| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0624/Э |
| Дугаар | 635 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 635
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810026700848 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д.С.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг тэнгэр” хотхоны 107 дугаар байрны 186б тоотод хамтран амьдрагч Д.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.С: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 186б тоот дахь гэртээ байхад гаднаас С найз Х, Мөнхөө нарын хамт согтуу орж ирсэн. Би тэдэнд хоол хийж өгөхөд С, Х, Мөнхөө нар 750 граммын савалгаатай “Соёрхол” нэртэй архи нэг шилийг хувааж уусан. Х, Мөнхөө хоёр архиа ууж дуусалгүй согтоод жижиг өрөөнд унтчихсан. С нөгөө хоёрыгоо бодвол арай гайгүй согтолттой байсан болохоор “хоёр найзыгаа аваад Сонгинохайрхан уул руу явна” гээд ...Х, Мөнхөө хоёрыг сэрээх гэсэн боловч нөгөө хоёр нь сэрэхгүй байсан. С нь орондоо хэвтчихээд унтахгүй үглээд байхаар нь би “унтаач, хүн унтуулж амраахгүй, өөрөө ч унтаж амрахгүй, ядаргаатай юм бэ” гэж хэлээд уурлахад С орноос босож ирээд миний үснээс зулгааж шалан дээр унагаад, баруун нүд орчим руу гараараа 2-3 удаа цохисон..." /хх-ийн 9-10/ гэсэн,
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2018 оны 11 дүгээр сраын 11-ний орой ...Сын хамт гэр рүү нь явахдаа 750 граммын савалгаатай архи нэг шилийг хувааж уучихаад, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Цэлмэг тэнгэр хотхоны 107 дугаар байрны 186б тоот дахь гэрт нь очсон. Гэрт нь Сын эхнэр Ц ганцаараа байсан. С, Мөнхөө бид гурав гэрт нь ороод дахиад 750 граммын савалгаатай архи нэг шилийг ууж байгаад согтоод унтчихсан. Нэг мэдэхэд Ц орилоод байхаар нь би унтаж байсан жижиг өрөөнөөсөө гарч ирэхэд Ц гал тогооны ширээний хажууд баруун хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай, цээж нүцгэн зогсож байсан. Харин С ариун цэврийн өрөөний хажууд байсан. Ц, С хоёр хоорондоо хэрэлдэж маргалдахаар нь би тэдний дундуур ороод “больцгоо” гээд байж байхад хаалга тогшихоор нь нээхэд эмнэлгийн түргэн тусламж ирсэн..." /хх-ийн 14-15/ гэсэн,
Шүүгдэгч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Биокомбинат дахь найз Хын гэрт очсон. Тэнд очиход Мөнхөө, Х хоёр архи ууж байхаар нь би тэр архинаас нь уусан. Бид гурав Хын гэрээс гараад, манай гэр рүү явсан. Замдаа миний том машин тавьдаг грашийн орчимд 750 граммын савалгаатай нэг шил архийг уучихаад, манай байрны нэгдүгээр давхарт байрлах хүнсний дэлгүүрээс 750 граммын савалгаатай нэг шил архи худалдаж аваад манай гэр рүү орсон. Ц Х, Мөнхөө бид гурвыг ороход хоол хийж өгсөн. Бид гурав авч орсон архиа хувааж ууж байхад Мөнхөө, Х нар согтоод манай жижиг өрөөнд унтсан. Би ганцаараа үлдсэн архиа ууж байгаад унтахаар орондоо ороод хэвтсэн. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Ц орон дээрээ босоод суучихсан цээж орчим руу гараараа цохихоор нь би орноосоо боссон. Ингээд бид хоёр орон дээрээс зууралдаж босч ирээд, Цгийн хоёр гарнаас барьж байгаад түлхсэн. Тэгэхэд Цгийн баруун хөмсөг орчмоос нь цус гарсан харагдсан. Ц хөмсөгнөөс гарсан цусаа миний цээжинд нялаад, над руу нулимаад, орилж хашгирахад би ухаан орсон..." /хх-ийн 31-34/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №13708 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Ц-гийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, уг хэсэг болон хамар зүүн нүдний дотор булан хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд шарх, хамар баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт, хамрын баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүдээс хамрын баруун хэсэг дэх зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 2/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6/,
- Шүүгдэгч Д.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 21-25, 34/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэлмэг тэнгэр” хотхоны 107 дугаар байрны 186б тоотод хамтран амьдрагч Д.Цг зодож биед нь баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, уг хэсэг болон хамар зүүн нүдний дотор булан хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд шарх, хамар баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт, хамрын баруун талд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Цгийн: “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой ...С нь орондоо хэвтчихээд унтахгүй үглээд байхаар нь би “унтаач, хүн унтуулж амраахгүй, өөрөө ч унтаж амрахгүй, ядаргаатай юм бэ” гэж хэлээд уурлахад С орноос босож ирээд миний үснээс зулгааж шалан дээр унагаад, баруун нүд орчим руу гараараа 2-3 удаа цохисон..." /хх-ийн 9-10/ гэсэн, гэрч Б.Хын "...2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой ...С, Мөнхөө бид гурав гэрт нь ороод дахиад нэг шил архи ууж би байгаад согтоод унтчихсан. Нэг мэдэхэд Ц орилоод байхаар нь би унтаж байсан жижиг өрөөнөөсөө гарч ирэхэд Ц гал тогооны ширээний хажууд баруун хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай, цээж нүцгэн зогсож байсан. Харин С ариун цэврийн өрөөний хажууд байсан. Ц, С хоёр хоорондоо хэрэлдэж маргалдахаар нь би тэдний дундуур ороод “больцгоо” гээд байж байхад хаалга тогшихоор нь нээхэд эмнэлгийн түргэн тусламж ирсэн..." /хх-ийн 14-15/ гэсэн, шүүгдэгч Д.Сын “...2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой ...бид гурав авч ирсэн архиа хувааж ууж байхад Мөнхөө, Х нар согтоод манай жижиг өрөөнд унтсан. Би ганцаараа үлдсэн архиа ууж байгаад унтахаар орондоо ороод хэвтсэн. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Ц орон дээрээ босоод суучихсан цээж орчим руу гараараа цохихоор нь би орноосоо боссон. Ингээд бид хоёр орон дээрээс зууралдаж босч ирээд, Цгийн хоёр гарнаас барьж байгаад түлхсэн. Тэгэхэд Цгийн баруун хөмсөг орчмоос нь цус гарсан харагдсан. Ц хөмсөгнөөс гарсан цусаа миний цээжинд нялаад, над руу нулимаад, орилж хашхирахад би ухаан орсон..." /хх-ийн 31-34/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №13708 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Цгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, уг хэсэг болон хамар зүүн нүдний дотор булан хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд шарх, хамар баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт, хамрын баруун талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлүүдээс хамрын баруун хэсэг дэх зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” /хх-ийн 21/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-гийн эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, уг хэсэг болон хамар зүүн нүдний дотор булан хамарсан цус хуралт, баруун нүдний дээд зовхинд шарх, хамар баруун ухархайн дотор ханын хугарал, зүүн шуунд цус хуралт, тархи доргилт, хамрын баруун талд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгч Д.С-д үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн ажил эрхлэлт болон хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810026700848 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.С-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С-д торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810026700848 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР