Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00861

 

 

 

 

 

 

 

 

2023 04 24 210/МА2023/00861

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/00324 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох, гэм хорын хохиролд нийт 1,099,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2022 оны 07 сарын 02-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сум, Цонжинболдогт 2022 оны 08 сарын 02-ны өдөр Ж ХХК-аас лизингээр авсан тус компанийн нэр дээр өмчлөлтэй 00-00 УАК улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг жолоодож явах үед 00-00 УББ улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн автомашин замын хажуугаас орж ирэн мөргөж автомашинд 995,700 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн боловч 00-00 УББ тээврийн хэрэгслийн жолооч Б.Г- ...дэвжээний наадмын сорилго барилдаанд барилдах гэж яараад явж байна, та дуудлагаа буцаачих, даатгалаар хохирлыг чинь барагдуулъя... гэж хэлсний дагуу дуудлагаа буцаасан. Тэгээд 2022 оны 07 сарын 04-ний өдөр автомашины хохирлын үнэлгээг хийлгэчихээд Б.Г-тай ярихад ...онлайнаар явуулчих, даатгалын байгууллагатай ярьчихлаа... гэсэн. Хохирлын мөнгө орж ирэхгүй байсан тул М ХК-аас лавлахад материал өгөгдөөгүй, зөвхөн тухайн үед дуудлага өгөөд буцаасан болохыг мэдсэн. Ингээд 2022 оны 07 сарын 21-ний Төв аймгийн Замын цагдаагийн газарт өргөдөл гаргаж, тус аймгийн Эрдэнэ сумын автын зохицуулагч а/д Д.П-, иргэн Б.Г- болон миний бие гурвуулаа байлцан тус газарт 2022 оны 08 сарын 13-ны өдөр үзлэг хэмжилтийг түүний хүсэлтээр дахин хийлгэхэд Б.Г- буруутай нь тогтоогдсон. Иймд Төв аймаг руу 2 удаа, Цонжинболдог руу 2 удаа, Төв аймгийн Эрдэнэ сум руу 2 удаа тус тус явсан бөгөөд бензиний үнэ болох 40,000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээ болох 995,700 төгрөг, үнэлгээчний ажлын хөлс 64,000 төгрөг, нийт 1,099,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2022 оны 07 сарын 02-ны өдөр наадмын гал руу явж байхад энэ асуудал болсон. Тухайн үед намайг согтуу явж байна гэхэд нь би барилдаан руу явж байгаагаа тайлбарлаж хэлсэн. Би машинаа М ХК-д даатгуулсан, тухайн үед даатгал руу ярихад ирэх гэж удна, зургийг нь аваад явчих гэсэн. Ингээд даатгалд итгээд байж байтал 2022 оны 07 сарын 17-ны өглөө ээж залгаад дүү чинь нас барчихлаа гэж хэлсэн. Ажил явдалтай явж байхад нэхэмжлэгч залгахад нь уулзаж байгаад ахин үзлэг хийлгэх талаар ярьсан. Хөдөө орон нутгийн замд жолоочийн зөв талаар гүйцэж түрүүлэх, мөн цас бороо ороод үер устай байсан учир ганц замаар явах боломжтой байсан. Тиймээс би зөв талаар нь гүйцэж түрүүлсэн учир үүнд миний гэм буруу байхгүй. Автомашиныг би өөрөө барьж явсан нь үнэн, гэхдээ осол миний буруугаас гараагүй, тухайн үеийн нөхцөл байдлыг сайн тогтоогоогүй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Г-ас гэм хорын хохиролд 1,059,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-ас 29,982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.а. Миний бие зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн ажиллагаанд оролцоогүй. Мөн 2022 оны 08 сарын 15-ны өдрийн №0027055 дугаартай шийтгэх хуудас бүхий зөрчлийн хэрэгт Төв аймгийн прокурорт гомдол гаргаж байсныг шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны цагаан сарын битүүний урд өдөр 00-00 УББ улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн автомашиныг Н ХХК-д урьдчилгаа 60,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 70,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай зээлээр авч М ХК-д тухайн үед даатгуулсан. Энэ талаарх нотлох баримтыг иргэний хэрэгт өгсөн байтал зөрчлийн хэргийг шалгасан байцаагч бүгдийг шүүх рүү явуулсан байдаг.

4.б. Шүүхийн шийдвэрт хариуцагчийн хариу тайлбар, О.О-, Б.Г- нарын байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд гаргасан гэж бичсэн нь хариуцагчаас гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцэж дүгнээгүй, даатгалын байгууллагаар хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг хийгээгүй, нотлох баримтаар үнэлээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

4.в. Анх осол гарах үеийн фото зургийг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ үеийн эвдрэл гэмтэл, автомашинд учирсан эвдрэл гэмтэл зэрэг зөрүүтэй байна. Мөн үнэлгээний байгууллагын үнэлгээний үнэ 64,000 төгрөгийг би төлсөн байхад надаар дахин төлүүлэхээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гомдолд нөхөн үзлэгт ороогүй гэж дурдсан байна. Нөхөн үзлэг хийхэд хариуцагч метр барьж хэмжилт хийж байсан. Төв аймгийн Эрдэнэ сум руу асуудлыг шийдвэрлэхээр явсан боловч хариуцагч барилдаантай гээд Цонжинболдогоос буцаад Улаанбаатар хот руу явсан. Мөн тээврийн хэрэгслийн даатгалаар хариуцагч өөрийнхөө хохирлыг барагдуулсан. Жолоочийн хариуцлагын даатгалаар нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулах байсан боловч жолоочийн хариуцлагын даатгал хийлгээгүй байсан. 5 деталийн зураг зөрүүтэй гэдгийг ойлгохгүй байна. Хэрэгт 5 деталийн зураг авагдсан тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Б.Г-д холбогдуулан гэм хорын хохиролд 995,700 төгрөг, үнэлгээчний ажлын хөлс 64,000 төгрөг, шатахууны зардал 40,000 төгрөг, нийт 1,099,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...зам тээврийн осолд буруугүй, даатгалаас хохирол гарах ёстой... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-5, 31, 126-127/

 

3.   Хэрэгт авагдсан Төв аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 01 сарын 06-ны өдрийн 45/05-83 тоот албан бичиг, түүнд хавсаргасан 2022 оны 08 сарын 13-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2022 оны 07 сарын 29-ний өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, мөн өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2022 оны 08 сарын 09-ний өдрийн Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2022 оны 08 сарын 15-ны өдрийн Магадлагаа, Вендо ХХК-ийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн Автомашин техникийн эвдрэл, үнэлгээний тайлан зэрэг бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. /хх 47, 55-63, 64-65, 66, 67-68, 70-71, 72 / Үүнд:

3.а. Жолооч Б.Г- нь 2022 оны 07 сарын 02-ны өдрийн 16 цаг 00 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1-р багийн нутаг дэвсгэрт Тоёота Ланд-200 маркийн 00-00 УББ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа жолооч Д.Бямбасүрэнгийн жолоодон явсан Ж ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Тоёота Приус-30 маркийн 00-00 УАК улсын дугаартай автомашиныг шүргэж, зам тээврийн осол гаргасан;

3.б. Жолооч Б.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэж заасныг зөрчсөн;

3.в. Жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй;

3.г. Зам тээврийн ослын улмаас Тоёота Приус-30 маркийн 00-00 УАК улсын дугаартай автомашины урд буфер халцарч зурагдсан, зүүн урд их гэрлийн шинж хугарсан, зүүн урд крыло халцарч зурагдсан, зүүн урд хаалга урд хэсэгтээ хонхойж, чихэгдэн халцарсан, зүүн толь хагарч хугарсан, зүүн урд обудны колпак хагарсан зэрэг гэмтэл учирсан. Эдгээр хохирлын үнэлгээ 995,700 төгрөг болсон.

 

4.   Дээрхээс үзвэл ...зам тээврийн осолд гэм буруугүй..., ...автомашинд учирсан эвдрэл гэмтэл зөрүүтэй..., ...зам тээврийн ослын газарт хийсэн нөхөн үзлэгт оролцоогүй... гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.   Иймд зам тээврийн осол гарсан, зам тээврийн осолд хариуцагчийн гэм буруутай үйлдэл тогтоогдсон, зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон, зам тээврийн осол, зам тээврийн ослын улмаас учирсан хохирол шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй. Энэ талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн байна.

 

6.   Хариуцагч Б.Г-ас хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 995,700 төгрөг, үнэлгээчний ажлын хөлс 64,000 төгрөг, нийт 1,059,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцнэ.

Хариуцагч Б.Г- нь үнэлгээчний ажлын хөлс 64,000 төгрөгийг төлсөн байтал анхан шатны шүүх уг зардлыг хариуцагчаас дахин гаргуулж шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж, энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас шатахууны зардал 40,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.

 

7.   Даатгалын компаниас нөхөн төлбөр гаргуулах явдал нь нэхэмжлэгчийн хариуцах асуудал биш тул ...даатгалаас хохирол гарах ёстой... гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 26-ны өдрийн 183/ШШ2023/00324 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...1 059 700 төгрөгийг... гэснийг ...995,700 төгрөгийг... гэж, ...40 000 төгрөгийг... гэснийг ...104,000 төгрөгийг... гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...29,982 төгрөгийг... гэснийг ...28,447 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР