Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 623

 

 

 

 

 

 

 

 

 

                                

 

 

                         

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Б.Баттулга, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш овогт Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810025540800 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Зэсвэгт хүчний 326 дугаар ангид эмч ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Б.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хашаан дотор шинэ цэрэг Г.О-ыг хашаан дотор ганцаараа явлаа гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Ч: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны орой би ангийнхаа хашаанд хуучин цэрэг болох Бямбатулгатай таараад юм яриад зогсож байхад ангийн эмч Чинбат ирээд "юу хийж байгаа юм бэ" гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод, бөгс рүү нэг удаа өшиглөчихөөд Бямбатулгыг "би чамайг зөндөө хайлаа" гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг аваад, салаан даргын өрөө рүү явж байхдаа "би чамайг шинэ цэрэг гэж мэдсэнгүй" гэж хэлсэн. Салаан дарга Энхболдын өрөөнд ороод "шинэ цэрэг чинь ганцаараа явж байна" гэсэн. Тэгэхэд Энхболд "доошоо өрөө рүү нь оруулж унтуул" гэж хэлэхээр нь би жижүүртэй хамт яваад өрөө рүүгээ ороод унтсан..." /хх-ийн 8-10/ гэсэн,

 

Гэрч Б.Энхболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ахлах дэслэгч Чинбат "байлдагч О-ыг, Бямбатулгатай эмнэлгийн гадаа зогсож байхад нь цохичихлоо" гээд аваад ороод ирэхээр нь "яагаад цохиж байгаа юм" гэхэд "Бямбатулгыг оргочихлоо гээд ангийн хашаагаар хайж байгаад, олохгүй болохоор буцаад эмнэлэг рүү явж байхад эмнэлгийн буланд Бямбатулга, О- хоёр юм ярилцаад зогсож байсан, харанхуй болчихсон байсан болохоор Бямбатулгыг таньж очихдоо андуураад цохичихлоо, тэгээд гэрэл тусгаад харсан О- байна, шинэ цэрэг юу хийж яваа юм бэ" гээд над дээр ирсэн. Тухайн үед би О-аас "зүгээр үү" гэж асуухад "зүгээр" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би "одоо явж амар" гээд явуулсан. Тэр үед нүүрэн дээр ил харагдах сорви байгаагүй..." /хх-ийн 14/ гэсэн,

 

Гэрч М.Бямбатулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...Би цэргийн ангид эмнэлэгт хэвтэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед ариун цэврийн өрөө орчихоод буцахдаа байлдагч О-тай тааралдаад тамхи татангаа юм ярьж зогсож байхад эмч, дэслэгч Чинбат ирээд О-ыг алгадаад "яасан их уддаг юм бэ, оргочихлоо гэж бодоод зөндөө хайлаа" гээд бөгс рүү өшиглөсөн. Тэгсэнээ О-ыг алгадсаныхаа дараа дэслэгч Чинбат нь "чи аль салбарын цэрэг вэ, шинэ цэрэг юм уу" гэж асуугаад О-ыг салаан дарга руу аваад явсан. Би сувилагчийг дагаад эмнэлэг рүү орсон. Түүнээс цааш юу болсоныг мэдээгүй..." /хх-ийн 15/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ...Бямбатулгыг "одоо амарч бай" гэж хэлчихээд, гарч яваад өрөөндөө орж ирэхэд сувилагч Хандмаа "гараад 40 орчим минут болчихлоо" гэж хэлэхээр нь гарч хайхад эмнэлгийн урд талд шинэ цэрэг болох О-тай зогсож байхаар нь "хаашаа алга болчихдог юм бэ" гэж уурлаад, О-ыг алгадаж баруун гуя руу нь өшиглөсөн. Тэгээд би О-ыг дагуулаад салаан дарга Энхболдод "энэ хүн дэмий тэнээд яваад байна" гээд хүлээлгэж өгчихөөд Бямбатулгыг эмнэлэгт оруулж амраасан. Тэгээд маргааш нь жижүүрээс буусан болохоор амарчихаад нөгөөдөр нь ирэхэд О-ын зүүн нүд нь улайсан байсан. Тэгээд би үзээд эмчилгээ бичиж өгч сувилагчид дексотоброн, цифрофлаксацин нэртэй нүдний хоёр дусаалгыг өгч цагаар дусаахыг зөвлөсөн..." /хх-ийн 29-31/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №13038 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт:1. Г.О-ын биед зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,

            - Өргөдөл /хх-ийн 3/,

- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/,

- Шүүгдэгч Б.Ч-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 33-37, 38/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Ч-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хашаан дотор шинэ цэрэг Г.О-ыг хашаан дотор ганцаараа явлаа гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.О-ын “...2018 оны 10 дугаар сарын 22-ны орой би ангийнхаа хашаанд хуучин цэрэг болох Бямбатулга таараад юм яриад зогсож байхад ангийн эмч Чинбат ирээд "юу хийж байгаа юм бэ" гээд миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод, бөгс рүү нэг удаа өшиглөчихөөд Бямбатулгыг "би чамайг зөндөө хайлаа" гэж хэлсэн..." /хх-ийн 8-10/ гэсэн, гэрч Б.Энхболдын "...2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ахлах дэслэгч Чинбат "байлдагч О-ыг эмнэлэгт хэвтэж байсан Бямбатулгатай эмнэлгийн гадаа зогсож байхад нь цохичихлоо" гээд аваад ороод ирэхээр нь "яагаад цохиж байгаа юм" гэхэд "түүнийг оргочихлоо гээд ангийн хашаагаар хайж байгаад, олохгүй болохоор буцаад эмнэлэг рүү явж байхад эмнэлгийн буланд Бямбатулга, О- хоёр юм ярилцаад зогсож байсан, харанхуй болчихсон байсан болохоор Бямбатулгыг таньж очихдоо андуураад цохичихлоо, тэгээд гэрэл тусгаад харсан О- байна, шинэ цэрэг юу хийж яваа юм бэ" гээд над дээр ирсэн..." /хх-ийн 14/ гэсэн, гэрч М.Бямбатулгын "...Би цэргийн ангид эмнэлэгт хэвтэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед нойл орчихоод буцахдаа байлдагч О-тай тааралдаад тамхи гуйхаар нь тамхи өгчихөөд, тамхиа татангаа юм ярьж зогсож байхад эмч дэслэгч Чинбат ирээд О-ыг алгадаад "яасан их уддаг юм бэ, оргочихлоо гэж бодоод зөндөө хайлаа" гээд бөгс рүү өшиглөсөн..." /хх-ийн 15/ гэсэн, шүүгдэгч Б.Чын “...2018 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө ...Бямбатулгыг "одоо амарч бай" гэж хэлчихээд, гарч яваад өрөөндөө орж ирэхэд сувилагч Хандмаа "гараад 40 орчим минут болчихлоо" гэж хэлэхээр нь гарч хайхад эмнэлгийн урд шинэ цэрэг болох О-тай зогсож байхаар нь "хаашаа алга болчихдог юм бэ" гэж уурлаад, О-ыг алгадаж баруун гуя руу нь өшиглөсөн..." /хх-ийн 29-31/ гэсэн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №13038 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт:1. Г.О-ын биед зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт, өргөдөл /хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-ын биед зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн нүдний алимны доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгч Б.Чын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн ажил эрхлэлт болон хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810025540800 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Ш овогт Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Ч торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 1810025540800 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

      

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР