд түшүүлээд тавьсан байсан жижиг мотор байсан. Тэгээд тэр моторыг нь Оюунболд бид хоёр дамжлаад өргөөд явсан, авч гарсан мотороо манай хашаанд авчирч тавьсан. Маргааш нь бид хоёр айлын хашаанаас авчирсан мотороо эвдлээд, дотроос зэс утаснууд авсан. Тэр утаснуудаа түүхий эд худалдан авдаг цэг дээр хүргэж өгсөн. Миний санаж байгаагаар 24,000 төгрөгөөр зарсан шиг санагдаж байна. Тэр мөнгөөрөө Оюунболд бид хоёр дэлгүүрээс тамхи, ундаа идэх юм яваад голын эрэг очиж суугаад идэж ууж дуусгасан....” /хх-ийн 137-138/ гэсэн мэдүүлгүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/,
- Өргөдөл /хх-ийн 17/,
- Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх-ийн 157/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48/,
- Шүүгдэгч Б.Э, О.О нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 76-88, 91-106, 107-117/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Э, О.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Э, Б.О- нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 2-5 тоотод иргэн С.Сийн хашаанд байсан блокны машины моторыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад 552,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Сийн “...Блокны машины мотор нь жижиг хэмжээтэй боловч их хүнд зүйл байсан. ...Манай хашаанд байсан блокны машины мотор алга болсон байсан. Энэ моторыг авсан хүүхдүүдийг олж авсан, би хохиролоо бүрэн төлүүлсэн...” /хх-ийн 21-22/ гэсэн, гэрч Г.Сувд-Эрдэнийн “...2017 оны 8 дугаар сард эдгээр хүүхдүүд надад зэс тушаасан. Тушаасан зэс нь 3 килограмм орчим хуруу шиг бүдүүн хэмжээтэй, жижиглэсэн ороомог хэлбэртэй зүйл байсан...” /хх-ийн 31-32/ гэсэн, шүүгдэгч О.Оын “...2017 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим ...гудамжаар явж байхад хашааны том хаалга нь онгорхой айл байж таарсан. ...Уг машины хажуу талд түшүүлээд тавьсан байсан мотор нь байсан. Тэгээд Эрдэнэжаргал бид хоёр тухайн моторыг аваад дотроос нь зэс утас гаргаж зарах гээд тухайн моторыг хоёр талаас нь дамжлаад, тэр айлын хашааны том хаалгаар гарсан...” /хх-ийн 145-146/ гэсэн, шүүгдэгч Б.Эын “...2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим Оюунболд манайд ирсэн. ...Тэгээд бид хоёр ...усан цэнхэр өнгийн том хашааны хаалгатай айлын хашаа нь онгорхой байхаар нь дотогшоо харахад хашааны баруун талд блокны машин байсан, хашаан дотор нь өөр юу байгааг хараагүй, нохойгүй байсан. Оюунболд бид хоёр блокны хашааны зүг алхаж очоод тухайн блокны машины хажууд түшүүлээд тавьсан байсан жижиг моторыг нь бид хоёр дамжлаад өргөөд явсан...” /хх-ийн 137-138/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э, О.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Э, О.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Б.Э, О.О нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Сийн эд хөрөнгөд 552,000 төгрөгийг хохирол учирсан /хх-ийн 48/ бөгөөд шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан /хх-ийн 22/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Э, О.О нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болж, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тэдний үйлдэлд тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгч О.О нь гэмт хэрэг гарах цаг хугацаанд буюу 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 17 нас 5 сар 9 хоногтой байсан бөгөөд шүүгдэгч Б.Э, О.О нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа тэдний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1710003940679 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Э, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Э, У овогт О.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э, О.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Б.Э, О.О нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, О.О нар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1710003940679 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Э, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Э, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР