Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 33

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Б-д холбогдох 1821006860418 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин гагнуурчин мэргэжилтэй, “.....” ХХК-д цахилгаанчин, гагнуурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй,  

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Боржигон овогт  Б.Б.  

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны таксины зогсоол дээр иргэн Э.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.

 

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт байрлах 24 дүгээр байрны урд талын таксины зогсоол дээр өөрийнхөө Приус 20 маркийн 52-96 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зогсож байхад арын хаалгаар танихгүй залуу орж ирээд хөдлөөд хойшоо эргэ гэж хэлсэн. Дөнгөж хөдлөх үедээ тэр танихгүй залуу гар утсаа өгч байгаач, утсаар чинь яриад өгье гэж хэлсэн болохоор гар утсаа өгсөн юм. Миний гар утсаар хүнтэй яриад за за би буулаа, хэдэн төгрөг өгөх вэ гэж хэлэхээр нь миний ард зогсож байсан машинаас 4 машин хөдлөөд явчихсан учраас 1000 төгрөг өгчих гэж хэлсэн юм. Тэгсэн чинь тэр залуу хуцаарай гичий минь гэж хэлээд маргаан дэгдэж эхэлсэн. Ингээд тэр залуу машинаас буусан учраас араас нь буугаад 1000 төгрөгөө өгчихөөч гэж хэлсэн чинь хэл амаар доромжилж эхэлсэн. Тэр залуугийн дуудсан хүмүүс ирсний дараа миний хэвлийн тус газарт нэг удаа өшиглөсөн чинь арагш савж унахдаа толгойгоо цохичихсон юм.  Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ. /хх-ийн 25-26 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 823 тоот актын дүгнэлтэд

            1. Э.Э-гийн биед тархи, хэвлийн битүү доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 30 тал/

 

- Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Боржигон овогт Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны таксины зогсоол дээр хохирогч Э.Э-г зодож, түүний биед тархи, хэвлийн битүү доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Таксинд суугаад бараг хөдөлж амжаагүй байхад надаас мөнгө нэхсэн учраас ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр шууд буугаад явсан чинь араас гарч ирээд ... миний хувцаснаас зулгаагаад байсан учраас эргэж хараад та цаашаа бай гээд хөлөөрөө жийчихсэн чинь газарт бөгсөөрөө суусан...“ гэх мэдүүлэг, хохирогч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 823 тоот актын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн учраас түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийтгэх тогтоолын заалтыг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг гэмт хэрэгт нь ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.    

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Б.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Э.Э-д гэм хорын хохиролд 230.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2018/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн” 2 дахь заалтыг хүчингүй болгосугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-ын  ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ