Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00840

 

 

МД ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ний өдрийн 181/ШШ2023/00246 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МД ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 21,249,707 төгрөг, алданги 10,624,853 төгрөг, нийт 31,874,560 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани нь М ХК-тай бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ, барилгын даатгалын гэрээг тус тус байгуулсан. МД ХХК-ийн 112 дугаар салбарт 2021 оны 07 сарын 17-ны өдрийн 11 цагт гал гарч, бараанд 18,118,550 төгрөг, барилгад 3,331,183 төгрөгийн хохирол учирсан. Даатгалын гэрээгээр хохирлын үнэлгээг тогтооно гэж заасны дагуу Итгэлт-Эстимэйт ХХК-аар дүгнэлт гаргуулж, барааг устгах шаардлагатай гэсний дагуу 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутад барааг устган акт үйлдсэн. М ХК-аас төлбөр төлнө гэж байсан боловч төлбөр төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Сүхбатаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаж хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар МД ХХК Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2021 оны 09 сарын 30-ны өдөр 3410 дугаартай албан бичгээр ...Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.4-т заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлтэй... гэсэн хариу өгсөн. Гэтэл М ХК нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4-т ...нөхөн төлбөрийг олгоогүй тохиолдолд 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцно гэж заасан тул 2021 оны 07 сарын 26-ны өдрөөс хойш 240 хоногийн хугацаа хэтрүүлсэн алдангийг нэг хоногийг нь 106,248 төгрөгөөр тооцож, нийт 10,624,853 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Иймд даатгалын нөхөн төлбөр 21,249,707 төгрөг, алданги 10,624,853 төгрөг, нийт 31,874,560 төгрөгийг М ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: МД ХХК-тай 2020 оны 8 сарын 26-ны өдөр бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээ, 2021 оны 07 сарын 01-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан. 2021 оны 07 сарын 17-ны өдөр Миний дэлгүүрийн 112 дугаар салбар дэлгүүрт гал гарч, бараа материал чанараа алдсан гэсэн. Гал гарсан шалтгаан нь цахилгааны даац хэтрэлтээс болсон гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Даатгалын гэрээний 12.5.17 болон үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 12.5.9.2-т ...техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим заавар зөрчсөн, даац ачаалал хэтрүүлснээс үүсэх хохиролд нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Энэ хоёр заалтыг үндэслээд гал нь ачаалал даац хэтрүүлснээс үүссэн байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бараа материалын даатгалын гэрээг жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний 12.6.1-т бараа материалын үлдэгдлийн жагсаалтыг сар бүр гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Мөн 12.5.19.24-т сар, улирал бүрийн тооцооны үлдэгдлийг тухайн сар, сард нь гаргаж өгч, даатгалын үнэлгээг баталгаажуулаагүй бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж заасан. Сар, улирал болгоны бараа материалын жагсаалтаа гаргаж өгөөгүй тул төлбөр олгохоос татгалзах үндэслэлтэй. 2020 оны 08 сарын 26-ны өдрийн бараа материалын үлдэгдлийн гэрээний хавсралтаас харвал М ХК болон МД ХХК-ийн 17 салбар дахь агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг даатгасан ба хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнээс нэг ч бараа бүтээгдэхүүн чанараа алдсан бараа бүтээгдэхүүний тоонд ороогүй, тасагт байгаа бараа шатсан гэсэн. Бид агуулахад байгаа бараа бүтээгдэхүүнийг даатгасан болохоос тасагт байгаа бараа бүтээгдэхүүнийг даатгаагүй тул дээрх тохиолдлыг даатгалын зүйл гэж үзэхгүй. Даатгалын зүйл мөн, биш нь тогтоогдоогүй тул алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 2,818,068 төгрөг, алданги 1,409,034 төгрөг, нийт 4,227,102 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МД ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27,647,458 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 82,584 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 07 сарын 17-ны өдөр МД ХХК-ийн МД-112 салбарт гал гарсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, даац ачаалал хэтрүүлснээс хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна. Иймд хариуцагч М ХК даатгалын нөхөн төлбөр олгох үүрэгтэй.

4.б. 2021 оны 07 сарын 17-ны өдөр М ХК-ийн хүсэлтээр даатгуулагч компанийн төлөөлөгч нарыг оролцуулан МД-112 салбарт гал гарсны улмаас 18,118,521 төгрөгийн бараа, материал чанараа алдсан гэж үзэж устгалд оруулсан талаар талууд маргаагүй байхад шүүх ...гэрээний 12.15.19.24-т зааснаар сар, улирал бүр тооцооны үлдэгдлийг тухай бүр даатгуулагчид гаргаж өгч даатгалын үнэлгээг баталгаажуулаагүй нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нөхөн төлбөр олгохоос татгалзах нь зүйтэй... гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр №29С2020000860 дугаартай даатгалын гэрээ байгуулан өөрийн компанийн бүх төрлийн хүнс, ахуй, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг даатгуулсан. Бараа материалын үлдэгдлийн даатгал 5,083,596,054.48 төгрөг, даатгалын нийт хураамж 11,183,911.32 төгрөгөөр даатгаж, талуудын хооронд даатгалын харилцаа үүссэн. Бид М ХК-тай 2008 оноос хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд МД ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж даатгалын хураамж төлөх үүргээ хэрэгжүүлсээр ирсэн.

4.в. Даатгалын гэрээний 4.2-т ...даатгуулагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах болон түүнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй гэж заасны дагуу М ХК-ийн зүгээс өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэн гэрээ цуцлах, өөрчлөлт оруулах ямар нэгэн хүсэлт болон албан бичгээр хандаж байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.

4.г. ХЭ ХХК чанараа алдсан гэж устгалд оруулсан бараа материалын үнэлгээг 18,082,321 төгрөгөөр тогтоосон. Мөн М ХК нь манай компанид даатгалын нөхөн төлбөрийг хэд хэдэн удаагийн уулзалтаар зөвшөөрч байсан бөгөөд нийт 18,082,321 төгрөгийн үнэ бүхий бараануудыг устгалд оруулах шаардлагатай гэсэн тул М ХК-ийн даатгалын мэргэжилтэн Б.Батпүрэв, Санхүүгийн газрын нягтлан Ц.Ц- нар 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутад тус бараануудыг устгаж акт үйлдээд 4,140,553 төгрөгийн акталсан барааг М ХК-ийн зүгээс ашиглах боломжтой гэж үзэж авч явсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Д.А- гэх хүнийг гэрчээр оролцуулсан бөгөөд дээрх үйл баримтын талаар нотолсон боловч шүүх гэрчийн мэдүүлгийг үнэлж дүгнээгүй.

4.д. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 09 сарын 30-ны өдрийн 9/3410 дугаартай албан бичгээр учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байхад энэ талаар дүгнээгүй, зөвхөн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг үнэлж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

5.а. Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээний талаар гомдол гаргасан. Уг гэрээний 12.6-д зааснаар даатгуулагч бараа материалын үлдэгдлийн жагсаалтыг сар бүр даатгагчид гаргаж өгөх үүрэгтэй. Мөн гэрээний 12.5.12.9-д даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлүүдийг, 12.5.12.24-т сар, улирал бүр тооцооны үлдэгдлийг тухай бүр даатгагчид гарган өгч гэрээгээ баталгаажуулах үүргийг тус тус заасан. Уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болдог. М ХК-ийн зүгээс МД ХХК-ийг гэрээнд заасан үүргээ биелүүлснийг тодруулах зорилгоор 2022 оны 11 сарын 25-ны өдөр гэрч асуулгах хүсэлтийг шүүхэд гаргаснаас хойш 2 сарын дараа хэргийг шийдвэрлэсэн. Энэ 2 сарын хугацаанд МД ХХК гэрээгээр хүлээсэн сар, улирал бүрийн бараа материалын үлдэгдэл жагсаалтыг хүргүүлсэн эсэх, даатгалын үнэлгээг баталгаажуулж байсан эсэх талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Давж заалдах гомдолд ч дээрх үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар дурдаагүй.

5.б. 18,000,000 төгрөгийн барааг М ХК-ийн тавьсан шаардлагын дагуу устгасан гэж тайлбар гаргадаг боловч М ХК-ийн зүгээс барааг устгах шаардлага тавиагүй. Энэ тайлбараа нотолсон баримт гаргаж өгөөгүй. Энэ 18,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг ашиглах боломжтой байсан эсэх, эсхүл устгалд оруулах шаардлагатай байсан талаар баримт байдаггүй. Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллагын шийдвэр, акт гараагүй. МД ХХК өөрсдөө устгалд оруулсан.

5.в. 4,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авч явсан гэдэг нь гэрч Д.А-ын мэдүүлгээр тогтоогдоно гэдэг. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байсан тул зөрчилдөөнийг арилгуулахаар 2 гэрчийг нүүрэлдүүлэхэд тухайн бараа бүтээгдэхүүнийг авч явсан, эсхүл аваагүй, эсхүл дараа нь авсан юм шиг мэдүүлдэг. Харин М ХК-ийн зүгээс 4,000,000 төгрөгийн бараа материалыг авч яваагүй, авч явсан гэх баримт хэрэгт байхгүй. Бараа материалын үлдэгдлийн даатгалын гэрээний хавсралтад зааснаар гэрээний зүйл нь МД ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа бараа бүтээгдэхүүн юм. Гэрч Д.А-ын мэдүүлгээс үзвэл агуулах болон тасаг хоёр тусдаа байдаг. Энэ 18,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн тасагт байсан. Өөрөөр хэлбэл, агуулахад байсан бараа бүтээгдэхүүнээс нэг ч төгрөгийн бараа бүтээгдэхүүнд галд өртөөгүй гэдэг. Тиймээс энэ 18,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн даатгалын зүйл биш юм. М ХК шаардах эрхтэй болохоос үүрэг хүлээсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал бараа бүтээгдэхүүний үлдэгдлээ сар бүрээр нь гаргаж, даатгалыг баталгаажуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч МД ХХК нь хариуцагч М ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 21,249,707 төгрөг, алданги 10,624,853 төгрөг, нийт 31,874,560 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-4, 93-94/

3.   МД ХХК нь М ХК-тай 2020 оны 08 сарын 26-ны өдөр 29С2020000860 тоот Даатгалын гэрээ байгуулж, 5,083,596,054 төгрөгийн үнэлгээ бүхий бараа материалын үлдэгдлийг, 2021 оны 07 сарын 01-ний өдөр 90С2120007570 тоот Даатгалын гэрээ байгуулж, 687,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тус тус галын, байгалийн, сантехникийн, цахилгаан эрчим хүчний, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэлээс даатгуулж, даатгалын хураамжид 2,335,800 төгрөг болон 11,183,911 төгрөгийг тус тус төлжээ. /хх 8-14, 15-23/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 07 сарын 17-ны өдөр даатгуулагчийн Миний дэлгүүр-112 салбарт гал гарч, хохирол учирсан үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Харин даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Талууд 29С2020000860 тоот Даатгалын гэрээ-ний 12.5.19.17, 90С2120007570 тоот Даатгалын гэрээ-ний 12.5.9.2-т тус тус Техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол-д нөхөн төлбөр олгохгүй тухай тусгажээ. /хх 13, 20/

Хэрэгт авагдсан Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 169/895 тоот Шинжээчийн дүгнэлт-д ...Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материалаас үзэхэд гал түймэр нь цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүсэн /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ хэт ачааллаас болж гал гарсан байх магадлалтай байна гэж дүгнэжээ. /хх 95-96/

Иймд гэрээнд заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөл байдал үүссэн байх тул хариуцагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.

 

6. 29С2020000860 тоот Даатгалын гэрээ-ний 12.6.1-д даатгуулагч нь бараа материалын үлдэгдлийн жагсаалтыг сар бүр даатгагчид гаргаж өгөх үүрэгтэй гэж, 12.5.19.24-т сар, улирал бүрийн тооцооны үлдэгдлийг тухай бүр даатгагчид гаргаж өгч даатгалын үнэлгээг баталгаажуулаагүй бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж тус тус зохицуулжээ.

МД ХХК нь гэрээнд заасны дагуу бараа материалын үлдэгдлийн жагсаалтыг сар бүр даатгагч М ХК-д гаргаж өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдагдсан ...М ХК-тай 2008 оноос хойш хамтарч ажилласан, нийт 18,118,521 төгрөгийн барааг устгаж акт үйлдсэн... гэсэн үндэслэл нь даатгуулагчийг дээр дурдсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.

 

7. Анхан шатны шүүх хариуцагчаас даатгалын нөхөн төлбөр 2,818,068 төгрөг, алданги 1,409,034 төгрөг, нийт 4,227,102 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсэгт хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь диспозитив зарчимд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/00246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МД ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 317,330 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Д.НЯМБАЗАР