| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2016/0074/э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 213.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 21
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Орчуулагч А.Анударь
Хохирогч А.М
Иргэний нэхэмжлэгч П.Г, түүний өмгөөлөгч С.Одгариг
Иргэний нэхэмжлэгч “....” ХХК-ийн төлөөлөгч Б.Д, П.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг
Иргэний хариуцагч “....” ХХК-ийн төлөөлөгч З.Г
Шүүгдэгч Янарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я-д холбогдох 201511000493 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, БНХАУ-ын Хар мөрөн мужид 1973 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Монгол Улс дахь “...” ХХК-ийн олборлолтын .... дүгээр талбайд гагнуурчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт БНХАУ-ын ....оршин суух, одоогоор Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумын ..... зочид буудалд түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Я.
Шүүгдэгч Я нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр тойром” гэх газарт 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.Д-ын малын хашааны төмөр шонг холбон гагнаж байгаад буюу галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч Д аймгийн ..... сумын 567 га бэлчээрийн талбай шатаж 6492.717 төгрөгийн шууд, 384.100 төгрөгийн шууд бус, С аймгийн Э сумын 2597 га бэлчээрийн талбай шатаж 29738.247 төгрөгийн шууд, 468.000 төгрөгийн шууд бус, “....” ХХК-ний 990 га талбайд хадсан 105.930 ширхэг боодолтой өвс шатаж 402534.000 төгрөг, хөнжил пүүгээ, майхан зэрэг эд зүйл шатаж 216.000 төгрөг, нийт 402750.000 төгрөгийн шууд хохирол, хохирогч А.М-ын техник хэрэгсэл шатаж 12469.000 төгрөг, 85502.000 төгрөгийн шууд бус нийт 97971.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.Г-ын 168 га талбайд хадсан 18.000 ширхэг боодолтой өвс шатаж 68400.000 төгрөг, 3832 га талбайд хадаж тарамдсан өвс шатаж 459840.000 төгрөг, нийт 540709.000 төгрөгийн шууд хохирол, Хилийн цэргийн .... дугаар ангид 583.200 төгрөгийн шууд бус хохирол, нийт 979689.964 төгрөгийн шууд, 1435.300 төгрөгийн шууд бус хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Я шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр компанийн удирдлага намайг “өөрийнхөө ажиллуулдаг гагнуурын аппаратыг хүргэж өгөөд, хэрэглүүлээд буцаагаад аваад ир” гэсэн даалгавар өгсөн. Намайг гагнуурын аппарат хүргэж өгсний дараа монгол хүн гагнуур хийсэн. Би машиндаа сууж байсан ба 20 орчим минутын дараа бууж хэрхэн гагнаж байгааг харчихаад эргэж суусан. Машинд суугаад 1 цаг гаран болсны дараа хүмүүс гадаа хашгиралдаж эхлэхээр нь буугаад хартал гал гарч байсан. Намайг машинаас гарахад галын хэмжээ их байгаагүй. Э намайг хараад “яв” гэсэн. Тэгээд би ажил руугаа буцсан. Тухайн үед би Э-ыг таньдаггүй байсан. Дарга “гагнуурын аппарат хүргэж өгөөрэй” гэсэн болохоор очсон. Би их хэмжээний гал гарсныг Эаас мэдсэн. Э ажил дээр ирээд “асар их хэмжээний газар шатсан, гагнуурыг монгол хүн хийж байсан, хариуцлагыг бид нар хүлээнэ, санаа зоволтгүй” гэж хэлж байсан. Тухайн үед Түвшин орчуулга хийж, тэмдэглэл хөтөлсөн. Тэр үед ассан галын хэмжээ их байгаагүй учраас Э намайг “яв” гэж гараараа заасан. Хэрвээ гал асар их гарч байсан бол намайг явуулахгүй байсан байх. Миний гагнуурын аппарат аваачиж өгсөн газар байсан хүмүүс хамаатан садангууд гэдгийг сүүлд мэдсэн. Би шүүгчийн гаргасан шийдвэрийг хүндэлнэ” гэв.
Хохирогч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед хадлан хадах гэрээ байгуулаад ажиллаж байсан. Улаанбаатар хот руу явах ажил гараад эзгүй байх үед хадлангийн даамал Элбэгжаргал над руу залгаад “гал гарсан, хурдан ирээч” гэсэн. Тэгээд намайг очиход манай хадсан өвс, техник хэрэгсэл бүгд шатсан байсан. Цагдаа хэргийн газарт үзлэг хийсэн. “....” ХХК-аас учирсан хохирол болох 97971.000 төгрөгийг гаргуулмаар байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч П.Г шүүх хуралдаан мэдүүлэхдээ: “...С аймгийн Эрдэнэцагаан сумтай гэрээ байгуулан хадлан хадаж байсан. Хадлангийн газраас 10 км зайтай явж байхад утаа гарсан болохоор хамгийн түрүүн давхиад очсон. Намайг очих үед гал асчихсан, хүмүүс орилж хашгараад, цаашаа нэг хөх трактор хөдлөөд явж байсан. Өдрийн 12 цагийн үед гарсан түймэртэй шөнөжин ажиллаж байж галыг унтраасан. Манайх 18.000 боодол өвс хураасан. 3.832 га талбайд хадаж тарамдсан өвсийг нэмж нийт 540709.000 төгрөг нэхэмжилнэ. Хохирлоо яаралтай гаргуулмаар байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч ....ХХК-ийн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2015 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумтай өвс хадах гэрээ байгуулан ажиллаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн гал түймрээс болж “...” ХХК-д 990 га талбайд хадсан 105.930 ширхэг боодол өвс шатсаны улмаас 402750.000 төгрөгийг хохирол учирсан. Учирсан бодит хохирлоо нэхэмжилж байна” гэв.
Иргэний хариуцагч “....” ХХК-ийн төлөөлөгч З.Гшүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “....” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд Э хувийн ажил гүйцэтгэж байсан учраас, тухайн иргэний эрх зүйн харилцаанд ажил олгогчийн ямар нэгэн буруутай үйлдэл байхгүй” гэсэн. Э Ван Гуо Лен-ээс гагнуурын аппарат гуйгаад түүнийг нь Я хүргэж өгсөн. Ажлын талбай дээр байсан гэрчүүд бүгд хамаарал бүхий хүмүүс байсан. Бодит байдалд гэрч нар ам нийлүүлэн тохиролцож мэдүүлэг өгсөн байдаг. Гэрчийн мэдүүлэг хэрэгт туйлын ач холбогдолтой боловч хамгийн муу нотлох баримт болдог. Гэрч нар хувийн ашиг сонирхлоор Эын нөлөөнд автаж, болсон үйл явдлын талаар мушгин гуйвуулж мэдүүлэг өгсөн. Хэрэгт Я өгсөн тайлбар хамгийн тогтвортой. Мөрдөн шалгах ажиллагаанд авагдсан гэрч Түвшин, Содбилэг нарын мэдүүлэг бодит үнэнд нийцэж байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасан үндэслэлээр “....” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан. Гэтэл энэ нь “....” ХХК-ийн ажил биш, Э, Дамдинбат зэрэг хүмүүсийн хувийн ажил байсан. Энэ хүмүүс хувийн ажлаа хийх явцдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байхад хариуцагчаар татагдахгүй байгаа нь харамсалтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг прокурор, мөрдөгч эргэлзээгүйгээр тогтоосон байх ёстой. Гэтэл энэ хэрэгт эргэлзээ гарч байна. Өнөөдрийн байдлаар Ягал тавьсан эсэх нь 100 хувь тогтоогдсон зүйл байхгүй. Иймд Э болон тухайн газарт ажиллаж байсан хүмүүсийг яллагдагчаар татах ёстой учраас шалгах ёстой ажиллагаа хийгдээгүй байна. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 20-ны өдөр Энхбат Хятад хүний хамт цэнхэр өнгийн трактортой ирсэн. Би хашаа барих трубаг зөөж, Таж болон түүний хүүхэд, Монхоон нар нүх ухаж шон суулгасан. Арилдий төмөр тасдаж байсан шиг санагдаж байна. Нэг талаасаа шонгоо суулгаж дуусгасны дараа Хятад иргэн гагнуур хийж эхэлсэн. Хятад хүнтэй хамт Энхбат, Монхоон нар хажуу талд нь туслалцаж байсан. Миний мэдэхийн Монхоон, Энхбат хоёр төмөр труба болон оч үсрэхээс сэргийлж гөлмөн төмөр бариад зогсож байгаа харагдаж байсан...Хятад хүний гагнуур хийж байсан газрын хажуу талд хураасан задгай өвч байсан чинь түүн дотор гэнэт гал гарлаа гэж хашгирсан...” гэжээ. /1-р хавтас 106-107 тал/
Хохирогч А.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 9 сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим Улаанбаатар хот руу ажлаар явж байхад Элбэгжаргал над руу утсаар яриад “Хадлан дээр түймэр гарчихлаа, хадсан бүх өвс шатчихлаа” гэж хэлсэн. 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 9 цагийн үед Элбэгжаргалын гар утас руу залгаад асуусан чинь “Өвс бүгд шатчихлаа, би болон ажилчид түймэр унтрааж байгаад бага зэрэг түлэгдсэн, яаралтай хүрээд ир, газрын тосны 19-р талбайн Засгийн газрын төлөөлөгч Э гэдэг хүн газрын тосонд ажилладаг гагнуурчин хятад хүний хамт гагнуур хийж байгаад гал алдаж түймэр тавиад ийм зүйл болчихлоо” гэж хэлсэн. Хадлан хадаж байгаа газар очиход бид нарын хадсан талбай тэр чигээрээ шатсан байсан. Бид нар ойролцоогоор 70 хувьтай явж байсан бөгөөд нийт 18.500 боодол /1 боодол нь 35 кг жинтэй/ өвс переслэж, үлдэгдэл 6.000 гаруй га талбайг хадаж тарамдчихсан байсан юм. Трактор 1 ширхэг, хадуур 1 ширхэг, тармуур 2 ширхэг түймрийн улмаас шатаж дахин хэрэглэх боломжгүй болсон...” гэжээ. /1-р хавтас 109-110 тал/
И.Б мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөр мэдүүлэхдээ: “...Манай суманд нийт 567 га газар шатаж байгаль экологид 6492.717 төгрөгийн хохирол учирсан... Хятад хүн гагнуур хийж байгаад түймэр гаргасан гэж Үүрдмөнх хэлсэн...” гэжээ. /1-р хавтас 116-117 тал/
Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн төлөөлөгчөөр мэдүүлэхдээ: “...Манай компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргатай 2015 оны 07 сарын 22-ны өдөр 50.000 га талбайд өвс хадаж бэлтгэх гэрээ байгуулсан. Үүнээс 8.000 гаруй га газарт хадлан бэлтгэснээс 800 га талбай түймэрт шатсан. Бидний тооцоогоор 176.000 боодол өвс шатсан...” гэжээ. /1-р хавтас 120-121 тал/
Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөр мэдүүлэхдээ: “...Манай хилийн цэргийн 0146-р ангийн алба хаагч нар 2015 оны 09 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумаас орж ирсэн хээрийн түймэр унтраах гэж нийт 4 машин ажилласан юм. Түймэр унтраахад манай ангиас нийт 583.200 төгрөгийн зардал гаргасан...” гэжээ. /1-р хавтас 124 тал/
Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 20-ны өдөр бид нар хадлан хадаж байсан газрын ойролцоо бага хэмжээтэй утаа гарч байгаад сүүлдээ утаа ихэссэн учраас бид нар түймэр унтраахаар явсан. Тэгээд түймэр гарч байгаа газарт очсон чинь олон хүмүүс машин ирчихсэн түймэр унтрааж байсан бөгөөд гал улам ширүүсч түймэр бид нарын байрлаж байсан газар руу чиглэж явсан учраас гэр болон техник хэрэгслээ хамгаалахаар очсон. Элбэгжаргал ах трактортой түймэр унтрааж явахад гал гэнэт цөмөрч орж ирээд Элбэгжаргалын унаж явсан трактор нь шатсан. Элбэгжаргал ах руу гал нөмрөөд ороод ирэхээр нь араас нь трактортой очсон чинь Элбэгжаргал ах галд шатчихлаа гэж хэлээд гараа барьчихсан байсан бөгөөд намайг трактортой явж байхад гал намайг дайрч гарахад миний баруун чих, гар, хөл шатаж түлэгдсэн. Тухайн өдөр цаг агаар тогтуухан сайхан байсан боловч түймэр гарсны дараа салхи хүчтэй салхилж түймрийг унтраах боломжгүй болсон” гэжээ. /1-р хавтас 126-127 тал/
Гэрч Н.Сүх-Ялалт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дорнод аймгийн Матад сумын 6-р баг Ихэр тойром гэх газарт 2015 оны 09 сарын 20-ны өдөр хээрийн түймэр гарч түймрийн хохирлын акт тогтоох ажлын хэсэгт оролцож явсан юм. Түймэр гарсан газар очиход шинээр малын хашааг трубагаар хийсэн байсан бөгөөд гал гагнуураас гарсан гэж хүмүүс ярьж байсан юм. Уг түймрийн улмаас манай сумын 567 га газар шатсан байсан...” гэжээ. /1-р хавтас 130-131 тал/
Гэрч Т.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 19-ний өдрийн 19-20 цагийн орчимд Э ах миний гар утас руу залгаад маргааш завтай бол ахтайгаа малын хашаа барилцаад өгчих хашаагаа гагнах гэж байгаа юм ахдаа тус болоод өгчих гэж хэлсэн. 2015 оны 09 сарын 20-ны өдрийн 07 цагийн орчимд Хүдрээ гэдэг жолоочоо явуулаад намайг авахуулсан. Тэгээд 09 цаг өнгөрч байхад малын саравч барьж байгаа газарт Хятад хүний хамтаар очсон. Бид хоёрыг очиход тэнд байсан хүмүүс шонгийн төмрийн нүхийг ухсан байсан бөгөөд төмрөө зоогоод хооронд нь холбож гагнахаар Хятад хүн гагнуур хийж эхэлсэн юм. Тэгээд гагнуур хийж байгаад өвсний хашааны баруун дээд талын нуруу төмрийг Хятад хүн гагнаж байхад гэнэт өвснөөс гал гарч эхэлсэн...” гэжээ. /1-р хавтас 133-134 тал/
Гэрч Б.Үүрдмөнх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 20-ны өдрийн 08 цагийн орчимд малын саравч барих гэж байгаа газарт очсон бөгөөд араас Энхбат цэнхэр өнгийн трактортой хятад жолоочийн хамтаар ирсэн. Малын саравчны төмөр гагнахаар болж Энхбат гагнуур хийж байсан төмрийг нь барьж харин Хятад хүн төмөр хувин дээр гараад гагнуур хийж байхад оч төмрийн хажуугаар үсэрч өвсөн дээр унаад гал гарч эхэлсэн. Тэгээд унтраах гэж ус болон шороо цацсан боловч хуурай өвч байсан болохоор боломжгүй болж, гал алдаж урд зүгт түймэр гарч эхэлсэн...” гэжээ. /1-р хавтас 135-136 тал/
Насанд хүрээгүй гэрч Ү.Алтан-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2015 оны 09 сарын 20-ны өдөр Э ах ирээд аав Үүрдмөнх бид хоёрыг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд Дамдинбат ахын малын хашаан дээр ирэхэд цэнхэр өнгөтэй жижиг трактор болон хятад хүн ирчихсэн байсан. Тэгээд шонгийн нүх ухсан бөгөөд нүх ухаж төмөр шон суулгаад хятад хүн гагнуур хийж эхэлсэн юм. Хятад хүн зүүн урд талын шонгийн төмөр гагнаж байхад ар талаас нь түшээд зогсож байсан бөгөөд гэнэт хураасан өвсөнд гал гарчихсан. Тэгээд дүрэлзэж асаад унтраах гэсэн боловч унтрахгүй ургасан өвсөнд гал гарч түймэр гарсан” гэжээ. /1-р хавтас 140-140 тал/
Гэрч Д.Арилдий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 20-ны өдрийн 06 цагийн орчимд газрын тосны 21-р талбайгаас 19-р талбай руу 08 цагт Э ахын гар утас руу залгаж “Би ирчихлээ” гэж хэлсэн чинь “Наранбаярыг аваад Дамдинбатын гэрт цуглараад байж бай” гэж хэлсэн. Дамдинбатын гэрт цуглараад Э ахын өвөлжөө рүү Наранбаяр, Дамдинбат болон түүний эхнэр, Тажив хүүхдийнхээ хамт, Энхбат, Э болон түүний эхнэр Ням нар явсан. Өвөлжөө нэлээн зайтай байсан бөгөөд Энхбат хятад иргэний хамт явсан...Өвөлжөө барихын тулд газарт труба суулгаж дээгүүр нь хөндлөн нуруу барьж гагнасан бөгөөд гагнуурыг Хятад иргэн хийсэн. Урд талын эгнээний шонг босгож дээд талын хөндлөн трубаг холбож гагнаж байсан бөгөөд өвсний хашаатай залгаа трубаг гагнаж байхад хураалттай өвсөнд гагнуурын оч үсэрч гал гарчихсан юм. Тухайн үед бүгд сандарч ус, шороо, төмөр хаясан боловч дийлэхгүй хураасан өвс рүү гал алдсан. Гагнуурыг Хятад иргэн хийсэн бөгөөд хажууд нь би, Энхбат, Тажив бид гурав байнга шахуу хамт байсан юм...” гэжээ. /1-р хавтас 142-144 тал/
Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ван гэдэг хүнтэй уулзаж гагнуур хийх хүн, гагнуурын аппарат, тракторын хамтаар ажил хийлгээд өгчих гэж хэлээд гуйсан. 2015 оны 09 сарын 20-ны өглөө нөгөө хятад хүн газар мэдэхгүй учраас Энхбат гэдэг хүнийг Матад сумын нутагт байрлах Лагийн хоолой гэх газар руу хамт явуулсан. Намайг өвөлжөөн дээр очиход Дамдинбат болон түүний эхнэр Нараа, Энхбат, Арилдий, Монхоон болон 7-8 залуучууд ажиллаж байсан бөгөөд өвөлжөөний төмөр шонг гагнахаар болж газрын тосны 19 дүгээр талбайд ажилладаг хятад иргэн гагнуурын аппарат болон трактороо асаагаад гагнуур хийж эхэлсэн. Тэгсэн гэнэт гал гарлаа гэж хэлж тэнд байсан хүмүүс хашгиралдаад байхаар нь харсан чинь хашаанд хурааж тавьсан өвсөнд гал гарчихсан байсан юм. Тэгээд унтраах гэж оролдсон боловч унтраах боломжгүй байсан учир Хятад иргэнийг яв гэж хэлээд Онцгой байдлын 7058101 дугаар руу залгаж гал гарсан талаар мэдэгдсэн” гэжээ. /1-р хавтас 145-147 тал/
Гэрч Б.Ням мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 20-ны өдрийн 10 цагийн орчимд Дамдинбатын малын хашаан дээр очиход Дамдинбат болон түүний эхнэр Нараа, зүс мэдэх 5-6 хүний хамтаар байсан. Тэнд малын саравч барихаар газарт шонгийн нүх ухаж суулгаж байсан бөгөөд цэнхэр өнгийн трактортой хятад хүн тухайн үед гагнуур хийж байсан юм. Гэнэт хашаан дотор байсан өвсөнд гал гарчихсан байсан” гэжээ. /1-р хавтас 150-152 тал/
Гэрч Ц.Түмэннаст мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Матад сумын 6-р баг Ихэр тойром гэдэг газарт өвөлжсөн юм. 2015 оны 09 сарын 20-ны өглөө малын хашаа барих газар ирчихээд байхад Арилдий ах өөрийнхөө цэнхэр өнгийн Портер машинтай ирсэн юм. Бид нар шонгийн нүх ухаж байхад хятад хүн цэнхэр өнгийн трактортой ирсэн. Би өвс хийсэн хашаа руу очиж байсан чинь хятад хүн гагнуур хийж байхад хурааж тавьсан задгай өвсөнд гал гэнэт гарчихсан юм. Хятад галаас зугтаахдаа гагнуур хийж байсан аппаратаа хаяад зугтааж байхад тэнд байсан хүмүүсийн нэг нь гагнуурын аппаратыг авч холдуулж байсан” гэжээ. /1-р хавтас 153-155 тал/
Гэрч Н.Наранбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 20-ны өглөө малын хашаа барихаар шонгийн нүхийг Энхбат, Үүрдмөнх, Алтан-Очир бид дөрөв хамт ухаж мөн адил ухсан нүхэнд төмөр шонг суулгасан. Төмөр шонг суулгаад дээгүүр нуруу босгож труба тавиад хятад хүн гагнуур хийж байхад гагнуурын оч үсэрч гал яах ийхийн зуургүй гарчихсан. Хятад гагнуур хийж байгаад гал гарсны дараа холдож зогсоод харж байсан” гэжээ. /1-р хавтас 156-157 тал/
Гэрч Ван Гуо Лен /Wan Guo Lian/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 19-ний өдрийн 8 цагийн орчимд Э дарга, орчуулагч Содбилэгийн хамтаар ирээд өөрийн садан 19-р талбайд ойрхон газарт байгаа. Танайх гагнуурын аппаратаа надад зээлдээч гэж хэлсэн болохоор нь зөвшөөрч Яоч гэж хэлүүлсэн юм” гэжээ. /1-р хавтас 158-160 тал/
Гэрч Ч.Очирхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт хадлан хадаж байсан бөгөөд 2015 оны 09 сарын 20-ны өдрийн үдийн хойно бид нарын хадаж байсан талбай руу салхи гэнэт эргэж тэнд байсан боодолтой болон нуруулдсан, хадаж тарамдсан өвс бүгдийг нь шатаачихсан юм. Түймрийн улмаас нэг ширхэг трактор, тармуур шатсан бөгөөд би нарийн хэлж мэдэхгүй байна. Түймэр унтарсны дараа хүмүүс ярихдаа газрын тосны Э гэдэг хүн хятад хүнээр гагнуур хийлгүүлж байгаад гал алдаж түймэр гарсан гэж тухайн үед яригдаж байсан” гэжээ. /1-р хавтас 188-189 тал/
Гэрч Б.Эрдэнэсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2015 оны 09 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын Лагийн хоолойд ажиллаж байсан хүмүүс гагнуур хийж байгаад гал гарч хойноос урагш чиглэлтэй гал гараад Мөнхжаргалын хадлангийн талбайн хадлангийн өвс болон 6.000 га газар, 18.000 переслэсэн өвс зэрэг шатсан. Мөн хятадын пад трактор 1 ширхэг, хадуур 3 ширхэг, тармуур том жижиг тус бүр 1 ширхэг шатсан...” гэжээ. /1-р хавтас 243 тал/
Гэрч Х.Элбэгжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2015 оны 09 сарын 20-ны өдөр түймэр гарч байгаа газарт очиход нутгийн иргэд байсан бөгөөд цэнхэр трактор хойд зүг хөдлөөд явж байсан. Тэнд байсан хүмүүс өвсний хашааг хятад хүнээр гагнуулж байгаад гал алдчихлаа гэж тухайн үед хэлж байсан. Манай хадлан руу түймэр орж бид нарын хадсан бүх өвс болон хадсан талбайг шатаачихсан. Өвс боогч машины цахилгаан тоолуур 18.000 ширхэг гэж зааж байсан юм” гэжээ. /2-р хавтас 21-22 тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 9-15 тал/
Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 69 тоот акт /1-р хавтас 47-48 тал/
Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт /1-р хавтас 49-55 тал, 2-р хавтас 109-111 тал/
Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 92-94 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 сарын 29-ний өдрийн 778 тоот актын дүгнэлт /2-р хавтас 43 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 854 тоот актын дүгнэлт /2-р хавтас 45 тал/
Хөрөнгийн үнэлгээний “BENDO” ХХК-ний 2015 оны 11 сарын 20-ны өдрийн P15-23 тоот дүгнэлт /2-р хавтас 49-60 тал/
Хөрөнгийн үнэлгээний “BENDO” ХХК-ний 2016 оны 01 сарын 08-ны өдрийн P16-1 тоот дүгнэлт /2-р хавтас 62-69 тал/
Хөрөнгийн үнэлгээний “BENDO” ХХК-ний 2016 оны 02 сарын 05-ны өдрийн P16-8 тоот дүгнэлт /2-р хавтас 234-241 тал/
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Сайханжаргалын мэдүүлэг /2-р хавтас 211-212 тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /3-р хавтас 13-17 тал/
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хавтас 59-63 тал/
Хөрөнгийн үнэлгээний “BENDO” ХХК-ний 2016 оны 09 сарын 15-ны өдрийн P04/016 тоот дүгнэлт /4-р хавтас 72-74 тал/
Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны 092/04 дугаартай дүгнэлт /5-р хавтас 130 тал/
Гэрч И.Түвшингийн мэдүүлэг /1-р хавтас 175-176 тал/
Шинжээчийг Ш.Ганбатын мэдүүлэг /5-р хавтас 140-141 тал/
Т.Энхбатын тайлбар /1-р хавтас 24 тал/
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05/092/03 тоот дүгнэлт /3-р хавтас 96-97 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан диск 1 ширхэг, флаш диск 1 ширхэгийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я “Намайг гагнуурын аппарат хүргэж өгсний дараа монгол хүн гагнуур хийсэн. Би гагнуур хийгээгүй, машиндаа сууж байсан. Монгол хүн гагнуур хийж гал тавьсан” гэж, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нь “Монгол гэрчүүд Я гал алдсан гэж мэдүүлсэн боловч нэг дор, нэг цаг хугацаанд байсан гэрчүүд болсон үйл явдлын талаар өөр өөр мэдүүлэг өгдөг. Ингэснээр хэргийн байдал бодит үнэнтэй нийцэж байгаа эсэхэд эргэлзээг төрүүлж байна. Иймд Ягал тавьсан болох нь нотлогдоогүй тул гэм буруугүйд тооцож өгнө үү” гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүгдэгч Я нь Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр тойром” гэх газарт 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Д.Дамдинбатын малын хашааны төмөр шонг холбон гагнаж байгаад буюу галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч Дорнод аймгийн Матад сумын 567 га бэлчээрийн талбай шатаж 6492.717 төгрөгийн шууд, 384.100 төгрөгийн шууд бус, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2.597 га бэлчээрийн талбай шатаж 29738.247 төгрөгийн шууд, 468.000 төгрөгийн шууд бус, ....ХХК-ний 990 га талбайд хадсан 105.930 ширхэг боодолтой өвс шатаж 402534.000 төгрөг, хөнжил пүүгээ, майхан зэрэг эд зүйл шатаж 216.000 төгрөг, нийт 402750.000 төгрөгийн шууд хохирол, хохирогч А.М техник хэрэгсэл шатаж 12469.000 төгрөг, 85502.000 төгрөгийн шууд бус нийт 97971.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П.Гантулгын 168 га талбайд хадсан 18.000 ширхэг боодолтой өвс шатаж 68400.000 төгрөг, 3832 га талбайд хадаж тарамдсан өвс шатаж 459840.000 төгрөг, нийт 540709.000 төгрөгийн шууд хохирол, Хилийн цэргийн 0146 дугаар ангид 583.200 төгрөгийн шууд бус хохирол, нийт 979689.964 төгрөгийн шууд, 1435.300 төгрөгийн шууд бус хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь талуудын мэтгэлцээний үндсэн дээр авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Эын мэдүүлсэн “...Ван гэдэг хүнтэй уулзаж гагнуур хийх хүн, гагнуурын аппарат, тракторын хамтаар ажил хийлгээд өгчих гэж хэлээд гуйсан. 2015 оны 09 сарын 20-ны өглөө нөгөө хятад хүн газар мэдэхгүй учраас Энхбат гэдэг хүнийг Матад сумын нутагт байрлах Лагийн хоолой гэх газар руу хамт явуулсан. Хятад иргэн гагнуурын аппарат болон трактороо асаагаад гагнуур хийж эхэлсэн. Тэгсэн гэнэт гал гарлаа гэж хэлж тэнд байсан хүмүүс хашгиралдаад байхаар нь харсан чинь хашаанд хурааж тавьсан өвсөнд гал гарчихсан байсан юм” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ван Гуо Лен /Wan Guo Lian/-ний мэдүүлсэн “...Э дарга ... ирээд өөрийн садан 19-р талбайд ойрхон газарт байгаа. Танайх гагнуурын аппаратаа надад зээлдээч гэж хэлсэн болохоор нь зөвшөөрч Яоч гэж хэлүүлсэн юм” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Арилдийн мэдүүлсэн “...Дамдинбатын гэрт цуглараад Э ахын өвөлжөө рүү Наранбаяр, Дамдинбат болон түүний эхнэр, Тажив хүүхдийнхээ хамт, Энхбат, Э болон түүний эхнэр Ням нар явсан. Өвөлжөө нэлээн зайтай байсан бөгөөд Энхбат хятад иргэний хамт явсан...Өвөлжөө барихын тулд газарт труба суулгаж дээгүүр нь хөндлөн нуруу барьж гагнасан бөгөөд гагнуурыг Хятад иргэн хийсэн. Урд талын эгнээний шонг босгож дээд талын хөндлөн трубаг холбож гагнаж байсан бөгөөд өвсний хашаатай залгаа трубаг гагнаж байхад хураалттай өвсөнд гагнуурын оч үсэрч гал гарчихсан юм. Гагнуурыг Хятад иргэн хийсэн бөгөөд хажууд нь би, Энхбат, Тажив бид гурав байнга шахуу хамт байсан юм...” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Түмэннастын мэдүүлсэн “...Бид нар шонгийн нүх ухаж байхад хятад хүн цэнхэр өнгийн трактортой ирсэн. Би өвс хийсэн хашаа руу очиж байсан чинь хятад хүн гагнуур хийж байхад хурааж тавьсан задгай өвсөнд гал гэнэт гарчихсан юм” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Энхбатын мэдүүлсэн “...2015 оны 09 сарын 19-ний өдрийн 19-20 цагийн орчимд Э ах миний гар утас руу залгаад маргааш завтай бол ахтайгаа малын хашаа барилцаад өгчих хашаагаа гагнах гэж байгаа юм ахдаа тус болоод өгчих гэж хэлсэн. 2015 оны 09 сарын 20-ны өдрийн 09 цаг өнгөрч байхад малын саравч барьж байгаа газарт Хятад хүний хамтаар очсон. Өвсний хашааны баруун дээд талын нуруу төмрийг Хятад хүн гагнаж байхад гэнэт өвснөөс гал гарч эхэлсэн” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ү.Алтан-Очирын мэдүүлсэн “...2015 оны 09 сарын 20-ны өдөр Э ах ирээд аав Үүрдмөнх бид хоёрыг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд Дамдинбат ахын малын хашаан дээр ирэхэд цэнхэр өнгөтэй жижиг трактор болон хятад хүн ирчихсэн байсан. Хятад хүн зүүн урд талын шонгийн төмөр гагнаж байхад ар талаас нь түшээд зогсож байсан бөгөөд гэнэт хураасан өвсөнд гал гарчихсан” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Үүрдмөнхийн мэдүүлсэн “...2015 оны 09 сарын 20-ны өдрийн 08 цагийн орчимд малын саравч барих гэж байгаа газарт очсон бөгөөд араас Энхбат цэнхэр өнгийн трактортой хятад жолоочийн хамтаар ирсэн. Малын саравчны төмөр гагнахаар болж Энхбат гагнуур хийж байсан төмрийг нь барьж харин Хятад хүн төмөр хувин дээр гараад гагнуур хийж байхад оч төмрийн хажуугаар үсэрч өвсөн дээр унаад гал гарч эхэлсэн...” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дамдинбатын мэдүүлсэн “...Нэг талаасаа шонгоо суулгаж дуусгасны дараа Хятад иргэн гагнуур хийж эхэлсэн. Хятад хүнтэй хамт Энхбат, Монхоон нар хажуу талд нь туслалцаж байсан. Миний мэдэхийн Монхоон, Энхбат хоёр төмөр труба болон оч үсрэхээс сэргийлж гөлмөн төмөр бариад зогсож байгаа харагдаж байсан...” гэх,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Элбэгжаргалын мэдүүлсэн “...2015 оны 09 сарын 20-ны өдөр түймэр гарч байгаа газарт очиход нутгийн иргэд байсан бөгөөд цэнхэр трактор хойд зүг хөдлөөд явж байсан. Тэнд байсан хүмүүс өвсний хашааг хятад хүнээр гагнуулж байгаад гал алдчихлаа гэж тухайн үед хэлж байсан” гэх мэдүүлгүүд, А.Мөнхжаргал, Ц.Цэвэгмид нарын хохирогчоор, И.Батмөнх, Г.Шинэбилэг, Б.Буянсүх, Х.Сайханжаргал нарын иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр, Н.Сүх-Ялалт, Б.Ням, Н.Наранбаяр, Ч.Очирхүү, Б.Эрдэнэсайхан нарын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 69 тоот акт, Ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт, туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Янь галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь батлагдан тогтоогдож байх тул шүүгдэгч Ян Цинг Хай, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, иргэний хариуцагчийн төлөөлөгч З.Гнарын хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Я-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1-д заасан гэмт хэрэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жил хүртэл хугацаагаар хорих ялтай, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Я холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчлөн, Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Я-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Я нь “....” ХХК-д гэрээ, зөвшөөрлийн дагуу хөдөлмөр эрхэлж байснаас гадна өөрийн хариуцан ажилладаг гагнуурын аппаратаар гагнуурын ажил хийж гүйцэтгэж байхдаа галтай болгоомжгүй харьцаж хээрийн түймэр гаргасны улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг түүнд ажил олгогч байгууллага болох “....” ХХК-аас гаргуулах үндэслэлтэй байх тул нийт 1.041.430.000 /нэг тэрбум дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөгийг иргэний хариуцагч “....” ХХК-аас гаргуулж 97.971.000 /ерэн долоон сая есөн зуун далан нэгэн мянган/ төгрөгийг хохирогч Зүүн суврагачин овогт А.М-д, 540.709.000 /таван зуун дөчин сая долоон зуун есөн мянган/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Уургачин овогт П.Г-д, 402.750.000 /дөрвөн зуун хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг ....ХХК-д тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын тамгын газар 6876.817 /зургаан сая найман зуун далан зургаан мянга найман зуун арван долоон/ төгрөгийг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газар 30206.247 /гучин сая хоёр зуун зургаан мянга, хоёр зуун дөчин долоон/ төгрөгийг, Хилийн цэргийн ... дугаар ангид 583.200 /таван зуун наян гурван мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус нэхэмжлэхгүй гэснийг дурдаж, иргэний хариуцагч “....” ХХК энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болно.
Шүүхээс шүүгдэгч Я-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Я-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Я нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 ширхэг, флаш диск 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Янь 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас шүүгдэгч Я-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэн ирүүлснийг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Я-г Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт заасан галтай болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 213 дугаар зүйлийн 213.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Я нь 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч “....” ХХК-аас гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохиролд нийт 1.041.430.000 /нэг тэрбум дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж, 97.971.000 /ерэн долоон сая есөн зуун далан нэгэн мянган/ төгрөгийг хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ... тоотод оршин суух Зүүн суврагачин овогт А.М-д, 540.709.000 /таван зуун дөчин сая долоон зуун есөн мянган/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг ... тоотод оршин суух “...” ХХК-ийн захирал ажилтай, Уургачин овогт П.Г-д, 402.750.000 /дөрвөн зуун хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороонд байрлах ....ХХК-д тус тус олгож, Дорнод аймгийн М сумын Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн Э сумын Засаг даргын тамгын газар, Хилийн цэргийн ... дугаар анги тус тус хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар иргэний хариуцагч “....” ХХК энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Яавсан хувийн баталгаа гаргах болон хилээр гаргах эрхийн хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 ширхэг, флаш диск 1 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ